Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/25

 

Д.Гомбосүрэнд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д.Шинэбал Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Шүүгдэгчийн өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/ Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлоор Д.Гомбосүрэнд холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 онд Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн, бага боловсролтой, 37 настай, малчин мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт оршин суух, Алаг адуун овгийн Дагвадоржийн Гомбосүрэн РД: /ИУ81113019/

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын биемахбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Алаг-Адуун овгийн Дагвадоржийн Гомбосүрэнгиүйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Алаг-Адуун овогт Дагвадоржийн Гомбосүрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гомбосүрэнг 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гомбосүрэнд оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гомбосүрэн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000 /арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч Д.Гомбосүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 4.171.000 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн эзэмшлээс эр хонь 5, эм хонь 12, эр ямаа 4, эм ямаа 4 /нийт 25 толгой бог мал/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Гомбосүрэн тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүх нь Д.Гомбосүрэнд холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтыг тогтоож дүгнэлт гаргахдаа эх сурвалжаа заагаагүй, хавтас хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийж Д.Гомбосүрэнг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн бодит байдалд тохирсон эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Иймд хэргийг хянан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он08 дугаарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хамгийн гол гомдол гаргах болсон шалтгаан нөхцөл нь юу байна вэ гэхээр тухайн гэмт хэргийг гарсан эсэх тухай асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна. Энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгаа нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Энэ байдлыг яагаад ингэж үзэж байна вэ гэхээр тухайн үед энэ хүн жирэмсэн байсан тухай асуудал яригддаг учраас энэ нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох хэрэгтэй. Тухайн үедээ жирэмсэн байсан юм уу, сарын тэмдэг нь ирсэн үү гэдэг шалтгааныг тогтоох хэрэгтэй байсан. Жирэмсэн байсан гэсэн бол энэ нөхцөл байдлуудаа харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх. Гэрч нарын мэдүүлэг, эхонд авахуулсан зургаар нотлох баримт болгож шүүх тухайн хэргийг шийдвэрлэсэн. Тодорхой хэмжээгээр 2-3 хоногийн өмнө цус гарсан байсан, үүний дараа сорил тавих тест гэдэг зүйлийг тавьж жирэмсэн байсан гэдгийг тогтоосон гэж байгаа боловч хэдүүд яаж, тэр сорилыг тавьсан, тэр тавьсан сорилоо яаж баталгаажуулсан юм бэ? гэдэг нь эмчлүүлэгчийн /карт/ өвчний түүхэн дээр байдаггүй. Энэ тухайн үед үзсэн эмч Э.Пүрэвжаргал, Ч.Ундармаа нар нь тухайн болсон үйл явдлыг харуулсан баталгаажуулсан /эмчлүүлэгчийн карт/ байхгүй мөртлөө сорилго тавьсан жирэмсэн байсан гэдгийг баталсан. Тухайн үед сорилго тавихад 2 зураас гарсан байсан. 2 зураас гарсан байсан нь жирэмсэн байсныг нотолж байна гэж үзэх боломжгүй. Энэ өгсөн мэдүүлгийн эх сурвалж хавтаст хэрэгт авагдаагүй учраас тухайн асуудал эргэлзээтэй байна. Г.Лхамаарай эмч эхоний зургийг үзэж дүгнэлтийг гаргасан боловч 2 хоногийн дараа дахин үзэхэд эхо холимог гэдэг зүйл нь алга болчихсон байсан гэсэн мэдүүлгийг өгдөг. Үнэхээр эхо холимог гэдэг зүйл нь байсан юм уу, байхгүй байсан уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаггүй. Тийм учраас энэ мэдүүлэг өгч байгаа хүмүүс нь эх сурвалжаа нотолж чадахгүй байна. Хохирогчийн өөрийн төрсөн эх, эгч Алтанчимэг нарын мэдүүлгээр энэ нөхцөл байдлыг хэзээ тэд нар яаж мэдсэн гэдэг нь тодорхой бус, доошоо цус гарлаа гэсэн зүйлийг мэдүүлж байснаас үнэхээр жирэмсэн гэдгийг нь мэдэх боломжгүй байснаа жирэмсэн гэж мэдүүлж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Гэрч Э.Пүрэвжаргал, Ч.Ундармаа, эхоны зураг авсан Г.Лхамаарай нарын мэдүүлгээр жирэмсэн байсан гэдгийг тогтоох боломжгүй. Тийм учраас давж заалдах гомдол гаргасан, гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат/ШЕЗ-өөс онлайн/ давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны шийдвэр болсон гэж үзэхгүй байна. Эмч нарын шинжилгээний дүгнэлт гаргаагүй байхад шүүгдэгчийг шууд гэм буруутай гэж үзсэн. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь хохирогчийг жирэмсэн байсан шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж зулбасан гэж хохирогч талд давуутай байдлыг бий болгож үзсэн боловч, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч жирэмсэн байсан гэдэг нь хэр үндэслэлтэй вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн эргэлзээтэй мэдүүлгийг шүүх дахин нотлох ажиллагаа хийгээгүй. Хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг байдаг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ тухайн мэдүүлэгт хохирогч “...Би өглөө босоод бие засахад доошоо бага зэрэг улаан туяатай зүйл гарсан байсан..” гэж мэдүүлжээ. Үүнийг өөрөөр хэлбэл зодуулахаас өмнө болсон үйл явдал гэдгийг мэдүүлж байгаа. Хавтаст хэргийн /21 дүгээр хуудас/ зодоон болохоос өмнө, бага зэргийн цус гарсан харин зодуулснаас хойш цус нь их гарсан гэж мэдүүлсэн. Хохирогчийн төрсөн дүү Төгөлдөр гэж хүний мэдүүлэг байна /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ өдөрт 2 удаа татаж унадаг, нөхөртөө зодуулахаас өмнө цусархаг зүйл доошоо гарсан гэдгийг мэдүүлж байсан. Хохирогч 08 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотод унадаг, татдаг өвчнөө үзүүлэхээр явж байсан тухайгаа мэдүүлдэг. Энэ тухай ч гэрч нараас мэдүүлдэг, эход харуулсан баримт умайн эсийн бүтцийн өөрчлөлтгүй гэдэг онош бичигдсэн байсан. Хавтаст хэргийн /89 дугаар хуудсанд/ Э.Пүрэвжаргал гэж эмчийн мэдүүлэг байдаг. Сумын бага эмч цус алдаад байна гэсэн дуудлагын дагуу очсон, гэтэл дуудлага өгөхөөс 2-3 өдрийн турш биений юм ирж байгаа юм шиг цус доошоо гарч байсан гэсэн зүйлийг хэлсэн. Бага эмчээс боловсролын түвшинд нь тохирохгүй асуултыг асуусан байсан. Бага эмч ер нь бол зулбалт гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн байсан, бага эмч онош тавих хүн биш, эх эмч хүн онош тавих эрхтэй. Ийм зүйл дээр шүүх Э.Пүрэвжаргал болон Ч.Ундармаа нарын мэдүүлэг дээр үндэслэн жирэмсэн байсан нь нотлогдсон гэж үзэж байгаа. Эдгээр хүмүүс нь мэдлэг боловсрол болон онош тавих эрх бүхий хүмүүс мөн үү гэдгийг шүүх судалж үзээгүй. Гэтэл сумын эх эмч гэж хүн байгаа, ялангуяа гэрч Г.Лхамаарай эмчийн мэдүүлгээс харахад намайг Улаанбаатар хотод явж байхад бага эмч Facebook-ээр нэг хүний эхоний зураг явууллаа гэсэн түүнийг харахад умайд эхо холимог гэсэн зүйл байсан. Эхо холимог гэдэг чинь умайд ямар нэгэн зүйл байна гэсэн үг гэхдээ энэ бол цус байсан. Ямар цус бэ? сарын тэмдэгийн цус уу гэдгийг эхогоор тогтоох боломжгүй. Хохирогч унаж татдаг өвчтэй хүн байсан учраас жирэмсэлж болохгүй, хүүхэд нь зулбана, буцаад өөрөө нас барах аюултай хүн юм. Тухайн үед жирэмснээс хамгаалах эм өгч байсан гэж сумын эрүүл мэндийн эмч нотолсон байдаг. Сарын тэмдэг ирсэн үедээ доош гарахгүй, удаан хадгалагдсаны улмаас эхогоор харахад нөж болж харагддаг гэж эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч хүн шинжлэн ухааны талаас ингэж мэдүүлсэн байна. Мөн би “Ачтан” эмнэлгийн авсан эхоны зургийг харсан, үр хөвөрлийн зүйл ажиглагдаагүй. 09 дүгээр сарын 05-ны орчим жирэмсэн байсан гэсэн шинжилгээний хариу байсныг эмч Г.Лхамаарай мэдүүлсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан учраас тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 27,30-ны өдрүүдэд өөрийн гэртээ эхнэр болох Д.Уугандэлгэрийг дээлийн шилбэ удаан хадлаа, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнээнээс бага сүү саалаа, үхэрт сүү уулгалаа гэх шалтгаанаар удаа дараа зодсоны улмаас хохирогчийн ураг зулбасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогджээ. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед санаатай хүнд гэмтэл учируулсан буюу ураг зулбуулсан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй дүйцүүлэн зүйлчилж, уг хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулсан нь зөв байх бөгөөд ял хүндэдээгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдол болон тайлбартаа : “Д.Гомбосүрэнд холбогдох хэргийг үйл баримтыг тогтоохдоо эх сурвалжаа заагаагүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлгийг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учируулсан гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ. Хохирогч Д.Уугандэлгэр нь Д.Гомбосүрэнд зодуулахаас өмнө нь жирэмсэн байсан болох, зодуулсаны улмаас ураг зулбасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Уугандэлгэрийн мэдүүлэг... би 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр гэртээ байхдаа оройхон шээсэндээ жирэмсэний тест дүрж үзэхэд 2 улаан зураас гарч байсан. Тэгэхээр нь би Д.Гомбосүрэнд үзүүлж жирэмсэн болохоор 2 улаан зураас гардаг гэж хэлсэн, би тэгээд өөрийгөө жирэмсэн гэж мэдсэн гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогчийн энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч С.Сосорбарамын мэдүүлэг(хх-ийн 77 дугаар хуудас), гэрч С.Төрмөнхийн мэдүүлэг(хх-ийн 80-81 дүгээр хуудас), гэрч Ч.Ундармаагийн мэдүүлэг(хх-ийн 83 дугаар хуудас), гэрч Э.Пүрэвжаргалын мэдүүлэг(хх-ийн 88-89 дүгээр хуудас), гэрч Г.Лхамаарайгийн мэдүүлэг(хх-ийн 90-91 дүгээр хуудас) –ээр давхар нотлогдон тогтоогдсон байна. Иймээс шүүгдэгч Д.Гомбосүрэн нь өөрийн эхнэр Д.Уугандэлгэрийг зодсон гэх үйлдэл нь түүний ураг зулбасан гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ