Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00825

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр                    Дугаар 102/ШШ2022/00825                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Т.М

 

Хариуцагч: ЭТ ХХК-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн алданги 79.042.000 төгрөг гаргуулах

 

   Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “ЭТ” ХХК-д “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн алданги, хохиролд  550.125.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т.М, хариуцагч “ЭТ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн алданги 79.042.000 төгрөг гаргуулах, хариуцагч  “ЭТ” ХХК-д “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгаж, гэрээний үүргийн алданги, хохиролд 550.125.000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

         2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “МБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.М болон “ЭТ” ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 79.042.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

           Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэхэмжлэгч Т.М, “ЭТ” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “ЭТ” ХХК-д дараахь хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохирсон. Үүнд:

          Т.М өмчлөлийн НД, ... дугаар хороо, “Н” –ийн ... дүгээр гудамжны... тоотод байрлах, Улсын бүртгэлийн .... дугаартай, 104 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгө, авто зогсоолын зориулалттай уг хаягт байрлах Улсын бүртгэлийн .... дугаартай, 918 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын ...... дугаартай, 5041 метр квадрат талбай бүхий газрыг шилжүүлэх ба “МБ” ХХК-ийн нэр дээр эзэмшдэг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 2 эрхийг шилжүүлэхээр тохирч, 20 автобусыг “ЭТ” ХХК-д худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцсон.

            Эдгээр хөрөнгүүд тухайн үеийн үнэлгээгээр 1.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан боловч нэхэмжлэгч зохих хэмжээнд өр төлбөрийн асуудалтай байсан тул хөрөнгийн үнийг бууруулж, 815.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцож гэрээ байгуулсан.

            Энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “ЭТ” ХХК 2018 оны 06 дугаар сард батгааж 815.000.000 төгрөгийг төлөхөөр болсон. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шаардах эрхийг “ЭТ” ХХК-д шилжүүлсэн өдөр 35 хувь, уг эрхийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлснээр 35 хувь, үлдэгдэл төлбөрийг Улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр хүлээн авсан өдөр гэж гэрээнд тусгасан.

            Гэрээний дагуу Т.М дагалдах гэрээг “ЭТ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э байгуулсан байдаг.

            Тухайлбал 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрөө 918 метр квадрат талбайтай авто зогсоолын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан.

            Харин эдгээр гэрээг байгуулахаас 3 хоногийн өмнө тус компанитай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

            Түүнчлэн гэрээнд тусгагдсан 20 автобусыг 2018 оны 05 дугаар  сарын 02-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд холбогдох хүсэлт гаргаснаар “ЭТ” ХХК-д бүрэн шилжүүлж өгсөн.

            Өөрөөр хэлбэл тус компани 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж биднээс бүх хөрөнгийг хүлээн авч, өөрсдөө тус 2 чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулж, орлого олж эхэлсэн.

            Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн бөгөөд хугацааг тооцож алдангийг гаргасан.

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэх ёстой байсан 2 дахь төлбөрийг эхний удаад 15 хоногоор хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 185.250.000 төгрөгийг шилжүүлсэн.

            Дараагийн төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлснээр нийт 35 хоногийн хэтрэлттэй. 3 дахь төлбөр 285.250.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэх ёстойгоос тус компани төлбөрийг 08 дугаар сарын 07, 08 дугаар сарын 15, 08 дугаар сарын 16, 09 дүгээр сарын 07, 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 22-ны өдөр нийт 6 удаа тасалж шилжүүлсэн.

            Иймд хугацаа хожимдуулж шилжүүлсэн нийт хоногоо тооцоход 79.042.000 төгрөг болж байна.

            Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 55.705.500 төгрөгийг нэхэмжилж байна.

            Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийн талаар иргэн Т.М шаардах эрхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

            Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01185 дугаартай “Тогтоол”-д анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн гэж үзсэн, алданги нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг болохыг үгүйсгээгүй учир үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэдэг Компанийн тухай хууль болон Иргэний тухай хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг хийсэн. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг заасан. Мөн хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх, үүргийг заажээ.

            Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх, үүргийг компанийн нэг хувьцаа эзэмшигч бэхжүүлдэг.

            “МБ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.М юм. Т.М 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ЭТ” ХХК-тай гэрээ байгуулж, Компанийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Талуудын хэн хэн нь гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргадаггүй. Харин иргэн Т.Мягмарсүрэн шаардах эрхтэй юу? үгүй юу? гэдэг дээр маргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “МБ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж хэлж байна.

            Нэхэмжлэгч Компанийн тухай хуульд зааснаар өөрийн эзэмшлийн компанийн хөрөнгийг “МБ” ХХК-д шилжүүлж өгсөн.

            Налайх руу явдаг тээврийн хэрэгслийн хоёр маршрут Нийтийн тээврийн газраас өгсөн гэрээнд үндэслэж олгогдог бөгөөд “ЭТ” ХХК дээрх хоёр чиглэлийг авах хүсэлттэй байсан.

            Талууд хоорондоо тохиролцож хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан үндсэн бааз хөрөнгийг бүгдийг худалдаж авах зорилгоор гэрээ байгуулсан. “МБ” ХХК-д 1.000.000 төгрөгийн хувьцаа байгаа.

            Нийтийн тээврийн газрын хуралдаанаас өмнө талууд гэрээг 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан.

            Хэрэв Нийтийн тээврийн газраас хоёр чиглэлийг “ЭТ” ХХК-д өгөхгүй бол “МБ” ХХК-ийн хувьцааг бүгдийг шилжүүлэн авч, “МБ” ХХК-тай Нийтийн тээврийн газрын байгуулсан гэрээ хэвээр үлдээнэ гэх хүсэл зоригтой байсан.

            “МБ” ХХК  “хоёр компани нийлж байгаа тул манай хоёр чиглэлийг “ЭТ” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг Нийтийн тээврийн газарт гаргасан. Харин “ЭТ” ХХК, “Манай компани “МБ” ХХК-ийг өөрийн компанидаа нийлүүлж байгаа учраас хоёр чиглэлийг манай компанид олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн Нийтийн тээврийн газарт гаргасан. Нийтийн тээврийн газрын хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болж энэ талаар хавтас хэрэгт хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан.

            Хурлаар “ЭТ” ХХК-д хоёр чиглэлийг шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн.

            Үүнээс хойш НД байрлах оффис, агуулах, газар, үлдэх бензин, бүх хөрөнгийг 815.000.000 төгрөгт багтаан “ЭТ” ХХК-д шилжүүлж өгсөн байдаг.

           Тэрээр Т.М банкинд их хэмжээний үлдэгдэлтэй, өрийн дарамтад орсон байсан тул өөрийн хөрөнгийн үнийг бууруулж “ЭТ” ХХК-д худалдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр дээрх хөрөнгийг худалдаж авсан төлбөрийг 2018 оны 06 дугаар сард багтаан дуусгана гэж заасан боловч үүргийг “ЭТ” ХХК биелүүлээгүй. Чиглэлийг шилжүүлж авсан өдрөөсөө хойш “ЭТ” ХХК хоёр чиглэлд явж үйл ажиллагааны орлогоо олсон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

            Мөн компанийн хувьцааг манай талаас шилжүүлж өгөхгүй гэж нэг ч удаа татгалзаагүй. Хариуцагч өөрсдөө баримтаа бүрдүүлж өгөөгүй бөгөөд хувьцааг шилжүүлж авах шаардлагагүй гэж хэлсэн учраас бид шилжүүлээгүй. Хувьцааг шилжүүлэн өгөхөд зөвшөөрнө гэв.

         

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Т.Мягмарсүрэн, “ЭТ” ХХК-тай компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийг төлөөлж, “ЭТ” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан.

           Уг гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэж 79.042.000 төгрөгийг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:

           “ЭТ” ХХК гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэт төлсөн. Одоо “Морь барьдаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.М төлөх өр төлбөр, тооцоо байхгүй.

           “ЭТ” ХХК-ийг Т.М хэлэхдээ “бүх эд хөрөнгийг шилжүүлж авсны дараа “МБ" ХХК-ийн нэр онцын шаардлага байхгүй гэдгээ хэлж компанийн бүртгэлийг шилжүүлэн авах хүсэл зориггүй болсон гэдгээ илэрхийлсэн” гэж хэлдэг боловч ийм зүйл байхгүй, ор үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, “МБ” ХХК бичиг баримт, холбогдох баримтаа өгч байж “ЭТ” ХХК-д компанийн нэрийг шилжүүлж авах процесс Улсын бүртгэлд явагдах байсан.

            Гэтэл нэхэмжлэгч баримтаа өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 2018, 2019, 2021 онуудад татварын тайлан гаргаж байсан байдаг. Үүнээс үзэхэд хэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс алданги нэхэмжлэх эрх үүсэж байна бэ? гэдэг нь харагдана.

           “ЭТ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ямар үндэслэлээр, ямар хугацаанд алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүйгээр алданги нэхэмжилсэн байдаг.

           “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн  Улсын бүртгэлийг “ЭТ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэснээр үлдэх 35 хувь буюу 285.250.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

            Гэвч үүргээ “МБ” ХХК биелүүлээгүй. Нэхэмжлэлийг “МБ” ХХК гаргаж байна уу? Эсвэл Т.М иргэнийхээ хувиар гаргаж байна уу? гэдэг эргэлзээтэй байна.

           Гэрээг компанийг төлөөлөгч Т.М байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд Т.М хувь хүнээр нэхэмжлэл гаргах эрхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Улсын Дээд шүүхийн Тогтоол дээр юу зөрчсөнийг дурдаагүй. “МБ” ХХК-ийн нийт хувьцааг эзэмшигч  Т.М. Гэвч нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэл гаргасан бол бид маргахгүй.

           Гэрээний үүргийг хариуцагч 100 хувь биелүүлсэн. “ЭТ” ХХК-ийг биелүүлээгүй мэт ярьж байна.

Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан шалтгаан “МБ” ХХК-ийг “ЭТ” ХХК-д шилжүүлж  авах зорилготой байсан.

Гэвч нэхэмжлэгч үүргээ огт биелүүлээгүй байж, үүргээ биелүүлсэн “ЭТ” ХХК-иас алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээнд Улсын бүртгэлд компанийн нэрийг бүртгүүлснээр үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан боловч нэхэмжлэгчийн удаа дараагийн гуйлт, шахалтаар сүүлийн төлбөрийг өгсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гэрээ байгуулснаас хойш гарсан.

            Анхны гэрээгээр “МБ” ХХК-ийн талаарх мэдээлэл, өр авлагыг нуухгүйгээр “ЭТ” ХХК-д мэдээлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. “МБ" ХХК-д байсан жолооч осол гаргаж, шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд хохирол “ЭТ” ХХК-д хамаарсан.

            “МБ” ХХК бичиг баримтаа өгөхгүй, шилжүүлээгүйгээс шалтгаалж үйл ажиллагаа одоо болтол шийдэгдээгүй тул бид сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бичиг баримтаа өгдөггүй, утсаа авдаггүй гэж мэдүүлдэг. Бодит байдал дээр “МБ” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

          Хоёр  чиглэлийг алдахад бэлэн болсон байсан. Нэхэмжлэгч эрхээ шилжүүлж,  үүргээ биелүүлээгүй байж мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн “ЭБ” ХХК-иас алданги нэхэмжилж байна. Мөн НД байрлах оффисыг дулааны шугамд холбож өгнө гэж гэрээнд заасан боловч уг үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

            “ЭТ” ХХК нийт 3 сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнээс “ЭТ” ХХК  болон “МБ” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний нууцлалыг задруулсны хохирол 407.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татан авсан.

           Тиймээс “ЭТ” ХХК, “МБ” ХХК-ийн хооронд байгуулсан “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 142.625.000 төгрөгийг “МБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.М гаргуулах мөн компаниудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “МБ” ХХК-ийн бүх хувьцааг “ЭТ” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Т.М даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

           Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар гэрээнд маш тодорхой заасан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт эрх шилжүүлэгчийн үүрэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан.

           Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт эрх шилжүүлэн авагчийн шаардах эрхэд эрх шилжүүлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

            Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт гэрээний үүргийг биелүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөх талаар заасан ба 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт талууд гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй бол гэрээний үүрэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан.

            Нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээний дагуу эрхээ шилжүүлээгүй байгаа тул эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

            Нэхэмжлэгчид компанийн тамга, тэмдэг бүх зүйлс өнөөдрийг хүртэл байгаа. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан гаргаж мөн Татварын газарт тайлан гаргасан байна.

           Иймд “МБ” ХХК-иас гэрээний үүрэг алдангид 142.625.000 төгрөгийг гаргуулж, “ЭТ” ХХК-д “МБ” ХХК-ийн хувьцааг бүрэн шилжүүлэхийг Т.М даалгаж өгнө үү.

           “МБ” ХХК-ийн хөрөнгийг шилжүүлсэн юм чинь эрхийг нь шилжүүлэхгүй байж болно гэх тайлбар хэлж буй нь үндэслэлгүй. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул гэрээний үүргийг хэн хэн нь биелүүлэх үүрэгтэй. 

           Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй учир бид алданги нэхэмжилж байна. Өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцлага алдчихаад гэрээний үүргээ биелүүлсэн “ЭТ” ХХК-иас алданги нэхэмжилж байна.

           Үүнд:

           1.000.000 төгрөгийн хувьцаа хамаарахгүй, гэрээний үнэ 285.000.000 төгрөгөөс алданги бодсон. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад “МБ” ХХК оёдлын цех ажиллуулдаг, нийтийн тээврийн ажиллагаа явуулдаг нь харагдаж байна. “МБ” ХХК үйл ажиллагаа явуулаагүй бол компанийг “ЭТ ХХК-д шилжүүлж өгөх боломжтой байсан.

           Харин нөгөө чиглэл болох оёдлын үйл ажиллагаа явуулах гэж компаниа авч үлдэх гээд байна. Хоёр иргэний хооронд ярьсан зүйлийг бид мэдэхгүй. Нотлох баримт байхгүй байна. Хэрэв “ЭТ” ХХК, “МБ” ХХК-ийг авахгүй гэж хэлсэн бол бид сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Гэрч манайх шаардахад “МБ” ХХК бултаад, үгүйсгээд байдаг гэж хэлдэг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           Зүгээр ажиллаж байсан компанийг аваад одоо юу авах гээд байгаа юм бэ? гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч гэрээнд заасны дагуу бид нэхэмжилж байна. Хэрэв анхнаасаа гэрээний уг заалтыг зөвшөөрөхгүй байсан бол яагаад гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргаагүй бэ? Өнөөдөр тэрбум төгрөгийн компаниа 815.000.000 төгрөг зарсан гэж хэлж байна. Бид хэлээгүй. Өөрсдөө өр ширээ төлж чадахгүй байна гээд худалдах санал тавьсныг талууд үнээ тохиролцоод төлсөн байхад ийм зүйлийг яримааргүй байна, гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, нотариатаар батлуулсан. Бидэнд “МБ” ХХК-ийг авч үлдэх хүсэл сонирхол байхгүй.

           “ЭТ” ХХК-д үндсэн үйл ажиллагааны чиглэл болох нийтийн тээврийн эрх, автобус, хөрөнгүүдээ өгсөн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг аль аль талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Х.Т, Ц.Э нар хамтарч гүйцэтгэсэн.

           Талууд 04 дүгээр сарын 23, 26-ны өдрүүдэд холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулсан. “ЭТ” ХХК, “МБ” ХХК-ийг шилжүүлж авахаас татгалзаж, хүлээн аваагүй.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувиас хэтрэхгүй гэж заасантай нийцэхгүй байна. Улсын бүртгэлд компанийн бүртгүүлэхэд “ЭТ” ХХК-ийн тамга, хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол шаардлагатай байсан бөгөөд бид дангаараа компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. “ЭТ” ХХК баримт өгөх үүргээ биелүүлээгүй.

            Харин нэхэмжлэгч Улсын бүртгэлд бүртгүүлэх гол үүргээ биелүүлсэн байхад “ЭТ” ХХК өөрсдөө татгалзсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

           Хавтаст хэрэгт:

            Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч Т.М А.А олгосон “Итгэмжлэл”, “ЭТ” ХХК, “МБ” ХХК хоорондын Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ, гэрээний хавсралт, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, улсын бүртгэлийн.... дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, .... дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын ..... дугаартай Кадастрын зураг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ”, “МБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “МБ” ХХК-ийн дүрэм, “ЭТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ЭТ” ХХК-ийн дүрэм, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “ЭТ” ХХК-ийн захирал Я.Э танаа “Мэдэгдэл хүргүүлэх нь”, “Хас” банкны дансны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, “МБ” ХХК-ийн албан бичгүүд, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “ЭТ” ХХК-ийн “Хариу хүргүүлэх тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч Т.М Э.У олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай “Дабль аксиом аудит” ХХК-ийн Аудиторын тайлан, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай”, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Нэмэлт тайлбар гаргах тухай”, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Нэмэлт хариу тайлбар гаргах тухай”, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч Т.М Э.У олгосон “Итгэмжлэл”, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

Хариуцагчаас “ЭТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “ЭТ” ХХК-аас Р.Б олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хариу тайлбар гаргах нь”, .... дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын .... дугаартай Кадастрын зураг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай Багахангай, НД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний ... дугаартай “Албан бичгийн хариу”, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Харилцахын дэлгэрэнгүй бүртгэл, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай “ЭТ” ХХК-аас Р.Б олгосон “Итгэмжлэл”

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” хавсралт 32 хуудас, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Албан бичиг” хавсралт 36 хуудас, 2дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай НД Газар зохион байгуулалтын албаны “Албан бичиг” хавсралт 14 хуудас баримт

 

Хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Албан бичиг” хавсралт 4 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “Материал хүргүүлэх тухай” хавсралт 10 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай Нийслэлийн НД Татварын хэлтсийн “Албан бичиг” хавсралт 4 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Албан бичиг” хавсралт 28 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Албан бичгийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

           1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

            Нэхэмжлэгч Т.М, хариуцагч “ЭТ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн алданги 79.042.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У “Нэхэмжлэгч “Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төлөх ёстой төлбөрийг хугацаа хожимдуулсан алдангийг нэхэмжлэх эрхтэй” гэж тодорхойлж байна.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б “Хариуцагч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн. Одоо төлөх төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжлэгч эрхээ шилжүүлж,  үүргээ биелүүлээгүй байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж татгалзлаа тайлбарлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ЭТ” ХХК, “МБ” ХХК-иуд “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч “МБ” ХХК-ийн бүх хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгө 1.000.000 төгрөг, нэг бүрийн үнэ 10.000 төгрөг бүхий 100 ширхэг хувьцаа, эзэмших эрх, хавсралтанд заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш техникийн бичиг баримт, хөрөнгүүдийг 3 хоногийн дотор хүлээлцэн, хүлээлцсэнээс хойш 2 хоногийн дотор эрх шилжүүлэн авагчийн нэр дээр хөрөнгүүдийг шилжүүлж, хөдлөх хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу анхан шатны бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа төлбөрийг эрх шилжүүлэгчийн дансанд шилжүүлж, гэрээний худалдан авалтын дүн 815.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээний дагуу “МБ” ХХК, “ЭТ” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 03, 04-ний өдөр компанийн хөдлөх хөрөнгүүдийг, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж харин “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлээгүй талаар талууд маргахгүй байна.

 

            Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд “худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “МБ” ХХК бүх хувьцаагаа шилжүүлэхэд татгалзах зүйлгүй боловч алданги гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй гэж мэтгэлцэж байна.

 

            Хэрэгт авагдсан гэрчилгээний ...., регистрийн .... дугаартай “МБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтнаар ...., Т овогтой М тооцож, компанийг үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч иргэн Т.М болох нь нотлогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Т.М, “МБ” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч удирдлага байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Тиймээс зохигчдын хооронд үүссэн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримт гэрч Ц.Э, Х.Т нарын мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдож, хариуцагч байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хариуцагч алданги төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүнгээр алдангид 55.705.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-ний нууцлалыг задруулсны хохирол 407.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаартай Шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэсэн байна.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б “ЭТ” ХХК, нэхэмжлэгч Т.М холбогдуулан “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгаж, гэрээний үүргийн алданги 145.625.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээний дагуу эрхээ шилжүүлээгүй ба зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй учраас алданги нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У “Манай зүгээс хувьцааг шилжүүлэхгүй гэж хэлээгүй зөвшөөрч байгаа. Холбогдох бичиг баримтыг бэлдэж байсан боловч “ЭТ” ХХК хувьцаа авахаа шаардаагүй. Мөн компанийн хувьцааг авах шаардлагагүй гэж хэлсэн учраас бидний буруутай үйлдэл байхгүй, алданги төлөхийг зөвшөөрөхгүй “ гэж татгалзлаа илэрхийлж байна. 

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнэ төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэйг хуульчилсан байх бөгөөд хариуцагч “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах шаардлагыг зөвшөөрч, алданги 145.625.000 төгрөг гаргуулахыг үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

 

            Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх эд хөрөнгө Улсын бүртгэлийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр авсан өдөр гэрээний төлбөрийн үлдэх 35 хувийн төлбөрийг шилжүүлнэ” мөн заалтын 5.5 дахь хэсэгт “хэрэв эрх шилжүүлэгч тал бусдад ямар нэг өр төлбөр байгаа тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд мөн дулааны зөвшөөрөл гаргасны дараа 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлсэн баримт, Улаанбаатар смарт карт” ХХК-ийн захирлын тушаал, гэрч нарын мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан гэрээний нэг тал болох “Эрдэм транс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэн авах хүсэлтээсээ татгалзсанаа илэрхийлсэн үйлдэл хийснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

           

Сөрөг нэхэмжлэлийн алдангийн тооцооллыг бодоход:

                         

           -“Худалдах, худалдан авах гэрээ”-ний нийт төлбөр 815.000.000 төгрөг

           -815.000.000 төгрөг х 35% /гэрээнд заасан хувь/ = 285.250.000 төгрөг

        Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар 285.250.000 төгрөгийн /хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй/ 285.250.000:2=142.625.000 төгрөгийг гэрээний үүрэг алдангид гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553.160 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 848.359 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ”ЭТ” ХХК-иас 55.705.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 436.477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Т.М, хариуцагч Т.М улсын тэмдэгтийн хураамж 848.359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Эрдэм транс” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭТ” ХХК-иас гэрээний үүрэгт 55.705.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.М олгож, “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М холбогдох “МБ” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгаж, гэрээний үүргийн алданги 145.625.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553.160 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 848.359 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ”ЭТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 436.477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Т.М, хариуцагч Т.М улсын тэмдэгтийн хураамж 848.359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”ЭТ” ХХК-д олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА