Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00676

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00031 дүгээр  магадлалтай,

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

******нд холбогдох

******** нисэх буудлын даргын 2019.9.06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019.9.20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ********** нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2010 оны 9 дүгээр сард анх ******д галчаар ажилд орж байсан. 2012 онд галч, гал сөнөөгч гэсэн орон тоон дээр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон. Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын албанаас зохион байгуулсан иргэний агаарын тээврийн гал сөнөөх зорчигчдыг аврах сургалтын анхан болон давтан сургалтад ******д 8 жил ажиллахдаа нийт 4 удаа хамрагдсан. Мэргэшин ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард намайг ***** нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшүүлэн томилсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас надад итгэл үнэмшил үзүүлэн энэ ажилд томилж байсан байх гэж боддог. ****** нисэх буудлын дарга Д.А-У 2018 оны 7 дугаар сард Б/26 дугаар тушаалыг гаргаж намайг ажлаас халж, галчийн ажил руу шилжүүлсэн байдал нь миний нийгмийн байдлыг дордуулсан гэж үзэж шүүхэд хандсан. Мөн ****** нисэх буудлын дарга Д.А-У ****** нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтад орохоор гэрэлсуултын техникчийн орон тоон дээр ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасан тул  хүлээн зөвшөөрч хатуу хучилттай зам ашиглалтад орох хүртэл нэг жилийн хугацаанд галчийн ажлаа хийхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж хатуу хучилттай зам ашиглалтад ортол нэг жилийн хугацаанд энэ асуудлын талаар ярихгүйгээр хатуу хучилттай зам ашиглалтад ортол галчийн ажлаа хийж байсан. 2019.08.15-ны өдөр ***** нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтад ороход намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилох тухай асуудал яригдахгүй байсан. Д.А-У даргын өрөөнд орж эвлэрлийн гэрээг биелүүлэх талаар уулзахад чамайг ажилд авахгүй, энэ ажилд томилохгүй, чи шүүхдээд яв гэж хэлсэн. 2019.08.21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагаа эхлүүлсний дараахан ***** нисэх буудлын дарга 2019.9.06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан, удалгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2019.9.16-ны өдөр гардан авч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ****** нисэх буудлын дарга Д.А-У болон намайг байлцуулан уулзсан. Ингэж уулзахдаа гэрэлсуултын ажлын байр гарахгүй бол ижил түвшний ажлын байранд томилох боломж байна уу гэдэг талаар ярилцсан. Гэтэл 2019.9.20-ны өдөр ***** нисэх буудлын дарга Д.А-У Б/25 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр 10 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шаардаж тодруулан асуухад ****** нисэх буудлын дарга Д.А-У нь Х.Б-ыг ажлаас халсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон гэж тайлбарласан байсан. Д.А-У ****** нисэх буудлын даргаар ажиллах болсон цагаасаа хойш миний ажиллах эрхийг хааж удаа дараа ямар нэгэн шийдвэр гаргаж байсан, гаргасан шийдвэр бүхэн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байсан. 2019 оны хавар гэрэлсуултын техникчийн анхан шатны сургалт болоход уг сургалтад суумаар байна гээд өргөдөл бичиж Д.А-У даргын өрөө рүү ороход дарга “тийм боломж байхгүй, чамайг сургалтад явуулахгүй” гэж хэлсэн. Д.А-У дарга намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилон ажиллуулах зорилго байгаагүй, намайг галын бүлгийн ахлагчийн ажилд томилох шүүхийн шийдвэр гарахаас аргалж, намайг өөр ажилд томилох дүр үзүүлэн итгэл үнэмшил үзүүлэн эвлэрлийн гэрээ байгуулсныг би ойлгосон. ****** нисэх буудлын дарга Д.А-У-ын 2019.9.06-ны өдрийн Б/23 тоот тушаал, 2019.9.20-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, галчийн ажлын байранд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь энэ хэрэг маргаан шүүхээр хэлэлцэгдэж байхад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болох байсан. Х.Б-ын галчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ****** аймаг дахь ****** нисэх буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х-ийн Б /РД:ИЮ76101312/-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ****** аймаг дахь ******* нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ******* аймаг дахь ******* нисэх буудлаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 12.083.864 /арван хоёр сая наян гурван мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ******* аймаг дахь ******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ************ аймаг дахь *********нисэх буудлаас 208.292 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00031 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШШ2020/00474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...12,083,864 гэснийг ...9,539,916 гэж өөрчилж, 4 дэх заалтыг “...208,292” гэснийг “...167,589” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагч Завхан аймаг дахь ****** нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 208,291 төгрөг төлөхийг шүүгчийн захирамжаар гаргуулахыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалынхаа үндэслэлийг “хариуцагч байгууллага нь Х.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Х.Б- нь манай байгууллагын галчаар ажилладаг бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09-р сарын 15-ны өдрийн хооронд улирлын чанартайгаар тухайн ажлын байр нь сул зогсдог. Иймд ажилтныг сул зогсолтын үед нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажлыг байгууллага дотроо түр шилжүүлэн хийлгэсэн. Шүүх дээрх дүгнэлтийнхээ үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг баримталсан байна. Гэтэл хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг сул зогсолтын үед нь өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй. Мөн талууд хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “ажлын зайлшгүй шаардлагаар ижил төрлийн албан тушаалд ажилтны нийгмийн байдлыг дордуулахгүйгээр цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж нэмэлт өөрчлөлт оруулан, аль аль нь харилцан зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл энэхүү нэмэлт өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэх хуулийн агуулгад нийцээгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх “хөдөлмөрийн гэрээнд оруулсан энэ нэмэлт өөрчлөлт нь хуульд нийцээгүй ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан байна” гэж дүгнэхдээ ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх 2020.05.15-2020.07.23-ны өдрийн хооронд галч ажиллах шаардлагагүй, сул зогсолтын үеийн олговрыг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа “...12.083.864” гэснийг “...9.539.916” гэж өөрчилсөн нь миний цалин олговрыг үндэслэлгүй бууруулсан шийдвэр боллоо. Учир нь би 2018 оны 07 сараас хойш 2019.09.20-ны өдөр хүртэл ****** нисэх буудлын галчийн албан тушаалд ажиллаж ирсэн. Галчаар ажиллах хугацаанд байгууллагыг халаах шаардлагагүй зуны цагт миний бие ажилгүй /цалингүй/ амарч байгаагүй. Хуулийн дагуу ээлжийн амралт эдлэх, бусад ээлжийн амралттай эзгүй байгаа албан тушаалтны ажил үүргийг орлон гүйцэтгэх байдлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, цалин хөлсгүй сул зогсож байгаагүй. Энэ байдал нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүй хасч шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Шүүхүүдийн дүгнэсэнчлэн хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Х.Б- нь ****** аймаг дахь ******* нисэх буудлын даргын 2018.07.17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар уурын зуухны галчийн ажил албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, 2019.05.31-ний өдрийн Б/08 дугаар “Ажил орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон, ийнхүү ажиллаж байх хугацаанд нь мөн даргын 2019.09.20-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар “...уурын зуухны галч Х.Б- нь холын чиглүүлэх станцын сахиулаар орлон ажиллах хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 өдөр ажил тасалсан ...” гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээр ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхдээ “холын чиглүүлэх станцын сахиул”-ын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, харин 2018.07.17-ны өдрийн “галч”-ийн ажлын байранд байгуулсан /үндсэн/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан. Уг гэрээний нэмэлт, өөрчлөлтөд “ажлын зайлшгүй шаардлагаар ижил төрлийн албан тушаалд ажилтны нийгмийн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй шилжүүлэн ажиллуулахаар удирдлагын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.

Хариуцагч 2019.05.31-ний өдрийн Б/08 дугаар тушаалын үндэслэлээ /мөн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгадаа/ “... дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд улирлын шинжтэйгээр галчийн ажлын байр нь сул зогсдог тул энэ хугацаанд ээлжийн амралттай ажилтны оронд нь түр хугацаагаар ажиллуулдаг” гэж тайлбарласнаас үзвэл, “сул зогсох үед нь өөр ажилд түр ажиллуулдаг” гэж ойлгогдохоор байна.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “... улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар... хөдөлмөрийн гэрээг байгуулна” гэсний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчтэй “сахиул”-ын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байтал уг үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн. Мөн дээр дурдсан нэхэмжлэгчийн хөдөлмөр /“галч”/-ийн гэрээний “нэмэлт өөрчлөлт”-ийг нэхэмжлэгчтэй улирлын шинжтэй буюу түр ажилд /“сахиул”-ын/ үргэлжлэх хугацаагаар байгуулсан “хөдөлмөрийн гэрээ” гэж үзэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллаж болно” гэж заасан боловч энэхүү маргааны тухайд “ажлын зайлшгүй шаардлагаар ижил төрлийн албан тушаалд ажилтны нийгмийн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй шилжүүлэн ажиллуулах” гэсэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нь уг хуулийн зохицуулалтад шууд хамаарахгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн үндсэн ажлын байр болох “галч”-ийн ажил, албан тушаал нь “холын чиглүүлэх станцын сахиул”-ын ажилтай ямар учир “ижил төрлийн албан тушаал” гэж үзэж байгаа, нийгмийн байдал буюу ажиллах нөхцөл, ажлын цаг зэргийг ямар учраас дордоогүй гэж үзэж байгаа зэргээ хариуцагч нотлоогүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсгийн агуулгыг “сул зогсолтын үед ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд ажиллуулахдаа огт өөр чиг үүрэг, ажлын нөхцөлтэй ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж болно” гэж тайлбарлах боломжгүй, хэрэв ийнхүү тайлбарлавал уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.“Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тохирно” 21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр; 21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; 21.1.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; 21.1.4.хөдөлмөрийн нөхцөл”, 21.3.Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3.“Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, 31 дүгээр зүйлийн 31.1.“Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасантай зөрчилдөх болно.

Дээрх хуулийн гол зорилго нь ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээгээр байгуулснаар гүйцэтгэх ажил буюу чиг үүрэг, ажлын цаг, ажиллах нөхцөл, цаашилбал гэрээ цуцлах нөхцөл, үүнд сахилгын ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцох зэрэг хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах нөхцлийг харилцан тохиролцсон байхыг шаардаж байгаа, гэтэл нэхэмжлэгчийн хувьд “холын чиглүүлэх станцын сахиул”-ын ажил үүргийг ажлын ямар цагт, ямар нөхцөлд, яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй, гэсэн атал түүнийг “10 өдөр ажил тасалсан” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу тодорхойгүй байна.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч Х.Б-тай “сахиул”-ын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж тушаалынхаа үндэслэх хэсэгт “галч”-ийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т заасныг зөрчсөн гэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 31 дүгээр зүйлийн 31.1-ийг зөрчсөн, хууль бус талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.   

Харин давж заалдах шатны шүүх “...Х.Б-ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо 5 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 23-ны хооронд галч ажиллах шаардлагагүй, сул зогсолттой үеийн олговрыг хасч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж үзэн нийт 44 өдрийн цалинг хасч тооцсон нь буруу байх тул “...Галчаар ажиллах хугацаанд байгууллагыг халаах шаардлагагүй зуны цагт миний бие ажилгүй /цалингүй/ амарч байгаагүй. Хуулийн дагуу ээлжийн амралт эдлэх, бусад ээлжийн амралттай эзгүй байгаа албан тушаалтны ажил үүргийг орлон гүйцэтгэх байдлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, цалин хөлсгүй сул зогсож байгаагүй. Энэ байдал нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүй хасч шийдвэрлэсэн...” гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00031 дүгээр  магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                               Г.ЦАГААНЦООЖ