Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00021

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00021

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02206 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Ц-т холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг, алданги 6 350 000 төгрөг, нийт 19 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл барагдуулах үүргийн гүйцэтгэлд 12 700 000 төгрөг, алданги 6 350 000 төгрөг, нийт 19 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан. Баясгалант өргөө ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгааны ажил хийж гэрээний дагуу тодорхой төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлбөр барагдуулах хэлцэл гэж хийгээд нотариатаар баталгаажуулсан. Хэлцлээр Цэрэндэндэв нь ажил гүйцэтгэх ажлын хөлсний үлдэгдэл болох 12 700 000 төгрөгийг төлөөгүй байгааг баталгаажуулж, үүнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж хэлцэл байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 700 000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хэрэгт өгөөгүй. Өмнөх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтангэрэл гэх хүн баримт гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Гэтэл тус баримтыг одоо болтол гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь 12 700 000 төгрөгийг хүлээж аваагүй. Талууд төлбөр барагдуулах хэлцэлд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл мөнгийг өгнө гэж заасан ч хариуцагч н.Цэрэндэндэв нь одоо болтол өгөөгүй. Мөн хариу тайлбартаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1, 132 дугаар зүйлийн 132.1-т заасны дагуу алданги тооцсон. Иймд хариуцагчаас 19,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Тус хэлцэлд ажил гүйцэтгэхээр 37 000 000 төгрөгийг төлөхөөр заасан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 24 300 000 төгрөгийг төлсөн гэж заасан. Үлдэгдэл 12 700 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон. Ц нь үлдэгдэл мөнгө болох 12 700 000 төгрөгийг төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш 1 жилийн дотор төлсөн гэж хэлсэн. Төлбөрийг 3 хувааж төлсөн. Эхний 2 төлбөрийг тус бүрд нь 5 000 000 төгрөг төлсөн. Төлбөр өгөхдөө гарын үсэгтэй баримт бичиг авсан. Үлдэгдэл төлбөр болох 2 700 000 төгрөгт ямар нэгэн баримт бичиг аваагүй гэж хэлсэн. 12 700 000 төгрөгийг Нямжавыг ажил дээрээ дуудан бэлнээр төлсөн гэж хэлсэн. Иймд төлбөрийг төлж дуусгасан учраас баримт шаардлагагүй гэж үзээд баримт бичгийг үрэгдүүлсэн гэсэн. Нотлох баримт байхгүй учраас манай талаас төлбөр төлөх ёстой гэж харагдаж байгаа хэдий ч Н-ыг нэхэмжлэл гаргахыг мэдсэн бол Ц нь тус баримтыг хадгалдаг байж гэж хэлсэн. Баримт бичиг байхгүй ч гэсэн нэхэмжлэгч Нямжав нь 12,700,000 төгрөгийг хүлээн авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Ц-ээс нийт 15 875 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 175 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Я.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 237 325 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь зориуд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Н нь хэлцлийн хугацаа дууссаны дараа шүүхэд хандах хангалттай боломжтой байсан. Нэхэмжлэгч нь тус мөнгийг баримт нотолгоотой шаардаж байгаа бол мөнгийг Баясгалант Өргөө Констракшн ХХК-иас шаардах ёстой юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Ннь хариуцагч Я.Ц-т холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 12 700 000 төгрөг, алдангид 6 350 000 нийт 19 050 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч төлж дууссан гэж маргажээ. /хх-1, 22/

Нэхэмжлэгч Ж.Н болон Баясгалант Өргөө констракшн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөр төлөх үүргийг иргэн Я.Ц өр барагдуулах хэлцлээр өөртөө шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Төлбөр барагдуулах хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байдал үүсээгүй. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээр 12 700 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр талууд тохиролцсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Талууд гэрээндээ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа анз төлөхөөр бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь алдангийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг 50 хувиар бууруулан тогтоосныг буруутгах боломжгүй. Иймд үндсэн үүрэг 12 700 000 төгрөг, алданги 3 175 000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасныг зөв гэж үзнэ.

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг төлсөн гэж үзэж байгаа тохиолдолд өөрөө нотлох үүрэгтэй. Гэвч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...12 700 000 төгрөгийг 3 хувааж төлсөн, эхлээд 5 000 000 төгрөгөөр 2 удаа, 2 700 000 төгрөгөөр нэг удаа тус тус төлсөн. 10 000 000 төгрөг өгөхдөө баримт үйлдэж авсан боловч одоо уг баримт байхгүй. Нэхэмжлэгчийн ингэж нэхэмжлэл гаргана гэж бодоогүй гэж тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримталсныг залруулж мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 124 дүгээр зүйлийн 124.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД