Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 197

 

                                                            Ө.Б-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Цэрэндалай,

          шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан, Т.Багахүү, Г.Мөнхбат,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Б-д холбогдох 1807 0000 00117 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ө-н Б, 19... оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо, ........ гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..../;

          .... аймгийн ...... сум дахь Сум дундын шүүхийн 20... оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн;

Ө.Б нь 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагийн орчимд, ..... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “с с” гэх газарт найз Б.М-н гэрийг барилцаж байхдаа Р.Б-тэй бүслүүр чанга татлаа, тасаллаа гэж маргалдан улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ө.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 10 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-ы сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг буюу 2 хоногийг, цагдан хоригдсон 7 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-с оршуулгын зардалд 2.043.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М-н малчид нь гэх хоёр согтуу хүнтэй гэр барьж байх үедээ үл ялих шалтгаанаас болж маргалдан, тэр хоёр хүний довтолгооныг няцаах явцдаа нэгнийх нь амь насыг хохироосон хүнд гэмт хэрэгт харамсалтайгаар холбогдсон. Талийгаачийг би өөрийн биеэр эмнэлэгт хүргэж, цагдаад мэдэгдэж, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Би эрүүл саруул, архи уугаагүй байсан ч тэр нөхцөл байдалд зайлсхийх, зугтах боломж байсан боловч тэд намайг барьж байсан. Довтолгоон маш богинохон хугацаанд болсон ба тэд уг довтолгооноо зогсоох ямар ч оролдлого хийгээгүй, миний үгийг ч хүлээн аваагүй. Миний амь насанд аюул учирч болзошгүй байдал нь довтлох үедээ Пунцагноров чулуу, мод барьж цохисон. Би амиа хамгаалах, довтолгооныг зогсоох, зөн совин, ухамсаргүй үйлдэл гаргасан ба энэ хэргийг санаатай үйлдээгүй бөгөөд маш их харамсаж, гэмшиж байна. Шүүхийн өмнөх шатанд хохирогч тал хохирлын мөнгийг хүлээж аваагүй. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын харилцан тохирсон, НӨАТ-ийн баримт дээр үндэслэн 1.500.000 төгрөг өгч хохирол барагдуулан, эвлэрсэн бичиг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд өгсөн. Прокурор, шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдал, болсон явдлын талаар үнэн байдал, миний амьдрал, хохирол төлсөн байдал, гэрч нарын мэдүүлгийн үнэн зөвийг орхигдуулж, хэлэх үгийг нь хэлүүлэхгүй сандаргаж, зодоон эхлүүлсэн, хэрүүл зодоонд гол үүрэг гүйцэтгэсэн Пунцагноровыг хоёр удаагийн шүүх хуралд оролцуулалгүй илт намайг буруутган ялласан. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан хаалттай шоронд 10 жил ял эдлэх болон хохирлын төлөгдөөгүй үлдэгдэл гэгдээд байгаа 2 сая гаран төгрөгийг төлүүлэх шийдвэрийг эргэн харж, шударга, хүнлэг, хууль ёсны зарчимд тулгуурлан хөнгөн ялаар шийтгэж, ялыг минь багасгаж, дэглэм хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Багахүү гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр найз Б.М, түүний дүү Б.Амарсанаа нарын гуйлтын дагуу Налайх дүүрэг рүү явж, тэдний Монгол гэрийг барилцаж өгөх санаа зорилгоор хамт явсан байдаг. Харин гэр барилцаж байх үед нь н.Пунцагноров, Р.Б нар нь өдөн хоргоож байснаа, сүүлдээ нийлээд зодож эхлэх үед өөрийгөө хамгаалан хохирогчийг цохих үед газар унаж амь насанд аюултай гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба оройн хэсгийн аалзан хальсны дор тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харван хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл явдал болсон.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт, шүүгдэгч Ө.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болохыг мэдүүлдэг бөгөөд түүний биед гэмтэл тогтоогдсон байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор шинжилгээ хийгээгүй байна. Ө.Б нь талийгаач болон н.Пунцагноров нарт зодуулсны улмаас нүүр болон нуруу, хөлөндөө гэмтэл авсан байдаг. Гэтэл хохирол учруулсан этгээдийг олж тогтоох ажиллагаа явуулаагүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөл байдал үүсээд байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр талийгаач нь хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаагүй байх үед эмнэлгийн яаралтай тусламж хүсэж холбогдсон байдаг боловч эмнэлгийн байгууллагын эмч нь хууль зүйн үндэслэлгүйгээр дуудлагыг хүлээн аваагүй байна. Хавтас хэргийн 6 дугаар талд эмч, эмнэлгийн ажилтнуудын үйлдэлд эмчилгээний стандарт зөрчсөн эсэх талаар шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлт гараагүй байна гээд хугацаа сунгаж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №1014 тоот шинжээчийн дүгнэлтээр эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна гэсэн хэрнээ ямар дүрэм, журам болон стандартын дагуу эмчилгээ хийсэн болох нь тодорхойгүй, бүрэн биш байх бөгөөд түргэн тусламжийн байгууллагын үйлдэлтэй холбоотой дүгнэлт гаргаагүй байх тул дээрх шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй, эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

Шинжээч эмч н.Оюун-Эрдэнэ нь талийгаачийг хүнд гэмтэл авсан үедээ амь насаа алдана гэсэн боловч хэрэг учрал болох үед хохирогч нь амь насаа алдаагүй байсан бөгөөд Налайх дүүргийн ЭМН-д ирээд эмчилгээ авалгүй нас барсан байдаг. Иймд 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн №57 тоот шинжээчийн дүгнэлт нь мөн эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийгдэх шаардлагатай байна. Учир нь дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Мөн амь хохирогчид учирсан гэмтэл нь газар унахдаа авсан гэмтэл, эсхүл Ө.Б-ы цохилтын улмаас үүссэн гэмтэл эсэхийг бүрэн тогтоох ёстой боловч тогтоогоогүй байна. Уг өдөр амь хохирогч болон н.Пунцагноров нар нь их хэмжээний согтолттой, хөл дээрээ тогтож чадахгүй байсан байхдаа унаж гэмтсэн эсэхийг нэг мөр шалган тогтоогоогүй байтал цохисны улмаас амь насаа алдсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ө.Б хохирогчийн зүүн шанаанд цохисон бол уг цохисон хэсгээс хэрхэн яаж гэмтсэн болохыг тодорхой тогтоох шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ө.Б хохирогчийн толгойн дагзанд учирсан хүнд гэмтлийг учруулсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №3 тоот шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шүүгдэгч Ө.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн объектив тал, субъектив талын шинжүүдийг хангахгүй байх бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангаж байж болзошгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд прокурор нь хэргийн зүйлчлэл, болсон үйл явдлыг тодорхойлохдоо хохирогчийг хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан, яллах дүгнэлтэд хүртэл гэмтэл учирч нас барсан гэж дүгнэсэн. Хэрэг учрал болох үед амь хохирогч болон н.Пунцагноров нар үл ялих зүйлээр шалтаглан Ө.Б-ыг бүлэглэн амь нас, эрүүл мэндэд бодитоор аюул учруулахаар хүч хэрэглэж, мөн хүч хэрэглэхээр заналхийлж халдаж байсан нь гэрч, сэжигтэн, хохирогчийн мэдүүлгүүдээр бүрэн тогтоогддог. 14x10 см хэмжээтэй чулуугаар цохих гэж нэг талаас нь, нөгөө талаас нь буюу зүүн талаас нь мөрнөөс нь зуураад Ө.Б-ы нүүр, бие рүү нь гараараа цохиж байхад Ө.Б нь амь насаа алдах ч эрсдэлтэй байсан үедээ айх, сандрах үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдлаа алдаж өөр рүү нь дайрч буй бодит аюулаас зайлсхийх төрөлхийн үйлдлээрээ тэдгээр иргэдээс өөрийгөө хамгаалан цохисон байх боломжтой юм. Хэрвээ тэдгээр өөрсдийгөө удирдан жолоодох чадваргүй, уурласан, хөөрсөн согтуу иргэдийн хүч хэрэглэсэн үйлдэлд эсэргүүцэл үзүүлээгүй байсан бол Ө.Б нь гарцаагүй эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа ч алдах бүрэн боломжтой байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ө.Б нь бусдыг цохисон үйлдлээ мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө, хэрэг учрал болсон үеэс эхлэн сайн дураараа болсон явдлын талаар мэдүүлж, өөрөө хохирогчид учирсан гэмтлийг арилгуулахын тулд хэрхэн арга хэмжээ авч байсанг гэрчүүд мэдүүлдэг. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хохирогчийг машинаар хүргэж байхдаа хүртэл хохирогчийг тэврэн, толгой толгойгоо нийлүүлэн, түүний амь насыг аврахын тулд өөрийн боломжоороо зогсолтгүй хичээсэн байдаг. Ө.Б нь амь хохирогч өөрийнх нь нүүр рүү цохисон учир зөрүүлж цохихдоо амь насыг хохироох зорилгоор цохиогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох ёстой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй боловч энэхүү ажиллагаа огт явуулаагүйн улмаас гэмт хэргийн шинжийг бодитой тогтоож чадаагүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хэргийн нөхцөл байдалтай тохироогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүх “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” бий болсон эсэхийг тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” нь нийгэмд аюултай халдлага хийж байгаа довтлогч этгээдийн эсрэг хамгаалалт хийж Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулах зайлшгүй албадлагын шинжийг агуулдаг. Аргагүй хамгаалалт хийх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх шударгаар олж авах эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хамгаалах хууль зүйн баталгаа юм.

Аргагүй хамгаалалт хийх этгээд нь албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байдаг. Түүнчлэн нийгэмд аюултай халдлагаас зайлах, эсхүл бусад хүмүүс болон төрийн байгууллагын туслалцаа авах боломж байсан эсэхээс үл хамааран тухайн хүн ийм туйлын эрхтэй байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ө.Б нь аргагүй хамгаалалт хийх эрхтэй этгээд төдийгүй тухайн хууль бус халдлагаас зайлах эсхүл бусад этгээд, төрийн байгууллагаас туслалцаа авах боломжтой байснаас үл хамааран хэрэглэх эрхтэй этгээд болно.

Аргагүй хамгаалалт нь зайлшгүй хууль ёсны байх нөхцөлтэй байдаг ба үүнд:

Нийгэмд аюултай, бодит халдлагын эсрэг хийсэн бол хууль ёсны гэж үзнэ. Халдлага нийгэмд аюултай байх гэж хамгаалагчийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон үйлдэл хийсэн, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулах боломжтой байхыг ойлгоно. Энэ тохиолдолд амь хохирогч Р.Б болон гэрч Э.Пунцагноров нар нь бүлэглэн шүүгдэгч Ө.Б-ы амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар халдсан, чулуугаар цохиж гэмтээхийг завдсан, түүнийг илтэд доромжилж бүлэглэн хүч хэрэглэсэн гэсэн үйлдэл байгаа тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитоор халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Халдлага бодитой байх гэдэг нь халдлага хийгдэж эхэлсэн буюу тэр даруйхан эхлэх байсныг ойлгох бөгөөд ингэхдээ халдлага дуусаагүй байхыг ойлгоно. Энэ тохиолдолд амь хохирогч Р.Б болон Э.П нар нь шүүгдэгч Ө.Б-ы амь биед аюултайгаар довтолсон, довтолгоон эхэлсэн, дуусаагүй байгаа нь хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Наранцэцэг, гэрч Б.М, гэрч Э.Пунцагноров, гэрч Б.Амарсанаа, шүүгдэгч Ө.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харагдаж байна.

Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөрийн амь бие, эрүүл мэндэд учирсан бодит халдлагын эсрэг хэрэглэсэн арга хэлбэр нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасны дагуу хийсэн үйлдэл байтал шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр нь түүний үйлдэл, шинж чанарт тохирохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Ө.Б-с сэжигтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан боловч Ө.Б нь анхнаасаа өөрийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд харин хууль зүйн мэдлэг дутуу учраас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн эсэх, хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг хохироосон эсэх, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох үйлдэл хийсэн эсэх, санаа сэтгэл нь цочрон давчидсан эсэх, эсхүл аргагүй хамгаалалт хийсэн эсэхээ ялгах боломжгүй байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 6 цагийн дотор мэдүүлэг аваагүй, хувийн байдлыг нь тогтоогоогүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа юм.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн №57 тоот шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгууллага үнэн зөвийг баталгаажуулаагүй баримт байх тул тус хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцож болохгүй нөхцөл байдал үүссэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Э.Пунцагноровыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс шийдвэрлэсэн атлаа түүнд шүүх хуралдаанд дуудах мэдэгдэх хуудас явуулсан эсэх нь тодорхой биш, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад нь хэргийг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдолтой гэрчийг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Ямар учраас энэ хэрэгт нэг удаа буюу 2018 оны 6 дугаар сарын 9-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн хүнийг дахин гэрчээр мэдүүлэг авахуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй бөгөөд хардлага төрүүлж байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалтай нийцээгүй. Хэргийн үйл баримт гэвэл хоёр согтуу хүн мод, чулуу бариад нэг хүнийг зодсон. Энэ үед өөрөөсөө холдуулах зорилгоор амь хохирогчийг цохисон байдаг. Энэ хүн тухайн үед довтолгооныг болиулаагүй бол өөрөө амь хохирогч болсон байхыг үгүйсгэхгүй. Пунцагноров гэдэг хүн энэ бүх маргаан, зодооныг эхлүүлж, мод, чулуу барьж дайрч байсан хүн ял завшаад өнгөрч байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан. Тухайн үед түргэн тусламж эмнэлгийн ажилтан очоогүй байж зохих журмын дагуу эмчлээд нас барсан гэж дүгнэлт гаргасан. Зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэх хэрэг байх магадлалтай. Ө.Б нь халдлагаас өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч нь Пунцагноровтой бүлэглэн хүч хэрэглэн мод, чулуу барьж Ө.Б руу дайрсан байдаг. Тухайн үед Ө.Б-ы санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэж байна. Ө.Б-ы хувьд нэг цохисон байдаг. Ө.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад шүүхээс 2 сая төгрөг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед Ө.Б-ы сэтгэл санаа ямар байсан талаар мэргэжлийн сэтгэл зүйч нараар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Амь хохирогч нь хүнд гэмтэл авсны улмаас амь хохирсон байх боломжтой, мөн аргагүй хамгаалалт байх боломжтой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Ө.Б-ы үйлдсэн нэг л хэрэг байгаа. Гэтэл 3 өмгөөлөгч гурван өөр санал гаргаж байна. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээч шүүх хуралдаанд оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мэдүүлэг авахад өмгөөлөгч зайлшгүй оролцуулах шаардлагагүй. Энэ хэрэгт гэрч Пунцагноров болон эмнэлгийн ажилтныг холбогдуулан шалгах үндэслэлгүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ө.Б нь 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагийн орчимд, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайханы саравч” гэх газарт найз Б.М-н гэрийг барилцаж байхдаа Р.Б-тэй бүслүүр чанга татлаа, тасаллаа гэж маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжинням /хх 28-29/, гэрч М.Биньяа /хх 30-31/, Б.Амарсанаа /хх 32-34/, Б.Наранцэцэг /хх 35-36/, Э.Пунцагноров /хх 38-39/, Б.Мөнхдэлгэр /хх 40-43/, С.Ариунзаяа /хх 44-45/, Б.Айтолхин /хх 46-47/, С.Туяасайхан /хх 48-49/, С.Эрдэнэбаатар /хх 50-51/, Ө.Долгорсүрэн /хх 52-53/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, дагзны хуйхны цус хуралт, бага тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын төвгөр, дух, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба орой хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харваж нас баржээ. ...” гэх 1541 дугаартай дүгнэлт /хх 55-57/ мөн “талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтлүүд учирсан байна.” гэх 1014 дугаартай дүгнэлт /хх 68-70/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-17/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ө.Б-д анхан шатны шүүхээс 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат болон шүүгдэгч Ө.Б нарын гомдлын агуулгаас үзэхэд “...эмнэлгийн ажилтнуудын үйлдэлд эмчилгээний стандарт зөрчсөн эсэх талаар дүгнэлт гараагүй, шүүгдэгчийн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй, мөн түүнээс өмгөөлөгчгүй байцаалт авсан зэрэг зөрчил гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэсэн үндэслэлүүдийг гаргасан байх бөгөөд уг үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын                   14-ний өдрийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1014 дүгээр дүгнэлтээр “...талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтлүүд учирсан...” болохыг маш тодорхой дурьдсан бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч нар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх талаар баталгаажуулан дүгнэлт гаргасныг үндэслэлтэй, зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийг хэлбэрийг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ө.Б нь айлын гэрийг барилцаж байхдаа талийгаач Р.Б-тэй  “бүслүүр чанга татлаа, тасаллаа” гэж маргалдах явцдаа түүний толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан үйл баримт хангалттай тогтоогдох бөгөөд аргагүй хамгаалалт хийх зайлшгүй нөхцөл бүрдээгүй буюу түүний эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгоон бодитой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амарсанаагийн мэдүүлсэн “...би цохихыг хараагүй, Сүүлд сонсоход Ө.Б цохьсон гэж хэлсэн /хх 32/, гэрч Э.Пунцагноровын мэдүүлсэн “...талийгаач дүү маань ардаас хүрээд иртэл халзан шар залуу урд нь зогсож байхаар нь би газар хэвтэж байсан модыг аваад халзан залуугийн нуруу хэсэгт нэг удаа цохиход М гүйж ирээд та болиоч гэхээр нь би цохихоо болиод ...би шууд талийгаач дээр гүйгээд очтол ямар ч ухаангүй, амнаас нь бага зэргийн цус гарчихсан...” /хх 39/, гэрч Б.М-н мэдүүлсэн “... Пунцаг, Ө.Б хоёр хоорондоо зодолдож байгаа бололтой өөд өөдөөсөө хараад зогсож байхаар нь хөөе болиоч гээд орилтол талийгаач дээр очиход нүдээ аньсан хэвтэж байсан...” /хх 40/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлсэн  “... талийгаач ардаас нь гүйгээд ирэхээр болиоч ээ гээд орилоход Ө.Б талийгаач Б-ийн нүүр рүү гараа атгаад цохиход талийгаач газар унаад дээшээ хараад хэвтсэн...” /хх 35/ гэх зэргээс үзэхэд талийгаач Р.Б-н зүгээс  илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоон хийгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Б нь талийгаач Р.Б-н зүгээс түүний эсрэг хүч түрэмгийлэн довтолсон, хууль бус үйлдэл хийгээгүй байхад түүний нүүрэн тус газар нь гараараа цохьсоны улмаас дагз хэсгээр газарт савж унан шууд үхэлд хүргэх гавал тархины гэмтэл  учруулсан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд түүнчлэн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдгаараа онцлогтой.

Хэдийгээр хүн бүр аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл болох эрх, эрх чөлөөний эсрэг хууль бус довтолгооноос өөрийн болон ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхтэй боловч бодит агуулгаараа хууль бус халдлага хийгдээгүй тохиолдолд аргагүй хамгаалалтын шинжтэй байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалттай зөрчилдөхгүй болно.

Сэжигтнийг зөвшөөрөлгүй баривчлах тухай 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолд /хх 83/ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” тухай тэмдэглэгдсэн бөгөөд уг өдөр сэжигтнээр мэдүүлэг /хх 94/ авахдаа ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байна.

Шүүгдэгч Ө.Б-ы “...хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.