Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 30

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00575/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.С-,

                   Р.М- нарт холбогдох

"82.319.480 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие уг асуудлыг 2018 оны 05-р сараас хойш Цагдаа болон шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа. 2016 онд хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Энэ тухайгаа тухай бүр Цагдаа, шүүхийн байгууллагад мэдүүлж байсан. Хариуцагч нарт 111.600.000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Түүнээс хойш мөнгийг маань өгөхгүй явж байгаад Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд 116.600.000 төгрөгийг хариуцагч нар надад цувуулж төлсөн. Өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээгээ буруу байгуулснаас үүдээд хүү алданги авах эрхээ алдаж би хохирсон. Одоо миний нэхэмжилж байгаа 82.319.480 төгрөг яаж гарч ирсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт мөнгөө өгөхгүйгээр хадгаламжид хийсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан, мөн би банканд 15.618.676 төгрөгийн хүү төлсөн, өмнөх шатны шүүх дээр 1.319.480 төгрөг тэмдэг хураамж төлсөн. Ингээд нийт 82.319.480 төгрөгийг хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа. Гэр бүлийн болон ах дүү нарынхаа хамтын хүчээр цугларсан хадгаламжийн мөнгөөр хариуцагч нарын зээлсэн мөнгийг төлсөн. Үүнээс болж ямар ч орлогогүй болж, энэ хугацаанд олох ёстой байсан хадгаламжийн хүүний орлого орж ирээгүй, үүнийгээ би хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж байгаа үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. 227.3-т заасан хохирлыг 232.7-т зааснаар шаардаж байгаа. Энэ нь ...Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй... гээд хохирлыг шаардах эрхийг зааж өгсөн байгаа. ...2 удаагийн банкны тодорхойлолтоор өмнөх болон сая сүүлд шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор хариуцагч нарт зээлсэн мөнгөндөө тухайн банканд бодитоор төлсөн 15.618.676 төгрөгийн хүү төлсөн. Энэ хүү бол 227.3-т заасан зардал гэдэг агуулгад орж байгаа. Мөн нийт авсан 111.600.000 төгрөг бол М-ын өөрийн хадгаламж буюу хадгаламжийн гэрээгээр эзэмшиж байсан 5447046598 гэсэн хэргийн 57 дугаар хуудсанд байгаа хадгаламжийн гэрээгээр эзэмшиж байсан хадгаламжаасаа буцааж энэ мөнгийг төлсөн. Үүнтэй холбоотой Хаан банкны тодорхойлолт буюу дансны хуулийг баримтаар гаргаж өгсөн. Энэ мөнгө хэрвээ ямар нэгэн байдлаар хариуцагч нар тухайн үед үүргээ хугацаандаа гүйцэтгээд мөнгөө төлсөн, эсвэл энэ асуудал үүсээгүй бол дээрх хадгаламжийн мөнгөнд 65.664.745 төгрөгийн хүү хуримтлагдах байсан. Энэ нь Иргэний хуулийн 227.3-т заасан орох ёстой байсан орлого гэж үзэж байгаа. Энэ орлого орох ёстой байсан боловч хариуцагч нар үүргээ зөрчсөний улмаас алдагдлыг хүлээсэн гэдэг утгаар хохиролд тооцсон.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.090.260 төгрөгийг мөн зардал гэж үзэж байгаа.

Гэхдээ хүү алданги авах эрхээ хэдийгээр алдаж байгаа ч зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна гэдэгтэй маргах үндэслэл болохгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тухайн үед мөнгөө өгөхгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаад Цагдаагийн байгууллага шууд хохирол, бодит хохирлыг хохиролд тооцдог учраас 111.600.000 төгрөгийг шалгагдах явцдаа хэд хэдэн удаа хувааж өгсөн байдаг. Үндсэн мөнгө нь хэдийгээр өгөгдсөн ч 82 сая төгрөгийн хохирол учирсан байгаа учраас хохирол гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжилж байна.

...сүүлд 3 хуудас баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар Хаан банкны тодорхойлолтыг дэлгэрэнгүй, тодорхой болгож гаргаж өгсөн, мөн хадгаламжаас мөнгө гарсан дансны дугаарыг бичүүлж авсан байгаа. 5447046598 гэдэг данс Хаан банкны хадгаламжийн данстай таарч байгаа. Энэ данснаас ийм гүйлгээ гарсан байна гэдэг нь нотлогдож байгаа. Дээрх баримтаар 82 сая төгрөг М-ын хадгаламжийн данснаас гарч зээл төлөгдсөн гэдгийг нотолж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжтой гэж үзэж байна.

Хариуцагч нар үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хүүгийн төлбөр, хадгаламжийн хүүгийн орлого, улсын тэмдэгтийн хураамж 82 сая төгрөгөөр хохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна... гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй банкны хүү болох 20.106.493 төгрөг бол хариуцагч нарт хамааралгүй мөнгө юм. Учир нь:

1. Хаан банк ХХК-аас нэхэмжлэгч өөрөө мөнгө зээлж авсан, банктай өөрөө гэрээ байгуулсан тул өөрөө хүүгээ төлөх ёстой.

2. Нэхэмжлэгч сая хадгаламжид мөнгөө хийх байсан гэж хийсвэрээр дүгнэн өөр байдал үүсгэж, ирээдүй цаг дээр бодон хүнийг өрөнд оруулж, хүү тооцож болохгүй юм.

3. Нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт би та хоёрыг дэмжье, хүүгүй байсан ч хамаагүй мөнгө зээлье хэмээн хуурай ах, дүү болчхоод одоо цагдаа шүүхэд өгөөд явж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлчихсөн байхад дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад, зээлийн гэрээ нь дуусчхаад байхад дахин дахин ийм асуудал үүсгээд байна. Энэ асуудал хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн газар хариуцагч нарыг өгсөн боловч тохиролцоод мөнгө зээлсэн, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан гээд хэргийг хаасан. Цагдаагийн газар байхад буюу 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нар мөнгийг нь төлөөд дууссан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн газарт өгсөн байх үед 111.600.000 төгрөгийг О.С-, Р.М- нар өгсөн. Нэхэмжлэгч сая 150.000.000 төгрөг нэхэмжилсэн гэж байна, тэгэхээр үндсэн мөнгө 111.600.000 төгрөгийг уг мөнгөнөөс нь хасаад тооцохоор 34.000.000 төгрөг болж байна. Яаж 82.319.480 төгрөг гараад байна, тодорхойгүй байна.

О.С-, Р.М- нар бол хөгшин настай хүмүүс, ашигт малтмалын газраа зарсан. Нэхэмжлэгч нар өөрөө тусалъя гэж тусалчхаад одоо яагаад нэхээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагч нар одоо биеийн эрүүл мэндийн байдал муу, нэхэмжлэгчтэй уулзах боломжгүй байна. Энэ маргаан бол өмнө нь шийдэгдсэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүх зээлсэн мөнгийг нь төлөөд дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227 .3 -д зааснаар хариуцагч О.С-, Р.М- нараас 35.725.169,03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож, 46.594.310,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 589.548 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-, Р.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 336.575,85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

...Хариуцагч О.С-, Р.М- нар мөнгөн төлбөрийн үүргээ гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүйгээс 2017.04.14-ний өдөр хүүд төлсөн 15.618.676,03 төгрөг, гэрээг цаашид сунгах боломж алдагдуулсан гэж үзэн тухайн гэрээний хугацаагаар өөрөөр хэлбэл 2017.04.14-2018.04.14 өдрийг хүртэл 111.600.000 төгрөгийг ашигласан хугацааны зээлийн хүүгээр тооцоолон 20.106.1993 төгрөгийг хүүгийн орлого болох байсан гэж үзэн үүнийг хохирол гэж тооцох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Ч.М- нь О.С-, Р.М- нарт холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 186.462.194 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ...Иймд нэхэмжлэгч Ч.М- нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй байна” гэж үндэслэсэн байдаг. Гэтэл шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн гэрээнүүдийн үүргийг 2017 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл буцааж өгөх үүрэг хүлээжээ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 629 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгч Ч.М- уг шийдвэр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрийг гаргасан шүүгч дахин шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.М- хариуцагч О.С-, Р.М- нарт холбогдуулж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн учирсан хохирол 82.319.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ маргааны талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, 116.000.000 төгрөг зээлсэн нь үнэн боловч тэрхүү мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна, зээлдэгч нар  гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр нэг талаас хөрөнгө оруулагч Ч.М-, нөгөө талаас хамтран ажиллагч О.С-, Р.М- нар харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтыг 100.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр хөрөнгө оруулалтыг 30.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр хөрөнгө оруулалтыг 130.000.000 гэж, хөрөнгө оруулагч Ч.М- шаардлагатай байгаа хөрөнгө оруулах, хамтран ажиллагч О.С-, Р.М- нар гэрээнд заасан хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх  үүрэг хүлээхээр, гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээгээр хөрөнгө оруулагч талаас оруулсан хөрөнгө оруулалтын дүнд тохирох барьцаа, баталгааг Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн районд байрлах 648.0 м.кв талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилга, газрын хамт, Дархан сумын 13 дугаар хороололд Ласти компани барьж ашиглалтад оруулах орон сууцны барилгаас нийт 3 орон сууцны байраар хангуулахаар  тохиролцсон байна.

Энэхүү гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Талуудын нэрлэсэн “хамтран ажиллах гэрээ”-ээр хүлээсэн үүргийн дагуу хөрөнгө оруулагч Ч.М- 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27.600.000 тус тус шилжүүлж, нийт 111.600.000 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн байна.

Ч.М- нь хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлэхдээ ХААН банктай 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, 1 жилийн хугацаатай, 17.10 хувийн хүүтэй, дансанд заавал байлгах доод үлдэгдэл 140.000.000 төгрөг байхаар хийсэн гэрээний хадгаламж эзэмшигч тул тухай бүр нь ХААН банкны Дархан бизнес төвтэй хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, шилжүүлжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр  хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээний агуулгаас харвал хамтын үйл ажиллагааны зорилго нь тодорхой бус хамтын зорилгод хүрэхийн тулд талууд хэрхэн, ямар байдлаар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэсэн байх ёстой бөгөөд санхүү, эдийн засгийн ашиг олоход чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрхэн явуулахыг гэрээгээр тохиролцоогүй байна. Мөн хамтран ажиллах гэрээний талууд  тэгш эрхтэй байх зарчим нь хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндсэн зарчмуудын нэг юм.

Хамтран ажиллах гэрээний талууд хамтын зорилгод хүрэхийн тулд нэгдэж хамтарч байгаа нь энэхүү гэрээнд үйлчилж байгаа зарчмыг илэрхийлнэ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан “хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ нь утга агуулгын хувьд хамтран ажиллах биш Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний утга агуулгыг илүү илэрхийлсэн гэрээ байна.

Нэхэмжлэгч Ч.М- хариуцагчдыг гэрээгээр хүлээсэн хугацаандаа  үүргээ биелүүлээгүй тул өөрт учирсан хохирол буюу өөрөөс гарсан зардлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар хэргийн 6, 136 дугаар талд авагдсан ХААН банкны тодорхойлолтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгон ирүүлжээ.

Хариуцагч О.С-, Р.М- нар 2018 оны 07 дугаар сарын 31-ээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 112.000.000 төгрөг буцаан шилжүүлсэн, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан гэрээгээр хүлээсэн хугацааг хэтрүүлсэн байна.

Хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүүд төлсөн 15.618.676,03 төгрөг, цаашид хадгаламж барьцаалсан зээлийн  болон барьцааны гэрээг сунгах боломж алдагдсан байх тул гэрээний хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 111.600.000 төгрөгийг ашигласны хүү 20.106.493 төгрөгийн орлого олох байсан гэж үзэн нийт хохирлыг 35.725.169,03 төгрөг гэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.М-аас ХААН  банктай байгуулсан иргэдийн тусгай хугацаатай байгуулсан хадгаламжийн гэрээгээр гэрээний хугацааг хадгаламж эзэмшигчийн хүсэл зорилгоор сунгахаар зохицуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад банк гэрээний хугацааг сунгах үүрэг хүлээгээгүй, мөнгөн хадгаламжийн гэрээг банктай дахин байгуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн эрх тул 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс  2018 оны 05 дугаар сарын 28 хүртэлх хугацааны хохирол шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас энэ хугацааны хохирол гэх 46.594.310,97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч урьд энэ маргааны талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж маргадаг бөгөөд анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232-т “...анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасныг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчийг хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр нэхэмжлэгч Ч.М- нь зээлийн хүү, алдангийг шаардаагүй,  хариуцагчдыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нэхэмжилж байгаа тул хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчиж гарсан шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.576 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА