Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 177

 

Г.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа, Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар магадлалтай, Г.А-д холбогдох 1803006580364 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, И овогт Г-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...36,412,920 төгрөг” гэснийг “35,863,700 төгрөг” гэж, мөн эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэж заасан атлаа Г.А-д хуульд заасан хорих ялын дээд хэмжээгээр ял оногдуулжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэж заасан байхад хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “хохирогч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт бичиг бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 13-т “хэрэгт хамааралтай нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 14-т “хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4, 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 69-222 дугаар тал, хоёрдугаар хавтаст хэргийн 1-46 талд авагдсан баримтуудыг хохирогч талаас гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр баримтаас зарим нэг нь хэрэгт хамааралгүй өдөр тутмын хоол хүнсний зүйлс худалдаж авсан баримтууд бөгөөд айл өрхийн хэрэгцээний хүнсний зүйлсийн жагсаалт бүхий баримт байхад шүүх буруу үнэлж, хуулиа зөрчиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Г.А-ын холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлснөөс гадна төлөхөө ч илэрхийлсэн, өөрийн үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх мэт болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Г.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа хэлсэн саналдаа “Шүүгдэгч Г.А нь хохирлын тодорхой хэсгийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх хэрэглээгүй байна. Мөн хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хэрэглэж байсан эд зүйлийг хохиролд оруулан тооцсон нь буруу гэж үзэж байна” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд уг ослын улмаас нэг гэр бүлийн 4 хүнийн эрүүл мэндэд, хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байна. Энэ зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан 71 настай эмэгтэй Б.Ц нь одоо болтол ухаангүй байгаагаас дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзнэ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн Г.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замд “Тоёота приус” загварын 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглно: а.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Э-ийн жолоодож явсан “Тоёота приус” загварын 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Э, зорчигч Н.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас шүүгдэгчид сонгож оногдуулсан ялын хэмжээг тогтоосон үндэслэл, баримталсан шалгуурыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж байх нь зүйтэй бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод, эсхүл дээд хэмжээгээр ялыг тогтоож буй бол шийдвэрийнхээ үндэслэл болгосон нөхцөл байдлыг заавал зааж байх нь зохимжтой болно.    

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.А-ын үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал байгааг тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялын хамгийн дээд хэмжээ буюу 3 жил хорих оногдуулсан  нь хорих ялын хэмжээ гэм бурууд нь  тохирсон гэж үзэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Иймд шүүгдэгчийн Д.Цэрэнхандын гаргасан гомдлын ял хөнгөрүүлэх тухай хэсгийг хангаж, шүүгдэгч Г.А-д оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                   

    

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН