Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00790

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02803 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 243 дугаар магадлалтай

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 160 500 000 төгрөг, “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

“Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, “Түрээсийн гэрээ”-г 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг хүлээж авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь “М” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга, бусад эд хогшлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсны дараа “И” ХХК хүлээн авсан. “М” ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор ирүүлж, “И” ХХК уг хугацааг зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд гэрээнд заасны дагуу “М” ХХК-иас гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Мөн “И” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, энэ гэрээгээр “И” ХХК-ийн байрны 1 ба 2 дугаар давхрын 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, эхний 2 жил сарын 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Түрээсийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг хүртэлх төлбөрүүдийг төлсөн боловч 2017 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5, 3.3.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги 2 064 000 төгрөг, түрээсийн төлбөр 72 000 000 төгрөг, нийт 74 064 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын эхээр нүүрном /Facebook/ дээр хуучин Brix буюу ABА клубыг түрээслүүлнэ гэсэн зар байсан. Миний бие тус зар дээр байсан зуучлагч эмэгтэйн 88113285 дугаарын утсанд холбогдож улмаар өөрийн биеэр очиж үзэхээр болсон. Самбасанчир гэх тус объектын эзэнтэй уулзахад 50 гаруй насны хүн энэ үл хөдлөх хөрөнгө, газар болон баарны эзэн байсан. Самбасанчир гэдэг ахтай цаг орчим уулзаж суусан. Тэр ах зар тавьсан чинь маш их хүн түрээслэхээр сонирхож байгаа болохоор сонирхож байгаа байгууллагуудыг сонгон шалгаруулна, хэрвээ танай компани тэнцвэл би дуудна гэж хэлсэн. Хэд хоногийн дараагаас Самбасанчир ах /нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Д.Цэцэгмаагийн нөхөр/ залгаж шалгаруулалт явуулсан маш олон компани санал гаргасан, тэр дундаас танай компанийг сонгон шалгаруулсан гэж хэлсний дагуу бид дахин уулзалт хийсэн. Энэ уулзалтаар гарч болох асуудал цаашид ажиллахад ямар нэгэн хүндрэл саад учрах талаар ярилцсан. Самбасанчир ах хэлэхдээ баарны үйл ажиллагаа явуулахад хажуу заалгаа байрны иргэн н.Одгэрэл гэж хүн ихэд хэл ам хийдэг байсанч бид тохиролцоод мөнгө төгрөг өгсөн. Мөн техник тоног төхөөрөмж гаргаж байр болон объектын ханыг нурааж тусгаарласан. Түүнээс хойш иргэн н.Одгэрэл гэгч нь хэл ам хийхээ больсон гээд дүү нарт л гэх хэлэхэд “Унтраастай байгаа автомашинд бензин хийгээд түлхүүрийг нь түлхэх лл та нарт дутуу байна. Ашиг орлого дээр айх зүйл байхгүй” гэж бид нарт итгүүлсэн. Бид ч түрээслэхээр болж засч сайжруулах ажлыг өөрийн зардлаар хийхээр тохиролцсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж сарын түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг хассан дүнгээр сардаа 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Тус гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт бахйрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус объектод байрлах бүх зүйлийг /сандал, ширээ, шалны хувин, лааны суурь, халбага, сэрээ гэх мэт/ бүх зүйлийг жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тэрнээс биш бид хавсралтад заасан түрээсийн объектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээсийн гэрээний барьцаа болгож, 50 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтад “Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож, тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална” хэмээн тусгасан байна. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд баар үйлчилгээний тусгай зөвшөөрөл Хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тогтоолоор албан ёсны зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баарны үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний 3 сар орлогогүй алдагдалтай ажиллаж байсан боловч бид түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа боломжоороо цаг тухайд нь төлж ирсэн. Өөрөөр хэлбэл түрээслэгч баар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх үед түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийтдээ түрээслэгчид 76 800 000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдийг хүртэлх/ хугацааны түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40 080 000 төгрөг гарсан. Эрхэм ах н.Самбасанчир нь анхнаасаа худлаа ярьсан болох нь үйл ажиллагаа эхэлсэн эхний 7 хоногоос мэдэгдсэн. Нэгэнт түрээсэлсэн барьцаа 50 000 000 төгрөгөө өгчихсөн учраас түрээслэгч н.Самбасанчир ахад хандаж иргэн н.Одгэрэл гэдэг хүний хэл амыг аргалж өгөх шаардлага тавьсан. Самбасанчир ах яаж аргалсныг мэдэхгүй, 1 сарын хугацаанд н.Одгэрэл гэгч нь чимээгүй байсан боловч түүнээс хойш Захирагчийн алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар бидний тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цагаас цоожтой өнөөг хүрч байгаа. Бидний хувьд түлхүүрээ хүлээн аваад л засварын ажлыг хийх явцдаа тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж нойр хоолгүй ажиллаж байсан бөгөөд нөгөө магтаад байсан хөгжим н ажиллахгүй, лед дэлгэцүүд нь тохиргоогүй, нэг давхар болон 2 давхрын зүүн хэсгийн паар нь зад хөлдсөн, ариун цэврийн өрөөнүүдийн хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсан /бид шинээр хийсэн/ тэгээд үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир бид цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 м.кв 100 хувийн шинээр засвар оруулсан энэ нь 40 080 000 төгрөгийн өртөг шаардсан. Нэг давхрын засвар дууссаны дараагаар бид нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бөгөөд энэ засвараа түрээслэгч Самбасанчир, Цэцэгмаар нарт үзүүлсэн. Мөн бид маркетинг, менежмент тал дээр Сошиал, телевиз, радио тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард нөгөө л иргэн Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл маань байхгүй болсон бөгөөд энэ талаар түрээслэгч н.Цэцэгмаад хэлэхэд хамтраад мөнгө гаргаж иргэн н.Одгэрэлд өгөх санал тавьсан боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч объектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус объект хаалттай байгаа. Энэ хугацаанд түрээсийн байран дахь баарны үйл ажиллагаа зогссон байгааг мэдсээр байж Самбасанчир, Цэцэгмаа нар нь хүлээн авахаас татгалзаж, удаа дараалан өөрт ашигтай байдлаар гарын үсэг зуруулахыг шаарддаг байсан нь өнөөдрийн нэхэмжлэлээс ямар муухай санаатай байсан нь харагдаж байна. Бидний хувьд баарны зориулалтаар объект түрээсэлсэн болохоос нэхэмжлэлд дурдсан хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг Самбасанчир ах болон нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Д.Цэцэгмаа нараас худалдаж авах сонирхол хүсэл эрмэлзэл огтоос байхгүй, барьцаа болгож 50 000 000 төгрөг авах зорилгоор түрээсийнгэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мэдээж бид ашиг олоод мөнгөө түрээслэгчид төлбөрийг нь өгөхгүй байгаа асуудал огт байхгүй байхад түрээсийн байранд байгаа бүх хуучин эд хогшлоо зарсан үлдэгдэл 150 000 000 төгрөг бас дээрээс нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Самбасанчир гэдэг хүн анх бидэнтэй уулзаж бүх юмаа тайлбарлаж рекламдсан. Тэгээд биднийг орсноос хойш эхнэр болох Цэцэгмааг урдаа тавьж бичиг цаас болон мөнгөөр дарамталдаг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд нэг болон хоёр давхарт хийсэн засварууд энэ бүгдийгээ нэхэмжлэхгүйгээр түрээслэгчид үлдээгээд гэрээгээ цуцалъя гэсэн боловч нэхэмжлэгч Цэцэгмаа болон нөхөр Самбасанчир нар нь санаатайгаар хүлээж аваагүй. Бид ийм байдалд орно гэдгээ төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус объектод байрлах бүх зүйлийг /сандал, ширээ, шалны хувин, лааны суурь, халбага, сэрээ гэх мэт/ бүх зүйлийг жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тэрнээс биш бид хавсралтад заасан түрээсийн объектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээсийн гэрээний барьцаа болгож, 50 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтад “Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож, тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална” хэмээн тусгасан байна. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд баар үйлчилгээний тусгай зөвшөөрөл Хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тогтоолоор албан ёсны зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баарны үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний 3 сар орлогогүй алдагдалтай ажиллаж байсан боловч бид түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа боломжоороо цаг тухайд нь төлж ирсэн. Өөрөөр хэлбэл түрээслэгч баар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх үед түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийтдээ түрээслэгчид 76 800 000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдийг хүртэлх/ хугацааны түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40 080 000 төгрөг гарсан. Эрхэм ах н.Самбасанчир нь анхнаасаа худлаа ярьсан болох нь үйл ажиллагаа эхэлсэн эхний 7 хоногоос мэдэгдсэн. Нэгэнт түрээсэлсэн барьцаа 50 000 000 төгрөгөө өгчихсөн учраас түрээслэгч н.Самбасанчир ахад хандаж иргэн н.Одгэрэл гэдэг хүний хэл амыг аргалж өгөх шаардлага тавьсан. Самбасанчир ах яаж аргалсныг мэдэхгүй, 1 сарын хугацаанд н.Одгэрэл гэгч нь чимээгүй байсан боловч түүнээс хойш Захирагчийн алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар бидний тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цагаас цоожтой өнөөг хүрч байгаа. Бидний хувьд түлхүүрээ хүлээн аваад л засварын ажлыг хийх явцдаа тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж нойр хоолгүй ажиллаж байсан бөгөөд нөгөө магтаад байсан хөгжим н ажиллахгүй, лед дэлгэцүүд нь тохиргоогүй, нэг давхар болон 2 давхрын зүүн хэсгийн паар нь зад хөлдсөн, ариун цэврийн өрөөнүүдийн хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсан /бид шинээр хийсэн/ тэгээд үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир бид цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 м.кв 100 хувийн шинээр засвар оруулсан энэ нь 40 080 000 төгрөгийн өртөг шаардсан. Нэг давхрын засвар дууссаны дараагаар бид нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бөгөөд энэ засвараа түрээслэгч Самбасанчир, Цэцэгмаар нарт үзүүлсэн. Мөн бид маркетинг, менежмент тал дээр Сошиал, телевиз, радио тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард нөгөө л иргэн Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл маань байхгүй болсон бөгөөд энэ талаар түрээслэгч н.Цэцэгмаад хэлэхэд хамтраад мөнгө гаргаж иргэн н.Одгэрэлд өгөх санал тавьсан боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч объектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус объект хаалттай байгаа. Энэ хугацаанд түрээсийн байран дахь баарны үйл ажиллагаа зогссон байгааг мэдсээр байж Самбасанчир, Цэцэгмаа нар нь хүлээн авахаас татгалзаж, удаа дараалан өөрт ашигтай байдлаар гарын үсэг зуруулахыг шаарддаг байсан нь өнөөдрийн нэхэмжлэлээс ямар муухай санаатай байсан нь харагдаж байна. Бидний хувьд баарны зориулалтаар объект түрээсэлсэн болохоос нэхэмжлэлд дурдсан хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг Самбасанчир ах болон нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Д.Цэцэгмаа нараас худалдаж авах сонирхол хүсэл эрмэлзэл огтоос байхгүй, барьцаа болгож 50 000 000 төгрөг авах зорилгоор түрээсийнгэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мэдээж бид ашиг олоод мөнгөө түрээслэгчид төлбөрийг нь өгөхгүй байгаа асуудал огт байхгүй байхад түрээсийн байранд байгаа бүх хуучин эд хогшлоо зарсан үлдэгдэл 150 000 000 төгрөг бас дээрээс нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Самбасанчир гэдэг хүн анх бидэнтэй уулзаж бүх юмаа тайлбарлаж рекламдсан. Тэгээд биднийг орсноос хойш эхнэр болох Цэцэгмааг урдаа тавьж бичиг цаас болон мөнгөөр дарамталдаг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд нэг болон хоёр давхарт хийсэн засварууд энэ бүгдийгээ нэхэмжлэхгүйгээр түрээслэгчид үлдээгээд гэрээгээ цуцалъя гэсэн боловч нэхэмжлэгч Цэцэгмаа болон нөхөр Самбасанчир нар нь санаатайгаар хүлээж аваагүй. Бид ийм байдалд орно гэдгээ төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “М” ХХК олон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хавсралт 1-д заасан тоо ширхэг, чанар техникийн үзүүлэлт марк бүхий хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил /цаашид тоног төхөөрөмж гэх/-ийг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “М” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт бахйрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээсэлсэн түрээсийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болсонд тооцуулах, “М” ХХК нь түрээсийн гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн авахыг буюу түрээсийн гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө, хогшлыг хүлээж авахыг “И” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “И” ХХК нь “Либерти бридж” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрзуучлалын гэрээ байгуулсан юм. Зуучлалаар дамжуулан “М” ХХК-ийн захирал У.Баасанпүрэв, менежер н.Батбаатар нар баар түрээслэх хүсэлт гаргаж тус байрыг хамт ирж үзэн тухайн үед уг байрыг урьд нь түрээсэлж байсан “Ориент стар” ХХК-ийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлыг худалдан авах хүсэлт тавьсан юм. Дээрх хөгжим гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлын өмчлөгч “Ориент стар” ХХК нь “И” ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, уг зүйлсээ худалдан борлуулсны дараа тооцоо хийх санал тавьж, 200 000 000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсан.

“М” ХХК-ийн захирал У.Баасанпүрэв дээрх зүйлсийг худалдан авахаар санал тавьж, “И” ХХК-ийн байранд уг зүйлсийг газар дээр нь шалгаж үзүүлэн үйл ажиллагаа эхлүүлэх 40 ширхэг си ди хуурцагнууд, түлхүүрийг манай компанийн ажилтан С.Энхбатаас хүлээн авсан юм. “М” ХХК-тай Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ, мөн Түрээсийн гэрээ гэсэн 2 тусдаа гэрээ байгуулахаар тохиролцсон. Хөгжим гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төлбөрт 200 000 000 төгрөг төлөхөөр, тохиролцсон. Төлбөрийн үлдэгдэл байгааг нотолсон 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актанд “М” ХХК-ийн захирал У.Баасанпүрэв гарын үсэг зурж баталгаажуулсан.

“М” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 2.6 дахь заалтанд Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуулыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг “М” ХХК-тай худалдан авсныг нотолж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02803 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК /РД:5435412/-иас 215 508 188 төгрөг гаргуулан “И” ХХК /РД:2615258/-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 055 812 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг “И” ХХК-д даалгах тухай хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 1 235 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 243 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бол уг гэрээний зүйлийг худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл талуудын хооронд маргаж буй эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох, үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл эсэхэд хамаарахаас шалтгаалж, салгаж болохгүй эд хөрөнгө тодорхойлогдох тохиолдолд худалдах-худалдан авах гэрээний зүйл болох эсэх, худалдах-худалдан авах гэрээний зүйл болохгүй тохиолдолд гэрээний үнээс хасч тооцох эсэхэд дүгнэлт өгөх байжээ ... Учир нь худалдах-худалдан авах гэрээний зүйл гэж тодорхойлсон зарим эд хөрөнгө болох шийдний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур гэх зэрэг эд зүйлс түрээсийн гэрээний зүйл болох баарны зориулалттай байрны бүрдэл хэсэгт хамаарах боломжтой” гэж үндэслэлгүй дүгнэлээ.

“М” ХХК нь зар тавьсны дагуу манай байгууллагатай объект түрээслэхээр холбогдож байсан. Түрээслэхээр хүрэлцэн ирж байрыг үзэхдээ дотор нь өмнөх баарны үйл ажиллагаагаар түрээслэж байсан “Ориент Стар” ХХК-ийн эд хогшил, хөгжим гэрэл зэргийг орчин үеийн тоног төхөөрөмжүүд байна, худалдаж авах хүсэлтэй байна гэсний дагуу манайх “Ориент Стар” ХХК-ийн эд хогшлуудыг худалдан авч цаашаа “М” ХХК-д худалдсан. Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр энэхүү гэрээ байгуулагдсан гэдгийг дурдах нь зүйтэй (хх1-12 /“М” ХХК-ийн манай байгууллагад ирүүлсэн худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөлтийн хугацааг хойшлуулахыг хүссэн хүсэлт/, хх-1-13-14 /“Xудалдах-худалдан авах гэрээний талуудын тооцоо нийлсэн акт”/).

Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах-худалдан авах гэрээгээр тухайн гэрээнд заагдсан бүхий л эд хогшлыг бүхлээр нь буюу нийтэд нь “М” ХХК нь 200 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүй хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр “М” ХХК-иин өмчлөлд тухайн эд хөрөнгүүд нь шилжсэн. Салгаж үл болох, болохгүй эд хөрөнгийн аль нь ч байсан тэр бүх эд хөрөнгө өмчлөлд нь орсон. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах уу, үлдээх үү гэдэг нь “М” ХХК-ийн эрхийн асуудал юм.

Манай байгууллага нь зөвхөн өөрийн өмчлөлийн объектыг түрээсийн гэрээгээр түрээслүүлдэг. Гэрээ байгуулсан түрээслэгч нар нь тухайн объектод ямар үйл ажиллагаа явуулахаас хамаараад өөрсдөө доторх интерьерийн заслыг хийдэг. Түрээслэгч нар нь түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд доторх эд хөрөнгөө өөрсдөө янзалж, гэрээний хугацаа дуусахад өөрсдөө тухайн тавьсан эд хөрөнгүүдээ авч явдаг.

Давж заалдах шатны шүүхээс салгаж үл болох эд хөрөнгө учраас гэрээний үнийн дүнгээс нэг бүрчлэн үнийг хасаж шийдвэрлэх ёстой байжээ гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Манай объектыг түрээслэж байгаа түрээслэгч нар нь Кофе шоп ажиллуулж байгаа бол тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газартаа тохирсон сандал ширээ, гэрэл, угаалтуур, суултуур зэргийг хийж, суурилуулдаг. Баар болон паабны үйл ажиллагаа байсан ч гэсэн түрээслэгч нар нь өөрсдөө интерьер буюу дотоод засал чимэглэлийг хийж эд хогшил тавьж, суурилуулдаг.

Интерьер гэдэг нь байшин, барилга байгууламжийн дотоод засал, дотор талын уран сайхны чимэглэлийг хэлдэг бөгөөд хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч болгоны интерьер нь өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тус тусдаа засал чимэглэл, загвартай байдаг бөгөөд тэр боломжийг нь ч гэсэн бид олгон объектоо түрээслүүлдэг. Хариуцагч байгууллага түрээслэхээс өмнө тухайн байранд мөн л баарны үйл ажиллагаа явагдаж байсан. Тухайн тохижилтыг “Ориент стар” ХХК хийсэн байдаг. Засал чимэглэл, интерьерийг хийхдээ бүх эд хогшлыг гаднаас өөрсдөө тавьсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаачлан өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур зэрэг зүйлсийг “М” ХХК нь түрээслэхээс өмнө үйл ажиллагаа явуулж, түрээслэж байсан “Ориент стар” ХХК нь интерьер, засал чимэглэлийг хийхдээ авчирч тавьсан, тухайн бүхий л зүйлсийг худалдан авмаар байна гэсэн хүсэл зоригийн дагуу бид “М” ХХК-д худалдсан үйл явдал л болсон.

Тухайн эд хөрөнгүүд нь түрээслэж буй түрээслэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө байдаг ба түүнийгээ захиран зарцуулах нь тэдний өөрсдийн эрх байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэх үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүй, зөвхөн хариуцагчийн гомдлын хүрээнд хянан үзэж, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.

Шинжлэх Ухаан Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар тольд “хөдлөх хөрөнгө” гэдэг үгийг “Хашаа байшин газар зэргээс бусад эд хөрөнгө” хэмээн тайлбарласан байгаа ба үүнээс харахад тухайн эд хөрөнгүүд нь салгаж болох зүйлс байгаа юм. Тухайн объектод засвар, засал чимэглэл хийж суурилуулсан эд хөрөнгө болохоос биш хашаа байшин, газар биш гэдэг нь тодорхой.

Хэрэв засвар, засал чимэглэл хийж эд хөрөнгө суурилуулж болсон бол мөн буцааж салгаж болох эд хогшлууд байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироолоо.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 243 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“И” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 160 500 000 төгрөг, “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, “Түрээсийн гэрээ”-г 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг хүлээж авахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 215 508 188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Зохигч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах-худалдан авах гэрээ”, “Түрээсийн гэрээ”-г тус тус байгуулсан байна.

“Түрээсийн гэрээ”-гээр түрээслүүлэгч “И” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хоро, Бага тойруу-43 хаягт байрлалтай өөрийн өмчлөлийн “И” ХХК-ийн байрны нэг ба хоёрдугаар давхрын 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай  байрыг зохих нөхцлийн дагуу, тодорхой хугацаагаар түрээслэгч талд эзэмшүүлж, ашиглуулах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон нөхцөл журмаар түрээсийн байрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөх үүрэг тус тус хүлээж, хоёр жилийн хугацаатай байгуулсан байна.

“Худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдагч “И” ХХК нь гэрээгээр тодорхойлогдсон, хавсралтад заасан тоо, ширхэг, чанар, техникийн үзүүлэлт, марк бүхий 200 000 000 төгрөгийн үнэ бүхий хөгжим, гэрэл тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авагч “М” ХХК хөрөнгийг хүлээн авч, хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Хариуцагч “Худалдах-худалдан авах гэрээ”-г эс зөвшөөрч, “Түрээсийн гэрээ”-ний барьцаа болгож, “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бол түрээсийн байранд зориулж суурилуулсан дээрх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж болох эсэх, тухайн хөрөнгө нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох эд хөрөнгө эсэх, эсхүл түрээсийн зүйлийн бүрдэл хэсэг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-гээр түрээслүүлэгч нь дан ганц талбай түрээслүүлсэн, эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий талбай түрээслэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар зохигч маргаантай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Тухайлбал, “Түрээсийн гэрээ”-ний 1.1., 1.2.-т “...1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг зохих нөхцлийн дагуу ...түрээслэхээр..., түрээслэгч нь байрыг албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглана...” гэжээ.

Дээрх тохиролцооноос үзэхэд түрээсийн байр гэрээнд заасан зориулалтын дагуу тоноглогдсон эсэх, эсхүл ямар үндэслэлээр зориулалтыг тохиролцсон талаар тодорхойгүй,  улмаар талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах хэлцэл бодит байдалд хийгдсэн эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 243 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцэгмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 235 500 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД