Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00037

 

 

 

 

 

 

 

 

 

Т.М-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02705 дугаар шийдвэртэй, Т.М-гийн нэхэмжлэлтэй, Э.Т- ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 79 042 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч талаас нэхэмжлэгч Т.М-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги, гэрээнээс учирсан хохиролд нийт 550 125 000 төгрөг гаргуулах, Э.Т- ХХК-д “Морь барьдаг” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Т.М- нь Э.Т- ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсны үндсэн дээр өөрийн 100 хувийн эзэмшлийн “Морь барьдаг” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хувьцааны хамт нийт 815 000 000 төгрөгөөр худалдсан. Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 5.1, 5.2, 5.3-т ...Э.Т- ХХК гэрээ байгуулсан өдөр нийт үнийн 30 хувь буюу 244 500 000 төгрөг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлсэн өдөр нийт үнийн дүнгийн 35 хувь буюу 285 250 000 төгрөгийг, хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг Э.Т- ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлснээр үлдэх 35 хувь буюу 285 250 000 төгрөгийг тус тус төлснөөр 2018 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр бүрэн төлөгдсөн байхыг харилцан тохиролцсон боловч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлж дуусгасан.

Э.Т- ХХК нь гэрээнд заасан хугацаанд эд хөрөнгүүдийн үнийг төлөөгүйгээс Т.М-гийн банкнаас авсан зээлийн хугацаа хэтэрч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх, нэмэгдүүлсэн хүү төлөх зэргээр 90 000 000 орчим төгрөгийн хохирол учраад байна. Гэрээний 5.3-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Морь барьдаг” ХХК-ийн нэр дээрх бүх хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг Э.Т- ХХК-д хүлээлгэж өгсөн тул хуулийн этгээдийн нэрийг шилжүүлж авах сонирхолгүй гэдгээ харилцан ярилцаж гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 2 дах төлбөр 285 250 000 төгрөгийг Э.Т- ХХК төлсөн. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт заасны дагуу төлбөл зохих алдангийг шаардаж байна.

Иймд компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 7.1-д 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээний 5.2, 5.3-т заасан тус бүр  285 250 000 төгрөгийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан тооцож, нийт 79 042 000 төгрөгийг Э.Т- ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Э.Т- ХХК нь гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүгдийг нь төлсөн, Т.М-д төлөх ямар нэгэн өр, төлбөрийн тооцоо огт байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ямар үндэслэлээр, ямар хугацаанаас алданги тооцож байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр тооцоо бодож алданги нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгч одоог хүртэл “Морь барьдаг” ХХК-ийн улсын бүртгэлийг Э.Т- ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа тул 79 042 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гээд, сөрөг нэхэмжлэлдээ: “Морь барьдаг” ХХК нь гэрээний дагуу өөрийн компанийн талаарх аливаа мэдээллийг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 000 ширхэг хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас үүссэн алданги 142 625 000 төгрөгийг гаргуулах, Э.Т- ХХК болон “Морь барьдаг” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний дагуу “Морь барьдаг” ХХК-ийн бүх хувьцааг Э.Т- ХХК-д шилжүүлэхийг Т.М-д даалгах шаардлага гаргаж байна.

Мөн энэхүү гэрээний нууцлалыг талууд задруулахгүй байхаар харилцан тохиролцсон боловч алданги нэхэмжлэх нэрийн дор уг гэрээний бүх нууцлалыг “Морь барьдаг” ХХК-ийн захирал Т.М- нь задруулсан тул гэрээнд заасны дагуу хохирол 407 500 000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. “Улаанбаатар смарт карт” ХХК-аас “24 төхөөрөмж байхаас 4 дутуу байна” гэх агуулгатай албан бичиг ирсэн байдаг. Энэ их үнэтэй төхөөрөмж гэсэн. “Морь барьдаг” ХХК-ийн жолоочийн гаргасан осол манайд хамааралтай байсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байхад нэг талаа гомдоож байгаа нь харамсалтай. Гэрээний 5.3-т эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлөн бүртгүүлж, шилжүүлэн авснаар гэрээний үлдэгдэл төлбөр 35 хувийг шилжүүлнэ гэж, 5.5-д эрх шилжүүлэгч тал бусдад өр төлбөртэй бол үүнийг дуусгаснаар 5.3, 5.4-т заасны дагуу төлбөрийг төлнө гэж тохирсон. Сар бүр Нийслэлийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ дүгнэж 3 130 200 төгрөгийн төлбөр гарсныг “Морь барьдаг” ХХК төлөөгүй байсныгаа төлчихсөн тул хариуцагч уг төлбөртэй холбоотой шаардлагаас татгалзаж байна. Энэ байдал нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг нотолж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Морь барьдаг” ХХК-ийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн газрын албанд өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Т- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр мэдүүлэг, хүсэлт гаргасны дагуу мөн өдрөө Ү-2207003682, Ү-2207004281 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ Э.Т- ХХК-д олгогдсон. Харин 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Т- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус компани нь 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан. Э.Т- ХХК нь “Морь барьдаг” ХХК-ийн нэр, хувьцаа бидэнд шаардлагагүй гэх үндэслэлээр шилжүүлэн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг хүлээлгэн өгөөгүйгээс бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болсон.

Гэрээний нууцлалыг задруулсан гэх хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “Морь барьдаг” ХХК-ийн зүгээс уг гэрээтэй холбогдуулан өнөөдрийг хүртэлх хугацаанд аливаа хэлбэрээр мэдээ, мэдээлэл нийтлээгүй, олон нийтэд задруулсан үйл баримт байхгүй атал хариуцагч ямар ч нотлох баримтгүйгээр гэрээний нууцлал задруулсан, үүнээс хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүнтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр задруулаагүй тул Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь “Морь барьдаг” ХХК-ийн шугамын 2 эрхийг шилжүүлж авах л хүсэл сонирхол байж, үүнийгээ шилжүүлж авснаар нэр шаардлагагүй гэж хүлээж аваагүй атал хувьцааг шилжүүлж өгөөгүй учраас алданги төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан Э.Т- ХХК-аас 79 042 000 төгрөг гаргуулах тухай Т.М-гийн нэхэмжлэл, Т.М-гээс “Морь барьдаг” ХХК-ийн бүх хувьцааг Э.Т- ХХК-д шилжүүлэхийг даалгаж, 550 125 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 553 160 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3 043 809 төгрөгийг улсын төсөвт үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн.  Шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигч буюу иргэн Т.М- шаардах эрхгүй гэж хууль зүйн хувьд хэтэрхий алдаатай дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Гэтэл нэхэмжлэгч Т.М-гийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг “Морь барьдаг” ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай компани тул тухайн компанийн хувьцаа, түүнд ноогдох эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, мөн хуулийн 59.2.нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасны дагуу хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлосон баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээр баримт, гэрчийн мэдүүлгүүдэд огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар бүлэгт гэрээний гол нөхцөлийг нэхэмжлэгч Т.М- нь өөрийн эзэмшлийн “Морь барьдаг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тус компанийн балансад бүртгэлтэй хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүд, 2 чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын эрхийн хамтаар Э.Т- ХХК-д нийт 815 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Гэрээ байгуулах үндэслэл буюу талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээний 3.2-т зааснаар “Морь барьдаг” ХХК-ийн Нийтийн тээврийн газарт өгсөн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 18/45 албан тоотыг үндэслэн гэрээг байгуулна гэж тодруулан заасан нь “Морь барьдаг” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний 2 шугамын эрхийг шилжүүлэн авч, энэ үйл ажиллагааны суурь бааз болсон хөрөнгүүдийг худалдан авах зорилгоор тухайн гэрээ хэлцэл байгуулсныг заасан байна.

Дээрх гэрээгээр “Морь барьдаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчид шилжүүлэхтэй холбогдсон гэрээ хэлцлүүд үндсэн гэрээний салшгүй хэсэг болж хүчин төгөлдөр үйлчлэхээр тусгасан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дах хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн нэг тал хүссэний дагуу нөгөө тал зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэсэнтэй нийцэж байгаа юм. Хувьцаа эзэмшигч Т.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,  газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.

Хариуцагч нь “Морь барьдаг” ХХК-ийн “Городок-Дүнжингарав”, “Налайх-МУБИС” чиглэлийн үйлчилгээг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Э.Т- ХХК-д шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн даруйд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Налайх дах оффис, гарааш, газар, 20 автомашиныг хариуцагч өөрийн эзэмшилдээ авч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан нь шүүхийн захирамжийн дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 оны 5 дугаар 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогддог. Харин үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлэх хүсэлтийг иргэн Т.М- нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаснаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ү-2207003682, Ү-2207004281 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Э.Т- ХХК-д олгогдож, хөрөнгүүдийн өмчлөгч болжээ. Э.Т- ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс “Морь барьдаг” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох шугамын эрхийг хүлээн авч, нийт 20 ширхэг автобус, оффис, гараашийн барилгуудыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ажиллагаа явуулж ашиг орлого олж эхэлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээгээр “Морь барьдаг” ХХК-ийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Э.Т- ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон ч гэрээ байгуулсны дараа 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нийтийн тээврийн газар “Морь барьдаг” ХХК-ийн үйл ажиллагаа буюу тээврийн 2 шугамын эрхийг хариуцагчид шилжүүлэхээр зөвшөөрсөн тул гэрээ байгуулах үед анх тохиролцсон компанийн хувьцааг шилжүүлэх замаар үйл ажиллагааг шилжүүлэн авах нөхцөл байдал өөрчлөгдсөн. Иймд хувьцааг шилжүүлэн авах шаардлагагүй гэдгээ хариуцагч илэрхийлж уг ажиллагаа хийгдээгүй. Хариуцагч энэ талаар ямар нэгэн шаардлагыг гаргаж байгаагүй нь хэргийн 136, 138 дах талд авагдсан гэрч н.Хосбаяр, Д.Пүрэвсайхан, Х.Тунгалаг нарын мэдүүлгээр тогтоогддог.

Талууд төлбөрийн нөхцөлийг гэрээний 5.1-д зааснаар 3 хувааж төлөх бөгөөд төлбөрийн төрөлд бартер оролцуулж болно, төлбөрийг 6-р сард багтаан дуусгана гэж тохиролцсон. Гэрээний 5.2-т эрх шилжүүлэгч нь гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, шаардах эрхийг бүгдийг шилжүүлсэн өдөр төлбөрийн 35 хувийг шилжүүлнэ гэсний дагуу төлбөрийг хугацаа хэтрүүлсэн, гэрээний 5.3-т эрх шилжүүлэгч талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг эрх шилжүүлэн хүлээн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлсэн өдөр 5 хувийн төлбөрийг шилжүүлнэ гэсэн үүргээ хариуцагч биелүүлэлгүй, нэхэмжлэлд заасан хугацаагаар хэтрүүлсэн буруутай тул гэрээний 7.1-д гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног 5 тутам 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу алданги төлөх үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Э.Т- ХХК-д холбогдуулан, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас үүссэн алданги 79 042 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Т.М- нь хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс алданги болон гэрээнээс учирсан хохиролд нийт 550 125 000 төгрөг гаргуулах, “Морь барьдаг” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Морь барьдаг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1хх24-27/, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Т.М- нь тус компанийн үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдох бөгөөд энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Э.Т- ХХК болон “Морь барьдаг” ХХК-ийн хооронд байгуулагдсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, харин хариуцагчийн хувьд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учир үүний улмаас үүссэн алдангийг шаардана гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна. /1хх1-4/

 

Хариуцагч талын хувьд, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох “Морь барьдаг” ХХК-ийн хувьцаа болон эрхийг Э.Т- ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлийг эрх хүлээн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ. /2хх7-8, 55/

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох гэрээний үүргийг аль тал нь хэрхэн зөрчсөн талаарх үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн алиных нь шаардлага, тайлбар, татгалзалд дурдагдаж буй гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримт тодорхой болсноор хэргийг үнэн зөв шийдвэрлэх учиртай. Үүнээс гадна, зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг нотлох зорилгоор нэр бүхий гэрчүүдийг асуулгасан байх боловч шүүх тэдгээрийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг бүрэн тодруулснаар нэхэмжлэгч талын шаардах эрхийн талаар болон түүний давж заалдах гомдолд дурдсан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тодорхой болох юм. Давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талын гомдолд дурдснаар шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М- давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 553 160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Т.ТУЯА