Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01602

 

 

“И Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1268 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “И Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М Т И” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“И Ц” ХХК, “М Т И” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж тавилга бусад эдийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан. “М Т И” ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг ирүүлснийг манай компани зөвшөөрсөн боловч хариуцагч өнөөг хүртэл төлбөрийг төлөгдөөгүй байна.

Мөн өдөр “И Ц” ХХК нь “М Т И” ХХК-тай 2016 оны 11 сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “И Ц” ХХК-ийн байрны 1 ба 2-р давхрын 1200 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр, сарын түрээсийн төлбөрт 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. “М Т И” ХХК нь 2016 оны 12 сараас 2017 оны 6 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2017 оны 07 сараас өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт тухайн түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилсан байдлаар бэлнээр төлөх эсвэл “И Ц” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр заасан, мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт “түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө” гэж заасан.

Иймд гэрээнд заасны дагуу “М Т И” ХХК-иас дээрхи гэрээний төлбөр болох 150 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 10 500 000 төгрөгийг түрээсийн үндсэн төлбөр 72 000 000 төгрөг, алданги 2 064 000 төгрөг нийт 74 064 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“И Ц” ХХК-ийн тавьсан зарын дагуу “М Т И” ХХК нь тэдний өмчлөл эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтын үл хөдлөх эд хөрөнгийг тус объектод байршуулж суурилуулсан бүх тавилга, тоног төхөөрөмжийн хамт сарын 12 000 000 төгрөгөөр түрээслэх, ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Мөн өдөр тус түрээсийн гэрээний барьцаа болгож түрээсэлж буй обьект дотор байрлуулж, суурилуулсан хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг барьцаа болгож “И Ц” ХХК-д шилжүүлсэн. Одоо ч түрээсэлсэн обьектод бидэнд худалдсан гээд байгаа бүх зүйл нь жагсаалтаараа байж л байгаа, бидний хувьд баарны зориулалтаар ажиллаж байсан газрыг түрээслэсэн болохоос доторхи тавилга, тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Ийм хүсэл зориг ч хэн алинд нь байгаагүй. Гагцхүү барьцаа болгож энэ гэрээг хийж 50 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн. Хөгжимүүд бүрэн ажиллахгүй, LED дэлгэцүүд нь тохиргоо байхгүй, 1 болон 2 давхрын зүүн хэсэг нь паар нь зад хөлдсөн, 00-уудын хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсныг шинээр хийж, үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 мкв талбайд 40 080 000 төгрөгийн засвар хийсэн. Бид үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө өөрсдөө авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/112 тоот тушаалаар уг зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингээд тус обьект нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түгжээтэй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд ашиг орлого муутай байсан хэдий ч бид түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тухайн үед уг баар, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж л түрээсийн гэрээ байгуулсан болохоос уг эд хөрөнгүүдийг худалдан авах ямар ч хүсэл зориг байгаагүй. Иймд хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг “И Ц” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид гэрээний дагуу бүх эд хөрөнгийг шилжүүлж, хүлээлгэж өгсөн. Мөн энэ гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хариуцагч “М Т И” ХХК нь тоног төхөөрөмж худалдан авах үнэ гэж шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба одоог хүртэл уг обьектыг цоожлоод явсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 295 дугаар зүйлийн 295.4, 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т И” ХХК-иас 24 064 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Ц” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мөнхтэнгэрийн ивээл” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “И Ц” ХХК-ийн, нэхэмжлэгч “И Ц” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг “И Ц” ХХК-д даалгах тухай хариуцагч “М Т И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч “М Т И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “М Т И” ХХК-иас 528 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1268 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т И” ХХК-иас 24 064 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Ц” ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “М Т И” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “И Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т И” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “И Ц” ХХК-ийн,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И Ц” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 210 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөгжим, тоног төхөөрөмж, тавилга, бусад эд хогшил худалдан авах гэрээний хавсралтанд нэр нь дурдагдсан бүх өрөөнд байсан цагаан буйдан, зурагт зэрэг эд хогшлыг “М Т И” ХХК түрээсэлж байгаа байрнаас авч, өөр бор өнгийн буйдан, өөр зурагт авчирч тавьсан бөгөөд тэдний энэ үйлдэл нь худалдаж авч өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан эд зүйлээ захиран зарцуулж байгаа явдал ба нэхэмжлэгч тал энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсээр байтал шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, энэ хавсралтыг түрээсийн гэрээний хавсралт гэж хариуцагч талд ашигтай дүгнэлт хийж, талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа. Хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлэг нь талуудын  хооронд худалдах,  худалдан  авах гэрээ байгуулагдсаныг нотолж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр асуулт, хариултын шатан дээр тайлбарласан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн тодорхой дүгнэлт өгөөгүй гэж гомдлоо тайлбарласаар байхад хоёр шатны шүүх хоёулаа дүгнэлт өгөлгүй өнгөрөөж байгаа нь хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан байна.

Худалдан авагч буюу хариуцагч н.Баасанпүрэвээс тоног төхөөрөмж худалдан авах үнэд 30 000 000 төгрөг шилжүүлсэн тухай энэхүү баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй, хариуцагч энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар няцааж баримт гаргаагүй байгааг анхаарсангүй.

...“М Т И” ХХК-ийн захирал н.Баасанпүрэв нь анх манай байранд зуучлалын байгууллагаар дамжуулан ирж уулзсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирж үзээд хөгжим нь ч гэсэн таалагдаж байна, манайд бараг байдаггүй сайн хөгжим, тоног төхөөрөмж байна гээд худалдаж авахаар болсон юм. Манай компани н.Баасанпүрэвтэй хөгжим, болон бусад эд хөрөнгийг худалдахаар амаар тохиролцсон учраас “Ориент стар” ХХК буюу “М Т И” ХХК үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан компаниас авах ёстой байсан өрөндөө тооцон тухайн хөгжим, тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн авч “М Т И” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийн шилжүүлж өгсөн.

...Иргэн нь хөрөнгө худалдаж авах өөрийн өмчлөлд шилжүүлэн, тухайн худалдаж авч, өөрийн өмчид байгаа эд хөрөнгөө барьцаалах нь түүний эрхийн асуудал бөгөөд “М Т И” ХХК нь өөрийнхөө эрхээ хэрэгжүүлж манай компанид түрээсийн гэрээний барьцаанд тавьж байхад энэхүү фактыг үнэлэлгүй хариуцагч талд ашигтай, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироолоо.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “И Ц” ХХК нь хариуцагч “М Т И” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг “И Ц” ХХК-д даалгуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хамт шилжсэн хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан гэрээгээр авсан гэж үзэхгүй, эдгээр эд хөрөнгийг тусгасан хавсралт нь худалдах-худалдан авах гэрээний бус харин түрээсийн гэрээний хавсралт гэж дүгнэн, нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаарх шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр түрээсийн гэрээ тус тус байгуулсан байна.

Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч “И Ц” ХХК нь түрээслүүлэгчийн хувьд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах өөрийн компанийн барилгын нэг, хоёрдугаар давхрын 1 200 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр түрээслэсэн байна. Хариуцагч “М Т И” ХХК нь түрээсийн төлбөрт эхний 2 жилд сар бүр 12 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч тал хариуцагч талд тухайн гэрээний 3 хавсралтад жагсаалтаар тусгагдсан эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр худалдах, хариуцагч тал эд хөрөнгийг хүлээн авч төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зөвхөн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, түрээсийн гэрээний зүйлд хамрагдан дагалдах хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах үндэслэлгүй гэж, эд хөрөнгийн жагсаалт бүхий хавсралтыг худалдах-худалдан авах гэрээний бус харин түрээсийн гэрээний хавсралт гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигч нь түрээсийн гэрээ байгуулсан ба гэрээний зүйлийг “үйлчилгээний зориулалттай байр” гэж тодорхойлсон, уг байрыг албан өрөө болон баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмших, ашиглах талаар заасан байна. Тухайн түрээсийн гэрээний дээрх нөхцлийг шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу үндэслэл бүхий тайлбарлаагүй нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал, баарны зориулалттай үйлчилгээний байр түрээслэх, үйлчилгээний байрыг баарны зориулалтаар ашиглуулахаар түрээслэх нь гэрээний зүйлд хамаарах эд хөрөнгийн хувьд ялгаатай тул түрээсийн байранд байгаа хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зэрэгцээ худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх боломжийг үгүйсгэж болохгүй юм.

Худалдах-худалдан авах гэрээнд гэрээний гурван хавсралтын талаар заасан, түрээсийн гэрээнд хавсралтын талаар заагаагүй боловч хэрэгт авагдсан жагсаалт бүхий өөр өөр хавсралтуудыг бүгдийг нь түрээсийн гэрээний зүйлийг тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Түрээсийн зүйл болж буй эд хөрөнгийг урьд өмнө түрээслэхэд хөдлөх эд хөрөнгийг хэрхэн зохицуулж байсан тухай хэрэгт авагдсан баримтын талаар шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Зохигчийн хооронд түрээсийн болон худалдах-худалдан авах хоёр гэрээ байгуулагдсан байхад зөвхөн нэг гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Хоёр тусдаа гэрээнд гарын үсэг зурж, тооцоо нийлсэн акт үйлдсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой бус, ойлгомжгүй үлджээ.

Маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1268 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 210 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН