Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 249

 

 

Ө.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-, Т.Багахүү, Г.Мөнхбат, Б.Гүнсэнхорлоо, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар магадлалтай, Ө.Б-д холбогдох 1807000000117 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Л.Б-, Т.Багахүү, Г.Мөнхбат, Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Х овогт Ө-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Б гаргасан гомдолдоо “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр найзынхаа гуйлтаар гэр барихаар Тэрэлж очоод танихгүй, согтуу хоёр хүний довтолгоог няцаах үүднээс хийсэн үйлдлээс болж нэгний амь нас хохирсон хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргээ үнэн зөв мэдүүлж ирсэн. Гэтэл мөрдөгч, прокурор, хоёр шатны шүүх намайг илт буруутгаж, хүнд ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Хэрэгт ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн. Гэрч П-ыг мөрдөн шалгах шатанд ганцхан удаа байцаасан бөгөөд өөрийн үйлдлийг нууж, худал мэдүүлэг өгсөн байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Хохирогч, гэрч нарын эргэлзээтэй мэдүүлгийг нягтлан шалгаагүй, энэ талаар мөрдөгчид хэлсэн боловч хүлээж аваагүй. Нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. Миний хийсэн үйлдэл хүнийг алах гэмт хэргийн шинжтэй бол намайг зодсон хоёр хүний үйлдэл, мөн худал мэдүүлэг өгсөн гэрчүүдийн үйлдэл яагаад гэмт хэргийн шинжгүй юм. Холбогдсон гэмт хэрэгтээ маш их гэмшин харамсаж байна. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ө.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоолгүй шүүхээр шийдвэрлэсэн. Хэрэг учрал болох үед хохирогч Р.Б болон гэрч Э.П нар нь Ө.Б-ыг хоёр талаас нь бүлэглэн амь нас, эрүүл мэндэд бодитоор аюул учруулахаар хүч хэрэглэж, мөн хүч хэрэглэхээр заналхийлэн халдаж зодсон тухай гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө.Б-ыг Э.П-, талийгаач нар ирээд зодсон” гэж удаа дараа маш тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн 14х10 см хэмжээтэй гурвалжин чулуу, урт модоор зодох үед нь хажуу талаас нь хохирогч Р.Б нь Ө.Б-ыг зодож, цохисоор байсан бөгөөд энэ үед Ө.Б нь амь насаа алдах ч эрсдэлтэй байсан үедээ айж, сандран сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдлаа алдаж, өөр лүү нь дайрч довтолж буй бодит аюулаас зайлсхийх төрөлхийн үйлдлээрээ тэдгээр иргэдээс өөрийгөө хамгаалан цохьсон. Хэрвээ тэдгээр согтуу иргэдийн хүч хэрэглэсэн аюултай үйлдэлд эсэргүүцэл үзүүлээгүй байсан бол өнөөдөр Ө.Б нь эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа ч алдах бүрэн боломжтой байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ө.Б-ы мөрдөн байцаалтын шатанд хамгийн анх өгсөн мэдүүлэг нь гэрч Б.Н, Э.П, гэрч Б.М нарын мэдүүлэгтэй тохирч байдаг бөгөөд тухайн үед Ө.Б нь тэдгээр иргэдийн мэдүүлэгтэй танилцаагүй мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Э.П нь “...тухайн үед зодолдоод ухаангүй байсан, мөн архи уусан согтолттой байсан болохоор бас сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн нь Ө.Б-ыг зүгээр зогсож байсан иргэдийг цохиж зодсон гэж үзэж болохгүй юм. Гэтэл үнэн хэрэгтээ согтуугаар бусдын эрүүл мэндэд бүлэглэн халдчихаад, өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгөөд л гэрч болж болохгүй юм.

Гэрч Э.П, хохирогч Р.Б нар нь Ө.Б-ыг зодож довтолсоор байгаа үйлдлийг хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдаж буй талаар шалгаагүй хэрнээ Ө.Б-ыг биеэ хамгаалах зорилгоор цохьсон үйлдлийг хүн алах гэмт хэрэг гэж үзэх нь хууль үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох ёстой бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй боловч энэхүү ажиллагааг огт явуулаагүйн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бодитой тогтоож чадаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгах ажиллагаа огт явуулаагүй, энэ талаар нэг ч асуулт асуугаагүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтгүй асуудалд дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” нь нийгэмд аюултай халдлага хийж байгаа довтлогч этгээдийн эсрэг хамгаалалт хийж, Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулах зайлшгүй албадлагын шинжийг агуулдаг.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх шударгаар олж авах эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хамгаалах хууль зүйн баталгаа юм. Аргагүй хамгаалалт хийх этгээд нь албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байдаг.

Түүнчлэн нийгэмд аюултай халдлагаас зайлах, эсхүл бусад хүмүүс болон төрийн байгууллагын туслалцаа авах боломж байсан эсэхээс үл хамааран тухайн хүн ийм туйлын эрхтэй байдаг. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ө.Б нь аргагүй хамгаалалт хийх эрхтэй этгээд төдийгүй тухайн хууль бус халдлагаас зайлах эсхүл бусад этгээд, төрийн байгууллагаас туслалцаа авах боломжтой байснаас үл хамааран хэрэглэх эрхтэй этгээд юм. Хууль бус халдлага нийгэмд аюултай байх гэдэг нь хамгаалагчийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон үйлдэл хийсэн, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулах боломжтой байхыг ойлгоно. Энэ тохиолдолд амь хохирогч Р.Б, гэрч Э.П нар нь бүлэглэн шүүгдэгч Ө.Б-ы амь бие эрүүл мэндэд нь аюултайгаар халдахаар довтолж, уг довтолгоо нь үргэлжилсээр байсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитоор халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөрийн амь бие, эрүүл мэндэд учирсан, учрах аюулаас сэргийлэх зорилгоор бодит халдлагын эсрэг хэрэглэсэн арга хэлбэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу хийсэн үйлдэл байтал шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь учир дутагдалтай байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийгдээгүй гэж дүгнэхдээ гэрч нарын мэдүүлгүүдтэй бүхэлд нь огт танилцаагүй мэт дүгнэсэн байсан. Ялангуяа гэрч Б.Н, Э.П нарын мэдүүлэгт Ө.Б-ыг зодож байсан тухай мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр хүлээн авалгүй няцаасан нь тодорхой бус байна. Мод, чулуу барьсан, согтуу хүмүүс хоёр талаас нь зодож дайрч байсан үйлдлийг ямар нотлох баримтаар хүч хэрэглэсэн довтолгоо хийгдээгүй гэж үзэх болсон нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь өөрийг нь зодож буй хоёр иргэний хууль бус аюултай үйлдлийг зогсоох зорилгоор цохьсон үйлдэл нь хууль бус эсэх нь эргэлзээтэй боловч түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан ч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол учирсан.

Өөрөөр хэлбэл Ө.Б нь хохирогчийн амь насыг хохироох санаа зорилгоор бус зөвхөн өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалах зорилгоор үйлдэл хийсэн байдаг тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжтэй байж болох юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ө.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн сэдэлт, санаа зорилгыг хангахгүй байдаг. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ө.Б нь хохирогч Р.Б-гийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас амь насыг нь хохироох зорилгогүйгээр үйлдэл хийсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг хэрэг учрал болох үеэс хойш огт тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан бүх ажиллагааг тогтоох ёстой. Ө.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан дүгнэлтээс үзэхэд уг гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийн хэлбэрийг дурдсан хэрнээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ялгалгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах гэмт хэрэг, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагддаг. Ө.Б нь хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй болох нь түүний үйлдэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хохирогчийг цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Мөн шинжээч н.О-ийн мэдүүлэгт “... нуруу нугасны хажуугаар явж байгаа судас учир суурийн артериудын бүх судас доргилт авч аалзан хальсан дор цус хуралт үүсч байна” гэж мэдүүлсэн атлаа шинжээчийн 57 тоот дүгнэлтдээ “... талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба оройн хальсан доор тархмал, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харваж нас баржээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэдий ч хохирогч нь суурийн артерийн судас доргисны улмаас эсхүл гавал тархины битүү гэмтлийн улмаас бусад хүндрэл үүсч нас барсан болох нь тогтоогдож байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ч гэсэн нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэл буюу газар тархиараа савч унасны улмаас гэмтэл авч нас барсан тухай дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн яллагдагчийг цагдан хорих прокурорын саналыг хүчингүй болгох тухай шүүгчийн 27 дугаартай захирамжид “Прокурорын санал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсан, энэ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна” гэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүхийн хэлэлцүүлэг явагдсан байна.

Өөрөөр хэлбэл Ө.Б-ыг дээрх зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх боловч прокурорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал нь хэргээс алга болсон байна. Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэгт байхгүй баримтад дүгнэлт хийж, хохирлыг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчиж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 2,043,100 төгрөгийн өргөдлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Ө.Б нь анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлын баримтын хүрээнд буюу хохирогч талын зөвшөөрлийн дагуу нийт 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэгэнт нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байх тул Ө.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүснэ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, өөрийн үйлдлийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байтал шүүх нь Эрүүгийн хуульд заасан хэрэглэвэл зохих зүйл заалтыг огт хэрэглэлгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд гэрч Э.П-ыг биечлэн оролцуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж заасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч Э.П нь шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнд хурлын тов мэдэгдсэн, шүүх хуралдаанд дуудах мэдэгдэх хуудас явуулсан гэх баримт байхгүй байхад шүүх дээрх хуулийн ноцтой зөрчин хэргийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэх чухал ач холбогдолтой мэдүүлэг өгөх гэрчийг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулсан. Ямар учраас энэ хэрэгт нэг удаа буюу хэрэг учрал болох үед хохирогчтой бүлэглэн Ө.Б-ыг зодож байсан, энэ хэрэгт гэм буруутай байж болзошгүй, согтуу байхдаа 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн хүнийг дахин гэрчээр мэдүүлэг авалгүйгээр, бүр шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг заавал тусгах ёстой байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт учирсан хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй байна. Мөн Ө.Б нь анхан шатны шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд шүүгдэгч энэхүү ялыг эдэлж дууссан эсэхийг тогтоогоогүй, хэрхэн шийдвэрлэсэн болохоо тодорхойлох хэсэгт огт дурдаагүй байна. Ө.Б нь хохирогч Р.Б-гийн хууль бус халдлагыг зогсоох зорилгоор цохьсноо мэдүүлдэг бөгөөд харин хууль зүйн мэдлэг дутуу учраас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн эсэх, хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг хохироосон эсэх, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох үйлдэл хийсэн эсэх, санаа сэтгэл нь цочрон давчидсан эсэх, эсхүл аргагүй хамгаалалт хийсэн эсэхээ ялгах боломжгүй юм. Ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөгч, прокурор мөрдөн байцаалтын ажиллагааны дагуу бүрэн тогтоох ёстой байсан боловч энэ талаар ямар ч ажиллагаа явагдаагүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэл болгон шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон өөр төрлийн гэмт хэрэг байсан болохыг гэрчлэх хүмүүсийг байцаагаагүй, холбогдох ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулаагүй байтал шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ө.Б-ы биед олон тооны гэмтэл учирсан болох нь үзлэгээр тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор шинжилгээ хийгээгүй байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дүгнэж чадаагүй байна. Хэрвээ Ө.Б-д учирсан гэмтэлд шинжээчийн дүгнэлт гаргаж гэмтлийн зэрэг тогтоогдсон нөхцөлд хохирогч, гэрч нарын хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдох юм. Хохирогч Р.Б нь хэрэг учрал болох үед амь насаа алдаагүй байсан болохыг гэрчүүд бүгд мэдүүлсээр байтал шинжээч эмч нь гэмтэл авсан даруйдаа амьсгаа зогсдог гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Бодит байдал дээр хохирогч нь Налайх дүүргийн эмнэлгийн байгууллагад ирээд амьсгал хураасан байдаг. Мөн түргэн тусламжийн байгууллага нь эмчилгээний ямар дүрэм журам, стандарт мөрдөж ажилладаг болохыг шинжээчийн дүгнэлтээр бүрэн дүгнэж чадаагүй. Учир нь алсын дуудлага ирсэн тохиолдолд даргаасаа зөвшөөрөл авдаг тухай ямар дүрэм журам байна вэ? согтуу хүн өвдсөн тохиолдолд түргэн тусламж очих ёсгүй гэсэн ямар эмчилгээний стандарт байна вэ? эдгээр эмнэлгийн байгууллагын хууль ёсны бус үйлдлийг шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаж няцаагаагүй.

Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй” гэж заасан. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 57 тоот шинжээчийн дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгууллага үнэн зөвийг баталгаажуулаагүй баримт байх тул тус хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцож болохгүй нөхцөл байдал үүссэн. Мөн уг шинжээчийн дүгнэлт бүрэн бус эргэлзээтэй байтал шүүх нь хууль зөрчин хуулийг тайлбарлан шийдвэрлэсэн. Цаашлаад энэхүү шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангахгүй хүчингүй тул тухайн байгууллагын архивт хадгалагдахгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Ө.Б найз Б.М-ийн гуйлтаар тэднийд очиж гэр барилцаж байхад тэдний малчид гэх Э.П Р.Б нар архи ууж согтуурсан үедээ түүнийг элдвээр өдөөн хоргоож янз бүрийн зүйл ярьсан, улмаар Б архи өвөртөлж ирээд Б-аас “Архи уух уу” гэхэд нь тэрээр “уухгүй” гэж хариулжээ. П, Б нар түүнээс “Чи гэр барьж үзсэн үү, чи буриад уу” гэж асууж хэл ам хийсэн. Б тэр үед нь юу ч хэлээгүй, хэрүүл хийгээгүй байна. Хамгийн сүүлд гэрийн доод бүслүүрийг татахаар Бн гэрийн үүдний бүслүүр уядаг хэсэгт, Б гэрийн баруун хойд хэсэгт, А гэрийн зүүн хойд хэсэгт, М Б-ны хажууд байсан. Бүслүүрийг татахдаа 2 удаа тасалсан ба 3 дахь удаа бүслүүрийг татахдаа Б “Энэ уяа муу юм байна, зөөлөн татья, би болсон гэж хашгирна” гэжээ. Б “Болсоон” гэж хашгирахад Б- бүслүүрийг хүчтэй татаж дахин тасалжээ. Гэрт А, Б хоёртой хамт байхдаа Б “П...-ууд чинь болсон гэж хэлээд байхад бүслүүр тасалчихлаа” гэжээ. Энэ үгийг тэрээр хэн нэгэнд зориулж хэлээгүй байна. Тэр үед гэрийн баруун талд Н юм оёод доошоо хараад суусан, П, Н-ийн урдуур дээвэр туурга эвхсэн шиг явж байжээ. Б гэрийн баруун талаар тойрохдоо Б-ы зүүн мөрөн дээр гараа тавиад “Чи хүнийг п... гэдэг хэн бэ” гэжээ. Б Б-гийн өөдөөс зөөлхөн татахгүй, яагаад бүслүүр тасалчихав” гэсэн утгатай зүйл ярьж байтал П “Чи муу одоо хэн юм бэ” гээд түүний баруун талаас цохьсон. Б түүнийг зөрүүлээд цохиход тэрээр цаашаа унасан. Тэр үед Б Б-ыг татаад 2 удаа цохьсон. Б зөрүүлээд Б-г 1 удаа цохиход тэрээр ухарсан.

Гэтэл П чулуу бариад босоод ирсэн. Б өөр лүү нь чулуугаа шидэх байх гэж бодтол тэрээр чулуугаа шидээгүй далайхаар нь Б- П-ын суган доогуур сэжиж ороод чулууг нь газарт унагаажээ. Б-ыг зогсож байхад нь Б түүнийг баруун гараараа цохьсон. Б зөрүүлээд Б-г цохиход П түүнийг дахиад цохьсон. Яг энэ үед Б унаж байжээ. Тэгээд Б дахин зодоон хийгээгүй. П түүнийг Б рүү ойртуулаагүй ба Б-ы толгой уруу модоор цохьсон. Б-г авгай нь авч явжээ. Тухайн үед талийгаач Б-гийн биенээс цус гарсан зүйл байгаагүй гэж Б анхан шатны шүүхэд мэдүүлсэн байна.

Хэргийн материалаас үзэхэд талийгаач И.Б хэрэг гарахын урд өдрөөс эхлэн архи уусан, маргааш өглөө нь Э.П-ын гэрт очиж түүнтэй болон эхнэр М.Б нартай 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архийг хувааж ууцгаагаад 15 цагийн үед Б.М-ийн гэрийг барилцаж байхдаа дээрх хэрүүл зодооныг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол гэрч гэж байгаа Э.П-оос хэрэг гарсан өдөр түүнийг согтуу байхад нь ганц удаа гэрчийн мэдүүлэг авсан нь учир дутагдалтай байна. Гэрч Э.П-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулсаар байтал тэрээр болсон хэрэг явдлыг үнэн зөвөөр мэдүүлээгүй, зориуд худал мэдүүлснийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Түүгээр ч барахгүй Э.П-ыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудахад тэрээр шүүхийг үл хүндэтгэж зориудаар шүүх хуралдаанд ирээгүй байна.

Талийгаач И.Б, гэрч Э.П нар согтуугаар, хувийн таарамжгүй харьцаанаас болж Ө.Б-ыг эхэлж өдөж зодсон, тал талаас нь дайрч чулуу авч шидэхээр далайхад нь Ө.Б өөрөө бултаж Э.П-ын суган доогуур сэжиж байж чулуугаар цохиулаагүй, модоор цохиулсан, тэд нараар 3 удаа цохиулж биедээ тодорхой гэмтэл авсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нар хэтэрхий нэг талыг барьж Ө.Б-ыг шүүх эмнэлэгт үзүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоолгоогүй, түүний эрх ашгийг ноцтой зөрчжээ. Талийгаач И.Б, гэрч Э.П нарын довтолгооныг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаагүй атлаа Ө.Б-ы өөрийгөө хамгаалсан үйлдлийг хүнийг алах гэмт хэргээр прокурор зүйлчилж, анхан шатны шүүх уг зүйл, хэсгээр шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Амьд явах эрх”-ээ хамгаалах хууль зүйн баталгаа нь аргагүй хамгаалалт билээ. Өөрийгөө хамгаалж Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл Ө.Б хийсэн эсэхийг шалгах шаардлагатай байна. Ө.Б-д бусдыг санаатай алах гэмт хэргийн субъектив санаа сэдэл огт байгаагүй болно. Тухайн үед тэрээр хоёр согтуу хүнд тал талаасаа зодуулж байх үед түүний сэтгэл санаа цочрон давчидсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн талийгаач И.Б Ө.Б-д 1 удаа цохиулж газар унасан, царай нь цонхийж сэрэхгүй байхаар нь тэд Налайх дүүргийн түргэн тусламжийн утсанд залгаж тусламж хүссэн боловч “согтуу хүн дээр очихгүй” гэсэн тул өөрсдийн машинд суулган эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү авч явсан, ингэж явах замдаа Ө.Б хохирогчийг тэвэрч явсан, эмнэлэгт очсоны дараа нас барсан байхад Ө.Б-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биш мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгох үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж болох “Өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн...” байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Э.П, амь хохирогч Р.Б нар нь согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан Ө.Б-ыг шууд зодож эхэлсэн ба чулуу, мод барьж цохиж амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулах байдал үүсгэсэн. Ө.Б нь зугтах ямар ч боломжгүй байсан. Учир нь амь хохирогч Р.Б нь түүнийг барьсан байсан тул биеэ хамгаалахын тулд түүнийг цохьсон. Улсын дээд шүүхийн 2008 оны 14 дүгээр тогтоолд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар тайлбарлахдаа санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг алах гэмт хэргийн хувьд энэ нь субъектив талын заавал байх шинж биш болно.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана” гэжээ. Гэтэл Ө.Б-ы хувьд ийм байдал тогтоогдоогүй бөгөөд зөвхөн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаа гэдэгт хутгалах, боох, галт зэвсэг хэрэглэх зэргээр шууд амь насанд аюултай арга хэрэгсэл хэрэглэсэн байхыг ойлгоно. Харин өөрийгөө хамгаалж нэг удааа цохьсон үйлдэл энэ ойлголтод багтахгүй гэж үзэж байна. Дээрх тайлбараас үзэхэд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” үед заавал цаг хугацаа, орон зайн баримжаа алдсан болон ухамсарт ухаан алдагдсан байхыг шаардахгүй нь “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг” гэснээс харагдаж байна. Энэ хэргийн онцлог нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хөдөлбөргүй нотлох гол баримт нь шүүгдэгч Ө.Б-ы гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл зүйн байдал нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч ямар байх, цочрон давчдалтад орох боломжтой эсэхийг мэргэшсэн эмч, сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн шинжилгээнээс өөр зүйл байх боломжгүй байгаа юм. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан болохоос тухайн үеийн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх боломжтой эсэх талаар огт дурдаагүй байсан.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн үед хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байдаг ба Ө.Б-ы хувьд 2 хүн согтуугаар 2 талаас нь зодож, улмаар чулуу, модоор цохин зодож амь нас, эрүүл мэндэд нь аюултай байдал үүсгэсэн ба довтолгоо төгсөөгүй үед өөрийг нь зодож цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор амь хохирогчийг нэг удаа цохьсон байдаг. Энэ үед хоёр согтуу хүний Ө.Б-ы эсрэг амь нас, эрүүл мэндэд нь аюултай довтолгоо бодитойгоор явагдаж байсныг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Шинжээч эмч н.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ийм гэмтэл авсан хүн тэр дороо нас барна...” гэж мэдүүлсэн. Харин тухайн хэрэг учрал болох үед амь насаа алдаагүй байсан ба Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ирээд эмчилгээ авалгүй нас барсан байдаг. Уг гэмт хэргийг зүйлчлэх асуудал ийм эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, биечлэн оролцуулж мэдүүлэг авна” заасан байдаг. Ө.Б-ы өмгөөлөгчийн зүгээс Э.П-ыг анхан шатны шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан байхад хоёр удаагийн шүүх хуралд ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх биелүүлээгүй, уг зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу ямар нэгэн хариуцлага тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн явдал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэл байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасан байдаг ба уг зүйлийн 1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасныг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Гэтэл Э.П нь энэ хэргийг анх эхлүүлж согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан Ө.Б-ыг зодож, чулуу, модоор цохиж гэмтэл учруулсан байдаг ба энэ үйлдэлдээ ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 2 дахь хэсгийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэхээр заасан. Хавтаст хэрэгт Ө.Б-ы биед учирсан гэмтлийн хэмжээг шугам тавьж фото зургийн аргаар бэхжүүлж авсан байх боловч шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээч томилж шинжилгээ хийлгэлгүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн байдаг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ө.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, хохирлыг бүрэн төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2,043,100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг ба шүүх ял оногдуулахдаа хуульд заасан ялын доод хэмжээнээс дээгүүр ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ямар учраас ингэж хэт нэг талыг барин хууль зөрчиж Ө.Б-ыг хүндээр ялласныг ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох, эсхүл өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “Хэрэг учрал болох үед хохирогч Р.Б болон гэрч Э.П нар нь Ө.Б-ыг хоёр талаас нь бүлэглэн амь нас, эрүүл мэндэд бодитоор аюул учруулахаар хүч хэрэглэж, мөн хүч хэрэглэхээр заналхийлэн халдаж зодсон тухай гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа маш тодорхой мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” нь нийгэмд аюултай халдлага хийж байгаа довтлогч этгээдийн эсрэг хамгаалалт хийж, Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулах зайлшгүй албадлагын шинжийг агуулдаг. Гэрчүүдийн мэдүүлгээр 14х10 см хэмжээтэй гурвалжин чулуу, урт модоор зодох үед нь хажуу талаас нь хохирогч Р.Б нь Ө.Б-ыг зодож, цохисоор байсан бөгөөд энэ үед Ө.Б нь амь насаа алдах ч эрсдэлтэй байсан үедээ айж, сандран сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдлаа алдаж, өөр лүү нь дайрч довтолж буй бодит аюулаас зайлсхийх төрөлхийн үйлдлээрээ тэдгээр иргэдээс өөрийгөө хамгаалан цохьсон гэдэг. Аргагүй хамгаалалт хийх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх шударгаар олж авах эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хамгаалах хууль зүйн баталгаа юм.

Аргагүй хамгаалалт хийх этгээд нь албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байдаг. Шүүгдэгч нь амь хохирогчийг алах зорилгоор цохьсон зүйл байхгүй. Өөрийгөө хамгаалах зорилготой байсан юм. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжтэй байж болох юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ө.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн сэдэлт, санаа зорилгыг хангахгүй байдаг. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрч Э.П- согтуу байхдаа цагдаагийн газар очиж өгсөн мэдүүлэг нотолдог юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ө.Б нь хохирогч Р.Б-гийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас амь насыг нь хохироох зорилгогүйгээр үйлдэл хийсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан дүгнэлтээс үзэхэд уг гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шинжээч эмч О-ийн мэдүүлэгт “нуруу нугасны хажуугаар явж байгаа судас учир суурийн артериудын бүх судас доргилт авч аалзан хальсан дор цус хуралт үүсч байна” гэж мэдүүлсэн атлаа шинжээчийн 57 тоот дүгнэлтдээ “ талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба оройн хальсан доор тархмал, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харваж нас баржээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэдий ч хохирогч нь суурийн артерийн судас доргисны улмаас эсхүл гавал тархины битүү гэмтлийн улмаас бусад хүндрэл үүсч нас барсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчиж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 2,043,100 төгрөгийн өргөдлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдаан гэм буруугийн асуудлаар завсарлаж байхад шүүгдэгч Ө.Б нь анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлын баримтын хүрээнд буюу хохирогч талын зөвшөөрлийн дагуу нийт 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэгэнт нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, өөрийн үйлдлийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байтал шүүх нь Эрүүгийн хуульд заасан хэрэглэвэл зохих зүйл заалтыг огт хэрэглэлгүй орхигдуулсан байна. Хэрвээ Ө.Б-д учирсан гэмтэлд шинжээчийн дүгнэлт гаргаж гэмтлийн зэрэг тогтоогдсон нөхцөлд хохирогч, гэрч нарын хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдох юм. Амь хохирогч нь тухайн гэмтлийг аваад шууд нас бараагүй бөгөөд эмчилгээ хийж байгаад нас барсан бөгөөд энэ хугацаанд үхэлд хүргэх гэмтэл авах боломжтой. Үүнийг мөрдөн байцаах шатанд бүрэн гүйцэд шалгаж тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. 57 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цээжний хөндийд цусны болон өөр янз бүрийн эмгэг хүндрэлүүд тогтоогдсон. Гэтэл хэргийн материалд энэ дүгнэлт байхгүй болсон байдаг. Иймд эргэлзээ бүхий байдал бий болсон тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат хэлсэн саналдаа “Эрүүгийн эрх зүйн онолоор аргагүй хамгаалалтыг тодорхой зааж өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн тэмдэглэлд прокурор нь нохой хүртэл согтуу хүнээс айгаад зугтаадаг байтал чи согтуу хүн дайрч байхад зугтаахгүй яасан юм гэсэн байдаг. Уг онолд зугтаах бусдаас тусламж авах зэргээс хамаараад аргагүй хамгаалалтыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг алсан гэмт хэрэг нь өөрт болон дотны хүмүүст аюул заналхийлсэн байх ёстой. 2 хүн мод чулуу бариад өөрийг нь зодоод байхад нэгийг нь ганц л цохьсон. Шүүгдэгч нь өөрөө зодуулаад гэмтсэнийг саатуулах байрны цагдаагийн үзлэгээр нотлогдож байна. Өмгөөлөгч Т.Багахүүгийн дээр дурдсан бүх ажиллагаанууд прокурорын ажилтан, цагдаа нар сэтгэлгүй дутуу ажилласны улмаас хэрэг бүрэн гүйцэд нотлогдоогүй, эргэлзээтэй байдал бий болоод байгаа юм. Иймд прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Б нь айлын гэрийг барилцаж байхдаа талийгаач Б-тэй “бүслүүр чанга татаж тасаллаа” гэж маргалдах явцдаа түүний толгой руу гараараа цохисны улмаас хохирогч арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Аргагүй хамгаалалт хийх зайлшгүй нөхцөл бүрдээгүй буюу түүний эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоон бодитой байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Л.Баярсайхан, Б.Гүнсэнхорлоо, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Б-ыг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхны саравч” гэх газарт найз Б.М-ийн гэрийг барилцаж байхдаа Р.Б-тэй бүслүүр чанга татаж тасаллаа гэж маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагш савж унахдаа гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримтын дүгнэлтийг нэг мөр эргэлзээгүй тогтоож, нотлох баримтаар баталж чадаагүйн улмаас шүүхийн эрх зүйн дүгнэлтийн үндэслэл тодорхойгүйн дээр хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Багахүү, Г.Мөнхбат нар нь Ө.Б нь аргагүй хамгаалалт, цочрон давчидсаны улмаас бусдыг алсан, болгоомжгүйгээр бусдын амь насыг хөнөөсөн байж болзошгүй талаар хэргийн онол гаргаж мэтгэлцсэн байхад шүүх энэ талаар хангалттай няцаалт хийгээгүй, Ө.Б нь хохирогчийг санаатай алсан тухай дүгнэлтээ нотлох баримтад тулгуурлан бодитой тайлбарлаж чадаагүй учир шүүгдэгч Ө.Б-ы бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тодорхойгүй хэвээр үлджээ. Тухайлбал, ямар сэдэлт, гэм буруугийн аль хэлбэрээр энэ хэрэг үйлдэгдсэн талаар шүүх дүгнэсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал нөлөөтэй болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг баримталсан эсэх талаар дүгнэлт өгөхөөс бус бие дааж үйл баримт тогтоох, өөрчлөх, процесст шинжилгээ хийхгүйгээр үйл баримтын үнэн зөв эсэхэд үнэлэлт өгөх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлийг хянаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх дээр дурдсан хэд хэдэн үндэслэлээс гадна уг хор аюулыг багасгах хэд, хэдэн хувилбар тухайлбал, болгоомжгүй хэлбэрээр алсан, шууд бус санаагаар алсан буюу хүнд гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан зэрэг үндэслэлийг гомдолдоо дурджээ.

Шүүх эдгээр үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн няцаах нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимтай нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах эсхүл цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой билээ.

Нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн талаар шүүгдэгч нь амь хохирогчтой бүслүүр чанга татлаа, тасаллаа гэж маргалдаж, толгой руу нь гараараа цохисны улмаас хохирогч арагш савж унахдаа гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан хэмээн үйл баримтыг хэт ерөнхий тогтоосон нь өмгөөлөгчдийн гаргасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг үйлдсэн эсхүл “аргагүй хамгаалалт” хийсэн гэх гомдлыг няцаан үгүйсгэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Т.Багахүү, Г.Мөнхбат, Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ө.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

                                           ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН