Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01224

 

Б.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар магадлалтай,

Б.Туулын нэхэмжлэлтэй,

Д.Одгэрэлд холбогдох 

82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Д.Одгэрэлтэй 2018.10.30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 48,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 29-ний өдөр хүүг төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлтэй 2019.04.29-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Д.Одгэрэл нь зээл авснаасаа хойш гэрээний үүргээ зөрчин огт төлбөр төлөөгүй ба удаа дараа сануулсан боловч утсаа авдаггүй, гэрийн хаягтаа оршин суухгүй холбоо сураггүй болж байсан ба гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 180 хоногийн алданги 24,000,000 төгрөг (хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувь хүртэл), үндсэн зээлийн 48,000,000 төгрөг, түүний хүү болох 10,368,000 төгрөгийн хамт нийт 82,368,000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Одгэрэлээс 82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 312 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ...зээлийг н.Балжиннямаас шилжүүлсэн байхад Б.Туул зээлдүүлэгч гэж гэрээ байгуулсан болон н.Балжинням мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай байна. гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь ... зээлийг н.Балжиннямаас шилжүүлсэн байхад гэж дүгнэсэн атлаа н.Балжинням мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай байна. хэмээн хоорондоо эсрэг, тэсрэг 2 өөр дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хариуцагч Д.Одгэрэлийн дансруу мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга дээр Балжиннямаас зээл олгов гэж шилжүүлсэн нотлох баримт, мөн нэхэмжлэгч Б.Туул нь анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа Балжинням мөнгийг Д.Одгэрэлийн дансанд шилжүүлсэн гэх тайлбар хавтаст хэрэгт байсаар байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдож байна. Мөн магадлалын хянавал хэсэгт Зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтыг шүүх үнэлэхдээ бичгийн баримтыг ямар үйл баримттай холбон тайлбарлаж байгаа нь тодорхой бус байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. гэж дүгнэсэн нь мөнгө шилжүүлсэн бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч Б.Туулын тайлбарыг зөв дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар ч үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаад гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 312 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 181/ШШ2019/02611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Туул нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 48,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,368,000 төгрөг, алдангид 24,000,000 төгрөг, нийт 82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хэргийн баримтаас үзэхэд 2018.10.30-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.Туул нь Д.Одгэрэлд 48,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, зээлдэгч зээлийг хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, мөн өдрийн барьцааны гэрээгээр Д.Одгэрэлийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 57 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Харин 48,000,000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэлийн данс руу шилжүүлсэн баримтын гүйлгээний утгад Балжиннямаас зээл олгов гэж шилжүүлснийг нэхэмжлэгч ...Балжиннямаас мөнгийг гаргасан, уг мөнгийг нь би түүнд төлчихсөн, гэрээний дагуу би нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Одгэрэл нь шүүхэд бичгээр тайлбар татгалзал гаргаагүй, 2019.12.13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, харин 2019.12.09-ний өдрийн хуралд оролцох үедээ зээл авснаа үгүйсгээгүй боловч тухайн зээлийн мөнгийг хэнээс шилжүүлэн авсан талаар тайлбар гаргаагүй байна.

 

Зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтыг шүүх үнэлэхдээ бичгийн баримтыг ямар үйл баримттай холбон тайлбарлаж байгаа нь тодорхой бус байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, мөнгийг н.Балжиннямаас шилжүүлсэн байхад Б.Туул зээлдүүлэгч гэж гэрээ байгуулсан маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Иймээс ...нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй... гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 569,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН