| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 187/2018/0187/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 163
Ц.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр магадлалтай, Ц.Э-т холбогдох 1710009860230 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Ц-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 06 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Э-ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Э гаргасан гомдолдоо “...Би хууль хяналтын байгууллагын албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж төрийн төмөр нүүр, нударга гэгчийг өөрийн биеэр үзэж байна. Анх намайг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дарамтлан сүрдүүлж заналхийлсэн. Мөрдөгч намайг зодож нүдэн, нийгмийн гарал үүсэл, амьдрал ахуйгаар гадуурхан харгис хэрцгий ханддаг байсан. Энэ талаар тухайн үед хэрэгт хяналт тавьж байсан прокурорт баримттай хэлсэн боловч тэгэх ёстой, харин ч багадсан байна гэх хандлагатай байсан. Прокурор, мөрдөгч нар үнэнч шударга, хуулийн дагуу хараат бус байдлаар ажилладаггүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг өөрчлөн, засвар оруулж миний эсрэг, өөрсдийн талд ашигтай болгосон. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг шалгахгүйгээр ял зэмд унагаах хуурамч мэдүүлэг мөрдөгч үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон гэрч, хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгүүлсэн. Миний мэдүүлэг одоо хүртэл худал хэвээрээ байгаа. Мөрдөгч залилан мэхлэх аргаар гарын үсэг зуруулдаг байсан, ял зэм авахгүй чи гэж, мөн прокурор би чамд ял өгөхгүй гэж хуурсан. Миний үйлдсэн гэмт хэргийн материалыг ном зохиол шиг найруулга хийж намайг золиос болгон хэлмэгдүүлж байна. Хэрэв мөрдөгч, прокурор хоёр үнэнч шударга ажилласан бол би хорихоос өөр төрлийн ял шийтгэл авах байсан болов уу гэж бодож байна. Би нэг жилийн турш өдөр шөнөгүй өөрт холбогдох хэргээ үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэх юмсан гэж бодож байсан. Гэтэл эсрэгээр шийдвэрлэгдэж сэтгэл санаа, бие махбодиороо хохирч байна. Миний бие тангараг өргөсөн хууль хяналтын хүмүүсийг гүтгэж гүжирдэхгүй, худал зүйл огт яриагүй, бодит байдлыг л хэлж гомдол гаргаж байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна, ганц удаа өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ц.Э-т холбогдох хэргийг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Д.Б-ийн машиныг авч явж, Завхан аймгийн Идэр суманд бусдад зарсан. Ц.Э нь орон гэргүй, өөрөөсөө 10 гаруй насны эгч эмэгтэйтэй хамт амьдарч байгаад худлаа ярьж байсан учраас гэрээсээ хөөгдсөн, мөнгө олох эх үүсвэр нь машин хулгайлах болох нь хэргийн нөхцөл байдлаас харагддаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 31 дүгээр байрны гадна зогсоолд байсан Б.Н-ийн эзэмшлийн 31 03 УНӨ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, 8,500,000 төгрөгийн,
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадаа байсан Б.Э-ны эзэмшлийн 25 70 УНЛ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашин, түүн дотор байсан 310,000 төгрөгийг хулгайлж, нийт 8,310,000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 24 дүгээр байрны гадаа Д.Б-д “машинаар чинь Хороолол орчихоод ирье” хэмээн 19 22 УБИ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг хуурч аван, улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт П.О-д зарж, Д.Б-д 10,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр Ц.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй буюу мөрдөгч, прокурор нарын зүгээс түүнийг дарамталсан, сүрдүүлсэн, худал мэдүүлэг өгүүлсэн, хуурсан гэж үзэх нөхцөл байдал, нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй, шүүгдэгчийн гомдол гаргасан дарамталж, хуурч мэдүүлэг авсан, хохирогч нарын мэдүүлгийг зохиож бичсэн гэж үзэх нөхцөл байдал шүүхэд шилжүүлсэн хэргийн баримтуудад огт тогтоогдоогүй тул энэ талаар шүүгдэгчээс гаргасан гомдлын дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН