Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1115 дугаар магадлалтай, Б.Г-т холбогдох 1702001900087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Т овогт Б-ийн Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Ариунбаяр нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр АТГ-ын ОНЗ-ийн дарга Б болон бусад хүмүүст телевизээр гүтгүүлж, сэтгэл зүйн хүнд дарамтад орсон байх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Д.Б гэдэг хүн ирж, манай цэцэрлэгт шалгалт хийсэн. Тухайн өдөр Д.Б байцаагчид өгөх бичиг баримтаа өгчихөөд М эгчийнх рүү очих ёстой байсан юм.

Энэ үед талийгаач ээжийн маань төрсөн дүү, эгч М-ийн бие муудсан, мөн очих ёстой нэг хүн нь нас барсан тул төрсөн дүү Г БНСУ-аас над руу 1,000,000 вон шилжүүлсэн.

Үүнээс дүү Г-ийн хэлсний дагуу 150,000 воныг солиулж М эгчид өгөх ёстой байсан. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө ханш үзээд воныг солиулахад 319,500 төгрөг болохоор нь тэгшитгээд 320,000 төгрөг болгон дугтуйлан цүнх рүүгээ хийсэн.

Ингэхдээ дугтуйтай мөнгө цүнхэнд байсан номны завсар хавчуулагдсан болохыг тухайн үед анзаараагүй. Би Д.Б байцаагчид баримтаа өгөхөөр цүнхнээсээ гаргах үед цүнхний цахилгаанд баримт хийсэн нүхтэй хавтасны уут нь хавчуулагдан гацсан тул эхлээд чөлөөтэй байсан 30 жилийн ойн баримтаа гаргаж өгчихөөд цүнхнийхээ цахилгаанд хавчуулагдсан уутыг гаргах гээд ухаж байтал дугтуйтай мөнгө номын завсар орсон байсныг Д.Б байцаагч гэнэт хүн дуудахаар нь л мэдсэн. Д.Б байцаагчийг хэлэх хүртэл М эгчид өгөх ёстой байсан мөнгө маань номын завсар хавчуулагдсан байсныг мэдээгүй. Би “энэ мөнгө ажил явдалд хэрэглэх хүнд өгөх эм тарианы мөнгө” гэж тэнд байсан хүмүүст хэлж байсан. Би хахууль өгье гэж бодоогүй, өгөх байсан бол юу гэж олон хүний нүдэн дээр ил шууд гаргаж өгөх билээ.

Би хэзээ ч хүнд хахууль өгч байгаагүй, өөрийн хариуцсан ажлаа хуулийн дагуу чанартай, үнэнч шударгаар хийж гүйцэтгэж ирсэн. Урьд нь ажлаасаа халагдсан өс хонзон санасан бүлэг хүмүүсийн гаргасан гомдлоор шалгагдсан асуудлаар Д.Б байцаагч дахин шалгах гэж ирсэн. Тэр хүмүүс хэсэг хугацааны дараа өмнө нь бичиж байсан зүйлээ хуулаад өөр нэрээр гомдол гаргаад байдаг юм. АТГ-ын мөрдөн байцаагч Х анх намайг дуудсан өдрөө л 16:10 цагаас эхлэн 18:00 цаг өнгөртөл үүдэндээ хүлээлгээд дараа нь “…та авлига өгсөн гэмт хэрэг үйлдсэн байна, таныг хорино, ямар зорилгоор авлига болгож мөнгө өгснөө хэл, үнэнээ хэлэхгүй бол 72 цаг, 14 хоног, 30 хоног гээд хорино, хоригдсоныхоо дараа юу ярихыг чинь харья” гэх зэргээр олон удаа тулгаж загнаж байсан. Би “намайг битгий хорь л доо” гэж гуйсан, Х “таны хорих тогтоолыг одоо авчирч байгаа, та хоригдоно” гээд л айлгаад байсан. Би тухайн үед юу гэвэл намайг хорихгүй байхын бол гээд Х-ын амыг нь дагуулан, асуусан асуултад нь “тиймээ” л гээд хариулаад байсан. Тэгээд эцэст нь Х “үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж бич” гэсэн, би хэлснийх нь дагуу бичиж, гарын үсэг зурсан минь эргээд миний эсрэг ашиглагдаж байна.

Би хуулийн байгууллагын хүмүүс бодит байдлыг ойлгож үзэхийг хүсэхгүйгээр өөрийн үзэмжээр цаасан дээр юу ч гэж бичээд хэнийг ч тулгаж гэмт хэрэгтэн болгож болдог юм байна гэдгийг мэдэрч явна. Д.Б байцаагчаас гуйх зүйл байгаагүй, ямар ч хүсэлт тавьж байгаагүй, ойн баримт материалыг хэлснийх нь дагуу аваачиж өгөхдөө номын завсар дугтуйтай мөнгө орсныг нь мэдээгүй гаргаад өгчихсөнөө дараа нь мэдсэнээс өөр буруу зүйл хийгээгүй.

Хэрэв шүүх бүрэлдэхүүн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол ямар баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг би ойлгохгүй байна. Би 27 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй, тэр маань төрсөн үеэсээ эхлэн хүйн халдвар, тархины саа өвчнөөр өвчилж, гэртээ хэвтрийн мөлхөө байдалтай байдаг, өөртөө үйлчилж чаддаггүй, хүний байнгын асрамжид байдаг. Том хүүгийнхээ энэ байдлаас болж нөхөр бид 2 зэрэг ажил хийх боломжгүй, нөхөр маань ажилгүй гэртээ хүүгээ асардаг.

Харин би ажил хийж амьдралаа авч явдаг жирийн нэгэн эх хүн. Миний зүгээс хуульч бүхэн Хатантамир шиг биш, асуудлыг тал бүрээс нь судалж ойлгодог, хүнлэг, шударга ханддаг, өөрийн ажлын үзүүлэлтийн төлөө хүнийг буруутгахаар улайран дайрдаггүй, ядарсан нэгэнд сүр хүчээрээ далайлгаж гайхуулдаггүй байхаа гэдэгт итгэж байна.

Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийн талаар огт ойлголтгүй, яах ч учраа олохгүй будилж байсан буруугүй надад холбогдуулаад байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож, төрийн албанд томилогдон ажиллах эрхийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хүний нэр төр, алдар хүндийг гутаахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хориглосон үйлдлийг Авлигатай тэмцэх газрын комиссар А.Х гаргасан байдаг. Түүнчлэн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, яллагдагчийг өөрөө өөрөөр нь гэмт хэргийг нотлуулах ажиллагаа явуулсан байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Г-т холбогдох хэрэг нотлогддоггүй. Шүүгдэгч дугтуйтай мөнгийг тухайн үед өгье гэсэн зорилгогүй байсан талаар мэдүүлдэг. Гэрчээр шүүгдэгчийн эгч М-г байцаах боломжтой байсан боловч байцаагаагүй. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч хангаагүй. Д.Б байцаагчийн шалгаж байгаа асуудлыг өмнө нь шалгаад торгуулийн арга хэмжээ авсан материал байгаа. Өмнө шалгасан асуудлыг дахин шалгаж байгаа нь бусдад авлига өгөх санаа зорилго, хэрэгцээ шаардлага байхгүй байсан гэж үзэж байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасан зүйлүүдийг сайтар тогтоож, шалгаагүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл байна гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу тухайн цаг хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Д.Б-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын XII дугаар байр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байранд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 320,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой.

Өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх ёстой бөгөөд шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Г-т тусгай ангид оногдуулахаар заасан торгох ялаас доогуур торгох ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхээс Б.Г-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийн “хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоолгох, түүнээс үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй” бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээг хуулиар олгосон болно.

Иймд шүүгдэгч Б.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1115 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН