Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 61

 

Ж- Д- Ү- Х- С-

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00182/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 10-ны өдрийн 438 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж- Д- Ү- Х- С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- Г-” ХХК,

        Т.Т-,

        Б.Г- нарт холбогдох

"Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527.595.218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Т.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х- /онлайнаар/, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж- Д- Ү- Х- С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д- Г-” ХХК нь Ж- Д- Ү- Х- С-гаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-121 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц,

-“Д- Г-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай Амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10.208.273 төгрөг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/3-121 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах,

-Үндсэн зээлийн 500.000.000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26.274.499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 527.595.218 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц,

-Дархан загвар гоёл ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч “Д- Г-” ХХК, Б.Г- нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компани өмнө нь Ж- Д- Ү- Х- С-гийн нэхэмжлэлд тайлбар хүргүүлэхдээ 2020 оны 04 дүгээр сард нэхэмжилсэн үнийн дүнтэй төлбөр тооцоог барагдуулах тайлбар хүргүүлж байсан билээ. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдэгдэж бид энэ эх үүсвэрээс төлбөрийг барагдуулах байсан боловч Шинэ төрлийн корона вирус дэгдэж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын хурал 05 дугаар сарын 01 хүртэл хойшлогдлоо. Иймээс энэ хугацаанд зээл болон зээлийн хүү алдангийг төлөх боломжгүй байдал үүсч нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байна.

Тус аж ахуйн нэгж нь Ж- Д- Ү- Х- С-гаас удаа дараа зээл аван зээлийг зориулалтын дагуу ашиглан жижиг дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэн зээлийг хугацаанд нь төлж байсан билээ. Энэ удаагийн 500 сая төгрөгийн зээлийг ч мөн адил зориулалтын дагуу ашигласан. Гэтэл зээл ашиглах явцад барилгын ажил удааширсан, учир нь анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар батлагдсанаас үүдэн 12х24 хэмжээтэй 460мкв талбайтай ажлын байр барих ажил удааширч, мөн эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасаж эхэлсэн. Энэ талаар Ж- Д- Ү- Х- С-д удаа дараа хүсэлт тавьж барьцаа хөрөнгийн чанар үнэлгээ нэмэгдсэнийг дурдаж дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмж олгон үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар хүсэлт тавьж байсан. Гэтэл бодит байдалд дүн шинжилгээ хийж манай Жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг тусламж үзүүлэхгүй ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар хуулийн байгууллагад хандаж байгаад гомдолтой байна. Бид 20 гаруй жил энэ үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох гэж амаргүй олон нугачааг туулж татвар, нийгмийн даатгал, цалин түрээс, түүхий эд материалын үнийн хөөрөгдөл зэрэгт нугачуулсаар 10-15 хүний ажлын байрыг хадгалж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан ажиллаж байна. Бидний энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар Дархан Загвар гоёл ХХК, Б.Г- нараас 526.294.499 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж- Д- Ү- Х- С-д олгож, үлдэх хэсэг 1.300.719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц, Дархан загвар гоёл ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмшлийн газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж- Д- Ү- Х- С- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Д- Г-” ХХК, Б.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2.789.422 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Т- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх болох эрх зүйн туслалцаа авах боломжийг үгүйсгэж өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцуулаагүй.

2. Мөн “мэтгэлцэх боломжоор хангалгүй, шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хийж бид нарын шүүхэд тайлбар гаргах эрхийг хангасангүй.

3. Ж- Д- Ү- Х- С- 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016/3/121 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны байдлаар 522,160,914 төгрөг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Энэ шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй учраас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан. Иймд нэхэмжлэгч тал гэрээ цуцалсан учир 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүнгээр буюу 522.160.914 төгрөг шаардах ёстой байхад, зээлийн дүнг нэмэгдүүлэн 527.595.218 төгрөг нэхэмжилсэн нь буруу байна. Эндээс үзэхэд хүү 26.274.499 төгрөгийг илүү нэхэмжилсэн буюу /527.595.218–522.160.914/ зөрүү 5.434.304 төгрөгийг илүү нэхэмжилсэн байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлхээр буцааж эрх зүйн туслалцаа авах, мөн мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “Д- Г-” ХХК болон Т.Т-, Б.Г-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 527.595.218 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /хх-ийн 65-р тал/ хариуцагч “Д- Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т-аас “...шүүх хуралдаанд хууль эрх зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа, өмгөөлөгч П.Батжаргалыг өмгөөлөгчөөр авахаар тохирсон..., ...шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” хэмээн хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх уг хүсэлтийг нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1017 цагт хүлээн авч мөн өдрийнхөө 1400 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж “...эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаарх нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй тул шүүх хуралдааныг хариуцагч нарын оролцоогүйгээр хянан шийдвэрлэж, хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талаас урд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн...” хэмээн шийдвэрлэсэн нь буруу байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй байдаг.

Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, хуульд заасан бусад эрхийг эдлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.8-д тус тус заасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн дээрх эрхүүдийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “...зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хариуцагч Т.Т-ийн гаргасан “анхан шатны шүүх хариуцагч талыг эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцон мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.898,86 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                           

 

                                             ДАРГАЛАГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ      

                                                 ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                                          М.МӨНХДАВАА