Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 821

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэртэй,                        

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УБТ ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь УБТ ХХК-ийн хүний нөөцийн даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр томилогдож ажилласан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-415 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилж, 13 901 888 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай Б-1-308 дугаартай тушаал гарсан ч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б-2-260 дугаартай тушаал мөн гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс Б-2-260 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б-2-260 дугаартай тушаалын үндэслэлээ 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажил тасалсан гэж тусгасан. Ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан талаар Б.О-т мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар ажил хүлээлцүүлж, гэрээ байгуулан, баталгаажуулсан зүйл байхгүй.  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б.Оюунчимэгт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 74 722 648 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь өмнө нь ажлаас халагдаж шүүхэд гомдол гаргаж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилохоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б-1-308 дугаартай тушаал гарсан. Ажилд эгүүлэн тогтоож, буцаан халсан үйл баримттай холбоотой Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.О өргөдөл гаргаж шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улаанбаатар төмөр замаас ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ажилд эгүүлэн авсантай холбоотойгоор урьдын маргаан дууссан. Б.О-ийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний нөөцийн албаны даргаар эгүүлэн тогтоож, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа өгөхийг н.Г-д даалгаж шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх талаар тушаал гаргасан. Хариуцагчийн зүгээс өөрөөс хамаарах бүх зүйлээ хийсэн. Б.О нь ажилд шинээр томилогдож буй биш юм. 2016 оноос Улаанбаатар төмөр зам байгууллагад тэр тусмаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг маш сайн ойлгож байгаа. Б.О-тэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Хариуцагчийн зүгээс ажил эгүүлэн томилсон тухай Б.О-т болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрт мэдэгдсэн. Бид мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хэрхэн мэдэгдсэн талаар шуудангаар явуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн хэрхэн мэдэгдсэн талаар н.М гэрчийн мэдүүлэг өгсөн. Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэж, Б.О-гийг ажилд томилсон.

Ажилд эгүүлэн тогтоосны дараа энэ ажилтан 7 хоногийн ажлын 40 хүртэлх цаг буюу өдрийн 8 цаг ажиллах ёстой. Ажлын байраа өөрөө хүлээж авах үүрэгтэй. Б.О нь тушаал гарсан өдрөөс буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 8 цагаар долоо хоногт 40 цагийн ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Ажлын цагаа бүртгүүлэх ёстой, дээд шатны албан тушаалтандаа ажил үүргээ илтгэж байх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйгээр Б.О ажлаа тасалсан. Ажил тасалсан үйл баримт Улаанбаатар төмөр замын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.10-т заасан заалтыг зөрчиж ажлаас халах үндэслэл бий болсон. Б.О гэдэг хүнийг өмнө нь Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ажлаас халсны дараа Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороо, Төмөр замчдын нийгэмлэг ба түүний тэргүүн н.С, Зам тээвэр аялал зуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт төрийн эрх бүхий байгууллагуудаас Б.Оюунчимэгтэй холбоотой гомдол ирсэн. Тус гомдолд Б.О гэдэг хүн тус ажлын байранд нийцэхгүй.

Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.О хуурамч дипломтой н.Т-ийг шан харамж авч ажилд томилсон нөхцөл байдал үүссэн. Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариу өгсөн. Б.О нь ажилд эгүүлэн томилсны дараа ч ирээгүй, ажлаас халах тушаалаа аваагүй. Хоёр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.О-ийг УБТ ХХК-ийн  Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 74 722 648 төгрөгийг УБТ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг УБТ ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ажил таслаагүй байхад ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-260 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх тушаал гарахаас өмнөх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түүнийг ажилд эгүүлэн тогтоохоор гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч дүр эсгэн биелүүлсэн байна гэж дүгнэн түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга бүхий хуулийн зүйл заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон 2018 оны 9 дүгээр сарын 26-ны Б-1-308 тоот тушаалтай маргахгүй талаар шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байхад нэхэмжлэгчийн маргаж байгаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-260 дугаар тушаал, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-308 тоот тушаалын үндэслэлийг өөрийн санаачилгаар хянаж, өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн шинжтэй гэж дүгнэсэн. Шүүх хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулахдаа шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж заасан нь үндэслэлгүй. Б.О-ийг ажил тасалсан асуудлыг үгүйсгээгүй. Шүүх энэ талаар дүгнээгүй. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж өөр үндэслэлийг заасан. Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар ажилд нь эгүүлэн томил, энэ талаар өөрт нь болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 5 өдөр ажил тасалсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.10 дахь зүйл болон Б.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “... 2 буюу түүнээс хоногт ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын зөрчил урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан. Иймээс Б.О-ийг ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй болно. Улаанбаатар төмөр зам нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлээгүй.  Б.О нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Улаанбаатар төмөр зам шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар гомдол гаргаж улмаар 180505249 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад өмнөх шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэх гэмт хэргийн шинжтэй зүйл тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.О нь ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан байхад ажилдаа ороогүй ажил тасалсан тул түүнийг ажлаас халсан талаарх нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн. Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн эсэх, энэ талаар холбогдох баримт болох эрүүгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэг материалыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Шүүх мөн тухайн хэрэгт хамааралгүй хэргийн оролцогч бус этгээд Улаанбаатар замын дарга Д.Ж-г 300 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан буруу. Шүүгчээс татгалзах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн. Улмаар шүүх хуралдааны явцад шүүгч хөндлөнгийн байр сууринаас оролцох хуулийн шаардлагыг зөрчиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэтээр аашилж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэхүү үйлдлээ тусгаагүй хасаж нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгийг түүнийг өөрөө санаачилгаар хэлсэн мэтээр тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч УБТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/00982 дугаар тогтоолоор Б.О-ийг  УБТ ХХК-ийн хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх 17-24-26/

Хариуцагч УБТ ХХК нь  дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-308 дугаар тушаалаар Б.О-ийг хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. /1 хх 3/

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хариуцагч байгуулага өөрт нь мэдэгдээгүй гэж, хариуцагч нь уг тушаалыг шуудангаар хүргүүлсэн гэж маргасан.

Хариуцагч байгууллага нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-308 дугаар тоот тушаалаа шуудангаар илгээснийг нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан нь “Монгол шуудан” ХК-ийн лавлагаагаар тогтоогдсон байна. /1хх-45/

Гэтэл ажилд эгүүлэн тогтоосон тухай ажилтанд мэдэгдээгүй атлаа түүнийг ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан 2018 оны 10 дугаар сарын 02-ны Б-II-260 тоот тушаал хуульд нийцээгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Харин ажилгүй байсан хугацааны цалин олговорт 74 722 648 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүнд хариуцагч маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

          Анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээ авах талаар хийсэн дүгнэлт маргаанд хамааралгүйг дурьдах нь зүйтэй.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд зохигч өөрийн гаргасан тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Уг нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлэх эрхтэй боловч хариуцагч байгууллага нь эрүүгийн хэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн хувьд уг ажиллагааны талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах боломжтой.

УБТ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Ж-г хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам зөрчсөн гэж 300 000 төгрөгөөр торгосон шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн гомдол гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэхээс татгалзсныг буруутгахгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдлын шүүгчийн ёс зүйтэй холбоотой хэсэг нь давж заалдах шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 690 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                             Д.БАЙГАЛМАА