Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2022/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М.Д.ХХК,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****тоотод оршин суух, Тоос овогт И.ийн Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С. (цахим),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.А,

Иргэдийн төлөөлөгч: Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д.ХК нь шүүхэд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч М.Д.ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч И.Н. нь Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд зорчигч тээвэрлэх зориулалт бүхий *** УБТ улсын дугаартай Т.Харрер маркын тээврийн хэрэгслийг жолоодох явах үедээ зам тээврийн осол гаргаж, М.Д.ХК-ийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160**** тоот гэрээний даатгуулагч Э.С. нь амь насаа алджээ...

...Жолооч И.Н. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т: Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 2 дугаар бүлэг 2.1-т: Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

...Манай компани нь энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл нөхөн төлбөр болох 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг Голомт банк ХХК-д төлж барагдуулсан.

Энэ үйл баримтын улмаас манай компанид Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөр болох 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг шаардах эрх шилжсэн болно.

Иргэний хуулийн 513 дугаар зүйл 513.1-т: Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй., мөн хуулийн 513.2-т: Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй. гэж заасан тул хариуцагч И.Н.гээс даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерөн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Н.гээс гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, М.Д.ХХК-д олгож өгнө үү гэж тодорхойллоо.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн талаар хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний нөхөр энэ зам тээврийн ослыг санаатайгаар гаргаагүй ч сайн найзынх нь амь нас хохирсонд гүнээ харамсаж байна. Энэ зээлийг талийгаач Э.С. нь орон сууцны зээлийг эхнэр А.Г-тэйгээ хамтран авсан байсан. Энэ тохиолдолд зээлдэгч нар үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч Э.С. нас барахад үүрэг гэрээний үүрэг эхнэр А.Г-т шилжиж, тэр хүн зээлийг төлөх ёстой байхад биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм...Бид талийгаачийн эхнэр А.Г-т оршуулгын зардалд 13,000,000 төгрөг, орон сууцны зээлэнд 13,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө өгсөн. Тухайн үед А.Г- нь хохирол, гомдолгүй, орон сууцны зээлээ өөрөө хариуцан төлнө гэж бидэнд хэлсэн. Тухайн даатгалын гэрээнд А.С.ын гарын үсэг байдаггүй. Тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад энэ талаар мэдэгдсэн бол бид төлөх байсан. Амь насны даатгалын гэрээнд Э.С.ын гарын үсэг байхгүй. Харин түүний эхнэр уг даатгалын гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Хүний амь насыг өөр хүн төлөөлж гарын үсэг зуран амь насыг нь даатгуулж болох эсэх нь эргэлзээтэй. Даатгалын тухай хуульд даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын баталгааг үндэслэж олгоно гэж заасан байдаг. Гэтэл уг даатгалын баталгаа гэх зүйл байхгүй байгаа юм. Даатгалын гэрээнд Э.С.ын гарын үсэг зурагдаагүй талаар эхнэрээс нь асуухад манайх ийм мөнгө аваагүй гэж хэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбарлалаа.

Хариуцагч И.Н. нь нэхэмжлэгч М.Д.ХК-д холбогдуулан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: М.Д.нь Н. надад холбогдуулан талийгаач С.ын амь насанд хохирол учруулсан гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох нийт 39,997,139 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргасан. И.Н.н хувьд зам тээврийн осол гаргаж найзынхаа амь насыг хохироосон гэм буруудаа гэмшиж насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдарч байна. Хэдийгээр найзынхаа гэр бүлд орон сууцны зээлийн төлбөрт зориулж 13,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг төлсөн ч цаашид найзынхаа эцэг эх, төрсөн охинд нь туслалцаа үзүүлэхийг зорьж хичээж байна. М.Д.ХК амь насны даатгалын нөхөн төлбөр гэж орон сууцны үлдэгдэл нийт төлбөрийг Голомт банкинд төлсөн байгааг буруутгах боломжгүй ч гэсэн аливаа зүйл шударга үнэн байгаасай гэж бид хүсч байна. Учир нь Монгол улсын Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй байдаг тул би эргэлзээтэй, маргаантай байгаа нөхцөл байдлыг шалгуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. М.Д.ХК Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар гэрээнүүдийн нэг тал болох даатгуулагч Э.С.ын амь нас эрүүл мэндийг гэнэтийн ослын даатгалд даатгасан хэсэг нь эргэлзээтэй буюу даатгалын гэрээнд амь нас, эрүүл мэндээ даатгуулагч нь хуульд заасан журмын дагуу баталгаажуулж гарын үсгээ зураагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдож байна.

...Талийгаач Э.С.ыг анхнаасаа амь насны даатгалгүй байсан гэж үзэж байна. Энэ талаараа эхнэр нь ч бид нарт юм хэлээгүй байсан бөгөөд тухайн хэрэг гарсны дараа энэ талаараа бид нарт хэлсэн бол заавал хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэлгүйгээр уг мөнгийг төлөх боломжтой байсан. Мөн уг гэрээ нь талийгаач Э.С.ын амь насны даатгал байтал тухайн гэрээнд талийгаачийн гарын үсэг нэг ч зурагдаагүй байгаа нь эргэлзээтэй байгаа. Тухайн үед талийгаачийн эхнэр А.Г- нь бид нараас ипотекийн зээлтэй үүн дээр маань туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь туслалцаа үзүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ асуудал гарч ирсэн учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар талийгаач Э.С.ын амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн аав, ээж болон ганц охинд нь цаашдаа тусалж дэмжих бодолтой байгаа. Энэ талаарх нотлох баримтаа хангалтай, үнэн бодитойгоор бид нар тайлбарлаж хэлсэн бол төлөх боломжтой байсан. Мөн манай нөхөр сүүлийн хоёр жил огт ажил хийгээгүй тул ийм эргэлзээтэй, ямар ч нотлох баримтгүй их хэмжээний мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар гэрээнүүдийн даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгч М.Д.ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд үндсэн даатгуулагч буюу талийгаач Э.С.ын гарын үсэг байхгүй учраас Э.С.ыг уг гэрээг байгуулсанд тооцохгүй гэж үзэж хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан тул хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай талаас энэ хоёр хуулийн заалтыг баримтлаад байгаа үндэслэл нь даатгалын гэрээг талууд бичгээр байгуулах ёстой буюу гарын үсгээр баталгаажуулах ёстой боловч хоёр даатгуулагч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нөхцөлөөр байгуулах бөгөөд үндсэн зээлдэгч Э.С. нь өөрийн нэр дээрх Голомт банк ХХК-ын дансаараа зээлийн эргэн төлөлтөө хийдэг өөрийн нэр дээр тухайн данснаасаа хураамжаа төлж байсан учир үндсэн зээлдэгч Э.С.ыг хуульд заасан гэрээ байгуулахыг заавал шаардахгүй бөгөөд үндсэн даатгуулагч Э.С. болон хамтран зээлдэгч А.Г- нарт хоёуланд хамаатай гэрээ.

Иймд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

Нэхэмжлэгч М.Д.ХК нь шүүхэд 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000136728 дугаар нотариатчаар гэрчлүүлсэн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 160**** Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн талийгаач Э.С.ын эхнэр А.Г-ийн М.Д.ХХК-д гаргаж байсан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургын үзүүлэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай Шинжилгээний дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай Төв аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/1078 дугаар Голомт банкны М.Д.ХХК-д нэхэмжлэл гаргах тухай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ***** дугаартай Орон сууцны зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн М.Д.ХХК, Голомт банк руу мөнгө шилжүүлсэн тухай баримт, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18/2784 дугаартай М.Д.ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 19/143 дугаартай итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21/026 дугаартай МД- ХХК-ийн итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21/713 дугаартай МД- ХХК-ийн итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04/75 дугаартай Даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх тухай Голомт банкны албан тоот, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Голомт банк, М.Д.ХХК-ийн хамтран ажиллах тухай 15/104 дугаартай гэрээний хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18/216 дугаартай М.Д.ХХК-ийн Нөхөн төлбөр олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн журналын дугаар 129874666 М.Д.ХХК-с Голомт банк руу нөхөн олговор шилжүүлсэн тухай баримт, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21/713 дугаартай М.Д.ХХК-с олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 31-ний М.Д.ХХК-ийн итгэмжлэлээсээ татгалзах тухай албан тоот, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Голомт банкны *** тоот дансны хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000172636 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 002513031 дугаартай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын тодорхойлолт, ..... зэрэг баримтуудыг,

Хариуцагч И.Н. нь И.Н.н *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 91 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, талийгаач Э.С.ын Голомт банкны зээл төлж дууссан талаарх ***** дугаар дансны гүйлгээний хуулга, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Даатгалын нөхөн олговрын тухай гэсэн бичвэр бүхий 10/709 дугаар Голомт банк ХХК-ийн албан тоотын хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн М.Д.ХХК-ийн гүйцэтгэх захирлын Нөхөн олговор олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн М.Д.ХХК, Голом банк ХХК нарын хооронд байгуулсан Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын ГБ/60 дугаар гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг,

хариуцагчийн хүсэлтээр А-ийн Г-ийн *** дугаар дансны дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох гэм хорын хохирол 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 19,998,569.94 (арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерөн дөрвөн мөнгө) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 19,998,569.94 (арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийн нэхэмжлэлийг, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С. шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллага нь Даатгалын гэрээ байгуулагдах үед М.Ж даатгал ХХК, шүүхэд нэхэмжлэл гаргах үед МД ХХК, шүүх хуралдааны шатанд М.Д.ХК болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагын нэршлийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагыг М.Д.ХК гэж одоогийн нэршлээр нь зөвтгөв.

Даатгуулагч Э.С. нь жолооч И.Н. буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас авто тээврийн осолд орж нас барсан болох нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаангүй.

Зээлдэгч Э.С., А.Г- нар нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 43,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160**** дугаар гэрээг М.Ж даатгал ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгаж, орон сууцыг 63,000,000 төгрөгөөр үнэлэн даатгалын хураамж төлсөн үйл баримт тогтоогдлоо.

Гэрээний хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын тохиолдол бий болж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д: Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээнэ. гэж заасан тул даатгагч Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөрийг 100% буюу 39,997,139.94 төгрөгийг Голомт банк ХХК-нд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч тал Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг даатгуулагчтай байгуулж, гэрээний нэг хувийг даатгуулагчид өгдөг ба энэ нь даатгалын баталгаа юм гэж, хариуцагч тал ...Бид эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа талийгаач Э.С.ын эхнэр буюу хохирогч А.Г-т нийт 26,000,000 төгрөгийг төлсөн ба үүний 13,000,000 төгрөгийг орон сууцны зээлээ төлөхөд нь зориулж өгсөн...Уг зээлийг талийгаач Э.С. нь эхнэртэйгээ авсан, зээлдэгч нар үүргийг хамтарч гүйцэтгэх ёстой, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд Э.С.ын гарын үсэг байдаггүй, даатгуулагчид даатгалын баталгаа өгсөн нь нотлогдоогүй гэж тайлбарлан маргалаа.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т: Гэрээг бичгээр  байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан ба Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд даатгуулагч талыг төлөөлж даатгуулагчдын нэг болох А.Г- гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасныг зөрчөөгүй бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д: Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу зохигчдын хооронд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоох эрх зүйн үндэслэл болж байна.

Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний талууд болох даатгагч М.Д.ХК, даатгуулагч А.Г- нар нь гэрээний талаар маргаагүй, даатгуулагч даатгалын хураамжаа төлсөн болох нь Голомт банкны ***, *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдлоо.

Голомт банкны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлээр М.Д.хувьцаат компани орон сууцны үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийг Голомт банкинд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/1078 дугаар Голомт банкны М.Д.ХХК-д нэхэмжлэл гаргах тухай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ***** дугаар Орон сууцны зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 131238863 дугаар Шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Даатгуулагч Э.С., А.Г-, даатгагч МД ХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8 дугаар зүйлд: Гэнэтийн ослын даатгалын хамгаалалтыг зохицуулж,...даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд тусгагдсан үүргийн хувиар тооцохоор... тохиролцжээ.

Орон сууцны зээлийн гэрээ болон Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд хамтран зээлдэгчдийн үүргийн талаар тодорхой тусгаагүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д: Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж заасан байх ба даатгуулагч нас барсан нь хамтран зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул даатгуулагч нарын хүлээх үүргийг тэнцүү байхаар тодорхойллоо.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д: Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д: Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.2-т: Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу даатгагч нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Иймд Орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийн 50 хувь буюу талийгаач Э.С.д холбогдох хэсэг болох 19,998,569.97 төгрөгийг хариуцагч И.Н.гээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас А.Г-т холбогдох 19,998,569.97 төгрөгийг, Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар гэрээнүүдийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ үзсэн тул Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** дугаар гэрээнүүдийн даатгуулагч буюу талийгаач Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн: ...И.Н. нь хүний амь нас хохироосон гэм буруутай боловч хэрэгт холбоотой нотлох баримт бичиг болон талуудын тайлбарыг харгалзан үзэж, талуудыг эвлэрүүлэн шийдэх нь зүйтэй гэж дүгнэлтээ бичгээр гаргасан боловч М.Д.ХХК-ийн гэрээ хэлэлцээр нь дутуу байна. Хохирогч тал 26,000,000 төгрөгийг өгсөн байна. Иймд мөнгийг гаргах үндэслэлгүй, МДын гэрээ нь дутуу, гарын үсэг зураагүй, анхнаасаа тийм даатгал байгаагүй сүүлд сунгаж хийсэн болохоор сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж амаар тайлбарласан гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-дУлсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэргийг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т: Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,1936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч И.Н.гээс хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 19,998,569.97 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 287,943 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч М.Д.ХК-д олгож, хариуцагч И.Н.гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч И.Н.гээс 19,998,569,97 (арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, М.Д.ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,998,569,97 арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг, гэнэтийн ослын даатгалын 160*****, 160**** гэрээний даатгуулагч Э.С.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,1936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч И.Н.гээс 287,943 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Д.ХК-д олгож, хариуцагч И.Н.гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Р.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ