Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2019/02968

 


 

2019 оны 11 сарын 19 өдөр  Дугаар 184/ШШ2019/02968 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хо Ма-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М,

Хариуцагч: Та ХХК нарт холбогдох,

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 62.331.600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, олох ёстой байсан орлогод 72.266.600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хо Магийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Та ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маралмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хо Ма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хо Ма би Япон Улсын иргэн бөгөөд 2016 оны 10 дугаар сард Монгол Улсад байх үедээ Б.Мтай танилцсан юм. 2017 оны зун хүртэл бүтээн байгуулах шинэ ажил эрхлэх, бизнес санаа болон хамтран ажиллах санал маш ихээр тавьж байсан. Түүний ярианд би итгэн хууртаж хамтран ажиллахаар болж 2 талаасаа хэн хэн нь эхний ээлжид 1.300.000 иен гаргахаар болж, би мөнгөө Б.Мд өгсөн. Хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж надаас 440.000 иен авсан. Мөн мөнгө зээлээч, бараа авч зарна хэмээн 800.000 иен зээлж авсан. Намайг хуурч мэхлэн, хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийн намайг залилсанд гомдолтой байна. Арай ч ингэнэ гэж бодоогүй. Иймд иргэн Б.Мгаас 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. /Энэ зөвхөн баримттай шилжүүлсэн мөнгө болно. / Мөн дээр нь янз бүрийн арга хэрэглэн авсан мөнгө, Монгол, Япон улсын хооронд ирж очсон зардлууд, буудал, хоол, хүлээн авалт, бэлэг сэлт гэх мэт 100 сая орчим төгрөгийг нэхэмжлээгүй болно. 2018 оны 8 дугаар сард 1.300.000 иен, 440.000 иен, 800.000 иенийг тус тус буцаан төлөхийг шаардахад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлнө гэж хэлээд сураггүй болсон. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй тул хуульч хөлслөн Монгол Улсын шүүхэд хандаж байна. Хэрэв иргэний журмаар асуудлаа шийдүүлж чадахгүй, зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагаар бүлэглэн залилсан гэдгээр шалгуулах болно. Б.М нь өөрийн зүгээс ямар ч мөнгө гаргаагүй, зөвхөн намайг гэрээгээр хуурч залилж байсанд гомдолтой байгаа бөгөөд би уучилж чадахгүй. Гадаад иргэдийг итгэлийг нь олж байгаад ингэж хуурч мэхэлж байдаг хүмүүсийн талаар сонсоод маш их харамсаж байна. Мөн нэмж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хамтатган гаргуулж өгнө үү. Холбогдох баримтуудыг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: Хо Ма нь Б.Мтай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллахаар болж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1.300.000 иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 1 иен-21,68 төгрөг/ 28.184.000 төгрөгийг шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу тавь тавин хувийн хөрөнгө оруулалт хийнэ, гэсэн хэдий ч Б.М нь бизнест Хо Матай адил тэнцүү буюу 28.184.000 төгрөгийн хөрөнгөө оруулаагүй, бизнесийн үйл ажиллагаа, гэрээний дагуу Та ХХК-ийн нэр дээр явагдах ёстой атал явагдаагүй, аж ахуйн нэгж буюу Та ХХК-ийн нэр дээр хамтарсан бизнесийн үйл ажиллагаа, алдагдал, татвар зэргийн тайланг гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Мөн Б.М нь Хо Магаас найз танилын хувьд буцааж төлөх нөхцөлтэйгээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 440.000 иен буюу /1иен-22.31 төгрөг/ 9.816.400 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 800.000 иен буюу /1иен-21.85 төгрөг/ 17.840.000 төгрөг нийт 27.296.400 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн 28.184.000 төгрөг, найз танилын журмаар зээлж авсан 27.296.400 төгрөг нийт 55.480.000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: 1. Хамтран ажиллах гэрээ-ний дагуу хоёр тал тэнцүү буюу 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн боловч Та ХХК, түүний захирал Б.М нь хамтын бизнест Хо Матай адил тэнцүү 1.300.000 иен буюу 31.902.000 төгрөгийг анхнаасаа оруулаагүй. Бизнесийн үйл ажиллагааг Та ХХК болон Хо Магийн нэрийн өмнөөс хамтарч явуулах ёстой атал зөвхөн хувь иргэн өөрийн нэрийн өмнөөс явуулж, хамтын үйл ажиллагааг 100 хувь дангаараа эзэмшиж байгаа ба үйл ажиллагааны алдагдал, тайлан, татвар зэргийг гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй гэрээгээ зөрчсөн. Миний оруулсан 100 хувийн хөрөнгөөр хариуцагч нь хувийн бизнес эрхэлж байх тул Та ХХК, түүний захирал Б.Мтай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ээс татгалзаж, 31.902.000 төгрөгийг Та ХХК, түүний захирал Б.Мгаас буцаан гаргуулж өгнө үү. 2. Найз танилын шугамаар зээлж авсан 440.000 иен, 800.000 иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 30.429.600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Энэхүү зээлийн гэрээг байгуулахад Б.М нь мөнгө зээлсэн тухай бичиг өөрийн гараар үйлдэж өгсөн бөгөөд энэхүү зээлийн төлбөрийг Хо Ма миний бие мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримтуудаар дамжуулан гүйлгээ хийж, түүний дансанд шилжүүлсэн билээ. Энэ зээлийн төлбөрийг Б.М нь өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаанд анх Хонма

Масатака /Хо Ма/-тай танилцсан. Буцах нислэг нэг өдөр таарсан тул замын туршид юм ярьж, утасны дугаар болон цахим хаягаа солилцсон. Түүнээс хойш Хо Ма үргэлж утсаар ярьж мессеж бичин Монголд хийж болох бизнесийн санааны тухай ярьдаг байсан. 2017 оны хавар ганц хүү маань өөд болчихлоо гэж уй гашуугаа хуваалцах болсон. Хо Ма мөн л хүүхдэд буян хийж, хүүхдэд ээлтэй зүйл Монголд хийе гэж байнга хэлэх болсон ч би Японд хэлний сургуулиа 2016 оны 4 дүгээр сард төгсөөд RK менежмент гэх компанид сарын 180.000 иений цалинтай ажил хийдэг байсан ба хангамж сайтай компани байсан болохоор ажлаа орхин явах боломжгүй байсан. RK менежмент компанид оюутан байхаасаа цагийн ажил хийдэг ба сургуулиа төгсөнгүүт надад үндсэн ажилтан болох санал тавьж гурван жилээр виз гаргаж өгсөн. Гэвч Хо Ма нь Монголд бизнес хийе, чи Монголд хариуцаад ажиллуулаач гэх болсон. Удалгүй авга маань бурхан болж би дүүгээ дагуулан 6 сард Монголд ирсэн. Энэ үеэр Хо Ма ч гэсэн Монголд ирсэн байсан. Тэгээд хүүгийнхээ хойчид зориулж хүүхдүүдэд буян хийе гэж хэлсэн. Тэгээд бид 2 дундаасаа мөнгө гарган Гачууртын эцэст асрамжийн газар очин хүүхдүүд хооллож, тэдэнд тоглох тоглоомууд аваачиж өгсөн. Маргааш нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд асардаг Сарнай гэх эмэгтэйнд очиж мөн л хоол хүнс, тоглоом, 32 инчийн зурагт аваачиж өгч буян үйлдсэн. Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг Хо Ма би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэж итгүүлсэн. Ийнхүү олон удаа ятгасны дүнд би зөвшөөрч, хамтарч ажиллаж саналыг нь хүлээн авч, Хо Маг ахтайгаа хамт байгуулсан Та ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хүүхдэд буян болох зүйл хийе гэснийх нь дагуу хүүхдийн цэцэрлэг эхэлж түрээслэн ажиллуулах болсон. Ийнхүү түүний явуулсан мөнгөөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байр, 120 тоот хаягт байрлах, Э...цэцэрлэгийг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар болж, мөн хорооллын 3 дугаар байрны 98 тоот хаягт байрлах 2 өрөө байрыг ойрхон гэж сарын 750.000 төгрөгөөр түрээслэн амьдруулахаар шийдсэн. Мөн Сити центер оффисын байрыг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар шийдэцгээсэн. Хо Магийн хэлсэнчлэн бүхий л зүйлийг бэлдэж огт хийж үзээгүй цэцэрлэгийн эрхлэгч болж маш их хичээсэн. Утаатай, тоос шороо их тул агаар цэвэршүүлэгч авч цэцэрлэгтээ тавь гэж хэлсний дагуу нэг бүрийн үнэ нь 1.650 ам.долларын үнэтэй 2 ширхэг агаар цэвэршүүлэгч авч тавьсан. Үнэтэй бараа гээд гаалийн татварт тус бүр 750.000 төгрөг хүртэл өгсөн. Ийнхүү Э...цэцэрлэгийг 2018 оны 6 дугаар сар хүртэл ажиллуулж байгаад больсон. Одоо цэцэрлэгийн бараа бүтээгдэхүүнийг айлын гараажид хадгалж байгаа. Хо Маг Монголд ирэх бүрд хоол, унаа /авга ах йнхоо Приус маркийн машинаар үйлчилдэг байсан/, орчуулга, хөдөө газар үзүүлэх гээд бүхий л зүйлээр хангаж, тусалдаг байсан. Мэдээж огт хийж үзээгүй ажил тул туршлагагүйтэх, алдах эндэх асуудал байх нь мэдээж, эхний гурван жил ашиг хараад хэрэггүй гэж байнга хэлдэг байсан. Гэвч 2018 оны 7 дугаар сараас эхлэн надтай их өөрөөр харьцах болсон. Миний Монгол эхнэр бол ч гэх шиг. Та эхнэртэй байж юу хэлж байна гэхээр би Монголд удаан хугацаагаар амьдрах бодолтой байна. Мөн байр авна, чи эсвэл миний байрыг хараад амьдар, миний эхнэр болбол хүссэн бүхнийг чинь авч өгнө, мөрөөдлийг чинь биелүүлнэ. Чиний мөрөөдөл гадаадаар аялах гэдэг биз дээ, бүүр Lexus 470 гоё уу, Lexus 570 нь дээр үү чи алинд нь дуртай вэ гээд л янз янзын гоё гоё машины зурагнууд явуулаад байнга иймэрхүү зүйл ярих болсон. 9 дүгээр сард Монголд ирээд байр авмаар байна гэсэн. Тэгээд би байрны зар харан олон байр үзүүлсэн. Эцэст нь Hill Side хотхонд 9В байрны 152 тоот 2 өрөө байр худалдаж авсан. Байр авч байх үедээ мөн л өмнө ярьж байсан зүйлээ дахин ярьж байсан ч би найз залуудаа хэлнэ шүү гэхээр ахин энэ тухай ярихаа больсон. Харин олон охидын Facebook харуулан ямар байна, Монгол эхнэр хайж байна, энэ нь ч ийм, тэр нь ч тийм гээд л их олон охидтой харьцдаг чатаа мөн зургийг нь харуулан сонголт хийхдээ туслуулахыг хүсэж байсан. Сүүлд уулзахад Монгол эхнэртэй болчихсон одоо энд бизнесээ хийх гэж байгаа гэж байсан. Ямар айлын охиныг хууран эхнэртэй байж байраа сахиулан над шиг дараа нь мөнгө нэхэх гэж байгаа болдоо. Монгол банкны данс нээлгээд өгье гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд үргэлж миний Япон данс руу шилжүүлдэг байсан. Хэрэв Хо Мад итгэж Монголд ирээгүй байсан бол Японд ажлаа хийн сар бүрийн цалингаа хураан /1 жил хагасын хугацаанд 3.240.000 иений цалин авах байсан/ нэлээдгүй мөнгөө хурааж чадах байсан. Учир нь компани маань амьдрах байр, унах машин, хоол гээд бүхнийг хариуцдаг байсан. Иймд Хо Магийн гоё үгэнд хууртан ажлаа орхин Монголд ирээд харин ч хохирогч болоод байна. Иймд энэ хүнд би ямар ч мөнгө төлөх ёсгүй бөгөөд харин ч Японд ажиллаж байсан бол 3.240.000 иенийг хуримтлуулчихсан, үргэлжлүүлэн 2019 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаад ахин визээ сунгуулан ажиллах байсан. Би маш их гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Б.М тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Хо Ма нь анхны санаагаа илэрхийлэхдээ Монголд үйл ажиллагаа явуулъя, чи Монгол дахь ажлыг хариуцан ажилла, би хөрөнгө оруулалтыг нь хийе гэсэн байдлаар илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр үүргээ биелүүлээгүй гэдэг зүйл ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна.2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хувьд үүрэг нь ингэж тусгагдсан ч гэсэн хамтран ажиллахдаа хөрөнгөө өөрийн хийж буй ажлаар нөхөх боломжтой талаар ч ярилцсан байсан. Заавал мөнгөн хөрөнгө оруулах шаардлагагүй байсан гэдгийг хэрэгт хавсаргагдсан баримтаар харагдаж байгаа. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг Та ХХК-ийн нэр дээр хийх ёстой байсан гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан байна. Угтаа бол уг үйл ажиллагааг хийхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой болсон төдийгүй, гадаад эзэнтэй цэцэрлэгийн байгууллага байх ёсгүй гэж улсын бүртгэлийн газраас хамтдаа лавлаж асуусан. Иймд шинэ компани худалдах авах юм уу эрхийг нь худалдаж авснаас өөр тусгай эрхтэй байгууллагыг ажиллуулах, Хо Магийн хүсэл зоригийн дагуу ажиллах боломжтой тухай өөрт нь тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч тайлбарыг минь хүлээн авч зөвшөөрсний үндсэн дээр Э...цэцэрлэгийг авч үйл ажиллагаа явуулсан. Гэтэл огт ийм юм мэдэхгүй мэтээр мэлзэж байгаад гомдолтой байна. Миний бие 28.184.000 төгрөгийг төлөх үндэсгүй. Хо Магийн хүсэл зоригийн дагуу хийх ёстой ажлуудыг бүгдийг нь хийсэн атал уг мөнгөн хөрөнгийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Нийт 27.296.400 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж байна. Гэтэл уг мөнгөөр нөгөө нэг яриад байгаа Э...цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зээлийн баталгаа гэх бичгийг бол надаар шаардан тулгаж байсаар байгаад бичиг хийлгүүлж авсан уг бичиг өөрөө хүчин төгөлдөр бус бичиг. Тиймээс шүүх уг бичгийг хүчин төгөлдөр бусаар тооцох ёстой. Хо Магийн хүсэл зоригийн дагуу ашиглагдсан мөнгө учраас миний бие уг мөнгөн төлбөрийг төлөх үндэс байхгүй. Өөрөө ч түүнийгээ маш сайн мэдэж байгаа. 55.480.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаандаа анх Хо Матай танилцсан бөгөөд тэрээр Монголд ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа талаар тайлбарлах болсон. Миний бие тухайн үед сургуулиа төгсөөд 2016 оны 4 дүгээр сараас RK management гэх компанид сарын 180.000 иен /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу ажлаас гарсан өдрийн ханшаар бодвол 1 иен-20.97 төгрөг байсан/ буюу нийт 3.774.600 төгрөгийн цалинтай ажил хийх болсон. Тус байгууллагаас маань байр болон хоол, унааны зардлыг хариуцдаг байсан. Ерөнхийдөө гурван жил тус байгууллагад ажиллахад иргэншил, гадаадад зорчих эрхийн зөрчилгүйгээр ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн. Миний бие 2017 оны 6 дугаар сарын эхээр авга ах маань нас барсан тул ажлаас хэсэг хугацааны чөлөө аваад Монголд ирэхэд Хо Ма бас ирчихсэн байсан. Тэгээд надтай чатаар холбоо барьж Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүхий л зардлыг би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэх болсон тул саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн ажлаасаа гараад сайхан боломж олгож өгсөн байгууллагаасаа татгалзсан. Гэтэл Хо Ма нь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд миний бие 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бол олох ёстой байсан буюу нийт 21 сарын цалин хөлс болох 79.266.600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тус мөнгөн дүнд онгоцны билетийн зардал, Японд ажиллаж байх байсан үеийн цалинтай ээлжийн амралтын мөнгө, илүү цагийн хөлс, амралтын өдөр ажилласны нэмэгдэл гэх мэт илүү цалин урамшууллыг нэхэмжлээгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Б.М нь өөрөө Монгол явж бизнес хийнэ гэж ярьж байсан ба Японд олсон орлогоо найз залуудаа алдчихлаа гэж ярьж байсан. Б.М нь тогтсон орлого, цалинтай байсан нь тодорхойгүй. Сар бүр тогтмол цалин орлого олж байсан баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч хариуцагчтай хамтран ажиллах санаа зорилготой байсан тухайгаа дурдаж байсан. Хамтран ажиллах арга зүйгээ ч хүртэл ярилцсан тухай хариуцагчийн хариу тайлбарт ч тусгагдсан байдаг. Тухайлбал, нэхэмжлэгч Монгол дахь бүхий л ажлыг хариуцагч хариуцаад ажиллуулчих би хөрөнгө мөнгийг нь гаргая гэдэг зүйл ярьж тохиролцсон байдаг. Чухам хамтран ажиллах нэг төрөл бол бусдадаа хөрөнгө оруулалт хийх зарчмаар байгууллагын болон өөрийн зорьж буй ажлаа гүйцэтгүүлэх байдаг. Үүнийг хөрөнгө оруулалт дээр бий болсон хамтран ажиллах ажиллагаа гэдэг. Нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэл дээр ч тэр хамтран ажиллаж, өөрийн хөрөнгөөр Монголд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох хүсэл эрмэлзэлтэй байсан нь тодорхой харагдаж байна. Анхны оруулсан 1.300.000 иен бол үйл ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлсэн мөнгөн хөрөнгө болохоос хамтран ажиллахдаа аль аль тал нь иймэрхүү мөнгөн хөрөнгө тал талаасаа гаргана гэж тохиролцоогүй. Нэг үгээр хэлбэл Та ХХК-д хөрөнгө оруулж өөрийн хүссэн бизнес, хүүхдэд ээлтэй ажлыг хийх зорилгоо биелүүлсэн төдий зүйл. Хамтран ажиллах талаар дээр дурдаж байсанчлан талууд аль аль нь хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч ч бас мэдэж байсан. Хариуцагчид мөнгөн хөрөнгө оруулалт хийнэ чи Монгол дахь бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллуул гэж хэлж тохиролцсон гэж үзэх үндэстэй төдийгүй хамтран ажиллах, үүрэг роль, тогтолцоогоо урьдаас тохиролцсон. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа Найз танилын шугамаар зээлж авсан 440.000 иен, 800.000 иен тухайн үеийн ханшаар 30.429.600 төгрөгийн өртөг бүхий зээл өгсөн гэж тодорхойлсноос, уг мөнгийг хариуцагч Б.Мгаас гаргуулахаар нэхэмжлэлээ тодруулж. Чухамдаа хариуцагч уг мөнгийг зээлж аваагүй талаар хариу тайлбар дээрээ ч өөрийн гаргаж өгсөн нотлох баримт дээр ч тэр, нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэл дээр ч тэр яригдсан, бичигдсэн байгаа. Нэхэмжлэгч Хо Ма чухамдаа хамтран ажиллаж байхдаа цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж хүүхдүүдэд ээлтэй зүйл хийе, цэцэрлэг байгуулж ажиллуулъя гэж хүсэл сонирхлоо илэрхийлэхэд мэдээж хөрөнгө оруулагчийн хүсэлтийг Б.М хүлээн авч цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа уг мөнгөө зөвхөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан учир хариуцагч Б.М зээлж аваагүй гэдгийг харуулж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Хо Магийн хүссэн бизнес, ажлуудыг Монголд хариуцан ажилласныхаа төлөө өнөөдөр өөрийн тааламжтай ажил, цалин, боломжоо хүртэл хаяж хамтран ажилласныхаа төлөө шүүхэд хариуцагчаар татагдаж байгаа нь шударга бус байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Та ХХК-ийн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хо Магийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэлтэй танилцаад хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан 31.902.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хо Ма, Та ХХК-ийн хооронд хамтран ажиллах санал солилцож байсан үед хийгдсэн гэрээ. Гэвч уг этгээдүүдийн хооронд хамтран ажиллах ямар ч тохиолдолд болоогүй. Учир нь Хо Ма анх байгууллагын үйл ажиллагаа болон бичиг баримттай танилцаад байгууллагад хөрөнгө оруулалт хийж, улмаар бизнес хийх санал тавьсан. Уг саналыг компанийн үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байгууллагын тодорхой хувьцааг шилжүүлэхээр болж тохиролцсон. Үүнээс үзвэл хамтран ажиллах гэрээнээс үүдэн нэн түрүүнд хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэстэй. Нэхэмжлэгч иргэн байгууллагын тодорхой хувьцааг эзэмших хууль ёсны дагуу авсан боловч гүйцэтгэх захирал Б.Мгаас заавал гэрээ байгуул, байгуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй мэтээр олон талаас нь ятгаж байгууллагын тамга тэмдгийг ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгвэл Иргэний хуульд хүч хэрэглэсэн, шахалт дарамт дунд хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж хэлэх нь үндэсгүй. Нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу тавь, тавин хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг заалтыг барьж нийт 1.300.000 иен буюу 31.902.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Чухам 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ ямар зорилгоор хийгдсэн гэрээ болох, ямар төрлийн хамтын ажиллагаанд зориулж хийгдсэн нь тодорхой бус. Нэхэмжлэгчээс гаргаад байгаа санаа ч тэр цэцэрлэг байгуулах санал дээр гэж яригдаж байгаа боловч бодит байдал дээр анх хувьцаа эзэмших үйл явцад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах санал нэг ч удаа яригдаагүй. Сүүлд нь иргэн Б.Мтай нэхэмжлэгч тал өөрөө холбоо барьж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулмаар байгаа тухайгаа мэдэгдсэн байдаг. Үүнээс үзвэл хамтран ажиллах гол зорилгоо Б.Мтай хуваалцсан байна. Байгууллагын зүгээс буюу ашгийн төлөө үйл ажиллагаанд буюу өөрийн байгууллагын эрхэлдэг үйл ажиллагаанд хөрөнгө татах зорилготой байсан. Үүнийг нэхэмжлэгч мушгиж шүүхэд тайлбарлаж байгаад харамсалтай байна. Бизнесийн хувь хөрөнгө оруулалт авах, татах, үүсгэн байгуулах, байгууллагын дүрмээс гадна үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл байхгүй байсан нь хамтын ажиллагаа хийгдэх боломжгүй байсныг илэрхийлж байна. Иймд хамтран ажиллах эрх үүрэг үүсээгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Иймд байгууллагад холбогдуулан гаргасан 31.902.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үндэсгүй. Эцэст нь хамтран ажиллах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан төдийгүй өнөөдөр шүүхийн шатанд гэрээнээс татгалзах тухай ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа хамтран ажиллах үйл ажиллагаа Та ХХК-тай нэхэмжлэгч Хо Ма хийгээгүй байж ямар үндэслэлээр хөрөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй төдийгүй хууль зүйн үндэсгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хо Ма нь хамтран ажиллах гэрээний дагуу 1.300.000 иенийг хариуцагч Б.Мгийн дансаар шилжүүлсэн, мөн хамтын үйл ажиллагаанд зориулж Та ХХК-д 440.000 иенийг, хариуцагч Б.Мгийн хувийн бизнест зориулж, түүнд 800.000 иенийг тус тус шилжүүлсэн ба хариуцагч Б.М нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүнээс болон Та ХХК-иас 1.300.000 иенийг, хариуцагч Таван мөнх итнтерншнл ХХК-иас 440.000 иенийг, хариуцагч Б.Мд мөнгө зээлдүүлсэн гэх үндэслэлээр, түүнээс 800.000 иенийг тус тус буцаан шаарджээ. Эдгээр мөнгийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, нийт 62.331.600 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Хо Магаас дээрх мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан талаараа маргаагүй боловч 440.000 иен болон 800.000 иенийг зээлж аваагүй, эдгээр мөнгийг бүхэлд нь хамтын үйл ажиллагаанд зарцуулж дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ. Улмаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонд нэхэмжлэгч Хо Маг буруутай гэж үзэж, түүнээс олох ёстой байсан орлогод 79.266.600 төгрөгийг нэхэмжилснээр талууд маргасан байна.

Нэхэмжлэгч Япон Улсын иргэн Хо Ма болон хариуцагч Монгол Улсын иргэн Б.М нар нь хамтарч, Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, талуудын маргаагүй үйл баримт нь нэмэлт нотолгоо шаарддаггүй ба тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.

Харин нэхэмжлэгч тал нь талуудын хооронд Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан хуулийн этгээд үүсгэн байгуулж, хамтран ажиллах тохиролцоо хийгдсэн гэж үзсэн бол хариуцагч нар нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж үзжээ.

Талуудын тохиролцоон дахь хүсэл зоригийн илэрхийллийн зөрүүтэй байдал нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Хо Ма нь хариуцагч Б.М болон С.Б нарын үүсгэн байгуулсан Та ХХК-ийн 24%-ийн хувьцааг эзэмших болсон, мөн үүний дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулснаас үүдэн гарсан байна.

/хх (1) 123 дугаар хуудас/

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар, талуудын хүсэл зоригийн агуулга болон гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мөн гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний бичвэрт: Та ХХК нь Та ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэйгээ хамтран ажиллана, улмаар Та ХХК-ийн хувьцааг эзэмшинэ, хөрөнгө оруулж ашиг хүртэнэ, хамтын үйл ажиллагааг компаниас эрх олгосон этгээд удирдана, хамтын үйл ажиллагааны үр дүнгээс компани-д учирсан хохирлыг талууд хариуцна гэх атлаа хамтын үйл ажиллагаанаас бий болсон мөнгөн хуримтлал, эрсдэл нь талуудын хамтын өмч байна гэх агуулга бичигдсэн байгаа нь учир зүйн холбоогүй байна.

Өөрөөр хэлбэл компани нь өөрийн хувьцаа эзэмшигчтэйгээ хамтарч, бизнесийн үйл ажиллагаа явуулах, тухайн компанийн хувьцааг эзэмшихээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нь үндэслэл муутай юм.

Талуудын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Мгийн: ... Таван мөнх интернэйшнл ХХК-ийн 24%-ийн хувьцааг Хо Мад өгсөн шалтгаан нь гадаадын иргэнд 24%-иас дээш хувьцаа эзэмшүүлсэн тохиолдолд тэр компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн татвар өндөр байдаг учраас 24%-ийг эзэмшихээр тохиролцсон... Таван мөнх интернэйшнл ХХК-ийн нэр дээр цэцэрлэг ажиллуулахад хугацаа шаардлагатай байсан гэхэд: -Тэгвэл түрээсийн цэцэрлэг олъё гэж нэхэмжлэгч хэлсэн ... анх 50:50 хувийн хувьцаа эзэмшээд хамтарч ажиллахаар тохирсон боловч компанийн эрх шилжүүлэх болсон чинь 24%-ийн хувьцаа шилжүүлэхээс өөр боломжгүй болсон ... гэх тайлбар, /хх 150-155 дугаар тал/

Та ХХК-ийн нэрээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй байдал, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Та ХХК-д бус иргэн Б.М эзэмшиж байгаа нөхцөл байдал,

Мөн компанийн хувьцааг эзэмшихээр тохирсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс цаг хугацааны хувьд хожим буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин Хамтран ажиллах гэрээ-г бичгээр үйлдсэн байгаа зэргээс үзвэл хуулийн этгээд хувь хүнтэй биш, мөн компани үүсгэн байгуулж үйл ажиллагаа эрхлэх бус, харин хувь иргэд буюу Япон улсын иргэн Хо Ма болон Монгол Улсын иргэн Б.М нар нь хамтарч, Монгол Улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна.

Иймд, талууд компани үүсгэн байгуулах зорилгоор, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Улмаар, талууд хамтын үйл ажиллагааныхаа хураамжийг 50:50 хувиар хариуцах, удирдлагыг Б.М хэрэгжүүлэхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Мгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн: ... анх 50:50 хувийн хувьцаа эзэмшээд хамтарч ажиллахаар болж байсан ... удирдлагыг би хэрэгжүүлэхээр болсон ... гэх тайлбар, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/хх 150-155 дугаар тал/

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д: Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хамтран ажиллах гэрээний зүйл нь оролцогчдын хамтын шинжтэй үйл ажиллагаа байдаг байна. Түүнчлэн, гэрээний онцлох шинж болох хамтын үйл ажиллагаа нь гэрээний оролцогчид хамтын хөрөнгийг бий болгодог, хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг, улмаар хамтран эрсдэл хүлээж байгаа явдлаар илэрдэг ба энэ талаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 477-480 дугаар зүйлд мөн зохицуулсан байна.

Хэдийгээр талууд хамтарч хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр тохиролцсон боловч Э...цэцэрлэгийн үйл ажиллагааг хамтын зарчмаар эрхлэн явуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.7-д зааснаар, хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг мөн хуулийн 399-405 дугаар зүйлд заасан даалгаврын гэрээний журамд нийцүүлж тодорхойлдог байна. Харин Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-д: Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй., 400.2-т: Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй., 400.3-т: Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй., 400.4-т: Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Гэтэл хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэхээр гэрээ болон хуулиар үүрэг хүлээсэн этгээд болох Б.М нь дээрх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо шүүхэд нотолж чадаагүй ба хамтын ажиллагааг удирдахдаа нөгөө оролцогчоосоо зөвшөөрөл авч байсан, гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлж байсан, мөн үйл ажиллагааны орлого, зарлагын талаар нөгөө оролцогчдоо мэдэгдэж байсан болох нь тогтоогдохгүй байна. Хариуцагч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, 10-13 хүүхэд цэцэрлэгт явдаг байсан талаар тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд цэцэрлэгийн үйл ажиллагаанаас орлого олоогүй гэж үзэх боломжгүй ба энэ орлогоо зохих ёсоор гэрээний нөгөө оролцогч Хо Мад тайлагнаагүй, мэдэгдээгүй байна.

/хх 132-138 дугаар тал/

 

Хэрэгт нэхэмжлэгч Хо Ма нь цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт байгаа талаарх гэрэл зураг нотлох баримтаар авагдсан байх боловч энэ нь Хо Мад хамтын үйл ажиллагаагаа тайлагнасан, мэдэгдсэн, түүнээс зөвшөөрөл авсан гэх хариуцагч Б.Мгийн тайлбарыг нотолж чадахгүй юм.

Хариуцагч Б.Мгийн, хууль болон гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй явдал нь хамтран ажиллах гэрээний гол шинж болох хамтын шинж чанартай үйл ажиллагаа явуулсан болохыг үгүйсгэх үндэслэл болох юм.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг хоёроос дээш этгээд байгуулж буй тохиолдолд бие биенийхээ өмнө харилцан үүрэг хүлээдэг хоёр талын гэрээний шинжээ алддаг боловч 2 этгээд оролцож байгаа нөхцөлд, мөн маргааны энэ тохиолдолд харилцан үүрэг хүлээсэн хоёр талын гэрээ гэж үзэх боломжтой байна.

Нөгөө талаас, Иргэний хуулийн энэ бүлэгт хамтран ажиллах гэрээнээс татгалзах зохицуулалтыг хуульчлаагүй, харин гэрээнээс гарах, цуцлах ойлголтыг хуульчилсан боловч энэ нь гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь, маргаан бүхий энэ тохиолдолд талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь цаашид хамтран ажиллах гэрээний үндсэн шинж болох хамтын зарчим-аар хэрэгжээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллахаар 2 тал тохиролцсон боловч 1 тал үйл ажиллагаанд оролцож чадаагүй, нөгөө тал нь хамтын оролцоог хангах талаар хууль /Иргэний хуулийн 400 дугаар зүйл/-иар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаас үзвэл гэрээний оролцогчид харилцан тохиролцсон хувь хураамжаа оруулаагүй явдал нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болдоггүй байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна. Ийнхүү 2 оролцогчтой хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан боловч, цаашид гэрээ хэрэгжээгүй нөхцөлд нэг тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.5-д: Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно. гэж заажээ. Хуулийн энэ хэсэгт заасан: ...санал нэгтэйгээр гэрээнээс гаргах... ойлголт нь 2 оролцогчтой хамтран ажиллах гэрээний хувьд гэрээнээс татгалзах тухай ойлголт мөн юм. Харин хамтын оролцоог хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал нь хуулийн энэ хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд гэрээнээс татгалзаж, оруулсан мөнгөө буцаан шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хүүхдийг угтан авах машин авна гэж надаас 440.000 иен авсан... гэж бичжээ. Хариуцагч нь бүх мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэснээр нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Мгийн дансаар шилжүүлсэн 440.000 иен нь хамтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч Хо Магаас оруулсан хураамж гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Та ХХК-ийн нэрийн өмнөөс 450.000 /нэхэмжлэгч 440.000-ийг нэхэмжилсэн/ иенийн дүн бүхий Зээлийн баталгаа баримтыг үйлдэж, нэхэмжлэгч Хо Мад өгсөн явдал нь талуудын, эсхүл Та ХХК болон Хо Ма нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг шууд нотлох үндэслэл болохгүй юм. Учир нь энэ талаарх нэхэмжлэгч болон хариуцагчийн маргаагүй тайлбар нь уг баримтыг няцааж байна.

/хх (1) 67-68 дугаар тал/

Түүнчлэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Хо Ма нь 800.000 иенийг хариуцагч Б.Мгийн дансаар шилжүүлжээ. Нэхэмжлэгч нь энэ мөнгийг: хариуцагч Б.М хувийн хэрэгцээндээ зориулж зээлж авсан гэсэн бол хариуцагч нь уг мөнгийг: хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ. Хожим буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б.М нь энэ талаар Зээлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, нэхэмжлэгчид өгсөн байна.

/хх (1) 69-70 дугаар тал/

Нэхэмжлэгч нь, хоёр өөр цаг хугацаанд шилжсэн төлбөр /2017.08.28-нд 440.000 иен, 2017.10.5-нд 800.000 иен/-ийн талаар нэг өдөр /2017.11.16-нд/, ижил агуулга бүхий баримт үйлдэж баталгаажуулсан атлаа хоёр өөр үндэслэл /хамтран ажиллах гэрээ, зээл/-ээр нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...мөнгө зээлж бараа авч зарна хэмээн 800.000 иен зээлж авсан... гэжээ. Хоёр этгээд хамтарч хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, улмаар Б.М нь хамтын үйл ажиллагааг удирдах үүрэг хүлээсэн байх үедээ бараа авч зарах зорилгоор, нөгөө оролцогчоосоо мөнгө зээлсэн, зээлдүүлсэн гэх тайлбар нь эргэлзээтэй байна.

/хх (1) 1-2 дугаар тал/

 

Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэг хүлээдэг болно. Харин нэхэмжлэгч нь: ...бараа авч зарах зорилгоор Б.М нь 800.000 иен зээлдэж авсан... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр баримтаар давхар нотолж чадаагүй. Мөн хавтаст хэргийн 69-70 дугаар талд авагдсан, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 800.000 иенийн дүн бүхий Зээлийн баталгаа баримт нь нэхэмжлэгчийн тайлбарыг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байна. Учир нь, хамтын үйл ажиллагаанд зарцуулна гэж шилжүүлсэн 450.000 иений хувьд ч мөн адил, ижил агуулга бүхий Зээлийн баталгаа баримтыг хариуцагч үйлдэж өгсөн байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотолж чадаагүй нөхцөлд хариуцагчийн тайлбарыг няцааж чадаагүй гэж үзэх үндэслэл болдог.

Иймд хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Хо Магаас нийт 2.540.000 иенийг хамтын үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлэн авсан гэж үзэх нь зүйтэй байна. Харин ийнхүү 2.540.000 иенийг хамтын үйл ажиллагаанд зориулж авсан гэж үзсэнээр уг мөнгийг Б.М бүхэлд нь зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь хариуцагчид ашигтай үйл баримт учир хариуцагч мөнгөний зарцуулалтаа өөрөө нотлох үүрэгтэй.

Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд, хариуцагч мөнгийг зориулалтын дагуу, бүрэн гүйцэд зарцуулсан эсэхийг хожим шүүхэд нотолж үзүүлэх нь ач холбогдолгүй байна. Учир нь, тэрээр энэ талаараа хожим шүүхэд бус, харин хамтран ажиллах гэрээний нөгөө оролцогчдоо тухай бүр мэдэгдсэн, тайлбарласан, баримтжуулсан байх үүргийг хуулиар хүлээсэн болохыг дээр дурдсан. Энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлснээр хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хэрэгжсэн, хамтын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэл болох юм. Иймд хариуцагч Б.Мгаас хожим шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, агаар цэвэршүүлэгч улсын хилээр оруулж ирсэн гаалийн мэдүүлэг, ажлын байр болон орон сууц хөлслөх гэрээ, цэцэрлэгийн байрны түрээсийн төлбөр төлсөн болон тусгай зөвшөөрөл худалдаж авсан талаарх гэрч Т.Оюумаагийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

/хх (1) 37-44, 171-189 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд нийт 2.540.000 иен зарцуулснаа Монгол банкны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ханш /1 иен=24.54 төгрөг/-аар тооцож буцаан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул энэ өдрийг гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн өдөр гэж үзэх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших валютын ханшийн эрсдэлийг хариуцагчид хүлээлгэх боломжгүй юм.

/хх (2) 38 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Та ХХК-ийг татсан явдал нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн тодорхой бус байдалтай холбоотой байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа Япон Улсын иргэн Хо Ма болон Монгол Улсын иргэн Б.М нарын хооронд үүссэн, Та ХХК нь эрх зүйн харилцааны оролцогч биш байх тул энэ талаарх хариуцагч Та ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

/хх (2) 46-47 дугаар тал/

Хариуцагч нь хамтын үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй болсон явдалд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэж, олох байсан орлогоо өмнө эрхэлж байсан ажил, хөдөлмөрийн хөлсөөр тооцож, нийт 79.266.600 төгрөгийг нэхэмжлэгч Хо Маагаас шаардсан. Хариуцагч нь ийнхүү нэхэмжлэгчийг буруутай гэж үзэхдээ буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон явдалд нэхэмжлэгч Хо Магийн зүй бус харьцаа нөлөөлсөн гэх боловч тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Нөгөө талаас, хамтын үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй болсон, Хо Ма гэрээнээс татгалзахад хүрсэнд хариуцагч өөрөө буруутай байх тул хариуцагчийн шаардсан олох ёстой байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Б.Мгаас 60.198.000 төгрөг /2019.02.14-ний өдрийн Монгол банкны ханш 1 иен=23.70 төгрөг*2.540.000 иен/-ийг гаргуулан нэхэмжлэгч Хо Мад олгож, илүү шаардсан 2.133.600 төгрөг, Та ХХК-д холбогдох шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 62.331.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 469.608 төгрөг төлөх ёстой атал 510.210 төгрөг төлжээ. Иймд илүү төлсөн 40.602 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгоно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн ба тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Б.Мгаас 60.198.000 төгрөгийг гаргуулан Хо Мад олгож, нэхэмжлэлээс 2.133.600 төгрөгийн шаардлага болон хариуцагч Та ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-д

заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хо Магаас 79.266.600 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510.210 төгрөгөөс 469.608 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 554.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 40.602 төгрөгийг улсын орлогоос, мөн 469.608 төгрөгийг хариуцагч Б.Мгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хо Мад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР