Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.А-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Баян модот” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээ болон Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, 00улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Баян модот” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу анх 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32019/05648 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийн хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор гаргуулан авч, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг шинээр төлж, энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байна. Дээрх дурдсан 2 орон сууцанд тус тус хийсэн “Баян модот” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан. Гэтэл НШШГГ нь төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал гаргуулан авалгүйгээр, талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч гомдолтой байна. Мөн шинжээч “Баян модот” ХХК нь Г.А- миний өмчлөлийн орон сууцнуудыг нэг бүрийг нь 132 127 000 төгрөг, хамтад нь 264 254 000 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн бодит үнэ ханшид огт нийцэхгүй байна. Учир нь Г.А- миний бие үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны зах зээлийн үнэ ханшийг судлан үзэхэд “Баян модот” ХХК-ийн үнэлгээнд хамрагдсан миний өмчлөлийн тус нэг орон сууц нь 350 000 000 төгрөгөөр, хоёр орон сууц хамтдаа 700 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Тус орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр бол 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй. Гэтэл шинжээч “Баян модот” ХХК нь Г.А- миний орон сууцнуудын үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу хоёр орон сууцыг хамтад нь 264 254 000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгүүдийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нийт 66 000 000 төгрөгийг Г.А-аас гаргуулан төлбөр авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байхад төлөх ёстой уг төлбөрөөс хамаагүй их үнэлгээтэй 2 орон сууцыг маань хоёуланг нь шинжээчээр үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Учир нь Г.А-ын өмчлөлийн нэг л орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй байна. Ийм байхад хариуцагч нь төлбөр төлөгч, иргэний эрх ашгийг бодолцолгүй, эрх ашигт нь хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Улмаар НШШГГ нь “Баян модот” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь миний өмч хөрөнгүүдийг маань улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст иргэн миний бие эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүргэж байгаа тул Г.А- миний бие энэхүү асуудлаар шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Баян модот” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээ болон Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, 00улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Баян модот” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.А-ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дapaax тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэрээр Г.А-аас 65 988 299 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 487 891 төгрөгийг гаргуулж “Май капитал” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18300734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Г.А- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18, тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19, тоотод 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/01 тогтоолоор битүүмжлэх ажиллагааг хийсэн. Улмаар Г.А- нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18301234/02 тогтоолоор хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахаар 2019 оны 4/1926 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Г.А-ын оршин суугаа хаягаар очиж мэдэгдлийг өгсөн. Г.А- нь 4/1926 дугаар мэдэгдлийг хүлээн авсан тухай зурвасыг ирүүлсэн. Тогтоосон хугацаанд өгөөгүй тул Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор Баян модот ХХК-г томилж, шинжээчийн тогтоосон дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд Баян модот ХХК нь үнэлгээг тогтоосон тул гуравдагч этгээдээр оруулах хүсэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээч томилох тухай 18300734/02/175 тоот тогтоолын дагуу ЧД-ийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 болон 19 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай тус тус 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг манай үнэлгээчид хууль, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн.

НШШГГ нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18300734/02/175 дугаар бүхий Шинжээч томилох тухай тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор даалгасан байдаг. Шинжээч “Баян модот “ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн зах зээлийн суурийн дагуу хараат бусаар, бодитоор үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Шинжээч “Баян модот” ХХК нь Г.А-ын өмчлөлийн орон сууцнуудын нэг бүрийг нь 132 127 000 төгрөгөөр, хамтад нь 264 254 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн тухайн үеийн нарийвчилсан судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээний байгууллага шинжээчээр томилж ажиллуулдаг ч үнийн дүнг их бага байлгах талаар огт хамааралгүй байдаг. Учир нь хараат бусаар ажиллах хөндлөнгийн шинжээчээр мэргэжлийн байгууллагыг томилж ажиллуулдаг. Г.А-ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартыг үндэслэн тухайн байршилд тухайн цаг хугацаанд худалдан борлуулагдаж буй ижил хэмжээ, хийцтэй орон сууцтай харьцуулан жишиж холбогдох тохируулгуудыг хийж үнэлэгдсэн болохоор нэг орон сууц нь 350 000 000 төгрөг, нийлээд 700 000 000 төгрөг гэдэг нь үнэлгээ хийж байсан цаг хугацаанд болон одоо ч байхгүй үнэ юм. Мэргэжлийн байгууллагын судалж, шинжилж, тооцоолж гаргасан үнийн дүнд хууль, шүүхийн байгууллага нь итгэл үнэмшилтэй байж болно. /Тухайн үеийн зах зээлийн судалгаанаас харьцуулалтад авагдсан баримтыг хавсаргав/ 1990 оноос өмнө нэгдсэн журмаар баригдсан нийтийн орон сууцнууд нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбайгаар бүртгэгддэг байсан тул тус орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд 36 м.кв хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Үнэлэгдэж буй орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбай болох 36 м.кв-аар бүртгэгдсэн байгаа тул зах зээлийн хандлагаар хийгдсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтад ижилхэн ашигтай талбайгаар бүртгэгдсэн орон сууцыг хамруулсан учир талбайн хэмжээний тухайд зөрүү гараагүй. Г.А- нь үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулж цаг, хугацаа хожих зорилготой байгаа нь тодорхой байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.А-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 06208 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.А- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцнуудад “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үнэлгээ хийлгүүлж байсан бөгөөд тэрхүү үнэлгээ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00586 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцогдож байсан.

Гэтэл үүний дараа хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцнуудад “Баян модот” ХХК-аар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дахин үнэлгээ хийлгүүлэхдээ өмчлөгчөөс орон сууцнуудын үнэ, үнэлгээний талаар үнийн санал авалгүйгээр үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасныг зөрчсөн явдал болсон. Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй, 700 000 000 гаруй төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байхад шинжээч “Баян модот” ХХК ердөө 264 254 000 төгрөгөөр үнэлж, үнэгүйдүүлж, хохирол амсах байдалд хүргэсэн байхад анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нэг л орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй байна. Иймд байхад хариуцагч нь төлбөр төлөгч, иргэний эрх ашгийг бодолгүй, эрх ашигт нь хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, заавал 2 орон сууцыг үнэгүйдүүлэн дуудлага худалдаагаар худалдахаар зүтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлж байгааг шүүх анхаараагүй.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Г.А-аас 65 988 299 төгрөг гаргуулж, “Май капитал” ХЗХ-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00634 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5253 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 182/ГХ2018/00468 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18300734 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 46-47, 62 дугаар тал/

 

Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18301234/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан эд хөрөнгүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Г.А-д 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус албан бичгээр хүргүүлснийг төлбөр төлөгч хүлээн авсан ч үнийн саналаа ирүүлээгүй тул 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. /хх 73,76,78 дугаар тал/

 

Шинжээч Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 264 254 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/17484 тоот мэдэгдлийг Г.А- 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч мөн оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ