Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 02864

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 29 өдөр                  Дугаар102/ШШ2019/02864               Улаанбаатар хот                   

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод байрлах “С” ХХК-д холбогдох зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

        

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “У”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        Манай компани 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 10.000 метр квадрат талбайтай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн станцын урд, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01107-2018/00402 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000324307 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3.000 метр квадрат талбайтай газрыг эзэмшдэг.

       Гэтэл “У”ХХК-ийн гүйцэтгэх захирал н.З намайг Монгол улсад байхгүй, гадаад улсад байх хугацаанд манай уг газар дээр “С”ХХК, захирал П.Уянга ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барилга барьж, уг барилгаа буулгаж ав гэж шаардлага тавихад барилгаа одоо хүртэл буулгахгүй эзэмшигч болох манай компанийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

         Иймд манай компанийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “У”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Манай компани махны үйлдвэр барих зориулалтаар газар хайж байсан бөгөөд 2014 онд нэхэмжлэгч “У”ХХК-ийн захирал н.Зандантай харилцан тохиролцож тэдний компаний нэр дээр газрыг авахаар болж, талуудын хооронд 2014 онд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулахаар тохиролцсон. Нэхэмжлэлд дурьдсанчлан “У”ХХК дээр эзэмших эрх бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 хороо, ТЭЦ-4-ийн урд хэсэгт байрлах 10.000 метр квадрат талбайтай газраас 7.000 метр квадрат талбай бүхий газрыг авахаар 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор байгуулсан.

        Ингээд 2018 онд “С”ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.

       “У”ХХК 10000 метр квадрат талбайтай газраас 7000 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэхдээ байршилын хувьд 3000 метр квадрат талбай бүхий газар урд хэсэгт байхаар тохиролцсоныг “Г” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаар нотолж байна.

        2014 оноос хойш тус газрыг эзэмшиж байсны хувьд махны үйлдвэртээ зориулан агуулахын барилгаа барьсан.

         Улмаар манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлсэн бөгөөд анх тохиролцсны дагуу өөрсдийн худалдаж авахыг хүссэн газартаа барилгаа барьсан.

         Үүнийг нэхэмжлэгч “У”ХХК мэдэж байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаагүй.

         Гэвч 2018 оны 9 дүгээр сард газрын эрх шилжиж бүртгэгдэхдээ талуудын орц гарцыг шийдэх гэх үндэслэлээр зүүн тал руу 3000 метр квадрат талбай шилжиж газрын давхцал үүссэн.

         Ингэснээр “С”ХХК бусдыг газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан гэх асуудал гарч ирсэн. Гэхдээ энэ газраа гэрээ байгуулж өгснөө нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. “С”ХХК гэнэт тухайн газарт барилга барьж, үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2014 оноос хойш тоног төхөөрөмжөө байрлуулсан. Үүнийг “У”ХХК бас мэдэж байсан. Урд хэсэгт байрлах газрыг бусдад түрээслүүлж ашиг олсноор батлагдана.

         Хэрвээ нэхэмжлэгч газраа өгснөө мэдсээр байж ингэж хэлж  байгаа бол энэ нь хөршийн хил зөрчсөн үйл ажиллагааг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

         Үүсээд буй зөрчил нь газрын алба газрыг шилжүүлэхдээ талуудын тохиролцсоноос өөрөөр шийдсэнээс үүссэн үл ойлголцол. Түүнээс газраа гэрээгээр тохирч шилжүүлсэн асуудал.

         Нэхэмжлэгч амаараа манай газар луу орсон гээд байгаа болохоос нотолсон батласан зүйл байдаггүй. Хэрвээ тийм байсан бол барилга барьж байсныг мэдсэн.

         Тухайн үед ярих хэлэх боломж байсан. Мөн хүлээн зөвшөөрсөн учраас сөрөг нэхэмжлэлээр гаргасан газрыг өндөр үнээр бусдад түрээслэж ашиг орлого олсон.

         Үнэхээр манай газар луу орсон гэж үзэж байгаа бол яагаад түрээслэж ашиг олоод байгаа юм.

         Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримтын хүрээнд ярилцая гэж байна.     

         Бид бол нотлох баримтын хүрээнд нь ярьж мэтгэлцэж байна. Хавтаст хэрэгт “Геоботаник” ХХК-иар хийлгэсэн анх газар эзэмших эрх шилжүүлэх үеийн кадастрын зураг авагдсан.

         Гэтэл 2018 онд хоёр талд гэрчилгээ, кадастрын зураг гарахдаа анх тохиролцсон байдлаас өөрөөр гарсан учраас маргаан үүссэн.

         Маргаан бүхий газарт Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд заасан хөрш залгаа эд хөрөнгийн маргаан явагдаж байна. Тухайн барилгыг 2016 оноос барьж эхэлсэн байхад яагаад өнөөдөр албадан буулгахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ?

        Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн шаардах эрх нь эзэмших эрхтэй нэгэн адил хэрэгждэг бөгөөд тухайн үед яагаад бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй юм бэ? Энэ боломж байсан.

        Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан.

        Мөн энэ заалтыг Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 Тогтоолоор тайлбарласан байдаг. “Г” ХХК-ийн кадастрын зураг, анх тохиролцож хийсэн гэрээ, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ зэргээс харахад энэ нөхцөл байдлыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч “У”ХХК, хариуцагч “С”ХХК-д холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

       Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

      Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

      Талуудын маргааны үндэслэл болсон Баянгол дүүргийн 0 дугаар хороо, ТЭЦ-4-ийн станцын урд, нэгж талбарын 8023/5104 дугаартай, 10000 метр квадрат талбай бүхий газрыг анх Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дугаартай шийдвэрийг үндэслэн, 5 жилийн хугацаатай “У”ХХК-д эзэмшүүлэхээр 0294107 дугаартай Ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгогдсон байна.  

 

        Дээрх эзэмшлийн газраасаа нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, 0294107 дугаарын Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Нефть” хотхоны 3-30-26 тоотод үйл ажиллагаа эрхэлдэг “С”ХХК-д 7000 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэн өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, талуудын хоорондын байгуулсан гэрээ, “Геоботаник” ХХК-ийн кадастрын зургаар тогтоогдож байна.

 

Харин тус шилжүүлэн авсан газарт “С”ХХК-ийн махны үйлдвэрт зориулагдан баригдсан нэг давхар агуулах байрладаг болох нь зохигчдийн тайлбар, гэрэл зургаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч “У”ХХК, хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай манайх газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, М.Занданбатын гарын үсгийг хуурамчаар зурсан, манай эзэмшлийн газар луу орсон нь “google map”-ийн сансараас авсан зургаар нотлогдоно. бидний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул барилгыг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна”,

 

        Хариуцагчийн төлөөлөгч “гэрээ байгуулагдсан талаар талууд маргадаггүй. нэхэмжлэгч амаараа газар руу орсон гэж яриад байхаас нотлох баримт байдаггүй, өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Баригдсан агуулахын талаар өмнө нь мэдэж байсан атлаа юу ч хэлж байгаагүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

         Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилсан ба “У”ХХК, Дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/442 дугаартай захирамжаар 3000 метр квадрат талбайг эзэмшдэг нь тогтоогдож байна.

 

        Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 “газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Sh 2016 онд газрын эрхээ шилжүүлж, түүнээс хойш тус агуулахын байр баригдаж, 2016-2018 оны хооронд Монгол улсын хилээр орж, гарч байсан болох нь түүний Е55154952 дугаартай иргэний үнэмлэх, “Б” ХХК-тай “У”ХХК BCEGMN-URZA-201507002 дугаартай “Талбай түрээслэх гэрээ” байгуулж, хариуцагчид  барилгаа барихыг зогсоох шаардлага хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг дээрх барилга баригдсаныг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

        Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.1.3 дэх хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, хүсэлт гаргах мөн гэрч асуулгах, тусгай мэдлэг шаардагдах асуудалд шинжээч томилуулах, үзлэг хийлгэх эрхүүдийг хэрэгжүүлэх эрхтэй буюу шүүх энэ эрхээр бүрэн хангасан боловч нэхэмжлэгч хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

       Түүнчлэн эрх шилжүүлэх гэрээний талаар талууд маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, энэ тухай шаардлага гаргаагүй, зохих шатны байгууллагад хандаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

       Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

     

       Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн www//google.com/mars сайтаас нотлох баримтаар татан авч өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С”ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

     115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С”ХХК-д холбогдох зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,”С”ХХК-ийн нэхэмжлэлтэй, “У”ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “У”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С”ХХК-д олгосугай.

        

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА