Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 577

 

 

 

Канад Улсын иргэн Ф /F/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ф /F/-ийн холбогдуулан гаргасан Ж.Б-ыг гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Канад Улсын иргэн Ф /F/ нь 2012 онд Монгол Улсад ирж, Өмнөговь аймгийн Хан богд суманд, “Оюу толгой” төсөлд ажиллах болсон. МонголУлсад ажиллаж амьдрах хугацаандаа улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод байрлах, 3 өрөө, 98 м.кв орон сууцыг 2012 оны 4 дүгээр сард худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Ингээд 2013 онд “Оюу толгой” төсөлд ажиллах гэрээний хугацаа дуусч, Канад Улс руу нутаг буцах болж, 2014 оны 01 дүгээр сард Ж.Б-тай аман гэрээ байгуулж, 220 000 000 төгрөгөөр миний 3 өрөө 98 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо ёсоор Ж.Бямбажаргал нь 80 000 000 төгрөгийг эхний ээлжинд төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон юм. Орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасны дараа миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Б-ын нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Мөн Ж.Б-тай орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулж, орон сууцны төлбөр 220 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 1 500 000 төгрөгийг орон сууц хөлсөлсний төлбөр болгон надад төлж байхаар тохирсон. Цаг хугацаа давчуу байсан тул эдгээр гэрээг бичгээр байгуулж амжаагүй, харилцан итгэлцэлийн үндсэн дээр аман хэлбэрээр байгуулсан. Ингээд Ж.Б-д итгэж, өөрийн орон сууцанд түүнийг оруулж, одоог хүртэл амьдруулж байна. Тухайн үед Ж.Б-д байрыг хүлээлгэж өгөх үедээ супер засвар хийлгэсэн байсан. Иймд төлбөрт өгсөн нийт           80 000 000 төгрөг нь орон сууцанд өдийг хүртэл суусан хугацааны хөлс гэж үзэн, шүүхэд хандаж албадан нүүлгэх, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2014 онд 220 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, миний бие худалдан авахаар тохиролцсон тал дээр маргаангүй үнэн бөгөөд нэхэмжлэгчид 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түүний 512090739 тоот дансанд 100 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ф /F/-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 410034194 тоот төгрөгийн дансанд 79 909 180 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 184 909 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн гаргаж буй орон сууц хөлслөх тухай асуудал огт яригдаагүй бөгөөд түрээсийн гэрээгээр суух байсан бол дээрх төлбөрийг шууд төлөх биш, бага багаар нь төлж байх байсан. Энэхүү нэхэмжлэл нь Фан Иен Юн Чи-гийн өөрийн хүсэл сонирхлоор гаргаагүй ба харилцан тохиролцсон үнэ болох 220 000 000 төгрөгнөөс 184 909 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 35 091 000 төгрөг дутуу байгаа Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, 10\1 дүгээр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1 пэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Б-ын эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Ф /F/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бямбажаргалаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд: Шүүх талуудад мэтгэлцэх боломж олгоогүй ба зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригоор шүүх хуралдаанууд хойшилсоор байсан ч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэл ирсэн тул хуралдааныг шууд хийхээр болсон нь хариуцагч талын эрх ашгийг ноцтой хөндөж сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг боогдуулж итгэмжлэлийг шалгуулах, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтүүдийг шийдвэрлэлгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй байна.., улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломж гаргасангүй.

Хэрэв худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буй бол хариуцагчийн байрны үнэд төлсөн 184 000 000 төгрөгийг буцаан олгуулахаар шийдэх ёстой. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1554 дугаартай магадлалд заасан ажиллагааг шүүх огт хийгээгүй. Нэхэмжлэгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь хуулийн зүйл, заалтыг гэрээний шаардлага зохицуулалтыг давхар баримталсан эрх зүйн дүгнэлт нь эсрэг тэсрэг бие биенээ үгүйсгэсэн ямар ч ойлгомжгүй маргааны үндэслэлийг мөн л дүгнэсэнгүй мөртлөө 1 талд үйлчилж шийдвэрлээд байгаа нь нэхэмжлэлийг л хангах зорилго агуулсан нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ф /F/ хариуцагч Ж.Б-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Талууд аман хэлцэл байгуулан худалдагч Канад Улсын иргэн Ф /F/ нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 10/1 байр, 27 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагч Ж.Б-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ж.Бямбажаргал нь 220 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Энэ үйл баримт талууд маргаагүй.

            Иймээс тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцааг зөв тодорхойлсон байна.

            Канад Улсын иргэн Ф /F/ нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч, мөн тус орон сууц нь Ж.Б-ын эзэмшилд байгаа үйл баримтад талууд маргаангүй.

            Харин орон сууцыг эзэмшүүлсэн зорилгын талаар маргаж, нэхэмжлэгч “ орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулж, орон сууцны төлбөр 220 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл сар бүр 1 500 000 төгрөг төлөхөөр тохирсон“ гэж , хариуцагч  “орон сууцыг худалдан авахаар тохиролцож 184 909 000 төгрөг өгсөн, түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, үлдэх төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсний дараа төлнө” гэж маргажээ. 

            Хариуцагч худалдан авах гэрээний төлбөр буюу дээрх орон сууцны үнэнд тооцон 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх1, 24/

            Тодруулбал: дээрх хэлцлийн улмаас нэхэмжлэгээс хариуцагчийн эзэмшилд орон сууц шилжүүлж, хариуцагч төлбөрт тооцон 80 000 000 төгрөг шилжүүлсэн байх тул гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүйгээс нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудад үүснэ.

            Тиймээс анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ үүрэг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг зохицуулсан хуулийн дээрх зүйл заалтыг хэрэглээгүй буюу үр дагаварыг дээрх хуульд зааснаар шийдвэрлээгүй орхигдуулжээ.

            Иймд талууд гэрээнээс татгалзсантай холбогдон үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ хариуцагч Ж.Б-ын эзэмшлээс худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ф /F/-ээс орон сууцны үнэд төлсөн 80 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид буцаан олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00182 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байр, 27 тоот хаяг байрлах, улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаарт бүртгэлтэй, 98 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ж.Б-ын эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ф /F/-д олгож, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ф /F/-аас 80 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Б-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                                                Д.БАЙГАЛМАА