Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00315

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00315

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ТББ

Хариуцагч: И ХХК

Хариуцагч: А ХХК

Бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.ТББ гүйцэтгэх захирал Г.М, өмгөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах нэгж талбайн 0000000000000000 дугаар бүхий 2376 мкв газрыг Х ТББ-д эзэмшүүлсэн. Энэ эзэмшил газарт 2018 оны 04 дүгээр сард барилга барихаар төлөвлөж тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сард авч, ондоо багтаан 7 давхар хүртэл барилгын ажлын карказ цутгалтаа хийхээр төлөвлөж суурийн ажлыг эхлүүлээд орхисон. Энэ төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэж чадаагүй шалтгаан нь барилгын хажууд байрладаг А ХХК нь манай эзэмшил газарт өөрийн хашааг тэлж барьснаас шалтгаалж барилгын ажлаа хийж чадалгүй хойшилсон. Хашааг буулгах татаж авах талаар А ХХК-нд албан болон албан бусаар олон удаа хэлсэн боловч албан бичгийг хүлээж авдаггүй, хариу өгдөггүй байсан. Бид өөрийн эзэмшлийн барилгын талбайд орж барилгын зураг зурах, тэг тэнхлэгийн хэмжилт хийлгэх, барилгын суурийн хэмжилт хийлгэх болон Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх газраас техникийн нөхцөл авахаар инженерүүдийг оруулж хэмжилт хийлгэх гэхээр харуул нь оруулдаггүй байсан. Үүнээс шалтгаалж барилгын зураг төсөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог А даалгавар, мэдээллийн санд оруулдаг мэдээлэл гэх мэт бичиг цаасны ажлууд хийгдэхгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарыг хүргэсэн. А ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлийг зогсоолгохоор Нийслэлийн засаг дарга, МХГ, Цагдаагийн байгууллагад хандаж, Нийслэлийн засаг дарга Су.Батболдоос хашааг татаж авна уу гэсэн албан бичиг явуулсан боловч хүлээж аваагүй. Бид 2018 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллага, МХГ-ын төлөөлөлүүдийг байлгаж байгаад хашаагаа барьж хашаан дотор байсан бусад зүйлсийг өөрсдийнх нь хашаа руу нүүлгэсэн. Энэ ажлыг хийлгэх гэж хүмүүс хөлсөлж 5 хоног ажиллуулж 15.000.000 төгрөг төлсөн. Хэмжилт хийхээр хүмүүс очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь оруулаагүйгээс 3 удаа очсон. Энэ ажлын хөлсөнд нэмэлтээр 400.000 төгрөг төлсөн. 2018 оны 09 дүгээр сард барилгын ажлаа эхлүүлэхээр 6/2 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай зогсоолыг дамжин барилгын материал зөөвөрлөх тээврийн хэрэгсэл зорчихтой холбоотой хэлцэл байгуулж 15.000.000 төгрөг төлж барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсан. А ХХК манай байгууллагын ажлыг саатуулснаас 2018 оны 06 дугаар сард эхлэх ёстой байсан барилга угсралтын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарч 10 дугаар сарын 24-ний өдөр барилгын суурийг цутгасан. Намар сэрүү орсон шөнөдөө -5 хэм хүртэл сэрүүхэн байсан тул барилгын ажилд хяналт тавьж байсан барилгын инженер, бетон зуурмагийн Эйч Энд Эйч ремикон ХХК шаардлага тавьж бетон зуурмагта хүйтний нэмэлт хий эс тэгвэл хариуцлагыг хүлээхгүй гэсэн шаардлага тавьсан тул 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 606 мкуб бетонд хүйтний нэмэгдэл хийж 1 мкуб-д 55.000 төгрөгийн үнэтэй нэмэлт бодис хийж 15.150.000 төгрөг илүү төлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг даалгах гэсэн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч А ХХК, И ХХК-наас гэм хорын хохиролд 45.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар Х.ТББ газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд халдсан үйлдэл гаргаагүй. Энэ нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно. Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлээ таслан зогсоох, гэм хорын хохирол гаргуулах шаардлагуудад гэм хор учруулсан үйлдэл болон хариуцлагыг үндэслэгч шалтгаант холбоо байх ёстой. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох ёстой. Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй газрыг А ХХК-ийн газар гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газар нь С ХХК-ийн өмчлөлийн газар. Газар дээр баригдаж буй барилга нь мөн С ХХК-ийн барилга. Улсын комиссын актад эзэмшигч, өмчлөгчөөр нь С ХХК гэж заасан байдаг. А ХХК тухайн барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, барьж гүйцэтгэж буй компани нь И ХХК. Манайх барилгыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж тухайн барилгаас тодорхой хэсгийг өмчлөхөөр хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч А ХХК нь Х.ТББ барилгын орц, гарцыг хааж автомашин таглаж тавьсан гэж тайлбарладаг боловч хэдэн сарын хэдний өдөр, ямар улсын дугаартай, жолооч нь ямар хүн байсан талаарх баримтыг гаргаж өгдөггүй. Автомашины нэр, өнгө, улсын дугаар зэргийг нэхэмжлэлдээ дурдаагүй мөртлөө А ХХК-нд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь буруу. Нэхэмжлэгч тал гэм хор учирсан гэж тайлбарлаад байна. Хашаа барих болон буулгах зардал 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Газрын тухай хууль, газар эзэмших гэрээнд зааснаар газар эзэмшигч нь газраа хамгаалах, хашаалах үүргийг хүлээдэг. Хашаа барих зардлаа бусдаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зөвшөөрөлгүй баригдсан хашаа нь С ХХК-ийн 2012 онд барьсан хашаа юм. 2012 онд Х ТББ нь газрын эзэмшигч байгаагүй. Тэр үед энэ газар нь Гэмтэл согог судлалын харьяа Түлэнхийн төвийн газар байсан. 2014 онд Х ТББ газар эзэмшигч болсон. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс барилга барих ажиллагааг эхлүүлсэн нь манайд хамааралгүй. С ХХК-ийн 2012 онд барьсан хашааны буулгах зардлыг А ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн хашааг чөлөөлөх үүрэг нь С ХХК-д байна. Нийслэлийн засаг дарга тухайн хашааг буулгах үүрэг даалгаварыг С ХХК-д өгснөөс нь тодорхой харагдах тул хамааралгүй компаниудад холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Орц, гарц чөлөөлсөн зардалд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Барилгын ажлын зөвшөөрөл авахын тулд мөн тухайн газрын орц, гарцын асуудлыг нэн тэргүүнд шийддэг. Барилга барих газрын 30 хувьд зөвхөн барилгажих талбай байх ёстой. Бусад газар нь өөрөөр төлөвлөгдсөн байдаг. Гэтэл энэ барилга дээр барилгын талбайн 80, 90 орчим хувьд нь барилга баригдсанаар өөрсдөө орц, гарцын асуудлыг шийдэж чадахгүй байдалд хүрсэн. Гарц байгаагүй гэдгийг хавтаст хэргийн 44 дүгээр талд байгаа албан бичигт нэхэмжлэгч тал албан ёсны гарц байхгүй тул албан ёсны гарц гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Газрын албанд гаргасан байдаг. Газрын кадастрын зураг дээрээс нь харахад бусдын эзэмшил газар дээгүүр дайран өнгөрөхгүйгээр өөрсдийн эзэмшил газраараа гарцаар гарах боломж байхгүй. С ХХК-ийн газрын кадастрын зураг хэрэгт авагдсан байгаа. Гэтэл гарцгүй байдлыг шийдэхийн тулд хажуу талын орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дарга н.Хтай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр нийтийн эзэмшлийн газар дээгүүр буюу тухайн орон сууцны хажуугаар дайран өнгөрөхдөө хохирлын төлбөр болгож 15.000.000 төгрөг төлж гэрээ байгуулсан. Өөрсдийн орц, гарцгүй байдлыг шийдсэн асуудлаа хариуцагчид хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр зүйлд орчны газрын эзэмшигч нартай зөвшилцсөний үндсэн дээр барилга байгууламжийг барина. Хэрэв тухайн орчны газар эзэмшигч нартай зөвшилцөөгүй бол архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 82 дугаар талд байгаа баримтаар тогтоогдоно. Гэтэл ямар нэгэн байдлаар С ХХК-тай зөвшилцсөн баримт ирүүлээгүй. Ганц ирсэн баримт нь н.Хтай хэлэлцсэн баримт. н.Хтай хэлэлцээд орц гарцаа шийдэж байгаа нь нэхэмжлэгч талын өөрийнх нь асуудал. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаж. Хохирол төлбөр учирсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Геодезийн хэмжилтийн зардал болох 400.000 төгрөгийг А ХХК-аас нэхэмжилж байна. С ХХК-ийн барилгын хамгаалалтыг Хатмес ХХК хариуцаж байсан. Хэн нэгэн этгээд барилгын талбайд зөвшөөрөлгүй орохыг хориглодог. Энэ үүргийг хамгаалалтын компани гүйцэтгэнэ. Газар эзэмших гэрчилгээ, газрын кадастрын зураг, Газрын албаны тодорхойлолт зэрэг материалуудтай очсон бол хамгаалалтын албаныхан оруулж магадгүй. Гэтэл бусдын барилгын талбай руу хэн нэгэн этгээд дайран орж. Манай газар гэвэл оруулахгүй нь ойлгомжтой. Энэ талаарх маргааныг хамгаалалтын албатай хариуцлага тооцох ёстой болохоос барилгын хөрөнгө оруулагч хариуцахгүй. Барилгын ажлын зөвшөөрөл авснаар барилгын ажил эхэлдэг. Баримтаас харахад өөрсдөө зөвшөөрөл энэ бичгээ хөөцөлдөж явсаар барилгын ажил эхлүүлэх цаг хугацаа алдсан байна. Иймд геодезийн нэмэлт зураг гаргасан төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс С ХХК зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврын дүрмийн 9-т заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болох гээд байсан. Иймд одоог хүртэл С ХХК-ийг хариуцагч болон хамтран хариуцагчаар татаагүй нөхцөл байдал байна. Бетон зуурмагийн нэмэлт бодис 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Цаг хугацаа хэн алдсан, барилгын зөвшөөрөл 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан зэрэг нь Х.ТББ төлөвлөгөөний дагуу гарч буй асуудал. Бетон нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д -5 хэмээс дээш хэмд хүйтэрсэн тохиолдолд нэмэлт бодис нэмэхээр заасан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн бетоны хэм +3,4 хэм, оройдоо -6,9 хэм, орчны хэм өглөө 1, орой 5 хэмийн дулаан байна гэж заасан байна. Бетоны актад тусгагдсан байгаа. Хэрэв урьдчилан сэргийлэх байдлаар нэмэлт бодис нэмсэн бол нэхэмжлэгч тал эрсдэлээ тооцож гаргасан. Энд хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үнийн дүнгийн задралыг харахад Х ТББ-аас зардал гараагүй. Тэнгэр уул констракшин ХХК тухайн төлбөрүүдийг төлсөн баримт байна. Х ТББ-аас манай хөрөнгө оруулагч компани гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэг ч баримт хэрэгт байхгүй. Х.ТББ эзэмшиж байгаа газрыг Нийслэлийн засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А/686 тоот захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъя Түлэнхийн төв буюу төрийн байгууллагын газрыг хууль бусаар эзэмшиж авсан гэж үзсэн. Анхнаасаа хууль бусаар олгогдсон газарт барилга барих эрх байхгүй. Газар чөлөөлсөнтэй холбоотой зардлыг газар эзэмшигч өөрөө гаргадаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Х ариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И ХХК нь 2016 онд С ХХК-ийн газар дээр баригдаж буй барилгын гүйцэтгэгчээр ажилласан. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь С ХХК-ийн эзэмшлийн газарт хашаа барьснаас манайд гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Тэр хашааг И ХХК бариагүй. 2012 онд баригдсан байсан хашаа болох нь хэрэгт авагдсан гэрч н.Авирмэдийн мэдүүлгээр нотлогддог. 2012 онд баригдсан хашааны асуудалд барилгын гүйцэтгэгчээр ажилласан И ХХК ямар үндэслэлээр холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн газар, барилгын эзэмшигч өмчлөгч нь С ХХК. Орц, гарцыг хааж автомашин байрлуулж барилгын ажилд саад учруулсан гэдэгт А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Манай компаний зүгээс орц, гарц хаасан асуудал байхгүй гэдгийг удаа дараа хэлж байна. Геодезийн хэмжилт хийхээр очиход харуул хамгаалалтын ажилчид нь оруулахгүй саад учруулснаас шалтгаалж 400.000 төгрөгний нэмэлт төлбөр гарсан гэж нэхэмжилж байна. Барилгын ажлын харуул хамгаалалтыг Хатмес ХХК бүрэн хариуцаж ажиллаж байсан. Тухайн барилгын харуул хамгаалалтыг хариуцах эрх, үүрэг И ХХК хүлээгээгүй. Мөн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны захиралтай тохиролцож орц гарцын асуудлаа шийдсэн гэж тайлбарлаж 15.000.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. И ХХК-ийн зүгээс Цаст констрашин ХХК, Нутгийн зам ХХК-ийг сүрдүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тодорхой үйл баримт тогтоогдоогүй. Тэгээд ч маргаан бүхий газар нь Х.ТББ газар мөн эсэх асуудал яригдана. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/686 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд нь сэргээх байдаг. Х ТББ маргааны зүйл болж буй газрын эзэмшигч болон эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой субъект мөн үү гэх асуудал яригдана. Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой субъект нь Х ТББ биш гэдэг нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу тухайн газрын асуудлаар эрх эдэлж, үүрэг хүлээх эрхтэй этгээд биш гэдэг нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ТТБ нь хариуцагч А ХХК, И ХХК-нд холбогдох шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан байна.

Нэхэмжлэгч Х ТББ нь Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороонд байрлах нэгж талбайн 143006/0130 18643311950908 дугаар бүхий 2376 мкв газрыг Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 захирамжаар эзэмших эрхийг 3 жилийн хугацаатай шилжүүлэн авч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж эзэмших эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн засаг даргын захирамж, газрын байршлын кадастрын зураг, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /хх-5-12/ гэсэн баримтуудаар тогтоогдож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан байна.

Х ТББ нь эзэмшлийн газартаа орон сууц, спорт чийрэгжилтийн барилга, газар доорх авто зогсоол барихаар төлөвлөж барилгын зураг гаргаж архитектур төлөвлөлтийн газраар батлуулж барилгын ажлыг эхлүүлсэн боловч хариуцагч компаниуд орц гарц чөлөөлж өгөөгүйгээс гэм хор учирсан гэж тайлбарлан 45.550.000 төгрөг хохиролд шаардсанг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Х ТББ нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мтэй А ХХК-ийн хашааг буулгаж, газрын албанаас тогтоосон кадастрын цэгийн дагуу шинээр хашаа барих тухай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 15.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжилсэн боловч төлбөрийг ТХХК төлсөн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны орц гарц чөлөөлж, хамтран ажиллах тухай хэлцлийг тус хорооны 6/2 дугаар байр 3 тоот хаягт оршин суух иргэн Б.Хтай байгуулж 15.000.000 төгрөг төлсөн гэж шаардан иргэн М.Тийн Хаан банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, М.Тоос Б.Хд мөнгө хүлээлцсэн баримтыг ирүүлсэн боловч Х ТББ-аас гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй, М.Т Х ТББ-д ажилладаг, компанийг төлөөлж хэлцэл байгуулах эрхтэй эсэх талаар баримтгүй, тэг тэнхлэгийн геодезийн хэмжилт хийсэн төлбөр 400.000 төгрөг нэхэмжилсэн боловч Тэнгэр Уул констаркшн ХХК төлбөрийг төлсөн, Т ХХК, Эйч Энд Эйч ремикон ХХК-тай байгуулсан бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн тооцоо нийлсэн баримтаар төлсөн хөлдөлтийн эсрэг нэмэлт бүтээгдэхүүний үнэ 15.150.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар баримтгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Т ХХК барилгын хөрөнгө оруулагч хэмээн тайлбарлаж хохирол шаардсан боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, ямар үндэслэлээр Тий төлбөр төлсөн баримтыг үндэслэн хариуцагч нараас гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчид бодит хохирол учирсан, зардал гарсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч А ХХК, И ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.ТББ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан гаргасан эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан тул үүнтэй холбоотой цуглуулсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А ХХК, И ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 45.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.ТББ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Х ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

А.САРАНТУЯА