Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 05

 

 

 

 

Монтракт групп ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00589 дугаар шийдвэртэй,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, 4/6 байрны 34 тоотод байрлах, Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын, Жаргалан багт байрлах “Ховд скай” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:  242,202,500 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Монтрак Групп ХХК нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборлолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.

Хариуцагч Ховд Скай ХХК нь нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно.

Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлбөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно.

“Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 360 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч Ховд Скай ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасаж тооцоход Ховд Скай ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно.

Үүн дээр хариуцагч Ховд Скай ХХК-ийн нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компанийн хохирлыг гаргуулж өгнө үү “гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь Монтракт ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Монтрак групп ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот  Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242,202,500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд скай ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг сөрөг сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 14/42 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 7.8-д заасан төлбөр төлөх үүргээ Ховд скай ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зөрчсөн тул мөн өдрөөс эхлэн гэрээний 9.4-д зааснаар нэг авто ачигчийн түрээсийн төлбөрийг 1 сард 15,000,000 төгрөг, хоёр авто ачигч нийт нэг сард 30,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлүүлэхээр тооцон 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх гэрээний нийт үргэлжлэх 6 сарын хугацаагаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 180,000,000 төгрөг төлүүлэхээр хариуцагч “Ховд скай” ХХК-ийн төлсөн 118,219,500 төгрөгийг хасаад 61,780,500 төгрөгийг,

2. Гэрээний хугацаа дууссан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл “Ховд скай” ХХК нь хоёр авто ачигчийг буцааж өгөлгүй эзэмшил, ашиглалтдаа байлгаснаас “Монтрак групп” ХХК-ийн олох ёстой байсан орлого буюу учирсан хохирлыг

а/ гэрээ цаашид үргэлжилсэнд тооцож

б/ Гэрээний 9.4-д заасан төлбөрийн хэмжээгээр 1 сард авто ачигчийн төлбөр 30,000,000 төгрөг 6 сард 180,000,000 төгрөгөөр тооцож 241,780,500 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 422,000 төгрөг  нийт 242,202,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00589 дугаар шийдвэрээр:“ 1 .Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан  нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд скай ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 / хоёр зуун дөчин хоёр сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Монтрак групп ХХК-иас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан Ховд скай ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,219,500 /нэг зуун найман сая хоёр зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ховд скай ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,447 /найман зуун есөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Монтрак групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан Ховд скай ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын  давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4 дэх заалтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

            Учир нь зохигчийн хоорондох гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдаж, төлөөлөл бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр албажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа болно.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд “Монтрак групп” ХХК болон “Ховд скай” ХХК-иудын гэрээнд “түрээслэгч үүргээ зөрчсөн тохиолдолд уг гэрээг түрээсийн гэрээ гэж үзэх агуулгыг тусгажээ. Гэрээний дээрх заалт нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, гэрээний талуудын чөлөөтэй зарчимд нийцсэн байдаг.

            Ийм байхад анхан шатны шүүх гэрээний 9.4 дэх заалтын агуулга хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр “Монтрак групп” ХХК-ийн “Ховд скай” ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхийг үгүйсгэсэнд гомдолтой  байна.

            Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан, санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэх харилцан эсрэг агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчиж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-д давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Ховд скай” ХХК-иас 242,202,500 төгрөг гаргуулж, “Монтрак групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, “Монтрак групп” ХХК-иас 118,219,500 төгрөгийг гаргуулах “Ховд скай” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг оруулахыг хүсье гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд скай ХХК төлбөр төлсөөр байтал тухайн 2 авто ачигчийг худалдан борлуулсан “Монтрак групп” ХХК-ийн үйлдэлд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс нэг тал гэрээг цуцалж өгсөн эд зүйлсээ буцааж авсан атал нөгөө тал болох “Ховд скай” ХХК-ийн гэрээний үүрэгт урьдчилгаа болон санхүүгийн түрээсийн гэрээнд заасан 108,219,500 төгрөгийг төлбөрөө төлсөн төлбөрийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нь нэхэмжлэгч нь гэрээнийхээ хугацаанд үүргээ гүйцэтгэхгүй байхад нь гэрээний зүйлээ буцаан авч, төлбөрөө нэхэмжлэх боломжтой байсан боловч яагаад хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчихөд гэрээний 9.1-д зааснаар түрээсийн зүйлийг буцаан аваагүй 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээ нотолж чадсангүй.

            Барьцааны агуулга нь хөрөнгөө дагадаг гэтэл хөрөнгөө авсан тал нь машины үнийг давхар авах нь хуульд нийцэхгүй байна.

            Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан талууд маргаагүй асуудлаар ч шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 108,219,500 төгрөг нэмж гаргуулсан магадлал гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь Ховдскай ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ховдскай ХХК нь Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Монтрак групп ХХК-нд холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховдскай ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байна. Мөн Ховдскай ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж тодруулсан байна.

            Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

            “Монтрак групп” ХХК нь “Ховдскай” ХХК-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй 2 ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 62250 ам доллароор түрээслүүлж, түрээслэгч “Ховд Скай” ХХК-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох 2 авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. 

            Ховдскай ХХК нь түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Монтрак групп ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйл буюу 2 ширхэг авто ачигчийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан “санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Учир нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний үед талууд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах нь эн тэргүүний зорилт биш, харин эд хөрөнгийг бусдын санхүүжилтийн тусламжтайгаар эзэмшиж, ашиглах буюу хөлслөх боломжтой болох нь лизинг хүлээн авагчийн үндсэн зорилго байдаг.

            Талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ нь “түрээслүүлэгч Монтрак групп ХХК нь гэрээний зүйл болох 2 ширхэг авто ачигч машиныг түрээслэгч Ховдскай ХХК-нд түрээслэн ашиглуулахад зориулан бүрэн төгс санхүүжилт өгөх зорилготой санхүүгийн түрээсийн гэрээ гэхээс илүүтэй гэрээний зүйлийг 6 сарын дараа өмчлөлд нь шилжүүлэхийг гол хүсэл зоригоо болгосон зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна”. Өөрөөр хэлбэл уг 2 ширхэг авто ачигч машиныг түр хугацаагаар ашиглуулах бус харин анхнаасаа гэрээ байгуулахдаа урьдчилгаа тохирч, үнийг хэсэгчлэн төлөх, үүнийхээ төлөө хүү тооцох, улмаар гэрээ дууссаны дараа өмчлөлд нь шилжүүлэх зорилготой байжээ.

Түүнчлэн өндөр үнийн дүнтэй буюу тус бүр нь 52.500 ам долларын үнэтэй 2 ширхэг авто ачигч машины үнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхдөө сарын 2 хувийн хүү тохирсон нь “бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг” гэхээсээ илүүтэй “бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг” гэж үзэхээр байна.  

            Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй.

Худалдагч Монтрак групп ХХК нь 2 ширхэг авто ачигч машиныг буцааж авсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах, худалдан авагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг худалдагчаас шаардах эрхтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699,047 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1,543,913 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,543,913 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 699,047 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, зохигчдод буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

             

             

           

           

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                           ШҮҮГЧИД                                                Б.ДАМБА

                                  

                                                                                                           М.НЯМБАЯР