Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-т холбогдох 201726011049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-н А, 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 жилээр тогтоож, 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн  хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар,14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

 

Б.А- нь Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-73 тоотод байрлах иргэн Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 6400 юань буюу 1.920.000 төгрөг, бэлнээр 250.000 төгрөг, “Жи-5”, “Самсунг галакси” загварын гар утаснууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн, П.Пүрэвсүрэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод байрлах иргэн Д.Ууганбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, алтан гулдмай, macbook, 12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд, бэлэн мөнгө, валют зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 211.895.089 төгрөгийн хохирол, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж нийт 214.630.089 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н А-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч 4 /дөрөв/ жилийн  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 500 /таван зуун/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 40.146.517 төгрөгийг гаргуулж хохирогч С.Очирбатад 1.367.500 төгрөг, хохирогч Д.Ууганбаярт 38.779.017 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би прокурор М.Амарзаяа болон шүүгч И.Ганбат нарт хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилсан. Учир нь, хохирогч Д.Ууганбаярт учирсан 211.895.089 төгрөгийн хохирлоос 38.779.017 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл гэмт хэргийг хамтарч үйлдсэн Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн, П.Пүрэвсүрэн нар нь мөрдөн байцаагч, хошууч н.Мижигсүрэн болон Баянзүрх дүүргийн прокурор н.Багшбаяр нарт хүсэлт гаргаж, эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулж, 211.895.089 төгрөгийн хохирол нь их хэмжээгээр багасаж өөрчлөлт орсон. Мөн Д.Очирбатад учруулсан хохирлоос би 100 юань авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож хохирлыг ялгавартай оноож өгөх талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байгаа хүний сэтгэцийн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй... 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралд би хоёр хохирогчийг оролцуулах хүсэлт гаргахад хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж надад ял шийтгэл оногдуулахдаа прокурор М.Амарзаяагийн 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад саналыг шүүх нь 3 жил 6 сарын болгон нэмж оногдуулсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор М.Амарзаяа нь 5 жил 6 сарын ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж, өмнө гаргасан шийдвэрээсээ няцаж миний эрх зүйн байдлыг дордуулж, шүүгч 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх шийдвэр гаргаж мөн л урьд гаргасан шийдвэрээсээ няцсан... Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Ууганбаяр, Д.Очирбат нараас уучлал гуйж, шүүхээс оногдуулсан хохирол, төлбөрийг хорих байгууллагаас суллагдаж гараад барагдуулна гэж бичгээр хүсэлт гаргасан. Ийм байхад шүүхээс 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хэт нэг талыг барьж ял шийтгэлийг хүндрүүлж байгаад гомдолтой байна. Хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх гомдлоосоо татгалзаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А- нь Д.Очирбатын дэлгүүрээс хулгай хийсэн үйлдлээс 100 юань авсан. Д.Ууганбаярын гэрээс хулгай хийсэн үйлдлээс 800 рубль авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасныг үндэслэн хэргийг нэгтгэн шалгахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хэргийг нэгтгэж шалгаснаар хэргийг хамтран үйлдсэн хүмүүсээс Б.А-ийн авсан зүйлийг тодруулж хохирлын асуудлыг бодитойгоор шийдвэрлэх боломжтой болно. Шүүгдэгч хэргээ нэгтгэж шалгуулах гомдлоосоо татгалзаж байгаа хэдий ч өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А- хохирлын талаар хүлээн зөвшөөрөөгүй маргаж байгаа. Хэргийг нэгтгэж шалгуулах талаар Х.Даваасүрэн өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Өмнөх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад ял шийтгэл болон дэглэмийг хүндрүүлсэн нь ойлгомжгүй байна... Шүүгдэгчийн ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж  өгнө үү...” гэв.

     

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан  шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Ууганбаяр, Д.Очирбат нар оролцож алдсан эд зүйлийнхээ талаар мэдүүлж, их гомдолтой байгаа гэдгээ хэлсэн... Шүүгдэгч Б.А- нь авсан зүйлийнхээ хэмжээгээр хохирлоо төлнө гэж гомдол гаргаж байгаа хэдий ч бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс хохирлыг хувь тэнцүүлэн хувааж гаргуулсан нь үндэслэлтэй... Б.А- гэм буруу дээр маргахгүй гэж байгаа ч хэргээ үнэн зөвөөр мэдүүлж чадахгүй байна. Б.А- оргон зайлж Э.Анх-Ирээдүйд холбогдох хэргийг тусгаарлаж одоо Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа. Мөн Б.Баярбат нарт холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирогч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 5 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргасан. Анхан шатны шүүх 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Шүүгдэгч Б.А- нь Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 6400 юань буюу 1.920.000 төгрөг, бэлнээр 250.000 төгрөг, “Жи-5”, “Самсунг галакси” загварын гар утаснууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн, П.Пүрэвсүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод байрлах иргэн Д.Ууганбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, алтан гулдмай, macbook, 12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд, бэлэн мөнгө, валют зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын тооцоог бүрэн, бодитой хийгээгүйгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

2 дугаар хавтас хэргийн 23 дугаар талд “Тоёота Приус-20” загварын 09-23 ДАХ улсын дугаартай автомашины багажинд үзлэг хийж, 31 төрлийн эд зүйлийг /Б.Баярбатаас/ хурааж авсан тэмдэглэл байх бөгөөд дээрх 31 төрлийн эд зүйлс дотор хохирогч Д.Ууганбаярын хэдэн төгрөгийн үнэлгээтэй, ямар эд хөрөнгө байсан, хэдэн төгрөгийн үнэлгээтэй, ямар эд хөрөнгийг хохирогчид буцааж өгсөн болох нь тодорхойгүй, хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна.

 

 Мөн 2 дугаар хавтас хэргийн 174 дүгээр талд Б.Баярбат нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол авагдсан байх бөгөөд тус шүүх хуралдаанд хохирогч Д.Ууганбаярын өгсөн “...Би 3 ширхэг цагаан шүрэн хөөрөг, хар хаш хөөрөг, халтар манан хөөргийг буцааж авсан. Мөн эцгээс өвлөгдөж ирсэн хөөргийг телевизийн худалдааны сувгаас 13.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэгт үндэслэн Д.Ууганбаярт учирсан 211.895.089 төгрөгийн хохирлоос /5 хөөрөгний хэмжээнд хохирол хасагдан/ 18.000.000 төгрөгийг хасч 193.895.089 төгрөгийг 5 хүнд хувь тэнцүүлэн хувааж Б.А-ээс 38.779.017 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ууганбаярт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;”, 3 дахь хэсгийн 3.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;”-ийг тусгана гэж заасантай нийцэхгүй, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогч Д.Ууганбаяр хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн, ямар эд хөрөнгөө буцааж авсан болох нь тодорхойгүй байхад 211.895.089 төгрөгийн хохирлоос ямар учраас 18.000.000 төгрөгийг хасч тооцсон талаар дүгнэлт хийгээгүй, хохирогч Д.Ууганбаярын эцгээс нь өвлөгдөж ирсэн халтар манан хөөргийг Хөрөнгийн үнэлгээний төв 90.000.000 төгрөгөөр үнэлж, уг хөөргийг хохирогч телевизийн худалдааны сувгаас 13.000.000 төгрөгөөр худалдаж авсан байхад 90.000.000 төгрөгөөс 13.000.000 төгрөгийг хасч, зөрүүг нь шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй  болжээ.

 

Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудаст үл хөдлөх эд хөрөнгийн 7 ширхэг гэрчилгээ, тонгорог 1 ширхэг, гинж 1 ширхэг, зүүлт 1 ком зэрэг эд зүйлийг хохирогч Д.Ууганбаяр хүлээн авсан, мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эд зүйл хүлээлгэн өгсөн талаар хохирогч мэдүүлсэн байх тул энэ нөхцөл байдлыг шалгах шаардлагатай.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Б.А-ийн “... хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Б.А- мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлснаар түүнд холбогдох хэргийг Э.Анх-Ирээдүй, Б.Баярбат  нарын хэргээс тусгаарласан байх бөгөөд хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүртэл Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН