Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 07

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2020/00002 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Ц-д холбогдох “2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,449, 987 төгрөг 16 мөнгө, нотариатын зардалд 10,900 төгрөг, нийт 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,  шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл, Х.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Б, О.Ц нар нь “Х”-ны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201642706959 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ201742919058 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 562 472.63 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 200 000 төгрөг нийт 4 762 472.63 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168595 тоот зээлийн гэрээ байгуулан 4 138 211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7 000 000 төгрөг нийт 11 138 211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд, фото зургийн хэрэгсэл авахад зориулан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201743267789 тоот зээлийн гэрээ байгуулан 10 843 752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 500 000 төгрөг нийт 13 343 752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201843375955 тоот зээлийн гэрээ байгуулан 12 560 063.83 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 100 000 төгрөг нийт 13 660 063,83 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201843448876 тоот зээлийн гэрээ байгуулан 13 477 123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900 000 төгрөг нийт 14 377 123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулан 13 555 596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 200 000 төгрөг нийт 14 755 596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан тус тус авсан.

Зээлдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4 411 054.14 төгрөг, зээлийн хүү 4 354 164.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 277.43 төгрөг нийт 8 767 496.96 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 263 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний дагуу 1. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

2. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний нийт 15, 449, 987.16 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 10,900 төгрөг гаргуулах, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 15 460 887.16 төгрөг гаргуулах

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цгаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал бодож үзээд эвлэрлийн гэрээ байгуулах саналаас татгалзаж шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн учраас банкны зүгээс зээлийн гэрээг цуцлуулж, 15 460 887.16  төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч О.Ц анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай хүү Б.Б нь Өмнөговь аймгийн Номгон сумын “Х”-аас цалингийн зээл авсан. Б.Б нь 2018 оны 08 сард зуурдаар нас барсан. О.Ц миний бие тухайн үед цалингийн зээлийг ямар зориулалтаар авсныг мэдэхгүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар ч өрхийн орлого байхгүй болохоор энэ зээлийг төлөх боломжгүй. Хүү минь Номгон сумын цэргийн ангид ажилладаг байсан юм. Тэмцээн уралдаан болохоор хотын цэргийн ангиас нь дандаа дууддаг. Дуудах болгонд нь банкнаас зээл аваад явдаг байсан. Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн” гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2019/00002  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч О.Цгаас 15.460.887 төгрөг 16 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.154 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо: “...Зээлдэгч Б.Бг “Х”-ы Өмнөговь салбараас зээл авахад О.Ц нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч Б.Б нь өмнөх зээлийн үлдэгдэл 13,555,596.2 төгрөг дээр нэмж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээгээр 1,200,000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч О.Ц гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан гэр бүлийн болон өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог.  

Зээлдэгч Б.Б нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. ХААН Банк ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж, мөн зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар.....үүснэ” гэж, мөн зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

Мөн О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан” гэснээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээ тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг баталж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цд зээл авах хэрэгцээ шаардлага байна гэдгээ илэрхийлж зээл хүсэгчийн анкетыг бөглөж өгөхдөө цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй болохоо мэдүүлж байснаас гадна бусад баримтыг үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас зээлийг судлуулан зээл авсан. Хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.Ц оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан.

Зээлдэгч нар зээлийг тухай бүр авахдаа өрхийн хэрэгцээнд, сар шинийн хэрэгцээнд, гэр бүлийн хэрэгцээнд тус тус зориулан авсан бөгөөд О.Цгийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Харин зээлдэгч нар авсан зээлээ хэн, хэрхэн ашигласан гэдэг нь чухал биш ба уг зээл нь өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй харилцаанд зохицуулагдах хуулийн зохицуулалттай. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийг зохицуулсан зээлийн гэрээний харилцааг зохицуулах хуулийн зохицуулалттай болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Харин Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан ба зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа зээлийн гэрээний дагуу хариуцагчаас хэдэн төгрөгийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн ба зээлийн төлбөрийг хангуулах баталгаа нь барьцаа хөрөнгө байхад төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00002 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангуулахыг хүссэн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч О.Цд холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,449, 987 төгрөг 16 мөнгө, нотариатын зардалд 10,900 төгрөг, нийт 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ. 

Нэхэмжлэгч “Х” нь Б.Б, О.Цгийн нарыг Хаан банктай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-959 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш үлдэгдэл дээр нэмж, нийт 7 удаа зээлийн гэрээ байгуулснаас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сард нас барсан, зээлдэгч О.Ц гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр О.Цг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж түүнд холбогдуулан гаргасан шаардлага, үндэслэлээ тайлбарлажээ.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээг нэг талаас Хаан банкийг төлөөлж  Өмнөговь аймгийн Номгон сумын тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Б.Б, О.Ц нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулж, тус гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийн хэмжээ 13,555,596.2 төгрөг болохыг тогтоож,  1,200,000.0 төгрөгийн нэмэлт зээл олгож, нийт зээлийн хэмжээг 14,755,596.2 төгрөг гэж тооцон, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Б.Бгийн цалинг барьцаалж олгохоор, зээлдэгч нь 48 сарын хугацаагаар ашиглах, цалингаасаа эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 04-06/

Гэрээ нь “Зээлийн гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/ нэртэй боловч гэрээний 2.1.2-т зээл нь “ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ MNT” бүтээгдэхүүн болно, 2.1.5-т Энэхүү гэрээг байгуулах үеийн байдлаарх банкны цалингийн зээлийн ерөнхий нөхцлөөс хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлийн хүүгийн түвшинд дараах зохицуулалт хамаарна...” гэж тодорхой заажээ.

Зээл олгох, зээл төлүүлэх ажиллааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээнд уг гэрээг банк, Б.Б нарын хооронд байгуулсан тухай заасан байна. /хэргийн 07 дугаар хуудас/

Иймд БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээ, ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн тайлбараар зээл олгох, төлөх, гэрээний нөхцөл зэрэг нь Б.Бгийн  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар өөрийн сайн дураар хөдөлмөрлөж,  хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогоос хамаарч байх тул  Б.Бгийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 1.2-т заасантай нийцжээ. 

Хэрэгт зээлдэгч Б.Б нас барсан тухай нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангаагүй баримт хэрэгт байх ба түүнийг нас барсан талаар талууд маргаагүй байна. /хэргийн 37 дугаар хуудас/

Мөн түүний хаана ямар албан тушаалд ажилладаг байсан, ажилладаг байгуулллага буюу ажил олгогч нь Банктай хамтран ажиллах гэрээтэй зэргийг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч Б.Б нь Өмнөговь аймгийн Номгон суман дахь Цэргийн ангид ажилладаг байсан нь хариуцагч О.Цгийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Гэрээний “Зургаа. Гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлах” тухай гэх хэсэгт зээлдэгч нас барах тохиолдлыг нэрлэн заагаагүй боловч үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заажээ.  

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд  гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ эрх нь хуулийн хүрээнд байх нь хууль ёсны зарчимд нийцсэн байх хуулийн шаардлагатай тул Б.Бтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зээлдэдэгч Б.Б нас барснаар дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ MNT” бүтээгдэхүүний гэрээг цалингийн орлогогүй этгээдтэй байгуулж болох тухайгаа шүүхэд нотлоогүй байна.

Түүнчлэн хамтран үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ажил олгогчоос цалин авдаггүй О.Ц нь  цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, гарын үсэг зурсан явдал хууль ёсны байх зарчмын үүднээс Б.Бгийн банктай байгуулсан зээлийн  гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй тул ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээг цуцалж, О.Цгаас  үр дагавраас үүсэх үүргийг шаардах нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг буюу үүргийн зөрчлөөс үүсэх үүрэг болох барьцааны зэрэг үүрэг үүсэхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. 

Учир нь, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2022 онд дуусах гэрээг хугацаанаас нь өмнө  цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн атлаа талуудын гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийллээр Иргэний хуулийн ерөнхий ангийн 219, 204, 221, 225 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй зэрэг журмыг хэрэгжүүлж, хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, цаашид үүсэх үүргийн харилцаа дуусгавар болох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээг цуцалсан байна. 

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад хамаарах хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2020/00002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар О.Ц-д холбогдох “Х” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 235354 /хоёр зуун гучин таван мянга гурван зуун тавин дөрвөн  төгрөг / төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧИД                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                       Ш.ТӨМӨРБААТАР