Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 13 өдөр                         Дугаар000000000                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00  хороо, 00  байрны 00 тоотод оршин суух Б овогт Б-ийн О-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Баянгол дүүрэг, 00 хороо, өөрийн байранд байрлах У байгууллагад холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 74.722.648 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие Х.Б нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

         Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага У байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай юм.

         Б.О  У байгууллагап Хүний нөөцийн даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр томилогдож ажилласан.

         Гэтэл “Хөдөлмөрийн гэрээ”-г ажил олгогчийн санаачлагаар, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дугаартай тушаалаар цуцалсан байдаг.

        “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсантай холбогдуулан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилж, 13.901.888 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн.

     Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эсэргүүцэн Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад, хэргийг хянан хэлэлцээд, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн Шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн Магадлалыг хэвээр үлдээсэн.

     Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад У байгууллагын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай” 0000 дугаартай тушаал гарсан ч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” 000 дугаартай тушаал мөн гарсан байдаг.

       Нэхэмжлэгчийн зүгээс 000 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

       Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00000 дугаартай Тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд ингэснээр У байгууллагын даргын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаартай тушаал хүчингүй болж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр хэвээр болох байтал шинээр 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Б.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажил эгүүлэн авах” тухай 00 дугаартай тушаал гаргаад, эргээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

       Мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” 000 дугаартай тушаалын “Үндэслэх” хэсэгт Б.О 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажил тасалсан гэж тусгасан байдаг.

       У байгууллагындаргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар ажил хүлээлцүүлж, гэрээ байгуулан, баталгаажуулсан зүйл байхгүй.

      Ямар нэгэн албан ёсны байдлаар тушаалыг баталгаажуулж мэдэгдээгүй байж ажилдаа ирээгүй гэх зүйлийг үндэслэн ажлаас халж байгаа нь ойлгомжгүй байна.

      Иймд У байгууллагын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Б.О-т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлтэй байна.

       Бидний зүгээс хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин нийт 36.176.504 төгрөгийг гаргуулах, дахин 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 38.546.144 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгуулах гэж нэмэгдүүлсэн.

      Ингээд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 74.722.648 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Б.О-ийн ажлаас халагдсан гэх энэ үйл явдал их ээдрээтэй байдаг. Б.О-ийг өмнө нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халснаар энэ маргаан эхэлсэн.

       2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-415 дугаартай тушаалын үндэслэл ганцхан байдаг. Энэ нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Авлигийн эсрэг заалтууд зөрчигдсөн талаарх өгсөн зөвлөмжийг үндэслэж ажлаас халсан.

       Энэ асуудал 3 шатны шүүхээр явж эцэст нь Б.О-ийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шүүхийн шийдвэр гарсан.

       Дээрх шийдвэрийг хэрэгжсэн гэж үзэж байна. Ингээд Б.О- ийг ажилд эгүүлэн томилхоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 000 дугаартай тушаал гарч, шүүхийн шийдвэрт дурдагдсан үндсэн асуудал шийдэгдсэн гэж үзэж байна.

       2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн авах тушаал гарснаар 3 шатны шүүхийн шийдвэр биелэгдсэн. Тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болон биелүүлээгүй эсэх талаар маргаан байхгүй гэж үзэж байна. Учир нь:

       Энэ асуудлаар иргэн Б.О шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт тавьж, тус ажиллагаа явагдсан.

       Тухайн ажиллагааг хаасан тухай ямар нэгэн баримт байхгүй. Дунд нь ажилд эгүүлэн тогтоож буцаан халсан үйл баримттай холбоотойгоор шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн, дүр эсгэн хийлээ гэх гомдлыг Б.О Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.

      Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Манай зүгээс У байгууллагаас ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

       Ажилд эгүүлэн авсантай холбоотойгоор урьдын маргаан дууссан гэж ойлгосон. Б.О-ийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр У байгууллагын Хүний нөөцийн албаны даргаар эгүүлэн авсугай, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа өгөхийг н.Г-д даалгасугай, шимтгэлийг нөхөн төлж бичилт хийсүгэй гэх шийдвэрийн дагуу тушаал гаргасан байдаг.

       Хариуцагчийн зүгээс өөрөөс хамаарах бүх зүйлээ хийсэн. Б.О гэдэг хүн ажилд шинээр томилогдож буй хүн биш юм. 2016 оноос У байгууллагад тэр тусмаа Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан.

       Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг маш сайн ойлгож байгаа. Түүний дансанд ажилгүй байсан хугацааны цалин шилжиж орсон. Ажилд эгүүлэн томилсон тухайг Б.О-т мэдэгдэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.О-ийг дагуулж очин ажлыг нь хүлээлгэн өгье гэх шийдвэрийг өгсөн. Үүнийг нотолсон баримт хэргийн  материалд байхгүй байна. Яагаад байхгүй байна вэ? гэхээр өнөөдөр миний нотлох баримт гаргуулахаар өгсөн хүсэлтийг хангасан бол миний ярьж байгаа бүхэн нотлох баримттай, нотлогдох ёстой байсан.

       Миний тавьсан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзсэн учраас байгаа нотлох баримтын хүрээнд тайлбараа хэлье. Б.О-ийг ажилд эгүүлэн томилсон тушаалын үндэслэл 2016 онд Б.О, Д.Ж нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” байдаг.

      Уг гэрээг хугацаагүй байгуулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Б.О ажлын байран дээр буцаан томилогдож, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явахад нээлттэй байна.

      Цоо шинээр байгуулсан гэрээ биш. Бусдаар Б.О-ийг дуудан ирж шинээр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулах шаардлагагүй.

      Хариуцагчийн зүгээс ажил эгүүлэн томилсон тухай Б.О-т болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрт мэдэгдсэн. Бид мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хэрхэн мэдэгдсэн талаар шуудангаар явуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн хэрхэн мэдэгдсэн талаар н.Минжмаа гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ тушаал гарснаар ямар асуудал үүсэж байна вэ? гэхээр Б.О У байгууллагындотоод дүрэм, журмыг тушаал гарсан өдрөөс эхлэн даган мөрдөх үүрэг үүсэж байгаа юм.

       Тус байгууллагын дотоод журамд ажилтныг ажилд авах болон ажлаас чөлөөлөх тухай заалт бий. Замын дарга бол удирдах газрын ажилтан, инженер техникийн ажилчдыг ажилд авах, чөлөөлөх тухай асуудлыг Хөдөлмөрийн харилцааны яамтай судалж, холбогдох албаны дарга нартай харилцан зөвшилцөж, замын даргын тушаалаар томилдог.

       Шинээр ажилд орж байгаа тохиолдол “Хөдөлмөрийн гэрээ” байгуулдаг. Б.О-тэй өмнө нь байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, ажил үүргээ биелүүлэх эрх үүрэг нь шүүхийн шийдвэрээр сэргэсэн тохиолдолд Б.О-тэй дахин гэрээ байгуулах шаардлагагүй.

       Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэж, Б.О-ийг ажилд томилсон.

       Ажилд эгүүлэн тогтоосны дараа энэ ажилтан 7 хоногийн ажлын 40 хүртэлх цаг буюу өдрийн 8 цаг ажиллах ёстой. Ирж ажлын байраа хүлээж авах үүрэгтэй. Түүнээс Б.О-ийг урьж залж, албадан авчрахгүй. Б.О-ийг ажилд  эгүүлэн томил гэх шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн мэдэгдсэн.

       Гэтэл тус байгууллага энэ үүргээ биелүүлээгүй. Ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу зохих бүх шийдвэрийг өөрийн замаар гаргасан. Ажилтаныг ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийн дагуу өөрийн үүргийг биелүүлээгүй.      

       Тухайн хүн тушаал гарсан өдрөөс буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 8 цагаар долоо хоногт 40 цагийн ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Ажлын байран дээр ирж бүртгүүлэх ёстой, өөрийг нь хариуцсан даргад ажил үүргээ илтгэж байх ёстой. Дарга нь ажил үүрэгт хяналт тавин ажиллах ёстой.

       Энэ үүргээ биелүүлээгүйгээр Б.О ажлаа тасалсан. Ажил тасалсан үйл баримт У байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж ажлаас халах үндэслэл бий болсон.

       Б.О гэдэг хүнийг өмнө нь Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ажлаас халсны дараа Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороо, Төмөр замчдын нийгэмлэг ба түүний тэргүүн н.С, Зам тээвэр аялал зуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт төрийн эрх бүхий байгууллагуудаас Б.О-тэй холбоотой гомдол ирсэн.

       Тус гомдол дээр Б.О гэдэг хүн тус ажлын байран дээр нийцэхгүй байна. У байгууллага хувийн болон албаны замаар ийм хүнийг авч ажиллуулж байгаа нь хуульд үл нийцнэ гэж н.С гэдэг хүн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр сайд Ж.Э-д хүсэлт гаргасан байдаг.

       Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороо, Зам тээвэр, аялал зуучлалын яамны н.Г, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга н.С гэх мэт албан тушаалтнуудаар дамжин, У байгууллага хүсэлтэнд дурдагдсан асуудлаар арга хэмжээ авч шийдвэрлэнэ үү гэх зөвлөж ирсэн.

       Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.О хуурамж дипломтой хүн болох н.Т-г шан харамж авч ажилд томилсон байх нөхцөл байдал үүссэн. Б.О тайлбар өгөхдөө намайг гүтгэж байна, хуулийн байгууллагаар явж шийдүүлнэ гэсэн ч өнөөдрийн байдлаар тогтоогдож шийдэгдсэн зүйл байхгүй.

       н.Т-ийн гаргасан гомдол дотоод хяналт шалгалтын албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон хэмжээгээр байж байгаа. Мөнгө төгрөг авсан асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. Гэхдээ хуурамч дипломтой хүнийг тухайн ажлын байранд шан харамж авч томилсон учраас Б.О-ийг ажлын хариуцлага алдсан гэж үзсэн. Хоёрдугаарт нэр бүхий иргэдийг Улаанбаатар төмөр зам байгууллагад ажилладаг гэх хуурамч тодорхойлолт хийж өгсөн байдаг. Тухайн хүмүүсийг тодорхой албан тушаал дээр ажилладаг гэх албан бичиг үйлдсэн. Энэ асуудлаар У байгууллагаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

        Тус гомдлын хүрээнд цагдаагийн байгууллага шалгаад, Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг тогтоосон.

         Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цааш шалгах боломжгүй тул хариуцлага хүлээх боломжгүй гэж үзсэн. Нэгэнт ийм асуудал гаргасан Б.О үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон учраас сахилгын арга хэмжээ авсан байдаг.  

         Энэ бүхний эцэст авагдаж буй арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газрын маргаан бүхий эрх зүйн акт юм. Энэхүү эрх зүйн актын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 хэсэг. Тухайн зүйл заалтад ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэсэн байдаг.

         Эдгээр гаргасан бүх зөрчилд ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтантай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн байна.

       Б.О гэдэг хүнийг ажилд эгүүлэн томилсны дараа ч ирээгүй, ажлаас халах тушаал гаргасны дараа ч ирээгүй. Хоёр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан.

      Ажлаас халах тушаалыг буюу өдөр тутмын бүх шийдвэрийг У байгууллагындарга гаргана. Түүнийг эзгүйд 1 дүгээр орлогч дарга У байгууллагындаргын эрхийг эдэлнэ гэж “Хөдөлмөрийн дотоод дүрэм”-д заасан байдаг.

       Ийнхүү У байгууллагын дарга өөрт олгосон эрхийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эрхийг шилжүүлсэн байдаг. Тухайн эрхийнхээ хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дотоод зөрчлүүдийг үндэслэж, Б.О-т сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлсөн.

       Өнөөдрийн байдлаар Б.О ажилдаа ирээгүй, ажлаас халсан тушаалаа аваагүй байна. Ийм л үндэслэлээр ажлаас халсан. Б.О-ийг ажлаас халсан тушаал нэгдүгээрт тодорхой зөрчилд үндэслэн гаргасан.

        Иймээс энэ эрх зүйн актыг хүчингүй болгох ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй. Нэгэнт тухайн ажлаас халах тушаал нь үндэслэл бүхий учраас үүнтэй холбоотойгоор цалин болон бусад нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байх хуулийн үндэслэлтэй гэжээ.

  

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                                                                                         

       Нэхэмжлэгч Б.О-т ажилд авсан тушаалыг мэдэгдэхээр түүний гар утас руу залгахад “холбогдох боломжгүй” байсан. Иймээс ажилд авсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

       Нэхэмжлэгч Б.О, хариуцагч У байгууллагад холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 74.722.648 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд авсан боловч нэхэмжлэгч томилсон ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

 

      Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

      Нэхэмжлэгч Б.О-тэй, хариуцагч “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр У байгууллагын Хүний нөөцийн албаны даргын ажилд томилсон болох нь гэрээ, 000 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

     

      Улмаар нэхэмжлэгчийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 000 дугаартай тушаалаар ажлаас халсаныг эс зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Б.О-ийг У байгууллагын Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00000 дугаартай Тогтоолоор анхан шатны шүүхийн Шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Магадлалыг хэвээр үлдээсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.

 

      Талууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч ажилд эгүүлэн авсныг мэдээгүй, харин ажлаас халсан тушаал шуудангаар ирснийг хүлээн аваад, ажилд томилогдож, ажлаас халагдсанаа тухайн үед мэдсэн тул үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалыг зөвшөөрөөгүй”,

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “байгууллага ажлаас халсан тушаалыг “заавал” хүргүүлнэ. Ажилд авсан тушаалыг “мэдэгдэнэ” гэж заасан байдаг тул Б.О-т ажилд авсан талаар утсаар мэдэгдэхэд “утас нь холбогдохгүй” байсан. Мөн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд авсан тухай бичгээр мэдэгдсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

 

     Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбараас үзэхэд, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, биелүүлээгүй тухайд маргаж, энэ үйлдэлд үндэслэсэн У байгууллагын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны 000 дугаартай Б.О-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хуульд нийцсэн, нийцээгүй гэж мэтгэлцэж байна.

 

       Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 000 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авч,

     

       2018 оны 10 дугаар сарын 02-ны 000 дугаартай тушаалын “Тушаах нь:” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, У байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн “а,з”, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/4992 дугаартай албан бичиг, МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/160 дугаартай албан бичиг, МУ-ын Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05/465 дугаартай албан бичиг, иргэдээс ирүүлсэн гомдол, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “дараалсан ажлын хоёр хоног ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол хөдөлмөрийг гэрээг цуцална” гэж заасныг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгож, нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

 

        Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог. 

 

      Ажил олгогч гэрээг цуцлахдаа, “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

      Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тушаалд дурдсан үндэслэлээр “нэхэмжлэгчийг ажлаас халсан” гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, үгүйсгэж, нотлож чадаагүй, тодруулбал хэрэгт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/4992 дугаартай албан бичиг, МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/160 дугаартай албан бичиг, МУ-ын Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05/465 дугаартай албан бичгүүдийг хавсаргаж өгөөгүй, тухайн албан бичгүүдэд нэхэмжлэгч Б.О ямар зөрчил гаргасан эсэх, яагаад дээрх албан бичгүүдийг үндэслэл болгож шийдвэр гаргасан болохыг шүүх мэдэж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

      Мөн нэхэмжлэгчийн оронд ажилд нь томилогдсон гэх гэрч Д.П Баянгол дүүргийн 0 хэлтсийн Мөрдөн байцаах хэлтэст өгсөн “...надад ажлаас чөлөөлсөн тушаалын нэг хувийг гардуулан өгөөгүй, тушаал өгсөн бүртгэл дээр гарын үсэг зуруулаагүй, тушаал гарах үед би хөдөө орон нутагт томилолтоор явж байсан. Ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалыг хүний нөөцийн албаны бодлого төлөвлөлт хариуцсан инженер н.Д тухайн албан хаагчид танилцуулж, гардуулан өгөөд, гарын үсгийг дэвтэр дээр зуруулах ёстой байдаг. Б.О-ийн тушаалыг ШШГГ-т хүргүүлсэн гэсэн. Би ямар нэгэн хүнд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлцсэн протокол байхгүй” гэх мэдүүлэг,

 

     Түүнчлэн хуанлийн тоололоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлын буюу 3 дахь өдөр, ажлаас халсан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирэх долоо хоногийн ажлын 2 дахь өдөр байсан бөгөөд дунд нь бүх нийтээр амрах амралтын хоёр өдөр тохиосоноос харахад, нэхэмжлэгчид ажилд авсан тушаалыг утсаар мэдэгдэх гэсэн боловч “утсаа аваагүй” гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч гаргаж, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, дээрх боломжгүй нөхцөлд шуудангаар тушаалыг явуулсан гэж үзвэл боломжит хугацаа мөн эсэх, хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаалыг мэдэгдсэнийг нэхэмжлэгч мэдсэн гэж үзэх, нэхэмжлэгчийг ажлаас халсаны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дугаартай Б.О-ийн талаар Шалгалт явуулсан тухай илтгэх хуудас бичиж хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэнийг хариуцагч зөрчилд тооцсон мөн нэхэмжлэгчийг ял эдэлж байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О тайлбарласан нь Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000 дугаартай Тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар уг үйл явдлууд нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.О-т ажилд эгүүлэн авсан тушаалыг гардуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч тус шүүхэд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамжаар хангаж,

    

       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00000  дугаартай албан бичигтээ Б.О-ийг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн томилохыг мэдэгдсэн нь тогтоогдож байна.

      

      Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэж зааснаар хариуцагч Улаанбаатар төмөр зам хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлэхдээ нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах тушаалыг мэдэгдэж, түүний оронд томилогдсон Д.П-ийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан, ажлаа хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй ба энэ үйлдлээрээ хариуцагчийг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3 “ажлаас халах”-аар заасны дагуу сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг аваагүй нь байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  

       Ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ”...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй.

 

        Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”-ын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

          

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 10 дугаар сарын цалин 3.475.472 төгрөг, 11 дүгээр сарын цалин 3.475.472 төгрөг, 12 дугаар сарын цалин 3.475.472 төгрөгнөөс тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 10.426.416:3=3.475.472 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 3.475.472:21.5= 161.650 төгрөг / нэг өдрийн цалин/

       

          Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойших нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын  472 хоног буюу 161.650 /нэг өдрийн цалин/ х 472 /хоног/ =  76.298.800 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохоор байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 74.722.648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          

       Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 00000 дугаартай тушаалаа хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 74.722.648 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 690.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн       

       115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Б-ийн О-г У байгууллагын Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

           

       2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 74.722.648 төгрөгийг У байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

      3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг У байгууллагадүүрэг болгосугай.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 690.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

       6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА