Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1107

 

 

 

Ч.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.С-ийн хариуцагч О.А-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар болон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.С, түүний өмгөөлөгч С.О

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Өвөр гүнт зусланд 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшин, 047664 тоот гэрчилгээтэй 700 м.кв газартай юм. С.Энхзаяад зээлүүлсэн зээлийн төлбөрт 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түүнтэй хэлцэл хийж Чингэлтэй дүүргийн Гүнтэд байрлах лагерийн сууцыг авсан. Гэтэл О.Ань миний эзэмшлийн газрыг оруулан хашаа барьж, чөлөөлж өгөхгүй байх тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 117/А дугаартай шийтгэх тогтоолтой, Банк хадгаламж зээлийн хоршоо төлбөр барагдуулах ажлын албаны зарласан албадан дуудлага худалдаанд орж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт зуслан, Билгүүний энгэрт 1 давхар мансардтай 97 м.кв зуслангийн сууцыг газрын хамт худалдан авсан болно. Миний бие шүүхийн шийдвэр, тогтоолтой газрыг эрх бүхий байгууллагаас зарсан албадан дуудлага худалдаагаар худалдан авсан. Чингэлтэй дүүргийн газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж кадастрын нэрээ солиулж чадаагүй болно. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 000412935 тоот дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С-ээс шинжээчийн ажлын хөлс болох 516 775 төгрөгийг гаргуулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Сдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх О.А-ыг мөрдөн байцаалтын шатанд хадгаламж зээлийн хоршооноос битүүмжлэгдэн хураагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах, 1 давхар мансардтай зуслангийн 90 хувийн гүйцэтгэлтэй сууцыг газрын хамт 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдаанд орж худалдан авсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар үндэслэлийг заагаагүй зөвхөн бичиг баримт дурьдсан нь хуульд нийцээгүй. Түүнчлэн дээр дурьдсан бичиг баримтуудад газрын нэгж талбарын дугаар байхгүй, сууцыг газрын хамт худалдсан гэх талаар дурьдаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын зурагт мэдээлэлд нэгж талбарын 18641328023672 дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь Ч.С-ийн нэр дээрх газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн гэж гарсан байхад шүүх уг дүгнэлтийг огт үнэлээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Снь хариуцагч О.А-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг хөрөнгийг  дуудлага худалдаагаар худалдан авсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан  2012 оны 5 дугаар сарын 03-ны 2012/02/30 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлээр хариуцагч О.Ань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдаагаар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, /хуучнаар 18-р хороо/ Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах, 1 давхар мансардтай 90 хувийн гүйцэтгэлтэй сууцыг  18 300 000 төгрөгөөр худалдан авсан байна. /1х-28, 65, 212-215, 216-217/

Улмаар дуудлага худалдааны ялагч О.А-ын нэр дээр  2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон 000412935 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зуслан, 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн үйл баримт тогтоогджээ. /1х-40х/

Хариуцагч О.А-д албадан дуудлага худалдаагаар олгосон сууцыг, өмнө нь 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2202010398 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ч.С болон Ц.Одгэрэл, О.Анударь, О.Анужин нарт, дээрх хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ч.Саранцэцэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай Зуслан /Гүнт/ эзэмшүүлэх гэрчилгээ олгосон баримтууд хэрэгт авагджээ. /1х-10,14/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шаардлага гаргаж буй этгээд эд хөрөнгийг өмчлөгч байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийг эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эзэмшигчийн эзэмшил хууль бус байгаа тохиолдолд өмчлөгчийн шаардах эрх үүснэ.

Хариуцагч О.А-д маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зуслан, 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон 000412935 дугаартай гэрчилгээ хүчингүй эсхүл хууль бус болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч О.Ауг сууцыг дуудлага худалдаагаар худалдан авсны улмаас түүнд зохих журмын дагуу газар эзэмших гэрчилгээ олгогдсон буюу тухайн асуудлаар эрх бүхий байгууллагад маргаан үүсч шийдвэр гараагүй тохиолдолд хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэхгүй юм. /1 хх-159/

Маргааны зүйл болсон газар дээрх хувийн сууц нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох, газартай салшгүй бэхлэгдсэн газрын бүрдэл хэсэгт хамаарах тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Ч.С-ийн эзэмшил Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэд зохигчид олгосон газрын хэмжээ давхцсан талаар дурьдсан нь нэхэмжлэгчийн нэр дээрх газар эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчид олгосон гэрчилгээ олгохоос өмнө олгогдсон тул хүчинтэй гэж дүгнэх боломжгүй.  

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                                   ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                      Д.БАЙГАЛМАА