Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00575

 

 

Ч.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1107 дугаар магадлалтай,

Ч.С ийн нэхэмжлэлтэй,

О.А ад холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар болон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С , хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.С  нь хариуцагч О.А ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан хариуцагч О.А ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ч.С ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1107 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ч.С  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 1107 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 2008.07.25-ны өдрийн 117А шийтгэх тогтоол, 2009.01.26-ны өдрийн 79-р гүйцэтгэх хуудсыг үндэслэн ШШГЕГ-н БХЗХТБААлба 2009.03.12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол-оор ЧД-ийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах, 1 давхар зуслангийн байшинг хурааж, 2012.05.18-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, тус байшинг иргэн О.А  гэгч худалдан авч нийт 2103 м.кв талбай бүхий газар хашаалсан байх ба Ч.С  миний эзэмшлийн 700 м.кв-с 690 м.кв-г дүү Оджаргалын 700 м.кв-с 323 м.кв газрыг тус тус оруулан чөлөөлөхөөс татгалздаг. Нэр заагдсан зуслангийн байшинг эрүүгийн хэрэгт битүүмжилсэн тогтоолд тухайн байшин байрлаж байгаа газрыг хураасан талаар огт дурдаагүй бөгөөд уг байшин байрлах газар нь 2005.11.15-ны өдөр иргэн Ч.С ийн эзэмшилд бүртгэгдэн, гэрчилгээ авсан газар байхад шиидвэр гүйцэтгэгч 2012.07.10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр ЧД-ийн газрын албанд Ч.С ийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхээр мэдэгдэж, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-ийн “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байдаг.

ШШГүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг...-ийг үл хөдлөх хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана” гэх заалт нь 2012 онд байгаагүй бөгөөд сүүлд 2017 онд шинээр нэмэгдсэн заалт. Түүнчлэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин ... нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зааснаас үзэхэд зуслангийн байшин нь газрын бүрдэл хэсэг байхаар хуульчилсан байхад дуудлага худалдаагаар худалдсан байшинг бусдын эзэмшлийн 700 м.кв газартай холбон Эрх бүхий байгууллагуудад албан бичиг илгээсэн нь О.А ыг өөгшүүлж Ч.С ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон зэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид удаа дараа тайлбарлаж ШШГЕГ-н БХЗХТБААлба-г гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатайг сануулж байсан ч шүүгч нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, хэргийн материалуудыг бодитой үнэлж бүрэн дүгнэлт гаргаагүй, нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаарх үндэслэлээ заагаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн хийсвэрлэж бодсон таамаглалд хэт автаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд О.А ад холбогдох Ч.С  миний гаргасан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж дахин хянан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Ч.С  нь хариуцагч О.А ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхүүд талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Нэхэмжлэгчийн ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж, бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаарх үндэслэлээ заагаагүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. ...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнт зусланд 700 м.кв газартай, ...С.Энхзаяад зээлдүүлсэн мөнгөндөө тооцож 2006.04.20-ны хэлцэл хийж, Гүнтэд байрлах лагерийн байшинг авсан юм. Гэтэл О.А  нь миний эзэмшлийн газрыг бүхэлд нь оруулж, том хашаа барьчихаад чөлөөлж өгөхгүй байна... гэж тодорхойлсон бол, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд байрлах 700 м.кв газар болон 1 давхар мансардтай, 90 хувийн гүйцэтгэлтэй 97 м.кв барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд орж худалдан авсан... гэсэн тайлбарыг гаргажээ. 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч О.А  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012.05.18-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож, мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдэн хураагдсан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 700 м.кв газар болон 1 давхар мансардтай, 90 хувийн гүйцэтгэлтэй 97 м.кв талбай бүхий зуслангийн сууцыг худалдан авсан болох нь тогтоогдсон байна. 

12. Харин, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019.12.23-ны өдрийн А/237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...нэгж талбарын 18641328023672 дугаар бүхий, 700 м.кв талбайтай газар нь иргэн Ч.С ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр, ...бүртгэгдсэн байна. ...ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр иргэн О.А  нь 2103 м.кв талбайтай газар хашаалсан бөгөөд уг хашаан дотор 80 м.кв, 133 м.кв талбайтай барилгууд байрлаж байна. ...хашаалсан газар нь нэгж талбарын 18641328023672 дугаар бүхий газартай 690 м.кв талбайгаар, ...давхцаж байна...” гэжээ.

13. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл хариуцагч О.А  нь дуудлага худалдаанд оролцож Гүнтийн зусланд байрлах 700 м.кв газар бүхий, 97 м.кв талбайтай зуслангийн сууцыг худалдан авсан гэсэн атлаа ямар үндэслэлээр 2103 м.кв газар хашаа татсан, түүний хашаалсан газарт өөр бусад хууль ёсны эзэмшил хамаарч байгаа эсэх, дээрх шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн эзэмшил газар /690 м.кв/ нь хариуцагчийн хашаалсан газартай давхцсан талаар дүгнэсэн байхад шүүхүүд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, ...хариуцагч О.А  нь зуслангийн сууц, газрыг дуудлага худалдаагаар худалдан авсан, түүнд 700 м.кв газар эзэмшүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. 

14. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын үнэлэн, зохигчийн маргаж буй үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

15. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж түүнд олгосугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД