Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ШТ2022/00105

 

                                              Б. ****ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

**** Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэгдаргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлалтай,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаар тогтоолтой

Б. ****ийн нэхэмжлэлтэй,

**** **** **** ****- **** **** **** ****т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан хүсэлтээр

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б. ****ийг ****- **** **** **** **** **** **** ****ийн хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 74,722,648 төгрөгийг ****- **** **** **** **** **** **** ****ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б. ****ийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг ****- **** **** **** **** **** **** ****т үүрэг болгожшийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 690,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...74,722,648 төгрөгийг ****- **** **** **** **** **** **** ****аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “...36,047,920 төгрөгийг ****- **** **** **** **** **** **** ****аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 38,674,728 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “...хариуцагчаас 690,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “...хариуцагчаас 338,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.20-ны өдөр төлсөн 690,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б. **** нь ****- **** **** **** **** **** **** ****ын хүний нөөцийн даргын албан тушаалаас 2017.09.01-ний өдрөөс хойш үндэслэлгүйгээр халагдаад нийт 4 жилийн хугацаанд хөдөлмөрлөх эрхээ ноцтойгоор зөрчүүлж, цалин орлогогүй амьдралаараа хохирсон. Дээрх хугацаанд Д. **** нь хоёр удаа шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоолгож шийдвэрлүүлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, 2017.09.01-ний өдрөөс 2017.12.20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 13,901,888 төгрөг, мөн тус шүүхийн 2020.02.13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, 2018.01.01-ний өдрөөс 2019.11.14-ний өдөр хүртэл хугацааны цалин 74,722,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилгүй байсан хугацааг 2018.01.01-ний өдрөөс 2019.11.14-ний өдөр гэж бичих ёстой байсныг 2018.12.31-ний өдрөөс 2019.11.14-ний өдөр гэж буруу бичсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж ажилгүй байсан хугацааг, цалинг зөв тогтоож шийдвэрлэсэн болохоор нэхэмжлэгчийн зүгээс залруулга хийлгэхээр шүүхэд хандаагүй. Гэтэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021.05.27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаартай тогтоолоор хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэл зэргийг бүрэн дүүрэн хяналгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт буруу тэмдэглэгдсэн хугацаанд нийцүүлэн ажилгүй байсан хугацааны цалинд өөрчлөлт оруулж, 74,722,648 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг 36,047,920 төгрөг болгосон.Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг дахин нэхэмжлэх эрхгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тиймээс Д. **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр 69.1 /Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно/-т заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулах эрхийн хүрээнд уг хасагдсан хугацаа буюу 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэл өдрийн цалин хөлсийг авах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021.11.10-ны өдөр хянан хэлэлцээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрт Улсын Дээд шүүхийн тогтоолоор өөрчлөлт оруулж 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэл өдрийн цалин хөлсийг авах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хасаж шийдсэн байхад дахин нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар маргах эрхгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул тухайн хугацааны цалин хөлсийг дахин нэхэмжлэл эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 53,039,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх 2021.12.27-ны өдөр гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхэд Улсын Дээд шүүхийн тогтоолыг хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул уг тогтоолыг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэх боломжгүй гэж гомдлын агуулгыг буруу тайлбарлан, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Улмаар Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргасан боловч 2022.02.28-ны өдрийн бүх шүүгчдийн хуралдаанаар гаргасан гомдлыг хяналтын журмаар хянан хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан. Ийнхүү шүүхийн буруутай ажиллагаанаас болж үндэслэлгүйгээр ажлаас халагдаж ажилгүй байсан нь тогтоогдсон боловч тухайн хугацааныхаа цалин хөлсийг авч чадахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх боломжгүй болж хохироод байна.

Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалинд өөрчлөлт оруулж, хасаж шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ тайлбарлаагүй тул энэ асуудлыг дахин шийдвэрлүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс хяналтын шатны шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэж дахин шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэж байна. 2022.02.28-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх шаардлагагүй гэж буцааснаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах асуудлыг дахин шийдвэрлүүлэх боломжгүй болсноо мэдсэн болно. Улсын Дээд шүүх өөрийн буруу, алдаатай шийдвэрээ залруулж Б. ****ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохиролгүй болгож өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021.05.27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаартай тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэгийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Хүсэлт гаргагч нь “...Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалинд өөрчлөлт оруулж, хасаж шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ тайлбарлаагүй тул энэ асуудлыг дахин шийдвэрлүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс хяналтын шатны шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэж дахин шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэж байна. 2022.02.28-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх шаардлагагүй гэж буцааснаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах асуудлыг дахин шийдвэрлүүлэх боломжгүй болсноо мэдсэн. Улсын Дээд шүүх өөрийн буруу, алдаатай шийдвэрээ залруулж Б. ****ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохиролгүй болгож өгөх нь зүйтэй...” гэжээ.

Дээрх хүсэлтэд энэ хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаар тогтоол болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар магадлал зэргийг хавсарган ирүүлсэн байна.

8. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлийгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон үндэслэлүүдийг хамааруулжээ.

9. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэх аль ч үндэслэлд хамаарахгүй тулнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэгийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хүсэлтэд дурдсан “...алдаатай шийдвэрээ залруулах” хүсэлт нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд хамааралгүй, тусдаа процесс тул энэ талаар хүсэлт гаргах эсэхэд тогтоол нөлөөлөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 821 дүгээр  магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН