Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-, Б.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-, Б.Т- нарын хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б-од буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Б-д даалгах, хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б-од даалгаж, Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Б- болон Б.Б- нар нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир нэхэмжлэгч Б.Б- нь өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ мөн зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийн гүйцэтгүүлэх гэж заасан аргыг сонгон, үүргээ биелүүлэхийг хариуцагч С.Б-ээс дараах байдлаар шаардаж байна. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 3 болон 9 дүгээр зүйлд зааснаар С.Б- нь өөрийн өмчилж буй “Г” ХХК-ийн хувьцааны 14 хувийг, “Э” ХХК-ийн өмчилж буй “Г” ХХК-ийн хувьцааны 61.11 /нийт 75.11/ хувийг, 012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г” ХХК-ийн хувьцааны 23.89 хувийн хувьцаа зэргийг тус тус Б.Б-од шилжүүлэх, харин үүний хариуд Б.Б- нь өөрийн өмчилж буй “Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг С.Б-д шилжүүлэхээр тохиролцсон байна. Ийнхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 7.2.9, 9 дүгээр зүйлд талуудын хоорондоо солилцож буй зүйлүүдийн үнийг дараах байдлаар тодорхойлжээ. А тал болох С.Б-ээс Б талд буюу Б.Б-од шилжүүлэн өгч буй “Г” ХХК-ийн хувьцааны 75.11 хувь нь Б.Б-оос С.Б-д шилжүүлж буй “Э” ХХК-ийн хувьцааны 20 хувьтай тэнцэнэ, харин үлдсэн “Э” ХХК-ийн хувьцааны 10 хувь нь “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г” ХХК-ийн хувьцааны 23.89 хувьтай тэнцэнэ. Тиймээс хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д С.Б-ээс Б.Б-од тухайн үед бодитоор шилжүүлсэн эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэрэг гэрээний зүйлүүдийн үнэ нь Б.Б-оос С.Б-д шилжүүлэн өгч буй “Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнэтэй тэнцүү байхаар заасан. Харин гэрээний 9 дүгээр зүйлийг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2-т ... “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “И Ар Си” ХХК-аас шилжүүлэн аваагүй тохиолдолд С.Б- нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Б-од шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.Б-оос “Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар С.Б- нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Б тал өөрийн эзэмшиж байгаа “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал “Э” ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ гэж заасан. Уг гэрээний 9 дүгээр зүйлд А тал буюу С.Б- нь “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор уг хувьцааг Б тал буюу Б.Б-ын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд Б тал нь дараах нөхцөл болзлоос аль нэгийг нь сонгон А талаас шаардахаар харилцан тохиролцсон байна. Үүнд: 1. А тал 1 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцон Б талд үл маргах журмаар шилжүүлэх, 2 А тал шилжүүлэн авсан “Э” ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн болно. Иймд Б тал буюу Б.Б- нь гэрээний дагуу А тал шилжүүлэн авсан “Э” ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн агуулга бүхий шаардлагыг гаргаж байна. Гэрээ байгуулах үед “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г” ХХК-ийн хувьцааны 23.89 хувийг шууд нэхэмжлэгч Б.Б-од шилжүүлж өгөх боломжгүй байсан учир уг үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоож, харин Б.Б- нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Б-д гэрээ байгуулснаас хойш 8 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж өгсөн билээ. Энэхүү гэрээг байгуулах үед Б.Б- нь “Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааг эхлээд шилжүүлнэ. “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг авсныхаа дараа үлдэх 10 хувийг С.Б-ийн өмчлөлд шилжүүлэх тухай санал гаргахад С.Б- нь би “Э” ХХК-ийн хувьцааны 100 хувийн өмчлөгч болох шаардлагатай байна, гэрээ байгуулсныхаа дараа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “И Ар Си” ХХК-аас шилжүүлэн авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэх тайлбар гаргаж байсан. С.Б- нь энэхүү үүргээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар Б.Б-ын өмчлөлд шилжүүлж өгөөгүй байна. Нэгэнт С.Б- нь тодорхой хугацааны дотор гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй учир гэрээгээр тохиролцсоны дагуу тэрээр “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Б-од шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болно. Талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан учир Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Улмаар С.Б- нь “И Ар Си” ХХК-ийн өмчлөлийн “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар Б.Б-ын өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгээгүй, биелүүлж чадахгүй нь илэрхий тодорхой байгаа учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн С.Б- нь энэхүү үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, биелүүлэхээс зориуд татгалзаж буй нь удаа дараагийн уулзалт ярилцлагын явцад тодорхой болсон бөгөөд үүргээ гүйцэтгэхээс илэрхий татгалзаад байгаа билээ. Тиймээс нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч С.Б-тэй байгуулсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн өгсөн “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлж өгөхийг шаардаж байгаа болно. Иймд “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б-од буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Б-д даалгаж өгнө үү.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.Т- болон С.Б-, Б.Б- нарын хооронд ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Б.Т- нь С.Б-, Б.Б- нарын эзэмшиж буй “Э” ХХК-ийн бусдад төлөх төлбөр буюу Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 1 108 755 595 төгрөгийг төлөх, үүний хариуд Б.Т- нь “Гүнбилэг трейд” ХХК-ийн хувьцааны 7 хувь, “Г” ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус С.Б-ээс шилжүүлэн авахаар тохиролцсон байна. Улмаар Б.Т- нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90 000 000 төгрөг болон 4158 ам.доллар /ханш 2668.87 төгрөг, нийт 100 000 000/ тус тус “Э” ХХК-ийн 460021423 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Б-ийн үзэл бодол өөрчлөгдөж, ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцалъя, “Гүнбилэг трейд” ХХК, “Г” ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул Б.Т- нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлж аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Б-д төлсөн 100 000 000 төгрөгөө хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байгаа болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д Б талын үүрэг гэсэн хэсэгт А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө гэж заасан билээ. Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 100.000.000 төгрөгийн хүү нь 90 000 000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100 000 000 төгрөг, нийт 190.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Т-ээс С.Б-д 50 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг одоо хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 50 000 000 төгрөгийн хүү 18 000 000 төгрөг, үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Т-ээс авсан мөнгөө С.Б- буцааж өгөөгүй, Б.Т-т “Гүнбилэг трейд” ХХК, “Г” ХХК-иудын хувьцаа аль аль нь шилжээгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний 7.2.5-д Б.Т-тэй байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээн дээрх бүх үүргийг С.Б- нь Б.Т-ийн өмнөөс бүрэн хариуцаж үл маргах журмаар биелүүлнэ гэсэн байгаа. Тиймээс хариуцагч С.Б-ээс нийт 258 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Б-той 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №8 дугаартай “Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг эзэмших гэрээг байгуулсан. Гэрээгээр С.Б- худалдан авах үнийн 70 хувийг төлж түүнд оногдох хувьцааг, Б.Б- үлдэх 30 хувийг төлж түүнд оногдох хувьцааг тус тус эзэмшиж, тус компанийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1 103 082 223 төгрөг болон бусад өр төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Ингээд бид 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-ийг 500.000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499.990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б-ийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч С.Б- бүртгэгдсэн. Компанийг худалдан авсан тул С.Б-, Б.Б- нар нь “Э” ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1 103 082 223 төгрөгийн өр төлбөрийг Б.Т-ээр төлүүлэхээр болж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд Б.Т- нь А тал, С.Б-, Б.Б- нар нь Б тал болон оролцож, А тал Улаанбаатар банкинд төлөх өр төлбөрийг төлөх, түүний хариуд Б тал хувьцаа шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Гэтэл Б.Б- нь “Э” ХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч Монголиан ресоурс корпорейшн компани нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, цуцалсан тухай мэдэгдлийг Б.Б- болон С.Б- нарт ирүүлсэн. Эм Эр Си Эм Жи Эл ХХК-ийг худалдан авсан гэрээг худалдагч тал хүчингүй болгож, цуцалсан учир Б.Т-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээ мөн хэрэгжих боломжгүй болсон бөгөөд Б.Т- нь “Эм Эр Си Эм Жи Эл” ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх өрнөөс 100 000 000 төгрөгийг компанийн өмнөөс шилжүүлсэн нь үнэн болно. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Эм Эр Си Эм Жи Эл” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ нэгэнт хүчингүй болж, цуцлагдсан учир С.Б- “Э” ХХК-ийг ганцаараа худалдан авах саналыг Монголиан ресоурс корпорейшн компанид тавьснаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголиан ресоурс корпорейшн компанитай “Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг дахин байгуулж, компанийг дангаараа худалдан авсан. С.Б- нь компанийн 100 хувийн эзэмшигч болсон тул “Э” ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1 103 082 223 төгрөг болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан. С.Б- “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл Б.Б- нь түүний өмчлөлийн Гүнбилэг трейдХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол “Г” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Тус гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа Гүнбилэг трейд ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь дээрх үйл баримтыг буюу хүч хэрэглэж хийсэн хэлцэл болохыг давхар нотолно. Уг хүч хэрэглэсэнтэй холбоотой Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч н.Мягмаржав гэдэг хүнтэй холбоотой хүч хэрэглэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүгч н.Мягмаржавтай холбоотой баримтыг С.Б-ээс өгсөн даруйд дээрх шүүгч н.Мягмаржав нь хавтаст хэрэгт байгаа баримтыг нэг бүрчлэн мэдэж, хэргийн оролцогч биш атлаа шүүхэд 2 тайлбар ирүүлсэн. Б.Б- нь ямар ч төлбөрийн чадваргүй атлаа “Э” ХХК-ийг хамтран худалдан авна гэх саналыг анхнаасаа худлаа тавьж, бүх төлбөрийг надаар төлүүлж, компанийн хувьцааг олж авах гэсэн санаа зорилготой байсан болох нь тодорхой болсон. Учир нь Б.Б- “Э” ХХК-ийг худалдан авахад нэг ч төгрөг төлөөгүй атлаа хүчингүй болсон гэрээг үндэслэн компанийн 30 хувийн хувьцааг олж авч, түүнийгээ компанийн цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч надад хүч хэрэглэж, сүрдүүлж, тамга тэмдэг барьцаалан дарамталж, хууль зөрчсөн арилжааны гэх гэрээг байгуулж, С.Б-ийн насаараа хөдөлмөрлөж бий болгосон “Г” ХХК-ийг маань бусад эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хамт авсан. С.Б- “Э” ХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг Б.Б-оос авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх “Г” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг, уурхайн байгууламж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд Б.Б- нь хүчингүй болсон хэлцлээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч С.Б-д хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, С.Б-ийн 100 хувь худалдаж авсан компанийн хувьцааг надад арилжаалж хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б-од даалгаж, Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү.

Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Б.Т- нь №ТВВ1610001 тоот гэрээний үүргээ биелүүлэхгүй, мөн түүний найз гэх Б.Б- уг гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурсан болно. Иймд дээрх гэрээний үүргийг Б.Т- нь шаардах эрхгүй ба хэрэв шаардлага гаргах бол Б.Б-оос шаардах нь зүйтэй байна. Мөн Б.Т- нь 50 000 000 төгрөгийг 1 хувийн хүүтэй зээлсэн гэжээ. Уг 50 000 000 төгрөгийг Б.Б- зээлж авсан ба мөнгө хүлээн авсан баримтад Б.Б- гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгийг С.Б- хүлээн аваагүй тул мөн Б.Б-оос шаардах нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- нь “Э” ХХК гэх компанийг Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас худалдан авах гэрээг боловсруулах явцад дээрх компанийн хувьцааг хамтран худалдан авах санал тавьсан ба миний бие зөвшөөрснөөр 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-ийг 500.000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499.990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б-ийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б-ыг 2016 оны 10 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч С.Б- бүртгэгдсэн. Гэтэл Б.Б- нь “Э” ХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч Монголиан ресоурс корпорейшн компани нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас нэгэнт цуцлагдсан учир С.Б- “Э” ХХК-ийг дангаараа худалдан авахаар болж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монголиан ресоурс корпорейшн компанитай “Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, хууль ёсны цорын ганц хувьцаа эзэмшигч болон. С.Б- “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл Б.Б- нь С.Б-ийн өмчлөлийн Гүнбилэг трейд ХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол “Г” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Тус гэрээний 8.2.5-т Б тал нь өөрт хадгалагдаж байгаа “Гүнбилэг трейд” ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл болохыг давхар нотолно. Б.Б- нь шүүхэд өгч бүх эд хөрөнгийг чинь булааж авна, шүүгч н.Мягмаржав бол нөлөөтэй шүү, чи өөрөө л мэд гэж айлган сүрдүүлж байсан бөгөөд улмаар 2018 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, хууль бусаар олж авсан “Эм Эр Си Эм Жи Эл” ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа үндэслэн миний бүх эд хөрөнгийг нэхэмжилж, шаардлага гаргаж байсан. С.Б- “Э” ХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг Б.Б-оос авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх “Г” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Б.Б- нь хүчингүй болсон гэрээг үндэслэж олж авсан “Э” ХХК-ийн 30 хувийг буцаагаад С.Б-д арилжиж, хариуд нь эд хөрөнгийг нь авч байгаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн этгээд өөрийн өмчлөлийн хөрөнгийг харилцаан өөр этгээдтэй арилжина гэж заасан. Гэтэл Б.Б-ын арилжиж байгаа “Э” ХХК-ийн 30 хувь нь түүний өмчлөлийн биш болсон байхад “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон С.Б-д өөрт нь арилжаалаад байгаа нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаатай хамт компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зэргийг шаардсан боловч Компанийн тухай хуульд зааснаар хувьцааг компанид оруулсан хувь хүний эд хөрөнгө гэж ойлгох тул хувьцаатай хамт эд хөрөнгийг нэг бүрчлэн шаардах шаардлагагүй гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа зөвхөн хувьцаа 75.11 хувийг буцаан шаардсан байгаа. Тусгай зөвшөөрөл нь “Э” ХХК-ийн байгаа тул өөрийнхөө эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шаардах шаардлагагүй гэж үзсэн. Иймд хүчингүй болсон хэлцэл буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч С.Б-д хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, өөрийнх нь компанийн хувьцааг өөрт нь арилжаалж хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б-од даалгаж, Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Б- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...надад хүч хэрэглэж, сүрдүүлж, тамга, тэмдэг барьцаалж дарамтлан арилжааны гэх гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан хэдий ч уг тайлбар нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох аль үндэслэлд хамаарахыг тодорхой заагаагүй байна. Гэхдээ тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хүч хэрэглэх, сүрдүүлэх, дарамтлах гэсэн үгсийг ашигласан байх тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэнд хамруулахаар хичээсэн нь илэрхий юм. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл арилжааны гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан бөгөөд С.Б- нь хүчинд автаж уг гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор гомдлын шаардлага гаргах бүрэн эрхтэй байжээ. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хэлцэл хийгч этгээд хүч хэрэглэсэн тухай гомдлын шаардлагыг нэг жилийн дотор гаргахаар зохицуулсан нь хүчинд автсан гэх гэрээний нэг талыг хамгаалах зорилготой, гэтэл С.Б- нь ийнхүү гомдлын шаардлага гаргаагүй, харин ч арилжааны гэрээний дагуу “Э” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болж, улмаар хувьцаагаа гуравдагч этгээдэд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байна. Түүнчлэн нөгөө тал буюу Б.Б-, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж, С.Б-тэй арилжааны гэрээ байгуулсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна Иргэний хуульд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох бусад үндэслэлийг нотолсон хангалттай үнэн зөв, эргэлзээгүй, бодит байдалд нийцсэн нотлох баримт байхгүй юм. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулахад шүүгч Д.Мягмаржав огт оролцоогүй ба тэр өөрөө энэ тухай тайлбараа бичгээр шүүхэд хоёр удаа гаргасан байгаа. С.Б- нь хүнд дарамтлуулж, хүчинд автаж гэрээнд гарын үсэг зурах этгээд огт биш. Арилжааны гэрээ байгуулах үед Гүнбилэг трейд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК байсан бөгөөд арилжааны гэрээ байгуулсны үр дүнд С.Б- нь өөрөө “Э” ХХК болон түүнийн охин компани болох “Гүнбилэг трейд” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсон билээ. Улмаар С.Б- нь “Э” ХХК болон түүний охин компани болох “Гүнбилэг трейд” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсноор “Гүнбилэг трейд” ХХК-ийн тамга, тэмдгийг түүнд шилжүүлэн өгөх нь гарцаагүй, зүй ёсны хийгдэх, хэлбэр төдий үйлдэл байсан тул энэхүү нөхцөл байдлыг баталгаажуулах зорилгоор арилжааны гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа “Гүнбилэг трейд” ХХК-ийн тамга, тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэсэн заалтыг түүнийг санаачилгаар гэрээнд оруулсан. Тамга, тэмдэг хэний эзэмшилд байгаа нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийг зөрчихгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой бөгөөд хүсвэл тухайн этгээд тамга, тэмдгээ хуульд заасан журмын дагуу дахин гаргуулж авах боломжтой байдаг. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Монголиан ресоурс корпорейшн компанийн захирал Питер Күүк, Монгол Улсын иргэн С.Б-, Б.Б- нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээний зүйл нь буюу худалдаалагдаж буй зүйл нь “Э” ХХК-ийн бүх хувьцаа байх бөгөөд худалдагч тал нь Монголиан ресоурс корпорейшн компанийн захирал Питер Күүк, худалдан авагч тал нь Монгол Улсын иргэн С.Б-, Б.Б- нар юм. Уг гэрээнд талууд бүгд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан шаардлагад нийцэж байна. Ийнхүү нэхэмжлэгч Б.Б- нь “Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг хуульд заасан хэлцлийн үндсэн дээр олж авсан бөгөөд уг өмчлөх эрхээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажуулсан юм. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч С.Б-, Б.Б- нар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан батлуулсан нь “Э” ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь гэсэн хэсэгт С.Б- 70 хувь, Б.Б- 30 хувь гэж зааснаар нотлогдож байна. Эм Ар Си Эм Жи ЭлХХК-ийн захирлаар өмнө нь ажиллаж байсан Ж.Танан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар гомдол гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/742 дугаар тушаалаар бүртгэлийг хүчингүй болгосон учраас С.Б- бид хоёр хамтран Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/472 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гартал гэрээний төлбөр болох 499990 ам.долларыг төлөх боломжгүй болсныг тухайн үед нь Монголиан ресоурс корпорейшн компанид мэдэгдэж, захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тэдэнтэй хамтран ажиллаж, байнга мэдээлэл өгч, харилцаж байсан бөгөөд энэ хугацаанд Монголиан ресоурс корпорейшн компанийн зүгээс гэрээний төлбөр хийхийг бид хоёроос нэг ч удаа шаардаагүй ба шаардах ч эрхгүй байсан юм. Ийм учраас Б.Б- гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монголиан ресоурс корпорейшн компани гэрээнээсээ татгалзаж, гэрээг цуцалсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд гэрээний нэг тал болох миний оролцоогүйгээр тэд дангаараа гэрээг цуцлах эрхгүй болохыг холбогдох хуульд тодорхой заасан байдаг билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Монголиан ресурсес корпораци лимитэд компанийн захирлуудын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр тус компанийн захирал Адам Скофелд, Питер Күүк, Бретт Кларк нар тус компанийн захирал Дитер Күүкэд эрх олгосны дагуу “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Монголиан ресоурс корпораци лимитэд компанийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Питер Күүк нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг С.Б-, Б.Б- нарт худалдсан байна. “Э” ХХК-инй нийт хувьцаа, түүнийг дагалдах эд хөрөнгө нь талуудын хооронд гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж иргэн С.Б-, Б.Б- нарын өмчлөлд шилжсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар ХХК болон ГХо ХХК нь хоёр өөр хэлбэрийн хуулийн этгээд болохыг баталсан байх тул гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийн бүх хувьцаа 100 хувь Монгол Улсын иргэдэд худалдагдсанаар улсын бүртгэлийн хувьд тус компанийн хэлбэр өөрчлөгдсөн байна. Ийм учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж заасны дагуу С.Б-, Б.Б- нар шинээр дотоодын хөрөнгө оруулалттай ХХК байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн юм. Улмаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 40 дугаартай тогтоолоор хэвээр баталж, Б.Б- нь “Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгсөн байна. Гэтэл С.Б- нь өөрийнхөө эрхийг хамгаалсан Улсын Дээд шүүхийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгох зорилгоор шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Петер Күүктэй хуурамчаар байгуулсан хууль бус гэрээгээ ашиглан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Ж.Танангаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргуулан, хэргийг дахин хянан хэлэлцүүлсэн. Энэ үед Б.Б- нь хэлэлгүй нууцаар Петер Күүктэй харилцаж, түүнтэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авах тухай гэрээг байгуулсныг олж мэдсэн юм. Улсын Дээд шүүх уг хуурамч гэрээг нотлох чадваргүй, өмнө хийгдсэн улсын бүртгэлийн үгүйсгэх шинэ нотлох баримт биш гэж үзэж, Ж.Танангийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б-ын хувьд дээрх шийдвэр гарсан өдөр нь Петер Күүктэй мэйлээр харилцаж, “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааны төлбөр болох 150 000 ам.долларыг шилжүүлэхэд бэлэн болсноо түүнд мэдэгдэж, гэрээнд заасны дагуу уг төлбөрийг шилжүүлэх дансны мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ тухай мэйлийг 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин түүнд явуулсан боловч тэрээр дансны мэдээллээ ирүүлээгүй болно. Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсаар байтал С.Б- нь дээрх хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр бүртгэлийг дахин хүчингүй болгож, хуурамч гэрээгээ ашиглан дахин бүртгэл хийлгэх аргаар “Э” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авахаар санаархаж байсан. Петер Күүк нь Б.Б-од төлбөр хийх дансны мэдээлэл өгөхгүй байсныг С.Б-ийн дээрх үйлдэлтэй холбоотой гэж хожим 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Петер Күүкээс Б.Б-од бичсэн захидлаас ойлгосон. Энэхүү маргаанд С.Б- нь Б.Б-той хамтран нэхэмжлэгчээр оролцож, “Э” ХХК-ийн хувьцааны 70 хувийг мөн адил хууль ёсоор олж авсан хэмээн маргаж байсан атлаа одоо Б.Б-ыг 30 хувийн хувьцааг өмчлөх эрхгүй, эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж буй нь огт үндэслэлгүй болно. С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэр 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болсон гэж бичсэн байх боловч түүнийг нотлох нэг ч баримт гаргаагүй байна. Тийм баримт хаана ч байхгүй. Харин уг гэрээ хүчин төгөлдөр байгааг шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа баримт бичгүүд хөдөлбөргүй нотолж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-ээс 126.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч С.Б- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Г” ХХК-ийн 14 хувийн хувьцааг хариуцагч С.Б-д, Гүнбилэг гоулдХХК-ийн 61.11 хувийн хувьцааг “Э” ХХК-д тус тус буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Б.Б-од даалгаж, нэхэмжлэгч Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлөн 206 250 төгрөг, нэхэмжлэгч Б.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 448 000 төгрөг, хариуцагч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 790 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-т, нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 676 872 төгрөг гаргуулж хариуцагч С.Б-д олгож, нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 85 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн гэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх “... хүү тооцох боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Т-ийн гэрээний үүргээ биелүүлсний дараа хувьцаанаас татгалзсан тохиолдолд үйлчлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Талуудын хороонд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТВВ1610001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” нь хариуцагч С.Б-ийн үйл ажиллагаанаас хамаарч цаашид хэрэгжих боломжгүй болсон.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д “Б талын үүрэг” гэсэн хэсэгт “А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө” гэж заасан. Иймд Б.Т- нь буруугүй байх тул өгсөн мөнгөө хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй. Мөн Б.Т-ээс зээлсэн 50 000 000 төгрөгийг хүлээн авахдаа Б.Б- С.Б- нар нь гарын үсгээ зурсан хэдий ч уг мөнгийг Б.Б- аваагүй, С.Б- авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад “... нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 85 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн атлаа үндэслэх хэсэгтээ энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг дэлгэрэнгүй тодорхой тайлбарласангүй.

“Э” ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 119 500 000 төгрөг ба нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 000 ширхэг энгийн хувьцаа байна гэж заасан.

Нэхэмжлэгч нь дээрх 100 000 ширхэг энгийн хувьцааны 10 хувь буюу 10 000 ширхэг хувьцааг шаардаж байгаа бөгөөд нийт 11 950 000 төгрөг болж байна. Иймд 11 950 000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 206 150 төгрөг төлсөн болно.

Улмаар хариуцагч С.Б- нь “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хувьцааны нэг бүрийн үнийг дээрхийн адилаар 1195 төгрөгөөр тооцож 618 450 төгрөг төлсөн байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б- нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг" гэсэн өгүүлбэр нэмж, өөрчлөхдөө 70 200 төгрөгийг дахин төлсөн болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхисон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зааснаас өөр зүйлийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг шийдвэрлэсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэргийн нөхцөл байдал зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй.

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Б.Б-од буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Б-д даалгаж, Хариуцагч С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, түүнийг үндсэнд нь хангасан шийдвэр гаргасан атлаа нэхэмжлэгч Б.Б-ын “Э” ХХК -ийн 10 %-ийн хувьцааг түүнд буцааж өгөх, үүнтэй холбогдуулан улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг С.Б-д даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэт өрөөсгөл, шүүх хэрэгт авагдсан гол нотлох баримтууд болох гэрээнүүдийн заалтуудыг харьцуулан нэгдмэл дүгнэлт хийхгүйгээр гэрээ тус бүрт нь дүгнэлт өгөх замаар маргааныг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хохироосон, хууль бус, бодит байдалд нийцэхгүй шийдвэрийг шүүх гаргасанд нэхэмжлэгч гомдолтой байна.

Шүүх дараах нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Үүнд:

Австрали улсын “Монголиан Ресоурс Корпорэйшн” компанийн гэрээний төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр Б.Б-, С.Б- нартай 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээгээ хүчингүй болгон зөвхөн С.Б-тэй гэрээгээ шинэчлэн хийхдээ гэрээний төлбөрийг С.Б- ч мөн төлөөгүй.

Шүүх “Монголиан Ресоурс Корпорэйшн” компанийг Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан гэрээнээс татгалзах эрхээ эдэлсэн гэж үзэхдээ гэрээний нөгөө талын этгээд болох Б.Б-од хуулийн тухайн зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй ямар бодит нөхцөл байдал бий болсон” гэж үзсэнээ тайлбарласангүй.

“Монголиан Ресоурс Корпорэйшн” компани Б.Б- гэрээний төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр С.Б- Б.Б- нартай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгохдоо гэрээний нөгөө тал болох Б.Б-од мэдэгдээгүй, С.Б-д бүх хувьцааг худалдах гэрээг байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний үед угаас гэрээний төлбөрийг төлөх гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр Б.Б-ыг буруутгах, түүнийг тухайн гэрээнээс шахан гаргах ямар ч үндэслэл байгаагүйг шүүх анхаарсангүй.

“Монголиан Ресоурс Корпорэйшн” компани болон С.Б- Б.Б- нарын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан дээрх гэрээний дагуу компанийн эрх шилжсэн бүртгэлийг хийлгэхтэй холбогдсон маргаан өмнө дурдсанаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 63 дугаартай Шүүхийн тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор Б.Б- гэрээний төлбөрөө бүртгэл хийгдсэнээс хойш нэг сарын дотор /”Э” ХХК-ийн Эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 5 дугаар зүйл/ төлөх үүргээ биелүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захирал Петер Күүкд цахим шуудан явуулсан боловч тэрбээр төлбөрийг хүлээн авах дансны мэдээллээ ирүүлэхгүй, хариу ирүүлээгүйгээс үүдэн тухайн үед төлбөр хийгдээгүй байсан.

Мөн С.Б- нь “Монголиан Ресоурс Корпорэйшн” компанитай “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Б.Б-той хамтдаа нэг тал болж байгуулсан атлаа жилийн дараа дангаараа тус компанитай гэрээг шинэчлэн хийхдээ энэ тухайгаа Б.Б-од огт мэдэгдээгүй нь түүнийг тухайн асуудалд шударга бус хандсан гэж үзэхэд хүргэж байгаа юм. Мөн С.Б- энэ үйлдлээрээ Б.Б-той 2016 оны 7 сарын 28-ны өдөр байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай” 8 дугаартай гэрээнийхээ Дөрөвдүгээр зүйлийн 4-т “Талууд гэрээ хийгдсэнээс хойш энэ гэрээнд заасан хэн нэгний эрх зөрчигдөх, ашиг сонирхлыг хөндсөн хөндлөнгийн аливаа үйлдэл хийхгүй байх үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн юм.

Өмнө дурдсанаас дүгнэхэд, Б.Б-, С.Б- нарын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 15\88 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай” 8 дугаартай гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Австрали улсын “Монголиан Ресоурс Корпорэйшн” компанитай “Э” ХХК-ийн бүх хувьцааг 500 000 ам.доллараар худалдан авах, төлбөрийн 70%-ийг С.Б-, 30%-ийг Б.Б- хариуцан төлөхөөр байгуулсан гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай УБ\189 дугаартай гэрээ нь тус тус байгуулагдах үедээ талуудын хүсэл зоригийг бүрэн, зөв илэрхийлсэн, хуульд нийцэн хийгдсэн гэрээнүүд байна.

Харин “Монголиан Ресоурс Корпорэйшн” компани 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С.Б-, Б.Б- нартай хийсэн гэрээг хүчингүй болгохдоо гэрээний нэг тал болох Б.Б-од мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байгаагийн дээр гэрээнээс татгалзах, цуцлах талаарх Иргэний хуулийн 221, 225 дугаар зүйлүүдэд заасан ямар ч үндэслэл байхгүй байхад гэрээг дангаараа цуцалснаараа тус компани хууль зөрчсөн тул дурдсан гэрээг “хүчингүй болсон” гэх буюу цуцлагдсан гэж үзэх боломжгүй. Нэгэнт дээр дурдсан гэрээнүүд хуульд нийцэн хийгдсэн, Б.Б-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байх тул Б.Б- “Э” ХХК-ийн бүх хувьцааны 30%-ийг шаардах эрхгүй гэж тогтоон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн шаардлагыг зөрчсөн байна. Шүүх С.Б-, Б.Б- нарын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан УБ\189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн боловч тухайн гэрээг тийн үзэх болсон үндэслэлээ “нэхэмжлэгч Б.Б- нь Австрали улсын “Монголиан Ресоурс Корпорэйшн” комштшс “Э” ХХК-ийн хувьцааны 30%-ийн хувьцааг худалдан авахтай холбоотой ямар нэгэн төлбөр төлөөгүй, ... "Эм Ар Си Эм Жи Эл" ХХК-ийн 30%-ийг эзэмшиж байсан гэрээ дуусгавар болэ/с, түүний омчлөлд тухайн компанийн хувьцаа байхгүй болсон байхад хариуцагч С.Б-тэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Улсын дээд шүүх 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хуулийн тухайн заалтыг “Энэ зүйлийн 56.1.1-д заасан “Хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зорчсон, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил иь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” хэмээн тайлбарласан. Иймд шүүхийн шийдвэрт заасан үндэслэлээр уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Түүнчлэн шүүх С.Б-, Б.Б- нарын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг өмнө дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаар уул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай шийдвэр гаргаснаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 57 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг бүхэлд нь, 3 дугаар заалтын холбогдох тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгон, хариуцагч С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бидний гомдолд дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоож эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.Б-д холбогдуулан “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 000 ш хувьцааг Б.Б-од буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шаардлагын үндэслэлээ 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний дагуу “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч С.Б- нь “И Ар Си” ХХК-ийн өмчлөлийн Гүнбилэг гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг  “Э” ХХК-д шилжүүлэн авч, Б.Б-од шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул уг биелүүлээгүй шаардлагад дүйцэх хувь буюу гэрээнд зааснаар С.Б-д шилжүүлсэн хувьцааны 10 хувийг буцаан шаардаж байгаа гэж тайлбарласан байна.

 

            Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч марган, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу шилжүүлсэн “Г” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б-од даалгаж, Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Татгалзалд дурдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг хариуцагч тал шүүхэд бичгийн баримтаар гаргасан боловч уг гэрээ нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажиж хүчин төгөлдөр болсон баримтгүй, харин “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Б-, 30 хувийн хувьцааг Б.Б- эзэмшдэг болох нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлд өөрчлөлт ороогүй байжээ.

 

            Мөн дээрх хугацаанаас хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр С.Б- нь Б.Б-той хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлохдоо талууд “урьд байгуулагдсан 4 гэрээнд заасан эрх үүргийг өөр нөхцлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон талуудын харилцааг зохицуулна” гэж харилцан тохиролцсоны дотор 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ заагджээ.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Б.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу маргаж буй гэрээ байгуулагдах үед “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, шүүх Б.Б- нь “Монголиан Ресорс Корпорейшн Лимитэд компанитай байгуулсан гэрээгээр худалдаж авсан “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааны үнийг төлөөгүй тул гэрээ цуцлагдаж, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрээ шинэчлэгдэж байгуулагдсанаар 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон атал 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 30 хувийн хувьцааг худалдах гэрээ хийсэн нь хууль бус гэж дүгнэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг эрх зүйн талаас нь хэрхэн тайлбарлаж, дурдсан дүгнэлтэд хүрсэн нь тодорхойгүй байна.

 

            Иймд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн гэрээг өөр нөхцлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон талаарх гэрээний 1.1, 7.2.6 дахь заалт, улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа байдал, өмнөх гэрээний талууд болох Б.Б-, С.Б- нар өөрсдөө дараагийн гэрээг харилцан зөвшөөрч байгуулсан нөхцөл байдлыг он цагийн дараалал, эрх зүйн үр дагавраар нь нэг бүрчлэн дүгнэлгүйгээр хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Монголиан Ресорс Корпорейшн лимитэд компанитай байгуулсан гэрээний үүргээ Б.Б- биелүүлээгүй, тодруулбал, “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааны үнийг төлөөгүй тул худалдагч тал гэрээнээс татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр С.Б- надтай гэрээг шинэчлэн байгуулж, компанийх нь 100 хувийн хувьцааг би худалдаж авсан гэсэн татгалзалд эрх зүйн дүгнэлт хийх боломгүй байна. 

 

            Мөн талууд арилжааны хэлцлийн үндсэн нөхцөл гэж тодорхойлсон 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 3.1 дэх “Б тал өөрийн эзэмшилд байгаа “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал “Э” ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ” , 3.2 дахь А тал өөрийн эзэмшилд байгаа “Г” ХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг “Э” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г” ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувьтай хамтад нь, мөн “Э” ХХК-ийн эзэмшилд байгаа Шийр амны МҮ-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Б талд шилжүүлснээр Б тал Гүнбилэг гоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг эзэмшинэ гэсэн заалтуудын дагуу талууд гэрээний үүргээ биелүүлж, 2018 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлээр баталгаажин хүчин төгөлдөр болсон талаарх баримтууд хэрэгт авагджээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх гэрээний үндсэн нөхцөл зөрчигдсөн гэж үндэслээгүй, харин гэрээний 9 дэх хэсэгт заасан тусгай нөхцөл буюу “И Ар Си” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг тус компаниас “Э” ХХК-ийн эзэмшилд буцаан авах ажиллагааг гүйцэтгэж улмаар Б.Б-од шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхааралгүйгээр 30 хувийн хувьцааны үнийг төлөөгүй гэх өөр гэрээний үүрэгтэй холбоотой дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх бөгөөд мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

            Улмаар С.Б- нь “Э” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг атлаа дарамтад орж, 30 хувийн хувьцаагаа Б.Б-оос олж авахын тулд олон саяар үнэлэгдэх “Г” ХХК-ийн хувьцаа болон тусгай зөвшөөрлөө 30 хувийн хувьцаагаар солихоор гэрээ хийсэн гэж 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд хариуцагчийн дарамтад орсон гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатайгаас гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

 

Мөн сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардаж буй “Г” ХХК-ийн хувьцааны 61.11 хувь нь уг хувьцааг эзэмшигч байсан “Э” ХХК-д хамааралтай тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсний улмаас тус компанийн ашиг сонирхол хөндөгдөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдэд 61.11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцэхгүй юм.

 

Мөн хариуцагч С.Б-ийн Б.Б- нь “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох гэж тодорхойлсон сөрөг шаардлага нь зөрчигдсөн ямар эрхээ иргэний эрх зүйн ямар хамгаалалтаар сэргээлгэхээр шаардаж байгаа нь тодорхойгүй байхад тодруулаагүй, үндэслэл тодорхойгүй шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Б.Б-, С.Б- нарын маргаж буй гэрээний үүрэгтэй холбоотой тул хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй бөгөөд Б.Б-ын нэхэмжлэлтэй хэргийн хамт дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр хэргийн нөхцөл байдлыг тодруулж, маргаантай үйл баримтыг тогтоон, эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 2 829 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ