Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01185

 
 

 

Т.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02705 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Т.Мягмарсүрэн

Хариуцагч: Эрдэмтранс ХХК

 

нэхэмжлэл: алданги 79,042,000 төгрөг гаргуулах

сөрөг нэхэмжлэл: алданги, хохиролд нийт 550,125,000 төгрөг гаргуулах, Эрдэмтранс ХХК-д Морь барьдаг ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы хяналтын журмаар 2020.02.04-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Т.Мягмарсүрэн нь Эрдэмтранс ХХК-тай 2018.04.23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ, 2018.04.26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсны үндсэн дээр өөрийн 100 хувийн эзэмшлийн Морь барьдаг ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хувьцааны хамт нийт 815,000,000 төгрөгөөр худалдсан. Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 5.1, 5.2, 5.3-т ...Эрдэмтранс ХХК гэрээ байгуулсан өдөр нийт үнийн 30 хувь буюу 244,500,000 төгрөг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлсэн өдөр нийт үнийн дүнгийн 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг, хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг Эрдэмтранс ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлснээр үлдэх 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг тус тус төлснөөр 2018.06.31-ний өдрийн дотор төлбөр бүрэн төлөгдсөн байхыг харилцан тохиролцсон боловч 2018.10.22-ны өдөр төлж дуусгасан. Эрдэмтранс ХХК нь гэрээнд заасан хугацаанд эд хөрөнгүүдийн үнийг төлөөгүйгээс Т.Мягмарсүрэнгийн банкнаас авсан зээлийн хугацаа хэтэрч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх, нэмэгдүүлсэн хүү төлөх зэргээр 90,000,000 орчим төгрөгийн хохирол учраад байна. Гэрээний 5.3-т зааснаар 2018.04.26-ны өдөр Морь барьдаг ХХК-ийн нэр дээрх бүх хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг Эрдэмтранс ХХК-д хүлээлгэж өгсөн тул хуулийн этгээдийн нэрийг шилжүүлж авах сонирхолгүй гэдгээ харилцан ярилцаж гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, 2018.06.15-ны өдөр гэхэд 2 дах төлбөр 285,250,000 төгрөгийг Эрдэмтранс ХХК төлсөн. Иймд ИХ-н 219.1, 219.2, 222.7-д заасны дагуу төлбөл зохих алдангийг шаардаж байна. Иймд компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 7.1-д 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээний 5.2, 5.3-т заасан тус бүр 285,250,000 төгрөгийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийг ИХ-н 232.6-д заасныг баримтлан тооцож, нийт 79,042,000 төгрөгийг Эрдэмтранс ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Морь барьдаг ХХК-ийн зүгээс 2018.05.16-ны өдөр Налайх дүүргийн газрын албанд өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Эрдэмтранс ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр мэдүүлэг, хүсэлт гаргасны дагуу мөн өдрөө Ү-2207003682, Ү-2207004281 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ Эрдэмтранс ХХК-д олгогдсон. Харин 05.02-ны өдөр гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгүүдийг Эрдэмтранс ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус компани нь 05.06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан. Эрдэмтранс ХХК нь Морь барьдаг ХХК-ийн нэр, хувьцаа бидэнд шаардлагагүй гэх үндэслэлээр шилжүүлэн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг хүлээлгэн өгөөгүйгээс бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болсон. Гэрээний нууцлалыг задруулсан гэх хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Морь барьдаг ХХК-ийн зүгээс уг гэрээтэй холбогдуулан өнөөдрийг хүртэлх хугацаанд аливаа хэлбэрээр мэдээ, мэдээлэл нийтлээгүй, олон нийтэд задруулсан үйл баримт байхгүй атал хариуцагч ямар ч нотлох баримтгүйгээр гэрээний нууцлал задруулсан, үүнээс хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүнтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр задруулаагүй тул Байгууллагын нууцын тухай хуулийн 7.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь Морь барьдаг ХХК-ийн шугамын 2 эрхийг шилжүүлж авах л хүсэл сонирхол байж, үүнийгээ шилжүүлж авснаар нэр шаардлагагүй гэж хүлээж аваагүй атал хувьцааг шилжүүлж өгөөгүй учраас алданги төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Эрдэмтранс ХХК нь гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүгдийг нь төлсөн, Т.Мягмарсүрэнд төлөх ямар нэгэн өр, төлбөрийн тооцоо огт байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ямар үндэслэлээр, ямар хугацаанаас алданги тооцож байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр тооцоо бодож алданги нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгч одоог хүртэл Морь барьдаг ХХК-ийн улсын бүртгэлийг Эрдэмтранс ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа тул 79,042,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Морь барьдаг ХХК нь гэрээний дагуу өөрийн компанийн талаарх аливаа мэдээллийг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас үүссэн алданги 142,625,000 төгрөгийг гаргуулах, Эрдэмтранс ХХК болон Морь барьдаг ХХК-ийн 2018.04.23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний дагуу Морь барьдаг ХХК-ийн бүх хувьцааг Эрдэмтранс ХХК-д шилжүүлэхийг Т.Мягмарсүрэнд даалгах шаардлага гаргаж байна. Мөн энэхүү гэрээний нууцлалыг талууд задруулахгүй байхаар харилцан тохиролцсон боловч алданги нэхэмжлэх нэрийн дор уг гэрээний бүх нууцлалыг Морь барьдаг ХХК-ийн захирал Т.Мягмарсүрэн нь задруулсан тул гэрээнд заасны дагуу хохирол 407,500,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улаанбаатар смарт карт ХХК-иас 24 төхөөрөмж байхаас 4 дутуу байна гэх агуулгатай албан бичиг ирсэн байдаг. Энэ их үнэтэй төхөөрөмж гэсэн. Морь барьдаг ХХК-ийн жолоочийн гаргасан осол манайд хамааралтай байсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байхад нэг талаа гомдоож байгаа нь харамсалтай. Гэрээний 5.3-т эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлөн бүртгүүлж, шилжүүлэн авснаар гэрээний үлдэгдэл төлбөр 35 хувийг шилжүүлнэ гэж, 5.5-д эрх шилжүүлэгч тал бусдад өр төлбөртэй бол үүнийг дуусгаснаар 5.3, 5.4-т заасны дагуу төлбөрийг төлнө гэж тохирсон. Сар бүр Нийслэлийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ дүгнэж 3,130,200 төгрөгийн төлбөр гарсныг Морь барьдаг ХХК төлөөгүй байсныгаа төлчихсөн тул хариуцагч уг төлбөртэй холбоотой шаардлагаас татгалзаж байна. Энэ байдал нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг нотолж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 102/ШШ2019/02705 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрдэмтранс ХХК-иас 79,042,000 төгрөг гаргуулах тухай Т.Мягмарсүрэнгийн нэхэмжлэл, Т.Мягмарсүрэнгээс Морь барьдаг ХХК-ийн бүх хувьцааг Эрдэмтранс ХХК-д шилжүүлэхийг даалгаж, 550,125,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Эрдэмтранс ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 553,160 төгрөг, хариуцагчаас төлсөн 3,043,809 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчээс төлсөн 553,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Морь барьдаг ХХК болон Эрдэмтранс ХХК-ийн хооронд 2018.04.23-ны өдөр Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээг Морь барьдаг ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч Т.Мягмарсүрэн, Эрдэмтранс ХХК-ийг төлөөлж, Ц.Эрдэнээ нар нь байгуулсан байдаг. Үүнээс харахад анхан шатны шүүхийн дүгнэсэн ...нэхэмжлэгч Т.Мягмарсүрэн нь Морь барьдаг ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн боловч бие даан гэрээний нэг тал болон оролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Т.Мягмарсүрэн нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй болох нь үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж ...үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримтаа нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад боломж олгож, хэт нэг талыг барьж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь талуудын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн гэрч нарын мэдүүлэгт давж заалдах шүүх өөрөө дүгнэлт өгөх боломжтой байхад уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүйд ихэд гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудыг хангалттай мэтгэлцүүлж, хүсэлтийг нь хангаж байсан нь хэрэгт тодорхой байгаа болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүх чухам ямар ажиллагааг, яагаад нөхөн гүйцэтгүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй, Монгол улсын нэрийн өмнөөс гарч байгаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа бол энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой атал өгөөгүй байна. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүйг дурьдсан атлаа түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэснээр тодорхой харагдаж байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Мягмарсүрэн 2019.03.04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Эрдэмтранс ХХК-иас 79,042,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй марган 550,125,000 төгрөг гаргуулах, Эрдэмтранс ХХК-д Морь барьдаг ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ ...нэхэмжлэгч нь Морь барьдаг ХХК-ийн нийт хувьцааг эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн.. гэж үзсэн, алданги нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг болохыг үгүйсгээгүй атлаа ...бие даан гэрээний тал болон оролцоогүй учир үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй... гэсэн нь Компанийн тухай хууль, Иргэний хуульд нийцээгүй байна.

 

Талуудын шаардлага, тайлбар, татгалзалд дурдагдаж буй гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 553,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ