Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 708

 

“ХШ” ТББ-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХШ” ТББ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХИ” ХХК, “ХАӨ” ХХК-уудад холбогдох

Бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, хохиролд 45 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХШ ТББ-ын өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч “ХИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, “ХАӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч ХШ ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах нэгж талбайн 143006/0130 18643311950908 дугаар бүхий 2376 м.кв газрыг “ХШ” ТББ-д эзэмшүүлсэн. Энэ эзэмшил газарт 2018 оны 4 дүгээр сард барилга барихаар төлөвлөж тусгай зөвшөөрлийг 2018 оны 6 дугаар сард авч, ондоо багтаан 7 давхар хүртэл барилгын ажлын карказ цутгалтаа хийхээр төлөвлөж суурийн ажлыг эхлүүлээд орхисон. Энэ төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэж чадаагүй шалтгаан нь барилгын хажууд байрладаг “ХИ” ХХК нь манай эзэмшил газарт өөрийн хашааг тэлж барьснаас шалтгаалж барилгын ажлаа хийж чадалгүй хойшилсон. Хашааг буулгах татаж авах талаар “ХИ” ХХК-д албан болон албан бусаар олон удаа хэлсэн боловч албан бичгийг хүлээж авдаггүй, хариу өгдөггүй байсан. Бид өөрийн эзэмшлийн барилгын талбайд орж барилгын зураг зурах, тэг тэнхлэгийн хэмжилт хийлгэх, барилгын суурийн хэмжилт хийлгэх болон Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх газраас техникийн нөхцөл авахаар инженерүүдийг оруулж хэмжилт хийлгэх гэхээр харуул нь оруулдаггүй байсан. Үүнээс шалтгаалж барилгын зураг төсөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог А даалгавар, мэдээллийн санд оруулдаг мэдээлэл гэх мэт бичиг цаасны ажлууд хийгдэхгүй байсаар 2018 оны 9 дүгээр сарыг хүргэсэн. “ХИ” ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлийг зогсоолгохоор Нийслэлийн засаг дарга, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад хандаж, Нийслэлийн засаг дарга Су.Батболдоос хашааг татаж авна уу гэсэн албан бичиг явуулсан боловч хүлээж аваагүй. Бид 2018 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрын төлөөлөлүүдийг байлгаж байгаад хашаагаа барьж хашаан дотор байсан бусад зүйлсийг өөрсдийнх нь хашаа руу нүүлгэсэн. Энэ ажлыг хийлгэх гэж хүмүүс хөлсөлж 5 хоног ажиллуулж 15.000.000 төгрөг төлсөн. Хэмжилт хийхээр хүмүүс очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь оруулаагүйгээс 3 удаа очсон. Энэ ажлын хөлсөнд нэмэлтээр 400.000 төгрөг төлсөн. 2018 оны 9 дүгээр сард барилгын ажлаа эхлүүлэхээр 6/2 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай зогсоолыг дамжин барилгын материал зөөвөрлөх тээврийн хэрэгсэл зорчихтой холбоотой хэлцэл байгуулж 15.000.000 төгрөг төлж барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсан. “ХИ” ХХК манай байгууллагын ажлыг саатуулснаас 2018 оны 6 дугаар сард эхлэх ёстой байсан барилга угсралтын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарч 10 дугаар сарын 24-ний өдөр барилгын суурийг цутгасан. Намар сэрүү орсон шөнөдөө -5 хэм хүртэл сэрүүхэн байсан тул барилгын ажилд хяналт тавьж байсан барилгын инженер, бетон зуурмагийн “Эйч Энд Эйч ремикон” ХХК шаардлага тавьж бетон зуурмагтаа хүйтний нэмэлт хий, эс тэгвэл хариуцлагыг хүлээхгүй гэсэн шаардлага тавьсан тул 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 606 м.куб бетонд хүйтний нэмэгдэл хийж 1 м.куб-д 55.000 төгрөгийн үнэтэй нэмэлт бодис хийж 15.150.000 төгрөг илүү төлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг даалгах гэсэн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч “ХИ” ХХК, “ХАӨ” ХХК-уудаас гэм хорын хохиролд 45.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХИ” ХХК-ийн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХИ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар “ХШ” ТББ-ын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд халдсан үйлдэл гаргаагүй. Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй газрыг “ХИ” ХХК-ийн газар гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газар, барилга нь Улсын комиссын актад эзэмшигч, өмчлөгчөөр “Саммит медикал сервис” ХХК гэж заасан байдаг. “ХИ” ХХК тухайн барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, барьж гүйцэтгэж буй компани нь “ХАӨ” ХХК. Манайх барилгыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж тухайн барилгаас тодорхой хэсгийг өмчлөхөөр хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч “ХИ” ХХК нь “ХШ” ТББ-ын барилгын орц, гарцыг хааж автомашин таглаж тавьсан гэж тайлбарладаг боловч хэдэн сарын хэдний өдөр, ямар улсын дугаартай, жолооч нь ямар хүн байсан талаарх баримтыг гаргаж өгдөггүй. Газрын тухай хууль, газар эзэмших гэрээнд зааснаар газар эзэмшигч нь газраа хамгаалах, хашаалах үүргийг хүлээдэг. Хашаа барих зардлаа бусдаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зөвшөөрөлгүй баригдсан хашаа нь “Саммит медикал сервис” ХХК-ийн 2012 онд барьсан хашаа юм. 2012 онд “ХШ” ТББ нь газрын эзэмшигч байгаагүй. Тэр үед энэ газар нь Гэмтэл согог судлалын харьяа Түлэнхийн төвийн газар байсан. 2014 онд “ХШ” ТББ газар эзэмшигч болсон. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс барилга барих ажиллагааг эхлүүлсэн нь манайд хамааралгүй. Нийслэлийн засаг дарга тухайн хашааг буулгах үүрэг даалгаварыг “Саммит медикал сервис” ХХК-д өгснөөс нь тодорхой харагдах тул хамааралгүй компаниудад холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Барилгын ажлын зөвшөөрөл авахын тулд мөн тухайн газрын орц, гарцын асуудлыг нэн тэргүүнд шийддэг. Барилга барих газрын 30 хувьд зөвхөн барилгажих талбай байх ёстой. Гэтэл гарц байгаагүй гэдгийг хавтаст хэргийн 44 дүгээр талд байгаа албан бичигт нэхэмжлэгч тал албан ёсны гарц байхгүй тул албан ёсны гарц гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Газрын албанд гаргасан байдаг. Газрын кадастрын зураг дээрээс нь харахад бусдын эзэмшил газар дээгүүр дайран өнгөрөхгүйгээр өөрсдийн эзэмшил газраараа гарцаар гарах боломж байхгүй. “Саммит медикал сервис” ХХК-ийн газрын кадастрын зураг хэрэгт авагдсан байгаа. Гэтэл гарцгүй байдлыг шийдэхийн тулд нийтийн эзэмшлийн газар дээгүүр буюу тухайн орон сууцны хажуугаар дайран өнгөрөхдөө хохирлын төлбөр болгож 15.000.000 төгрөг төлж гэрээ байгуулсан. Өөрсдийн орц, гарцгүй байдлыг шийдсэн асуудлаа хариуцагчид хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр зүйлд орчны газрын эзэмшигч нартай зөвшилцсөний үндсэн дээр барилга байгууламжийг барина. Хэрэв тухайн орчны газар эзэмшигч нартай зөвшилцөөгүй бол архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 82 дугаар талд байгаа баримтаар тогтоогдоно. Гэтэл ямар нэгэн байдлаар “Саммит медикал сервис” ХХК-тай зөвшилцсөн баримт ирүүлээгүй. Ганц ирсэн баримт нь н.Хандмаатай хэлэлцсэн баримтаар хохирол төлбөр учирсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. “Саммит медикал сервис” ХХК-ийн барилгын хамгаалалтыг “Хатмес” ХХК хариуцаж байсан. Бусдын барилгын талбай руу хэн нэгэн этгээд дайран орж, манай газар гэвэл оруулахгүй нь ойлгомжтой. Энэ талаарх маргааныг хамгаалалтын албатай хариуцлага тооцох ёстой болохоос барилгын хөрөнгө оруулагч хариуцахгүй. Барилгын ажлын зөвшөөрөл авснаар барилгын ажил эхэлдэг. Баримтаас харахад өөрсдөө зөвшөөрөл энэ бичгээ хөөцөлдөж явсаар барилгын ажил эхлүүлэх цаг хугацаа алдсан байна. Иймд геодезийн нэмэлт зураг гаргасан төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс “Саммит медикал сервис” ХХК зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврын дүрмийн 9-т заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болох гээд байсан. Иймд одоог хүртэл “Саммит медикал сервис” ХХК-ийг хариуцагч болон хамтран хариуцагчаар татаагүй байна. Цаг хугацаа хэн алдсан, барилгын зөвшөөрөл 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан зэрэг нь “ХШ” ТББ-ын төлөвлөгөөний дагуу гарч буй асуудал. Бетон нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан байна. Хэрэв урьдчилан сэргийлэх байдлаар нэмэлт бодис нэмсэн бол нэхэмжлэгч тал эрсдэлээ тооцож гаргасан. Энд хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үнийн дүнгийн задралыг харахад “ХШ” ТББ-аас зардал гараагүй. “Тэнгэр уул констракшин” ХХК тухайн төлбөрүүдийг төлсөн баримт байна. “ХШ” ТББ-аас манай хөрөнгө оруулагч компани гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэг ч баримт хэрэгт байхгүй. “ХШ” ТББ-ын эзэмшиж байгаа газрыг Нийслэлийн засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр А/686 тоот захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъя Түлэнхийн төв буюу төрийн байгууллагын газрыг хууль бусаар эзэмшиж авсан гэж үзсэн. Анхнаасаа хууль бусаар олгогдсон газарт барилга барих эрх байхгүй. Газар чөлөөлсөнтэй холбоотой зардлыг газар эзэмшигч өөрөө гаргадаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХАӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХАӨ” ХХК нь 2016 онд “Саммит медикал сервис” ХХК-ийн газар дээр баригдаж буй барилгын гүйцэтгэгчээр ажилласан. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь “Саммит медикал сервис” ХХК-ийн эзэмшлийн газарт хашаа барьснаас манайд гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Тэр хашааг “ХАӨ” ХХК бариагүй. Тухайн газар, барилгын эзэмшигч өмчлөгч нь Саммит медикал сервис ХХК. Орц, гарцыг хааж автомашин байрлуулж барилгын ажилд саад учруулсан гэдэгт “ХИ” ХХК-тай санал нэг байна. Барилгын ажлын харуул хамгаалалтыг “Хатмес” ХХК бүрэн хариуцаж ажиллаж байсан. Тухайн барилгын харуул хамгаалалтыг хариуцах эрх, үүрэг “ХАӨ” ХХК хүлээгээгүй. “ХАӨ” ХХК-ийн зүгээс “Цаст констрашин” ХХК, “Нутгийн зам” ХХК-ийг сүрдүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тодорхой үйл баримт тогтоогдоогүй. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/686 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой субъект нь “ХШ” ТББ биш гэдэг нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу тухайн газрын асуудлаар эрх эдэлж, үүрэг хүлээх эрхтэй этгээд биш гэдэг нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХИ” ХХК, “ХАӨ” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ХШ” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Нэхэмжлэгч “ХШ” ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг хуваарилах ажиллагаа хийлгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд "...Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна..." гэсэн байх боловч хавтаст хэргийн материалаас хэн гэдэг иргэдийн төлөөлөгчид, хэзээ ямар байдлаар тов мэдэгдсэн болох нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэдийн-төлөөлөгчийг томилоогүй, тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 00227 дугаар шүүх хүралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар "...шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Кульдана, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарыг бүрэлдэхүүнээр томилсон шийдвэрийг албажуулсугай..." гэж даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг зөрчсөн болно. /2 хх-ийн 223/ Энэхүү иргэний хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүссэнээс хойш 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил 2 сар гаруйн хугацаанд нийт 8 удаа шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хишиг арвин индустрал” ХХК-иас хохирол 45.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. \1хх-ийн 69-72\ Иймд дээрх шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжийн дагуу шүүх бүрэлдэхүүн нь "хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх эрхгүй байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүх Нэхэмжлэгч Л.Одзаяагийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Лхагвадоржид холбогдох хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх зүйлээс үндэслэн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийгдахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХШ” ТББ нь хариуцагч “ХИ” ХХК, “ХАӨ” ХХК-уудад холбогдуулан эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах шаардлагаас татгалзжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШТ2019/00360 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Саммит медикал сервис” ХХК-ийн газар дээр баригдсан барилгыг барих ажиллагааны явцын орц гарц хэсгийг харуулсан барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгт хамааралтай гэж үзэж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нотлох баримт гаргуулахаар хангаж шийдвэрлэжээ. /2хх-ийн 154/

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, загвар зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч захирамжид заасан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй буюу “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус газрын Кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авна уу...“ гэсэн байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна. /2хх-ийн 186/

 

Хариуцагч талаас мөн “Саммит медикал сервис” ХХК-ийн эзэмшлийн кадастрын зургийг болон “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн төлбөр төлсөн байдлыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөнтэй холбоотой байна. /хх-ийн 149/

 

Мөн нэхэмжлэгч нь “ХАӨ” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар захирамжид “ХАӨ” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах талаар заагаагүй орхигдуулж, улмаар 2 хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна.  /хх-ийн 136, 217, 2хх-ийн 234/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авах, удаа дараа үзлэг хийх, иргэн, хуулийн этгээдээс бичмэл нотлох баримтууд гаргуулах зэрэг ажиллагааг явуулсан хэдий ч хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтын талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй  орхисон нь учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 96 дугаар зүйлийн 96.1, 100 дугаар зүйлийн 100.8 дэх хэсэгт тус тус заасныг шүүх зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “ХШ” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                 Н.БАТЗОРИГ