| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2019/00103/И |
| Дугаар | 2 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 613 дугаартай шийдвэртэй,
Ц.Н, Ч.Г.н төлөөлөн нэхэмжлэгч Э.А нарын нэхэмжлэлтэй, О.Э, Ш.Б нарт холбогдох, гэм хорын хохирол 8 229 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Хариуцагч Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
Ч.Г.н төлөөлөн нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.Э “МТЗ-80” маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.Э нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь “Вендо” ХХК-ийн үнэлснээр 4108200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118000 төгрөг, авто машинд оношлогоо хийлгэхэд 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд О.Э, Ш.Б нараас гэм хорын хохирол 4579720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу “Prius 11 ” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машинаар явж байхад О.Э нь “МТЗ-80” маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жипний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл “МТЗ-80” маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.Б.н эхнэр нь хохиролд 1000000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3650000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50000 төгрөг, олох байсан орлого 1800000 төгрөг, нийт 3056500 төгрөгийг хариуцагч О.Э, Ш.Б нараар гаргуулна гэжээ.
Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1800 цагийн орчим зам дээр гараад буух гэж байтал “Prius 11” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Б.н трактор. Ш.Б тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Би намрын улиралд тухайн тракторыг барьж тариа хураах ажил хийж, Ш.Б.с цалин авдаг байсан. Ш.Б.с аваагүй байсан ажлын хөлс 1000000 төгрөгийг осол гарсны дараа Ц.Н.т өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Ш.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Б, О.Э нарын хооронд ямар нэг хөдөлмөрийн гэрээ байхгүй. “МТЗ-80” маркийн тракторын эзэмшигч нь “Х” нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Ц.с Д.А.д 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ажил олгогч нь Ш.Б гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол нь хариуцагч Ш.Б.тай холбоогүй. Нэхэмжлэгч Ч.Г.н нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь Ш.Б.г яагаад хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Тус "МТЗ-80" маркийн тракторын эзэмшигч “Х” нэгдэл юм. 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 онд Л.д шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ш.Б эзэмшигч гэдэг нь харагддаггүй. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас зам тээврийн осол гарсан гэдэг утгаар Ш.Б гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд биш юм. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авто осол гарсан. Үндэслэл нь О.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь Ц.Н, Ч.Г нарт хохирол учирсан талаарх ямар нэгэн тэмдэглэгээ биш юм. Тармуур зам дээр гарсан гэж захиргааны арга хэмжээ авсан. Тармуурын өргөний хэмжээ эсрэг урсгалд орсон. Нөхөн үзлэг дээр нийт замын өргөн 7 м гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 613 дугаартай шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Б.с нийт 5670700 /таван сая зургаан зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г.т 4.379.700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н.т 1291.500 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Н.н нэхэмжлэлийн шаардлагаас 2365000 /хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөг, Ч.Г.н нэхэмжлэлийн шаардлагаас 200020 /хоёр зуун мянга хорь/ төгрөг гаргуулах, хариуцагч О.Э.д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68450 /жаран найман мянга дөрвөн тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н.с 4900 /дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд, хариуцагч Ш.Б.с 120571 /нэг зуун хорин мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г.т 85025 /наян таван мянга хорин тав/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н.т 35546 /гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг тус тус олгож,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ш.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С давж заалдах гомдолдоо: “...Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хэт нэг талыг барьсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж харъяалын бус хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа \оршин байгаа\ нутаг дэвсгэрийн харъяаллаар гаргах, 14.1. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэмэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана,14.3. Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заасан байх бөгөөд хариуцагч гэх О.Э нь тус багт бүртгэлтэй боловч 2009 оноос хойш Улаанбаатар хотод түр оршин суугчаар амьдарч байгаа нь үнэн болно гэсэн Булган аймгийн ...засаг дарга Д.А ын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 56 тоот тодорхойлолт хавтаст хэргийн 32 дугаар талд байгаа билээ.
Нөгөө хариуцагч гэх Ш.Б нь Төв аймгийн ... оршин суудаг гэсэн тодорхойлолт зэргээр хаиуцагч нар нь Булган аймагт оршин суудаггүй болох нь засаг дарга нарын тодорхойлолтоор тогтоогдож байгаа билээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж хэргийг харъяалал зөрчиж шийдвэрлэсэн. Хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийг зөв тогтоогоогүй бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх \адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр \буюу учруулсан хохиролыг мөнгөөр төлнө” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь гэм хорын хохирол учруулсан авто механизмыг жолоодон явж осол, зөрчил гаргасан жолоочийг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн байна.
Учир нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан хүн бол авто техник буюу тракторыг жолоодон явсан жолооч О.Э билээ. Гэтэл хамааралгүй тэр битгий хэл тээврийн хэрэгслэлийн эзэмшигч биш хүнийг хариуцагчаар тооцсон нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гарлаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ гэж хариуцагч Ш.Б.г тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна. Учир нь Б нь энэ харэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд гуравдагч этгээд биш мөн түүнийг тээврийн хэрэгслэлийн эзэмшигч гэх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд байхгүй билээ. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гээд мөн Б ыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэсний дагуу эзэмших эрх олж авсан, тракторыг жолоодон явсан жолооч О.Э нь үүрэг хүлээсэн этгээд тул шууд эзэмшигч мөн билээ. Иймд О.Э.г хариуцлагаас бүрэн чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.г хариуцагч гэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан үндэслэлээр Б нь тээврийн хэрэгсэлийн эзэмшигч өмчлөгч биш тул хариуцлагыг дангаар хүлээх хууль зүйн үндэслэлгүй, тус хэргийн хариуцагч биш юм. Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ч.Г, Ц.Н нар нь хариуцагч О.Э, Ш.Б нараас гэм хорын хохиролд 8.229.720 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Э би тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч биш би гаргасан зөрчилдөө хариуцлага хүлээсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С “МТЗ-50” маркын тракторын эзэмшигч нь “Х” нэгдэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ш.Б биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Э нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний 19 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт “МТЗ-50” маркын **-** ӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.а дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж үүний улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 100 /зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Тухайн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Г.т тээврийн хэрэгсэл болон бусад зардал нийт 4.379.700 төгрөгний хохирол, нэхэмжлэгч Ц.Н.т тээврийн хэрэгсэл болон бусад зардал нийт 1.291.500 төгрөгний хохирол тус тус учиржээ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж зааснаас үзэхэд **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркын тээврийн хэрэгсэлийн хувийн хэргээс харахад Ш.Б ын аав нь Х нэгдлээс худалдаж авсан нь нотлогдсон бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь хэн болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хэний нэр дээр байгаа нь тодорхойгүй байна. /х.х-ийн117,118,120-123/
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б.г хэргийн хариуцагч биш гэж мэтгэлцэж давж заалдах гомдол гаргасан байгаа боловч хариуцагч Ш.Б нь тухайн тээврийн хэрэгсэлийг эзэмшин жил бүр О.Э.р бариулж хадлан хадуудж хөлс төлдөг байсан нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшэгч нь өмчлөгч гэж тооцогдоно” гэснээс үзэхэд Ш.Б нь тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч, өмчлөгч тул бусдад учирсан хохирлыг бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж харъяалалын бус хэргийг шийдвэрлэсэн өөрөөр хэлбэл мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн гэжээ.
Нэхэмжлэгч анх гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргахад нариуцагч О.Э Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт байнга оршин суудаг, хариуцагч Ш.Б нь Төв аймаг ...ийн “Н” гэх газар тус тус оршин суудаг байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэжээ.
Нэхэмжлэгч нар өөрсдийн үзэмжээр тухайн үед хариуцагч О.Э оршин суугаа Булган аймаг дахь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд шүүхийг хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул дээр дурьдсан үндэслэлүүдээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С.н давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120.571 /нэг зуун хорин мянга таван зуун далан нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
М.ХҮРЭЛБААТАР