Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 48

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 76 064 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг “М” ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Эрхбилгүүн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “И” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад хогшлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн ба 50 000 000 төгрөгийг хүлээн авсан. “И” ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулах байсан боловч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн. “М” ХХК зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд “И” ХХК-аас дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 150 000 000 төгрөг, түүний алданги 10 500 000 төгрөг, нийт 160 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 144 300 000 төгрөг, алданги 10 101 000 төгрөг, нийт 154 401 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Мөн “М” ХХК болон “И” ХХК нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 тоот түрээсийн гэрээг байгууллсан ба “М” ХХК-ийн байрны 1 ба 2 давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар “И” ХХК түрээслэсэн. Эхний хоёр жил 1 сарын 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Түрээсийн гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх төлбөрүүдийг төлсөн боловч 2017 оны 07 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Түрээсийн гэрээг үл хөдлөхөд албан ёсоор бүртгүүлсэн. Гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 150 000 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах талаар “И” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан тоот ирүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох нь нотлогдоно.

Түрээслүүлсэн байрны зэргэлдээ оршин суугч Д.Одгэрэл нь баар цаг хэтрүүлэн ажиллаж, дуу чимээ их байгаа талаар гомдол гаргасны дагуу “М” ХХК-ийн удирдлага удаа дараа уулзаж, тохиролцсон боловч “И” ХХК нь өглөөний 08 цаг хүртэл ажиллан цаг хэтрүүлэн ажилласан тул тухайн байрны оршин суугч Д.Одгэрэл нь дахин гомдол гаргаж, баарны үйл ажиллагааг зогсоолгосон байдаг.

Түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор урьдчилсан байдлаар төлөх эсвэл “М” ХХК-ийн дансанд шилжүүлнэ гэж заасан, мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 6 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөр 72 000 000 төгрөг, алданги 2 064 000 төгрөг, нийт 74 064 000 төгрөгийг “”И” ХХК-аас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр фэйсбүүк дээр Брикс буюу АВА клубыг түрээслэх зар байсан бөгөөд тус зарын дагуу зуучлагч эмэгтэй 88113285 дугаарын утсанд холбогдож улмаар өөрийн биеэр очиж үзэхээр болсон. Хэд хоногийн дараагаас н.Самбасанчиртай уулзаж /нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Цэцэгмаагийн нөхөр/ Брикс буюу АВА клубыг түрээслэхээр болж засаж сайжруулах ажлыг өөрийн зардлаар хийхээр тохиролцсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг хассан дүнгээр сардаа 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон.

Тус гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус обьектэд байрлах бүх зүйлийг жагсаан бичиж түрээсийн гэрээг нотариатаар батлуулсан.

Тэрнээс хойш бид хавсралтад заасан түрээсийн обьектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж түрээсийн гэрээний барьцаа болгож 50 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн.

Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрэл, тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална хэмээн тусгасан байгаа.

Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж, 40 080. 00 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлууд хийж гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Түрээслэгчид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 76 800 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40 080 000 төгрөг төлсөн. н.Одгэрэл захирагчийн ажлын алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цаг хойш үйл ажиллагаа явуулаагүй. мөчөөс цоожтой өнөөг хүрч байна.

Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 дугаар сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа.

Түрээсийн төлбөр 2017 оны 7 дугаар сараас хойш төлөгдөөгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуульд зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэж, түрээсийн төлбөр 65 508 188 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “М” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 1100 м.кв талбай бүхий обьектыг “Ориент стар” ХХК-д түрээсэлсэн талаарх баримтууд хэрэгт байгаа. “Ориент стар” ХХК-аас өөрийн хөрөнгөөр тохижуулаад зоогийн газраар түрээсэлж байгаад 4 сард түрээсийг төлж чадахгүй болсон.

Ингээд нэгэнт төлбөрөө төлж чадахгүй болсон учраас М ХХК-иас Оргил стар ХХК-тай тохиролцоод тохижуулсан хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцоод тодорхой хэмжээний эд хөрөнгийг буцааж өгөхөөр гэрээ байгуулж, тухайн байранд байгаа баарны гэрэл, тоног төхөөрөмж, эд хогшлыг 200 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг.

Манай компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хавсралт, түрээсийн гэрээний хавсралт хоёр яг адил, ямар ч ялгаагүй. Тэгэхээр хариуцагчийн зүгээс талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас түрээслүүлээд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй бол оруулсан хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцож аваад түүнийгээ бусдад худалдсан гээд ярьж байгаа нь боломжгүй. Үүнд хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй.

Одоо ч түрээсэлсэн обьектод бидэнд худалдсан гээд байгаа бүх зүйл нь жагсаалтаараа байгаа, бидний хувьд баарны зориулалтаар ажиллаж байсан газрыг түрээсэлсэн болохоос доторх тавилга тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Гагцхүү барьцаа болгож худалдах, худалдан авах гэрээг хийж 50 000 000 төгрөг хүлээлгэж өгсөн. Иймд түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-аас 67 604 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 460 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч “М” ХХК-иас 50 000 000 төгрөг гаргуулж хариуцагч “И” ХХК-д олгож, хариуцагч “И” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн-43 тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байранд байрлах 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөрөөмж, тавилга бусад эд хогшлыг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч “М” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК нь түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг “М” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 228 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 495 970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д, нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 343 150 төгрөг гаргуулж хариуцагч “И” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй юм.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын ажилтан С.Энхбат нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд хариуцагч “И” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн нь тодорхой, гэрчийн мэдүүлэг байсаар байхад шүүх үүнийг бүрэн үнэлэлгүй гэрээний дагуу хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлээгүй мэтээр шийдвэрэлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийг хариуцагч “И” ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь учир дутагдалтай.

“Ориент стар” ХХК-аас тухайн эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрөө үнийг тогтоож буюу авсан үнээрээ хариуцагчид худалдсан нь ямар хууль зөрчсөн үйлдэл болоод байгааг шүүхээс үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй. Дээр дурьдсанчлан гэрчийн мэдүүлэгт тухайн эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн, хариуцагч байгууллагаас 4 хүн, манай байгууллагаас 3 хүн байлцаж шалгаж үзээд, жагсаалт гарган хүлээж авсан гэх мэдүүлгийг шүүх үнэлээгүй.

Энэхүү маргааны хувьд худалдах, худалдан авах гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилготойгоор хийсэн буюу өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг “И” ХХК-д шилжүүлэх гэсэн тодорхой үр дүнд хүрэх хэлцэл, мөн “И” ХХК-ийн захиралд н.Баасанпүрэв нь худалдаж авмаар байна гэж хүсэл зоригоо илэрхийлснийг манай тал хүлээн зөвшөөрч хүсэл зориг нэгдэн хэлцлийг хийсэн байхад хэрхэн дүр үзүүлээд хэлцэл хийгээд байгаагаа шүүхээс мөн л үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй.

Хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154 401 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг “М” ХХК хүлээн авахыг даалгуулах, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба түрээсийн зүйл нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 1200 м.кв талбай бүхий, баарны үйл ажиллагаа явуулах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө, түрээсийн хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ий өдрийг хүртэл 3 жил, түрээсийн төлбөр 1 сарын 12 000 000 төгрөг байхаар талууд тохиролцож, хүсэл зоргийг илэрхийлж, гэрээг бичгээр үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.3 дах хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал буюу 6 сарын хугацааны түрээсийн гэрээний төлбөрт 72 000 00 төгрөг /12 000 000х6сар/, алдангид 2 064 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагчийн үйл ажиллгааны тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор 2017 оны 07 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй талаар талууд маргаагүй. Хариуцагч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаснаар түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзэж түрээсийн төлбөрт 65 508 188 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба уг тайлбартайгаа холбогдуулан түрээсийн гэрээг 2017 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгосонд тооцуулж, нэхэмжлэгчид түрээсийн гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

Анхан шатны шүүх хариуцагч түрээсийн гэрээг цуцлах саналаа нэхэмжлэгчид өмнө нь мэдэгдээгүй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардаж авснаар түрээсийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэж, түрээсийн гэрээний үүрэгт 65 600 000 төгрөгийг,

түрээсийн гэрээний 3.3.3-т түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлтод нийцсэн хэлцэл хүчин төгөлдөр гэх үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны алдангид 2 040 000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, зохигч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Түүнчлэн талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээ хэрэгт баримтаар авагджээ.

 

Нэхэмжлэгч уг гэрээг хүчин төгөлдөр гэж тайлбарласан бол хариуцагч уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагчид хавсралтаар хүлээлгэж өгсөн гэж, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг нэхэмжлэгч хүлээлгэж өгөөгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж маргасан.

 

Эд хөрөнгийн жагсаалт гэх баримтыг нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний ард хавсаргаж, хариуцагч тал нь түрээсийн гэрээний ард хавсаргаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, уг хавсралтуудад жагсаасан эд хөрөнгийн байдал, тоо ширхэг зэргийг харьцуулан дүгнэвэл нэг бичгийн баримт байна.

 

Гэрээний хавсралт гэх баримтаас үзвэл түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох шийтний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур, гар хатаагч, хөгжим, ханын тавиур, унжсан гэрэл, галын хор, зэрэг нь салгаж болохгүй эд хөрөнгөд хамаарах тул худалдах, худалдан авах гэрээний зүйл болохгүй юм. Энэ үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж худалдах, худалдан авах гэрээний үнэд 154 401 000 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “... талууд уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул “М” ХХК-аас 50 000 000 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Гэрч С.Энхбат нь нэхэмжлэгч байгууллагад ажилладагаас гадна түүний мэдүүлэг нь давхар баримтаар нотлогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэйд тооцогдох үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА