Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ын хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан 82 368 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т- би Д.О-тэй 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 48 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 29-ний өдөр хүүг төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлтэй 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Д.О- нь зээл авснаасаа хойш гэрээний үүргээ зөрчин огт төлбөр төлөөгүй ба удаа дараа сануулсан боловч утсаа авдаггүй, гэрийн хаягтаа оршин суухгүй холбоо сураггүй болж байсан ба гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 180 хоногийн алданги 24 000 000 төгрөг (хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувь хүртэл), үндсэн зээлийн 48 000 000 төгрөг, түүний хүү болох 10 368 000 төгрөгийн хамт нийт 82 368 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.О-ээс 82 368 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Би Д.О-ийн тайлбар хүсэлтийг удаа дараа хүлээн авч хойшлуулсаар ирсэн ба эцэст нь байгууллагын өмнө энэ зээлийг би хариуцаж барагдуулах үүрэг хүлээсэн. Би жирэмсний амралтаа авах хугацаа болж ажил хийхэд ч эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй болсон ба Д.О-ийг зээлээ хурдан төлөх талаар удаа дараа шаардсан ба эцэстээ түүний хүсэлтээр мөнгө зээлдүүлэхээр болж Б.Т- би өөрийн нэрийн Төрийн банкны 341801633361 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 48 000 000 төгрөгийн зарлага гаргаж, буцаагаад энэ мөнгийг мөн өдөр хариуцагч Д.О-ийн Төрийн банкны 104200063620 тоот дансанд 48 000 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн нэрээр Д.О-тэй “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулж нотариатаар баталгаажуулан, Үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн ба бүх үйлдэлд Д.О- өөрийн биеэр хамт явж гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулж байна. Зээлийн гэрээний 2.5-д “Зээл олгосон хугацаа: 2018 оны 10 сарын 29-ны өдөр Төрийн банк дахь 104200063620 тоот Д.О-ийн дансанд шилжүүлсэн гэсэн байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий “Орлогын мэдүүлэг” нэртэй баримтаар Д.О-ийн 104200063620 тоот дансанд 48 000 000 төгрөгийн орлого хийгдсэн болох нь тогтоогдож байна” гэж шүүхээс нотлох баримтыг зөв үнэлсэн боловч “Б.Т- нь зээлийн гэрээнд заасан 48 000 000 төгрөгийг Д.О-д шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Б.Т- болон Д.О- нарын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй, Б.Т- Д.О-ээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ” нэртэй гэрээний үүргийг шаардах эрхгүй байна гэж үзэж шүүхээс миний нэхэмжилсэн Д.О-ээс гаргуулах нийт 82 368 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Д.О- нь 48 000 000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч хариуцагч бидний хооронд зээл өгсөн авсан талаар маргаан байхгүй ба хариуцагч зээлээ хэдийд төлөх талаар удаа дараа бичгэн баталгаа өгснийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралд ирэхдээ шүүх танхимд хүртэл зээлээ өгнө, хугацаа сунгаач гэдэг хүсэлтээ дурдаж байсан. Шүүхээс хариуцагч Д.О-ийг өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж хариуцагч Д.О-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцолгүйгээр, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэлгүй үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82 368 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.Т- нь Д.О-д 48 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, зээлдэгч хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, мөн өдрийн барьцааны гэрээгээр Д.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 57 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан, талууд гэрээ байгуулсан үйл баримтын тухайд маргаагүй байна. /хх4-6/

 

Зээлийн гэрээний дагуу 48 000 000 төгрөгийг хариуцагч Д.О-ийн дансруу шилжүүлсэн баримтын гүйлгээний утгад “Балжиннямаас зээл олгов” гэж шилжүүлснийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа н.Балжиннямаас мөнгийг гаргасан, уг мөнгийг нь би түүнд төлчихсөн, гэрээний дагуу би нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ. /хх7/

 

Хариуцагч Д.О- нь шүүхэд бичгээр тайлбар татгалзал гаргаагүй, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, харин 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралд биечлэн оролцох үедээ зээл авснаа үгүйсгээгүй боловч тухайн зээлийн мөнгийг хэнээс шилжүүлэн авсан талаар тайлбарлаагүй байна.

 

            Дээрхээс үзвэл зээлийг н.Б-аас шилжүүлсэн байхад Б.Т- зээлдүүлэгч гэж гэрээ байгуулсан болон н.Б мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай байна. Зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтыг шүүх үнэлэхдээ бичгийн баримтыг ямар үйл баримттай холбон тайлбарлаж байгаа нь тодорхой бус байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ