Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 140/ШШ2020/00046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Жинст багийн 6-р байрны 15 тоотод оршин суух, З овогтой Х.Б /РД:ИЮ76101312/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын захиргаанд холбогдох,

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын дарга Д.А, Х.Б нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, мөн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.М, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.Д /онлайнаар/, нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  2010 оны 9 дүгээр сараас хойш 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ИНЕГ-ын харьяа Доной нисэх буудалд ажиллаж ирсэн. Энэ албанд анхан шатнаас буюу галчийн ажилд томилогдож ажилласан бөгөөд 2012 оноос галч, гал сөнөөгчийн ажилд томилогдож, 2018 оны 1 дүгээр сараас галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон. Хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн, ажил албан тушаалдаа мэргэшсэн, туршлагажсан учир галын бүлгийн ахлагчийн ажил албан тушаалд намайг томилсон гэж ойлгодог. Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны Б/26 дугаар тушаалаар Х.Б намайг галын бүлгийн ахлагчийн албан тушаалаас бууруулан галчийн албан тушаалд шилжүүлсэн. Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны Б/26 тушаалыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд Доной нисэх буудлын дарга Д.А Доной нисэх буудлын хучилттай зам ашиглалтанд орохоор гэрэл суултын техникчийн орон тоонд ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасныг би зөвшөөрч, хучилттай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд галчийн ажилд ажиллаж байхаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж Доной нисэх буудлын хучилттай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд энэ асуудлыг огт яриагүй, зам ашиглалтад ороход гэрэл суултын техникчийн ажилд томилогдохоор эвлэрсэн байсан. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Доной нисэх буудлын хучилттай замын ажил дуусч, зам ашиглалтанд орох болоод намайг гэрэл суултын техникчийн ажилд томилох асуудал яригдахгүй байсан. Би Д.А даргын өрөөнд нь орж эвлэрлийн гэрээг биелүүлэх тухай уулзахад чамайг томилохгүй, чи шүүхдээд яв гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт тавьж ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Доной нисэх буудлын дарга Д.А 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б/23 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цаг тасалсан гэж сануулах сахилгын шийтгэлийг надад оногдуулсан байсан. Шийдвэрийг нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэж, хүлээн авсан. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, Д.А дарга болон намайг байлцуулан уулзсан бөгөөд уулзалтаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор гэрэл суултын техникчийн ажлын байрыг бий болгох эсхүл ижил чанарын ажил албан тушаалд Х.Б томилж шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргийг Д.А өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Доной нисэх буудлын дарга Д.А дахин Б/25 дугаар тушаал гаргаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр тасалсан гэж намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч Д.А даргад эвлэрэл баталсан захирамжийг биелүүлэхийг шаардахад, шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагагүй болсон гэж тайлбарласан байсан. Д.А Доной нисэх буудлын даргаар томилогдсоноос хойш миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор удаа дараа шийдвэр гаргаж, тэдгээр шийдвэрүүд миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б ИНЕГ-ын Доной нисэх буудлын галчаар ажиллаж байх үеийн сул зогсолтын үед нь уг нисэх буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Холын чиглүүлэх станцын сахиулын ажилд түр шилжүүлж ажиллуулсан юм. Тэрээр ийнхүү сул зогсолтын үедээ түр шилжин ажиллахдаа 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь Дотоод хяналтын үзлэг шалгалтаар илэрч, Үл тохирлын баримтжуулалтын хуудсаар баталгаажсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, тус нисэх буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 тоот тушаалаар түүнийг үндсэн орон тоо болох галчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Х.Б нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Доной нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтанд ороод гэрэл суулт хийгдсэний дараа гэрэл суултын техникчээр томилогдох ёстой байсан. Гэтэл хатуу хучилттай зам ашиглалтанд орсон хэдий ч гэрэл суулт хийгдээгүй, ирэх хавраас хийгдэж магадгүй, манайхаас шалтгаалахгүйгээр хойшлогдсоноос шалтгаалан гэрэл суултын техникчийн орон тоо цалингийн сан батлагдахгүй байсан. Х.Б гэрэл суултын ажил хийгдэнгүүт ажилд нь томилно гээд,  өөр ажил хийлгэн ажиллуулж байтал хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхгүй ажлаа олон хоногоор тасалж алга болсон. Ажилтанд байгууллагын нийт ажилтны нэгэн адил хууль, дүрэм адил тэгш үйлчлэх ёстой бөгөөд ажлын олон өдөр ажлаа тасалсан ажилтныг хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаас гадуур хамгаалах боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлж болдог. Мөн сул зогсолтын үед ажилтанг өөр ажилд шилжүүлж ажиллуулж болдог. Энэ тохиолдолд ажилтантай заавал тохиролцдог. Мөн ажилтанг эрүүл мэндийн шалтгаанаар өөр ажилд шилжүүлж болдог. Хуульд заасан эдгээр тохиолдлуудыг үндэслэхгүйгээр хуулиас дээгүүр давуу эрхээ эдэлж ажилтанг өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргасан. Хэрэв өөр ажилд шилжүүлж ажиллуулах бол энэ нь хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Х.Б ажилд шилжүүлсэн тушаал нь хуульд нийцээгүй. Х.Б Доной нисэх буудлын холын чиглүүлэх станцын сахиулын ажилд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар томилсон. Уг тушаалыг Хөдөмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн заалтыг баримтлан үндэслэсэн. Уг тушаал нь эзгүй байгаа ажилтны ажил албан тушаалыг гүйцэтгүүлэх гээд байна уу, сул зогсолттой ажилтанг өөр ажилд шилжүүлэх гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Уг тушаалын агуулга хэсгийг харахад эзгүй байгаа албан тушаалтны ажил үүрэг дээр түр ажиллуулахаар томилсон юм шиг харагддаг. Ийм тохиолдолд хуульд зааснаар ажилтантай заавал тохиролцсон байх ёстой. Ажлаас халагдах тушаал гартал Х.Б эрхэлж байсан ажил үүрэг  нь галчийн ажил байсан. Х.Б Доной нисэх буудлын галчийн ажилд томилчихоод мөн тус газарт холын чиглүүлэх станцын сахиулын ажилтны ажлын чиг үүргийг шаардах нь хуульд нийцэхгүй. Холын чиглүүлэх станцын сахиулын болон худгийн сахиул, галч моторчны ажилд томилсон уг тушаал нь хуульд нийцэхгүй, Х.Б хөдөлмөрлөх эрх үүргийг тодорхой болгоогүй байж хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхийг шаардаж, уг ажил үүргийг гүйцэтгээгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй.

Хариуцагч тал хатуу хучилттай зам ашиглалтанд орж гэрэл суултын техникчийн орон тоо батлагдах юм бол Х.Б уг орон тоон дээр авна гэсэн нөхцлөөр эвлэрсэн. Хариуцагч байгууллагын төлөөлөгч уг эвлэрлийн гэрээг байгуулахдаа уг орон тоог батлагдана гэж урьдаас таамаглаж хийсэн. Уг зам ашиглалтанд орсон хэдий ч одоо хүртэл гэрэл суултын техникчийн орон тоо батлагдаагүй. Д.А дарга гэрэл суултын зам тавигдсан хэдий ч уг орон тоо батлагдах эсэх нь шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг удирдах ажилтныхаа хувьд мэдэх боломжтой байсан. Эвлэрлийн гэрээ байгуулахад хатуу хучилттай зам 80 хувьтай тавигдсан байсан. Мөн гэрэл суулт болон тоног төхөөрөмж нь ирчихсэн байсан. Х.Б хатуу хучилттай зам тавигдана, гэрэл суултын тоног төхөөрөмж ирсэн байгаа учраас чамайг гэрэл суултын техникчийн ажилд томилно гэж итгүүлж эвлэрлийн гэрээ байгуулсан нь харагдаж байна. Уг үндэслэлээр гэрээний нөхцлийг зөвшөөрч Х.Б эвлэрлийн гэрээ байгуулсан. 2019 оны 08 сард хатуу хучилттай зам ашиглалтанд ороход Х.Б, Д.А даргатайгаа уулзаж та намайг гэрэл суултын техникчийн ажилд томилно гэсэн. Би гэрэл суултын техникчийн ажилдаа ормоор байна гэхэд Д.А дарга чамайг тухайн ажлын байранд ажилд томилохгүй, чи шүүхдээд яв гэж хэлсэн. Түүнээс хойш Х.Б шүүгчийн захирамжийг биелүүлэхээр хүсэлт тавьсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлээд явж байтал Х.Б 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр Х.Б сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Доной нисэх буудлын дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч өмгөөлөгч миний бие бүгд цуг байж байгаад Х.Б ажилд томилох талаар буюу шүүхийн шийдвэр биелүүлэх талаар уулзсан. Уг уулзалтаар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд Доной нисэх буудлын гэрэл суултын техникчийн ажилтнаар юм уу, үгүй бол ижил чанарын өөр албан тушаалд томилоод Х.Б эрх зүйн байдлыг дээрдүүлж ажиллах нөхцлийг нь бүрдүүл гэх үүргийг өгсөн боловч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Х.Б ажлын 10 өдөр ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч асуухад Доной нисэх буудлын дарга Д.А Х.Б ажлаас нь халчихсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журмаар тухайн ажилтан ажлын цагаа бүртгүүлэх, ажлын байраа орхиж явах болон ажлын цагаа бүртгүүлэхдээ дарга юм уу, ажлын цаг бүртгэж байгаа ээлжийн харуул болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэж байх ёстой байдаг. Х.Б холын чиглүүлэх станцад ажиллаж байхдаа ажлын байраа орхин явсан, ирсэн талаар мэдэгдээгүй, ажлын цагаа бүртгүүлээгүй байдлаас болоод 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ажлын цаг нь ажил тасалснаар бүртгэгдсэн. Энэ байдлыг нь харгалзан үзээд Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын дотоод журмыг үндэслэн Х.Б ажлын 10 өдөр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах тушаал гаргаж ажлаас халсан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журманд ажилтан сардаа 3-с дээш хоног ажил таслах юм бол ажлаас халах шийдвэр гаргана гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Б ажлын 10 өдөр ажил таслаж ажлаас чөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг манай байгууллага бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.3 /ажилтан ажлын 3 өдөр дараалан юм уу, хуанлын 1 сарын хугацаанд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн ажлын цагтай тэнцэх хэмжээгээр ажил тасалсан байвал/ гэсэн заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн Доной нисэх буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Энэ нь нэхэмжлэгч Х.Б галлагаа зогссонтой холбогдуулаад худгийн сахиул, галч, моторчин, холын чиглүүлэх станцын сахиул гэсэн ажлын байран дээр орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эвсэл хуанлын 1 сарын хугацаагаар ажил тасалсан цагийг нэгтгэн бодвол ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэсэн заалтуудыг үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалын агуулга нь нэхэмжлэгч Х.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ажлын 5 өдөр ажил тасалсан зөрчилд нь Доной нисэх буудлын дарга 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Х.Б 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мөн ажлын 5 өдөр ажил тасалсан учраас хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын 3-с дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчил гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслээд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон уг тушаал 9 дүгээр сарын 01-нээс 18-ны хооронд 10 өдөр ажил тасалсан гэж оруулсан боловч тушаалын агуулга, хариуцагч байгууллагын гаргасан тайлбар зэргээс харахад 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан зөрчил дээр нь дахин ноцтой зөрчлийн хэмжээнд хүрсэн байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн гэдэг нь харагдаж байна. Албан байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ээлжийн амралтаа авсан ажилтны ажлын байран дээр өөр албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр орлон гүйцэтгүүлэх буюу хавсран гүйцэтгүүлэхээр томилж болдог. Тухайн ажлыг орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй байдаг. Нэхэмжлэгч Х.Б Доной нисэх буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орлон гүйцэтгүүлэх тушаалаар зөвхөн Х.Б ч биш нэг ээлжийн галч Б харуул талбайн журам сахиулагчаар, Х.Б худгийн сахиул, галч, моторчин, холын станцын сахиулаар тус тус томилсон. Уг тушаал нь хууль болон хөдөлмөрийн дотоод журманд нийцэж байна. Х.Б 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан. Уг хөдөлмөрийн гэрээнд Х.Б гарын үсэг зурсан байгаа. Хавтаст хэрэгт 2 хөдөлмөрийн гэрээ байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.4 заалтад ажилтан ажлын цагаар хувийн асуудлаар гадуур явахдаа шууд харьяалах нэгжийн даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.Б уг үүргийг биелүүлээгүй. Ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээс харш үйлдлийг хэлдэг. Хэдийгээр холын чиглүүлэх станц Доной нисэх буудлаас 8 километрийн зайд оршиж байдаг хэдий ч ирсэн явсан цагаа ажилтан заавал мэдэгдэх ёстой. Холын чиглүүлэх станц дээр хүн амьдрах боломж байхгүй гээд маргаж байгаа. Үнэхээр хүн амьдрах боломж байхгүй юм бол нэхэмжлэгчийн үндсэн ажлын байр болох галчийн ажлын байрыг хамт хийж байсан шүү дээ. Х.Б Доной нисэх буудлын газарт ирээд ажлын цагаа бүртгүүлээд байх боломжтой байсан. Гэтэл Доной нисэх буудлын газарт 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны хооронд харагдаагүй ирээгүй. Хариуцагч талаас зөвхөн чиглүүлэх станц дээр байхгүй байсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм биш, Доной нисэх буудал дээрээ мөн ирээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч ажлын цагийг Доной нисэх буудал дээрээ ирж очин бүртгүүлэх боломжтой байсан. Х.Б 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэдэг нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлээс харагдаж байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газар Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Б/23 дугаар Х.Б сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн тус даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар Х.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын дарга Д.А, Х.Б нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 5.261.347 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газар Завхан аймаг дахь Доной нисэх буудлаас гаргуулж нэхэмжлэгч Х.Б олгож, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газар Завхан аймаг дахь Доной нисэх буудлын санхүүд даалгаж ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...тус байгууллагын цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа ч хариуцагч нь нэхэмжлэгчийг худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон бөгөөд тухайн тушаалын дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.Б ажил түр орлон гүйцэтгүүлэхээр гаргасан тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Эзгүй байгаа ажилтнуудын ажлыг орлон гүйцэтгүүлэхээр томилж байгаа тохиолдолд Х.Б Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Доной нисэх буудлын дарга хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрхи үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Б нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын дарга Д.А 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Доной нисэх буудлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Х.Б сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Х.Б нисэх буудлын галчийн ажлаас чөлөөлөх тухай Б/25 дугаар тушаал зэргийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж буюу Х.Б гэрэл суултын техникчээр ажиллуулах агуулга бүхий захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар эвлэрэл баталсан шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил үйлчлэлтэй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг анхан шатны шүүх нэхэмжлэлээр хүлээн авч хянан шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Дээрхи тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар  “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр....шүүгчийн захирамж байгаа” бол гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

Анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Х.Б ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 5.261.347 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэгэн зэрэг 2 ажилд буюу галын бүлгийн ахлагч, галчаар ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдлаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ямар нэгэн ажил албан тушаалд томилолгүйгээр түүнд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 140/ШШ2020/00046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                                ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                                             Ш.Б