Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 165

 

                                                    

С.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, С.Г-д холбогдох 201606000179 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Г-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Б” хоршооноос 12,465,456 төгрөг гаргуулж, хохирогч С.Н-д 9,529,310 төгрөг, Д.Б-д 377,650 төгрөг, М.Б-д 1,664,200 төгрөг, Б.О-т 363,796 төгрөг, Д.Х-д 530,500 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн 42 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байна. Хэргийн бодит байдал нь “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл эхэлж “Соната-5” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуйн хэсгээрээ замын голын шугамыг давж, улмаар өөдөөс ирж явсан “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн бөгөөд үүнийг гэрч Сэргэлэн гэрчилдэг. Тэгээд ч “Фургон” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч согтуу байж тойрог зам дээр хурдтай орж ирсэн байна. Уг нь мөргөлдөхгүй явах бүрэн боломж байсан нь хэмжилт хийсэн схем зургаас тодорхой харагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 45-60 ДГО улсын дугаартай, “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Дорноговь аймгийн “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ болон “Баян бургуул” хоршоог иргэний хариуцагчаар татаж, улмаар гэм хорыг хариуцуулахаар шийдвэрлэсэн. Шүүх 45-60 ДГО улсын дугаартай, “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгслийн жолоочийг буруутгах хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тусгасан атлаа иргэний хариуцагч Дорноговь аймгийн  “Э” ОНӨААТҮГ иргэний хариуцлага хүлээх болсон үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн. Амь хохирогч жолооч Амгаланбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо их хурдтай явсан болох нь 45-60 ДГО улсын дугаартай, “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэрч Б.Б, М.М нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.Б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөний улмаас цонхоороо шидэгдэж амь насаараа хохироход хүргэсэн байна. Уг явдалд өөрөө буруу болох нь гэрч М.М, Б.А, Ч.М, Х.Э, Ш.Н нарын мэдүүлгээр нотлогдсон байхад амь хохирогчийн оршуулгын зардлыг дангаараа “Баян буургал” хоршоонд хариуцуулсан нь хэт шударга бус гэж үзэж байна. Хохирогч С.Н-д төлөх ёстой оршуулгын зардлын 50 хувийг “Б” хоршооноос хасч тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгахдаа тал бүрээс нь шударгаар шалгаагүй, хэт нэг талыг барьж шалгасан. Иймд хэргийг хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “С.Г-д холбогдох авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийг шүүх үндэслэл бүхий тогтоож, “Баян бургуул” хоршооноос гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хэдийгээр фургон машины жолооч зохих буруутай ч осол гарсан шалтгаан нь С.Г-гийн урсгал сөрснөөс болсон байна. Тийм учраас анхан шатны шүүх фургон машины хохирлыг хэрэгсэхгүй болгож, “Баян бургуул” хоршоо нь гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрхтэйг тогтоолдоо дурдсан нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн С.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Г нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт “Соната-6” загварын 91-88 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 10.1.а-д “Гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх”, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 10.1.б-д заасан “Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”, 10.2-т заасан “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан 45-60 ДГО улсын дугаартай, “Фургон” загварын тээврийн хэрэгсэл, 58-39 УНД улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Б, М.Б, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 45-60 ДГО улсын дугаартай “Фургон” загварын тээврийн хэрэгслийн жолооч Т.А-ын  амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Г-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр 45-60 ДГО улсын дугаартай “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгслийн жолооч амь хохирогч Т.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хөнгаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн болохыг тогтоосон байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь учирч болох аюул саадыг тойрон гарах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах байдлаар ослоос зайлсхийх, самбаалчлах хугацаанд нөлөөлсөн гэж үндэслэлтэй дүгнэжээ.

Гэвч зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь С.Г-гийн буруутай үйлдэл буюу зорчих хэсгийн орохыг хориглосон хязгаарлах шугамыг давж урсгал сөрсөн явдал болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд шүүх эрүүгийн хэргийн хамт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан зам тээврийн ослын улмаас амь хохирогч Т.-ын жолоодож явсан 45-60 ДГО улсын дугаартай “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгсэлд учирсан 15,588,900 төгрөгийн хохирлыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Дорноговь аймгийн “Э” ОНӨААТҮГ-т өөрт нь хариуцуулж, С.Г-гийн хохирогч Д.Б, М.Б, Б.О нарын эрүүл мэндэд учруулсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу “Б” хоршооноос гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигчид нь хариуцуулж шийдвэрлэсэн нөхцөл байдлаас үзэхэд бүх хохирлыг “Б” хоршоонд хариуцуулсан гэх иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гомдол няцаагдаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                  ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН