Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 540

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00529

 

 

У.О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэртэй, У.О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, П.Анаргүль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.О компани Н ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, У.О компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр Н ХХК-д худалдаж, Н ХХК нь 2012 оны XCMG маркийн 1876 УБ улсын дугаартай авто буулгагч, 2010 оны NORDBENZ маркийн 4255 УНМ улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130 000 000 төгрөгөөр бартерт, үлдэх 360 000 000 төгрөгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс Н ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 260 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 19 500 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлснээр нийт 279 500 000 төгрөгийг төлсөн. Гэрээнээс өмнө өгсөн 10 000 000 төгрөгийг ямар учраас шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Энхжаргал нь компанийн гүйцэтгэх албан тушаалтан биш байхад түүний дансаар шилжүүлсэн 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Н ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэвч Н ХХК нь 1876 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгсөн боловч уг авто буулгагч/ковш/-ийг биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй. Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн. Ийнхүү Н ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гарахгүй байсан учир 2017 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг Н ХХК нь хүлээн авсан боловч ямар ч үр дүн гараагүй. Н ХХК-ийн захирал Н.Баяржавхлангийн дээрх үйлдэл нь залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Цагдаагийн хэлтэст Н ХХК-ийн захирал Н.Баяржавхлан нь автомашин, төлбөрийг удахгүй барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. 2016 оны 6 дугаар сараас хойш жил гаруй хугацаанд Н ХХК-аас ачааны машин болон ковш, үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах гэхэд Н.Баяржавхлан нь худал хэлэн, хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар манай компани үл хөдлөх хөрөнгө ч үгүй, гэрээний төлбөрт авах автомашин, техник, мөнгө ч үгүй болоод байна. Мөн Н ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016 оны 6 дугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан Н ХХК нь хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн. Манайх өмнө нь өргөтгөлийг 60 м.кв талбайтай гэж бодож нэхэмжилсэн ч саяхан Барилгын зураг төслийн Алтан дуулга хаус ХХК-ийн гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Найман шарга ХҮТ-ийн 17/20 тоот Ундрам-Од ХХК-ийн барилгын өргөтгөл, цайны газрын ажлын зургийг олж авсанаар талбайг нь 92,07 м.кв гэж мэдсэн. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 40,50 мянгатын 45-01 тоот хаягт байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2202000360 дугаарт бүртгэлтэй объектыг худалдахаар тохиролцсон. Гэтэл Н ХХК нь Худалдаа хөгжлийн банкны зээлээр барьсан 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр манай өмч гэж маргаж өнөөдрийг хүртэл эмийн сан, оёдлын газарт түрээслүүлэн ашиг олж байна. Иймд Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь У.О ХХК нд ашиггүй болсон тул Иргэний хуулийн 225.3-т зааснаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, У.О ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.О ХХК-тай нэг байранд өөрсдийн тус тусын эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сараас эхлэн У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид гэх З.Энхтуяа, З.Энхжаргал нар нь манай компани Худалдаа хөгжлийн банкинд 100 000 000 төгрөгийн зээлтэй, зээл нэхэгдээд хэцүү байгаа учраас караоке худалдах гэсэн юм, караокег худалдаад авчих, ашиг орлого ихтэй, тэгээд ч нэг байранд байдаг юм чинь өргөтгөлд нь ажлын өрөөгөө хийчих боломжтой, бид нар даан ч зээлээ төлж чадахгүй балраад байна гэх мэтээр байн байн гуйх болсон. У.О ХХК-ийн караоке явуулж буй объектыг үзэхэд дээвэр тал нь цоорхой, ус гоождог, шарлаж мөөгөнцөртсөн нуралт үүссэн байсан. Ийм байрыг авахгүй гэхэд, бид нар засварлаад өгнө, засварын мөнгийг урьдчилаад гаргачих, засаад өгнө, ашигтай шүү, бүр болохгүй бол ажиллуулахад чинь тусална гэж надад итгэл төрүүлсэн. Тэд засварт өгсөн мөнгийг чинь объектыг худалдан авах төлбөр 490 000 000 төгрөгөөс чинь хасаад тооцно. Мөн тус мөнгөний тодорхой хэсэгт хоёр машин оролцуулан авахад татгалзах зүйлгүй гэсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр У.О ХХК-ийг төлөөлж захирал З.Энхтуяа, үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Ц.Содном нар, Н ХХК-ийг төлөөлж Н.Баяржавхлан нар оролцон Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь худалдагч тал У.О ХХК нь Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат /15171/ хороолол жуулчны гудамж, 45-1 тоотод байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй Үл хөдлөх хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр Н ХХК-д худалдахаар тохиролцон доорх нөхцлөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр болох 130 000 000 төгрөгт Н ХХК-ийн захирал Н.Баяржавхлангийн ХСМG маркийн УБ1876 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3443 улсын дугаартай ТОҮОТО САМRҮ маркийн 2007 оны машин зэргийг Ундрам-Од ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Манай Н ХХК нь гэрээний дагуу УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг У.О ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудлын машиныг шилжүүлээгүй байгаа учир нь бидний дунд тохирсон яриа байгаа. Н ХХК хэлсэн ёсоороо гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дараах байдлаар төлбөрийг төлж эхэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг /бэлэн мөнгөний баримт байгаа/ У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Содном нарт, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2 900 000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалын 5024210459 дансанд, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 2 000 000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг 5029530020 /андуурч хийгээд Эрэндэн-Очироос Ц.Содном, З.Энхжаргал хоёр очиж авсан/-д, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ хийсний дараа 22 000 000 төгрөгийг З.Энхжаргал, Ц.Содном хоёрт, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр Ундрам-Од ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн татвар болох 6 000 000 төгрөгийг /Чингэлтэй дүүргийн үл хөдлөхийн гадаа миний бие болон Ц.Моломжамцын хамт байсан/ У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содном, З.Энхжаргал нарт, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг 500726930 дансаар У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дулааны төлбөрт өртэй байсан 747 790 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа, Ц.Содном, З.Энхжаргал нар, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ болон нотариатын зардал бусад зардалд 252 210 төгрөгийг З.Энхтуяа, З.Энхжаргал, Ц.Содном нарт, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 19 500 000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяагийн 5011207828 тоот дансанд, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Н ХХК-ийн 5020614896 тоот данснаас 260 000 000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх З.Энхтуяагийн 5011207882 тоот дансанд, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр /Хаан банк 5024210459/ 8 000 000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300 000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяад манай тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан/ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5014249183 дансаар 5.000.000 төгрөгийг Ундрам-Од ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Ц.Содном, З.Чимгээгийн дансанд хийлгэсэн, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг 5024210459 У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 200.000 төгрөгийг Моломжамцаас У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 500 000 төгрөгийг Гантулгаар өгүүлсэн. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 300 000 төгрөгийг Моломжамцаас У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 200 000 төгрөгийг /5024210459/ У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг /5024210459/ У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, Цахилгааны гэрээ авч өгөхөд 1.500.000 төгрөгийг тус тус өгч нийт 360 500 000 төгрөгийн төлбөр биет байдлаар хийгдсэн. Банкнаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40 000 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгох шийдвэр гарсан. Бид У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа, Ц.Содном, З.Энхжаргал нарт энэ тухай танилцуулсан, тэд ч газрын бичигээ гаргаж өгнө, энэ мөнгөө авч байя гээд зээлээ авах болоход У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид бид мөнгө байхгүй чи мөнгө зээлээд тус үл хөдлөх хөрөнгийг суллаад өгөөч бидэнд мөнгө зээлэх хүн байхгүй гэж хүссэний дагуу би 100 000 000 төгрөгийг Г.Өнөрбатаас зээлж, Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төв рүү З.Энхжаргал, З.Энхтуяа, Ц.Содном нарын хамт явж тус үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бид караокег хүлээж аваад дотор нь мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийн дагуу хана, шал, тааз гал тогооны өрөө бүгдэд нь засвар хийсэн. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содном нь бид одоо ямар нэгэн бизнес байхгүй хоолны мөнгөө олох хэрэгтэй байна. Танайх одоохондоо зөвшөөрөл чинь гараагүй байгаа юм чинь түр хугацаагаар түрээслээч гэсэн санал тавьсан. Караокег тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж ажиллуулах ёстой. Тухайн үед энэ зөвшөөрлийг түр хугацаагаар хаасан байсан учир 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн У.О ХХК-д түрээсэлсэн. Түрээсийн гэрээг У.О ХХК-ийн захирал З.Энхтуяа, Н.Баяржавхлан хоёрын дунд байгуулсан. Гэтэл байгууллагын санхүүгийн мэргэжилтний зүгээс энэ объектод караоке, баарын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулах ёстой хувь хүнд тийм эрх байхгүй цаашилаад мэргэжлийн хяаналтын байгууллага хүртэл энэ үйл ажиллагааг явуулахыг хориглодог тул гэрээг У.О ХХК-тай хийх ёстой гэсэн. Ингээд тэр өдрөө З.Энхтуяатай дахин уулзаж У.О ХХК-тай дахин түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр болох 2.200.000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2.200.000 төгрөгийг У.О ХХК нь төлсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа У.О ХХК-ийн захирал З.Энхтуяа манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Ц.Содномд үзүүлчихээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй. Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчихээд түүнээс хойш таг чиг болсон. Харин сүүлдээ төлбөр төлөх талаар шаардахад та нар манайхыг мэхэлсэн гэж хэлээд цагдаад өгч шалгуулж, маргаан үүсгэн цаг хожих болсон. Цагдаа уг асуудлыг эрүүгийн хэрэг биш гээд татгалзаж хаасан. У.О ХХК нь одоогийн байдлаар 24.500.000 төгрөгийн түрээсийн өртэй. Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчихээд үйл ажиллагаа явуулсаар байгаа. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа нэхэмжлэгч нотлох ёстой. Энэ объект бол биднийг худалдах, худалдан авах гэрээ хийж байх үед хамт яригдсан зүйл юм. Нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө Энэ өргөтгөл газрын болон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй учраас 2 удаа буцаасан гэж ярьсан. Хаан банкны судалгаанд ч орсон байдаг. Өргөтгөлийг бариад гоё болгосны дараа нэхэмжлэгч өөрийн өмч гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100 000 000 төгрөгийн зээлээ хаалгачихаад, мөн 360 000 000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчихээд, 360 500 000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчихээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм. Иймд У.О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-ийн зүгээс Н ХХК нь УндрамОд ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг худалдан авахад зориулж 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй төвлөрсөн тооцооны төв буюу тухайн зээл олгох үед баруун дөрвөн зам бизнес төвөөс 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 23,4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, эхний 3 сард хүү, үлдсэн саруудад сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй хэсэгчлэн олгохоор шийдвэрлэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БГҮ/201642700876 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2202000360 дугаар бүхий худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тухайн объектыг эзэмших эрх бүхий газрын гэрчилгээ гарсны дараа нөхөж барьцаалахаар зээлийн хорооны шийдвэрт заасан бөгөөд эхний ээлжинд 260 000 000 төгрөгийн олголт хийсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг банкинд нэмж барьцаалаагүй байгаа тул зээлийн үлдэгдэл болох 40 000 000 төгрөгийг зээлийн олголт хийгдээгүй байгаа болно.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У.О ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын /өргөтгөлийн/ өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 818 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдооАнхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Худалдан авагч Н ХХК нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 490 000 000 төгрөгнөөс нийт 405 900 000 төгрөгийг худалдагч У.О ХХК-д төлсөн /325 900 000 төгрөгийг бэлнээр болон дансаар, 80 000 000 төгрөгийн бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын нэр дээр шилжүүлж/ үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Н ХХК нь худалдах худалдан авах гэрээ байгуулахаас өмнө манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд З.Энхжаргалд 2016.06.08-3 000 000Т, 2016.06.08-2 900 000Т, 2016.06.08-2 000 000Т, 2016.06.18-нд 2 100 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг өгсөн. З.Энхжаргал шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ тус мөнгийг надад гэрээ байгуулсны урамшуулал гэж тусад нь өгсөн гэж мэдүүлдэг. /хх 247-249 дэх тал/ Шүүх З.Энхжаргалын авсан дээрх мөнгийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40,50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг худалдсан мэтээр буруу дүгнэсэн. 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний зүйл нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай Ү-2202000360 дугаарт бүртгэлтэй, 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө юм. Тус объекттой залгаа баригдсан 92,07 м.кв талбай бүхий объектыг худалдах тохиролцоо гэрээнд огт тусгагдаагүйн зэрэгцээ, ийм тохиролцоо огт байгаагүй талаар гэрч З.Энхжаргал, З.Энхтуяа нарын мэдүүлэг байгаа. ...Хаан банкны зээлийн судалгаанд хамрагдаж байсан нь талуудын тайлбар, гэрч С.Буяннэмэх, Г.Энхмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч У.О ХХК нь хариуцагч Н ХХК-д өргөтгөлийн хэсгийг ашигласны түрээсийн төлбөр төлж байсан баримт, гэрч Г.Энхмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани өргөтгөлийн хэсгийг ашиглаж түрээсийн төлбөр Н ХХК-д огт төлж байгаагүй. Гэрч З.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг, түрээсийн төлбөрийн маргаан нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох үндсэн объект 204.28 м.квадратын маргаан болно. Шүүх гэрчийн мэдүүлэг, талуудын маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн шүүх өргөтгөлийг У.О ХХК-ийн өмч гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д зааснаар нотлоогүй гэсэн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тус объектийн эскиз зураг, баригдаж байх үеийн фото зураг зэрэг баримтуудыг гарган өгсөн болно. Мөн шүүхэд 92.7 м.квадрат объектод үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн юм. Харин хариуцагч нь 92.7 м.квадрат объектыг буулгаад өөрсдийн зардлаар барьсан гэдэг боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Тэргүүн Жинст ХХК-аар 12 600 000 төгрөг барилгын шугам сүлжээ ажлыг хийлгэсэн баримтаар нотлогддог. Мөн хариуцагч нь 92.7 м.кв объектыг худалдах худалдан авах гэрээний зүйл болсон эсхүл бид өөрсдийн зардлаар барьсан гэдэг 2 өөр тайлбар гаргасныг шүүх анхаарна уу. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан шаардлага хангасан хэлцэл хийсэн байх ёстой байдаг. Бидний хооронд дээрх хуулийн шаардлагыг хангасан хэлцэл байгуулагдаагүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч У.О ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, У.О ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар, 92.07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр У.О ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж, 45/01 тоот хаягт оршин байрлах, 204.28 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-д 490 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 130 000 000 төгрөгт 18-76 УБ улсын дугаартай авто ачигч, 34-43 УНЧ улсын дугаартай Тоёото камери маркийн автомашиныг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 360 000 000 төгрөгийг зээл авч худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./1хх-5-6/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

Талууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, гэрээнээс татгалзах үндэслэл байгаа эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Худалдагч нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 82.84%-ийг нь төлсөн байх бөгөөд үлдэх 17,16 %-ийг төлөөгүй шалтгаан нь гэрээний дагуу шилжүүлсэн гэх өргөтгөлийн маргаан болон уг газрын гэрчилгээ гараагүйтэй холбоотой байх тул хариуцагч хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй, үүргийн ялимгүй зөрчил гарсан байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү-2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан ба дээрх өргөтгөлийн хэсгийн талаар гэрээнд дурдагдаагүй боловч өргөтгөлийн хэсэгт тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, талбайг үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дахь талбайн хэмжээнд нэмж оруулаагүй, худалдах худалдан авах гэрээнд зааж байсан, зээлийн судалгаанд хамрагдсан болох нь талуудын тайлбар, гэрч С.Буяннэмэхийн ... Хаан банкнаас 300 000 000 төгрөгийн зээл авахад өргөтгөл хамрагдсан, өргөтгөлийн барилгад караоке ажилладаг байсан ба ажиллуулах, түрээслэх эсэх, яаж орлого олох талаар асууж, засвар шаардлагатай талаар зөвлөж байсан... Өргөтгөл дээр гэрчилгээ гардаггүй, Судалгаа хийлгэхдээ энэ обьектыг авна гэсэн... гэх , Г.Энхмаагийн ... Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бэлэн гэрээ авчирсан. Өргөтгөлийн хамт гэсэн үг байсан бөгөөд өргөтгөл гэрчилгээнд тусгагдаагүй гээд буцаасан... гэх мэдүүлгээр тогтоогдсон байна./1хх 175-177, 2хх162-164 дүгээр тал/. Иймээс өргөтгөлийн хэсэг нь талуудын худалдах худалдан авах гэрээний зүйлд хамаарч байсан гэж үзахээр байна.

Маргааны зүйл болж буй өргөтгөлийн хэсгийн эскиз зураг, барьж байсан үеийн гэх фото зураг зэрэг баримтаар уг обьект нэхэмжлэгчийн өмч буюу гэрээний зүйл биш гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгчийн энэхүү тайлбар эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагч буюу худалдан авагч төлбөр төлөх үүргээ 325 900 000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлж, 80 000 000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.Содномын нэр дээр шилжүүлэн нийт 405 900 000 төгрөгийн тооцоог хийж, дийлэнх хэсгийг биелүүлсэн нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Н.Болормаа, З.Энхжаргал нарын мэдүүлэг зэрэг баримтаар, мөн нэхэмжлэгч авто ачигчийг бодитоор хүлээн авч өөр этгээдтэй хэлцэл хийж байсан болох нь гэрч Ц.Моломжамцын ... машиныг З.Энхжаргал, Ц.Содном нар очиж үзсэн, надтай гэрээ хийсэн, хоёр машиныг 130 000 000 төгрөгт тохиролцсон... гэх мэдүүлгээр тус тус нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй юм. /1хх-7,28-48, 247-249, 2хх-167-168/

Нэхэмжлэгч ... З.Энхжаргалд 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсаны урамшуулал гэж тусад нь өгсөн... гэх тайлбар, гомдол гаргаж байх боловч хариуцагчаас уг мөнгийг шилжүүлсэн баримтад найман шарга төлбөр, урьдчилгаа гэх агуулгаар бичигдсэн байгаагаар үгүйсгэгдэж байна. Тэрээр энэ шаардлагын үндэслэл, тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэргийн оролцогчоос гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул буруутгах боломжгүй юм./2хх-157,160/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 818 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ