Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00545

 

 

                                                        Б.О-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлалтай,

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, Н.Баттуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О  нь Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүний нөөцийн даргаар 2016.10.04-ний өдөр томилогдож ажилласан. Гэтэл 2017.09.01-ний өдрийн Б-1-415 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017.12.02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилж, 13,901,888 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2018.09.26-ны өдрийн Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай Б-1-308 дугаартай тушаал гарсан ч 2018.10.02-ны өдрийн Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-260 дугаартай тушаал мөн гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс Б-2-260 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018.10.02-ны өдрийн Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б-2-260 дугаартай тушаалын үндэслэлээ 2018.09.26-ны өдрөөс хойш ажил тасалсан гэж тусгасан. Ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан талаар Б.О-т мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар ажил хүлээлцүүлж, гэрээ байгуулан, баталгаажуулсан зүйл байхгүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018.10.02-ны өдрийн Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 74,722,648 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь өмнө нь ажлаас халагдаж шүүхэд гомдол гаргаж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилохоор 2018.09.26-ны өдөр Б-1-308 дугаартай тушаал гарсан. Ажилд эгүүлэн тогтоож, буцаан халсан үйл баримттай холбоотой Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.О өргөдөл гаргаж шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улаанбаатар төмөр замаас ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ажилд эгүүлэн авсантай холбоотойгоор урьдын маргаан дууссан. Б.О-ийг 2018.09.26-ны өдөр Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хүний нөөцийн албаны даргаар эгүүлэн тогтоож, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа өгөхийг н.Ганболдод даалгаж шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх талаар тушаал гаргасан. Хариуцагчийн зүгээс өөрөөс хамаарах бүх зүйлээ хийсэн. Б.О нь ажилд шинээр томилогдож буй биш юм. 2016 оноос Улаанбаатар төмөр зам байгууллагад тэр тусмаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг маш сайн ойлгож байгаа. Б.О-тэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Хариуцагчийн зүгээс ажил эгүүлэн томилсон тухай Б.О-т болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрт мэдэгдсэн. Бид мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хэрхэн мэдэгдсэн талаар шуудангаар явуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн хэрхэн мэдэгдсэн талаар н.Минжмаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэж, Б.О-ийг ажилд томилсон. Ажилд эгүүлэн тогтоосны дараа энэ ажилтан 7 хоногийн ажлын 40 хүртэлх цаг буюу өдрийн 8 цаг ажиллах ёстой. Ажлын байраа өөрөө хүлээж авах үүрэгтэй. Б.О нь тушаал гарсан өдрөөс буюу 2018.09.26-ны өдрөөс эхлэн ажлын 8 цагаар долоо хоногт 40 цагийн ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Ажлын цагаа бүртгүүлэх ёстой, дээд шатны албан тушаалтандаа ажил үүргээ илтгэж байх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйгээр Б.О ажлаа тасалсан. Ажил тасалсан үйл баримт Улаанбаатар төмөр замын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.10-т заасан заалтыг зөрчиж ажлаас халах үндэслэл бий болсон. Б.О гэдэг хүнийг өмнө нь Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ажлаас халсны дараа Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороо, Төмөр замчдын нийгэмлэг ба түүний тэргүүн н.Сүрэнхорлоо, Зам тээвэр аялал зуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт төрийн эрх бүхий байгууллагуудаас Б.О-тэй холбоотой гомдол ирсэн. Тус гомдолд Б.О гэдэг хүн тус ажлын байранд нийцэхгүй. Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.О хуурамч дипломтой н.Тэнгисийг шан харамж авч ажилд томилсон нөхцөл байдал үүссэн. Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариу өгсөн. Б.О нь ажилд эгүүлэн томилсны дараа ч ирээгүй, ажлаас халах тушаалаа аваагүй. Хоёр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.О-ийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 74,722,648 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 690,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, Н.Баттуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч өөрийг нь ажилд нь эгүүлэн тогтоосон 2018.09.26-ны өдрийн Б-1-308 тоот тушаалтай маргахгүй гэдгээ шүүх хуралдааны явцад удаа дараа илэрхийлсээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа 2018.10.02-ны өдрийн Б-1-260 дугаар тушаал, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй 2018.09.26-ны өдрийн Б-1-308 тоот тушаалын үндэслэлийг өөрийн санаачилгаар хянаж, энэ тушаал нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн шинжтэй гэж дүгнэн, өмнө Авилгатай тэмцэх газрын зөвлөмжөөр ажлаас халсан шийдвэртэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулах, тэдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд агуулга бүхий шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад огт хамаарахгүй, өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэглэн, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Гэтэл нэгэнт шүүх эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас өөр үндэслэлээр аль ч шатны шүүх дахин хянан хэлэлцэж, давхардуулан шийдвэр гаргахгүй, түүний биелэлт хангагдсан эсэхийг анхан шатны журмаар дахин авч хэлэлцдэггүй, харин нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн биелэлт, гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан хэрэгжүүлдэг одоо хүчин төгөлдөр байгаа хууль, журамд үл нийцсэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх үл хэрэгсэн хэвээр үлдээсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлээс үзвэл тухайн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан ажил тасалсан гэх үндэслэл нь бус харин ажлаас халах арга хэмжээ нь тохироогүй, ажил тасалж гаргасан зөрчилд нь цалин бууруулах гэх мэтээр шат дараалсан арга хэмжээ аваагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байдаг. Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын тушаалаар 2018.09.26-ны өдрийн Лхагва гарагт өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, энэ тухай өөрт нь болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зохих журмын дагуу боломжит байдлаар мэдэгдсэн боловч ажилд эгүүлэн томилогдсоноос хойш 2018.09.26, 27, 28, 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 2 долоо хоногт дараалласан ажлын 5 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг.          Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн “Удирдах газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.10 дахь зүйл болон Б.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “..2 буюу түүнээс дээш хоногт ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын зөрчил урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан байдаг. Иймээс Б.О-ийг 2018.10.02-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.10-т заасныг тус тус үндэслэл болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль, журамд нийцсэн шийдвэр болсон байхад шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарлан шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн өөрчлөөгүй хэвээр үлдээсэн.

Б.О анх Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016.10.04-ний өдрийн Б-1-222 дугаартай тушаалаар хүний нөөцийн албаны даргын ажилд томилогдсон байдаг. Б.О-ийг ажилд томилсон дээрх шийдвэр нь Авилгын эсрэг хуулийг зөрчиж байгаа талаар тус газраас ирүүлсэн зөвлөмж, албан тоотыг үндэслэн 2017.09.01-ний өдрийн Б-1-415 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Энэ шийдвэрийг Б.О эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг өмнөх ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.15-ны өдрийн тогтоолоор хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Хэдийгээр Улаанбаатар төмөр зам түүнийг ажилд нь эгүүлэн томилж, зохих олговрыг шилжүүлсэн ч иргэн Б.О түүнийг ажилд эгүүлэн томилж, буцаан халсан үйлдэл нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн үйлдэл учир дээрх шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж марган цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс Г-7685 дугаарт бүртгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн 180505249 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байдаг. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг буюу нэхэмжлэгч Б.О-ийг өмнө ажлаас халсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх, дүр эсгэн биелүүлсэн гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа эсэхийг шалгаж байгаа эрх зүйн маргаан нь түүний гаргасан “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018.10.02-ны өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шардлагатай хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой учир энэ хэргийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийг түдгэлзүүлэхээр гаргасан хариуцагч талын хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Улмаар дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг шалган шийдвэрлэх явцад шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэмт хэргийн шинжтэй зүйл тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ шийдвэрийг үндэслэн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг сэргээн хянан шийдвэрлэсэн илэрхий үйл баримт байдаг. Энэ талаар гарсан прокурорын тогтоол одоо ч хүчин төгөлдөр байсаар байхад шүүх ямар үндэслэлээр өмнө гарсан шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өмнө гарсан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн эсэх, энэ талаар холбогдох талуудад мэдэгдсэн, мөн ажилд томилсон шийдвэрийг үл тоон хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх асуудлууд дээрх эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны явцад бүрэн хамаарч шалгагдсан бөгөөд хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болж байгаа дээрх эрүүгийн хэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал, түүнд авагдсан баримтууд нь эрүүгийн хэрэгт авагдсан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нууцлалд хамаарах баримтууд учир үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлт шүүхэд гаргасан боловч шүүх энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлоход зайлшгүй шаардлагатай дээрх баримтуудыг шүүх хүсэлтийнх нь дагуу бүрдүүлж өгөөгүйгээс дутуу баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт нэг талыг барьж, хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад танай Улаанбаатар төмөр зам хүн хууль бусаар ажлаас нь халчихаад" гэх мэтээр хэрэг маргааны талаар урьдчилсан дүгнэлт хийж, оролцогч буюу хариуцагч талаас хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэсэн атлаа ийнхүү хүсэлт гаргаж байгаа нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар энэ үндэслэлээрээ хэргийн оролцогч бус Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад 300,000 төгрөгийн торгууль ногдуулан, энэхүү торгуулийг ногдуулахдаа тухайн этгээдийг дуудан ирүүлж арга хэмжээ авах хуулиар тоггоосон журмыг зөрчиж, энэхүү зөрчил ногдуулсан шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлан, аливаа шүүхийн шийдвэрт гомдол гарган хянуулах хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн. Энэ байдал нь шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байсан, мөн хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийж, хэрэг маргаан шийдвэрлэж ажиллагаа явуулахдаа оролцогчидтой зүй бусаар харьцаж, оролцогч болон хэргийн талаар өөрийн хувийн үнэлэлт дүгнэлт өгч харьцаж байгаа, шүүх хуралдааны дундуур туслах ажилтнаа дуудан оруулж ирж загнан, арга хэмжээ авах зэрэг зохисгүй үйлдлийн талаар шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, уг гомдол шалгагдаж байгаа учир шүүгчээс татгалзах хүртэл арга хэмжээ авахад хүргэж байлаа. Улмаар шүүх хуралдааны явцад шүүх, шүүгч хөндлөнгийн байр сууринаас оролцох хуулийн шаардлага зөрчигдөж, шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэтээр аашилж, үндсэндээ мэтгэлцээний нэг тал болон шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан, түүнийг тайлбар гаргах, асуултанд хариулахыг эрс хориглож, нотлох баримт шинжлэн судалсны дараа талууд нэмэлт тайлбар хийх үед асуулт асуух нэрээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчид үг зааж, хөтөлж асуун, энэхүү заасан үгийг нь ойлгож хэлээгүйн төлөө чи яасан юм ойлгодоггүй өмгөөлөгч вэ” гэж загнан, түүгээр хэлүүлэхийг хүсч байгаа үгээ өөрөө хэлж, улмаар “чи ингэж хэлэх гээд байгаа юм уу” гэж давтан хэлүүлж, илт нэг талыг барьж шүүгчийн ёс зүйд баймааргүй бүдүүлэг үйлдэл гаргаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүдүүлгээр зөрчсөн. Иймд хууль зөрчиж илт үндэслэлгүй гарсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.О Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах тухай  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн ...ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн томилсон тухай тушаалыг түүнд танилцуулж хүлээлгэж өгөөгүй атлаа ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.02-ны өдрийн 3459 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.23-ны өдрийн 539 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.15-ны өдрийн 982 дугаар тогтоолоор Б.О-ийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ажилтан ажлаас буруу халагдсан үйл баримтыг болон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоогдсон гэж үзэн дахин нотлохгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй юм.

Түүнчлэн ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.      

Б.О-ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ ажлын 475 хоног гэж тооцсон, анхан шатны шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018.12.31-ний өдрөөс 2019.11.14-ийг хүртэл 475 хоног гэж тогтоосон нь 10 сар, ажлын 8 хоног болох бөгөөд 1 сарын дундаж цалин хөлсийг 3,475,472 төгрөгөөр тооцож, 36,047,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...74,722,648 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “...36,047,920 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 38,674,728 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “...хариуцагчаас 690,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “...хариуцагчаас 338,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.20-ны өдөр төлсөн 690,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                             ШҮҮГЧИД                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Х.СОНИНБАЯР

                                                                                   Б.УНДРАХ                                                                                                                                                                                                                                            Д.ЦОЛМОН