Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 578

 

 

 

“Ц И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ц И” ХХК-ийн хариуцагч НЗДд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд    3 396 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, А.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2008 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Хүдэр-Эрдэнэ” ХХК-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам 58 гэсэн хаягт байрлах 1 485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга хашаа, хаалга зэргийг худалдан авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар “Ц И” ХХК-ийн нэр дээр шилжсэн. Тус газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх нь ажлыг гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан тул “Цаст констракшн” ХХК-ийн нэр дээр дээрх газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр НЗДд хандаж 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн. Үүний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн бөгөөд ингэх явцад зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 5 давхар хүртэл баригдсан барилгын ажил зогссон. “Монгол эм-Импекс” ХХК, болон “Монгол глобал” ХХК нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ маргаан үргэлжилсээр байгаад Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд газар эзэмших эрхийг “Ц И” ХХК-д олгох үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэгдсэнээр “Ц И” ХХК нь барилгын ажил үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болж дараах хохирол учирсан.

Үүнд орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2 035 150 000 төгрөг, газар эзэмших эрх    1 361 600 000 төгрөг, нийт 3 396 750 000 төгрөг хамаарна. Энэ шаардлагын үндэслэл нь барилга барихад их хэмжээний хөрөнгийг зарцуулсан, барилгын үнэ ханшийн өөрчлөлт их орсон зэрэг шалтгаанаар бид хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-аар тухайн үед баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргын тус хууль бус захирамжуудаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, тус захирамжийг үндэслэж 11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байдаг. 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Цаст консракшн” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш “Цаст констракшн” ХХК нь барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах заалтыг зөрчсөн ба үүнийг Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын гээд 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон байдаг. Бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Анх “Ц И” ХХК, “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба тус гэрээний үндсэн зүйл тухайн газар дээр байсан гараашийг 500 000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1 361 000 000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өмчилснөөс бусад газар нь төрийн өмч байдаг бөгөөд газрыг үнэлэх асуудал хууль зүйн онолоор болон логикийн хувьд байх боломжгүй. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Цаст констракшн” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай яригдсан. Тухайн үед барилгын газар, шорооны ажил эхэлсэн гэж нэхэмжлэгч ярьсан. Гэтэл 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон. Хууль болон журмын дагуу барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авснаар газар шорооны ажлыг эхлүүлэн цаашлаад суурь цутгах, карказан барилга барих ажил хийгддэг. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг явуулсан байна. Гэтэл үүнийг үгүйсгэж 2010 оны 3 дугаар сараас эхэлсэн гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Тэгэхээр 2010 оны 3 дугаар сард магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцөлүүд авсан гэдэг. Барилга дээр 2 100 000 000 төгрөгийн хохирол гарсан гэдэг.

Гэтэл одоо нэхэмжилж буй дээрх хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байхад дур мэдэн хууль зөрчөөд барьсан барилгад зарцуулсан зардлыг НЗД төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Цаст констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсноор 500 000 ам.доллараар худалдан авсан агуулахын зориулалттай барилгаа нурааж, түүнийг буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1 300 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн гэж дурдагдсан байна. Энэ бол барилгын ажил зогссоноос хойш яригдсан асуудал. Гэтэл одоо 2 тэрбум гаруй мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Зөвшөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Барилгын ажил эхлүүлсэн, газар шорооны ажил эхлүүлсэн гэдэг боловч цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн тайлбарыг үгүйсгээд байдаг. Өөрсдөө зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэдгээ нотолсон. Иймд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхгүй. Газартай холбоотой асуудал нь зөвхөн хэргийн материалд авагдсан 500 000 ам.долларар тухайн газар дээр байсан агуулахын зориулалттай барилгыг худалдаж авсан болохоос тухайн газрыг худалдаж авсан гэсэн зүйл биш. Энэ нь гэрээгээр нотлогдоно. Барилгатай холбоотой асуудлын тухайд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин зөвшөөрөл авснаас хойш эхэлсэн бол хохирлын тухай яригдаж болох байх. Гэтэл зөвшөөрөл авахаас өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр барьсан 1, 2 давхар барилга нь боссон байсан бөгөөд энэ мөнгийг НЗД төлөх ёстой гэдэг нь үндэслэлгүй байна. Анх гэрээгээр 500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авсан, тус барилгыг дагаж ирсэн 1 458 м.кв газар дээр 1 дүгээр ээлжийн орон сууцны барилгыг бариад, ашиглалтад оруулаад, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдсан. 2 дугаар ээлжийн барилгыг барих явцад нь зэргэлдээ орших газрын эзэмшигч нарын эрх зөрчигдөж маргаан гарсан. Газрыг худалдаж авсан үнэ 500 000 ам.доллар гэдэг. Газрыг 1 361 600 000 төгрөг гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй, төрийн өмчийн газрыг үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол улсын Үндсэн хуульд тодорхой заасан бөгөөд “Ц И” ХХК-д эзэмшүүлж буй газар бол төрийн мэдлийн газрыг зориулалтын дагуу эзэмшүүлж байгаа бөгөөд энэ нь түрээсээр хэрэглүүлж, түүний дагуу газрын төлбөр авдаг зохицуулалт гэсэн үг. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Засаг дарга газрыг үнэлж дуудлага худалдааны анхны үнийг авдаг нь газрыг үнэлж байгаа хэлбэр гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа ойлголт. Газар эзэмшүүлэх эрх нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой үнэ авдаггүй. Энэ хүмүүс 500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа түүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Иймээс газрын үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнө нь барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь нийт 1 300 000 000 төгрөг гэж тодорхойлсон нэхэмжлэл гаргасан атлаа одоо 2 тэрбум төгрөгийг хийсвэрээр тооцож, үнэлгээчин яаж гаргасан, бодит зардлаар тооцсон эсэх нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НЗДас 1 355 521 176 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 041 228 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн            17 141 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗДас   6 935 556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Хүдэр эрдэнэ” ХХК-хас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам 58 хаягаар байрлах улсын бүртгэлийн Ү-000058934 дугаарт бүртгэлтэй, 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хашаа, хаалга, эзэмшил газрын хамтаар 500 000 ам.доллароор худалдан авч, энэ дагуу Нийслэлийн засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар дээрх худалдагч компанийн эзэмшилд байсан тухайн хөрөнгө байршиж байгаа болон орчны 1 458.3 м.кв бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан, үүний дараа манай компани нь тухайн газарт орон сууцны барилга барихаар эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх мөн барилгыг барьж гүйцэтгэх “Цаст констракшн” ХХК-д нэр шилжүүлүүлэхээр хүсэлт гаргаж, Нийслэлийн засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар шийдвэрлэсэн ба үүнтэй холбоотойгоор холбогдох зураг төсөл баталгаажуулж, зохих зөвшөөрлүүдийг гаргуулж барилгыг барьж эхэлснээр 5 давхар каркас цутгалт хүртэл баригдсан энэ үед зэргэлдээ газар эзэмшигч "Монгол глобал" ХХК, "Монгол эм-Импэкс концерн" ХХК-иудын нэхэмжлэлээр захиргааны хэргийн маргаан үүсч, шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч дээрх НЗДас олгогдсон 93 дугаар болон 607 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож", мөн “...барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн учир барилгын ажил үргэлжлэн явагдах боломжгүй болсон, мөн газрын эзэмших эрх бүхэлдээ ийнхүү хүчингүй болсон нь Төрийн байгууллагын хууль бус шийдвэр буюу Нийслэлийн засаг даргын энэхүү шийдвэрээс хамаарч хохирол учирсан гэж үзэж, учирсан хохиролыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн нийт 3 396 750 000 төгрөгийг НЗДас гаргуулахаар тодорхойлж, нэхэмжлэл гарган хандсаныг шүүх шийдвэрлэж байгаа билээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохын тулд нотлох баримтаар захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолууд болон мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллага "Мөнх-Оргил трейд" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд гаргасан, үүнтэй холбоотойгоор хэргийг өмнө шийдвэрлэсэн давах болон хяналтын шатны шүүхээс тухайн үнэлгээний тайланг буюу эрх зөрчигдсөн үйлдлээс бий болсон хохиролын хэмжээг тодорхой болгох шаардлагатай гэсний дагуу нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж, хуулийн дагуу шинжээч томилуулснаар "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарч, хэрэгт авагдсан баримтаар бодит хохирол учирснаа нотлох, учирсан хохирлын хэмжээг тодорхойлох энэхүү нотлох үүргээ үүгээр болон эрх зөрчигдсөнийг нотолсон шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч нь бүрэн хэрэгжүүлсэн болно.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлтийг өгсөн байх боловч зөрчигдсөн эрхийн хамгаалалтын хувьд дүгнэхдээ, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, түүний нэхэмжлэлийн шаардлага болон шүүхүүд маргааныг шийдвэрлэж шийдвэрээ гаргасан тогтоох хэсгийн агуулгаар биш, тухайн шийдвэрүүдэд дурдагдсан үйл баримтуудыг нь тухайн хэрэгт эрх ашиг нь хөндөгдсөн хуулийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцсон манай компанийн буруутай үйлдлүүдийг буюу тийм маргааныг шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр хамаатуулсан агуулгаар энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч тус компанийн өөрийн гэм буруутай үйлдлүүд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж илтэд үндэслэлгүйгээр үнэлж дүгнэсэн нь буруу байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүх тэдгээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд дэх дурдагдсан үйл баримтуудаар нэхэмжлэгч компанийн өөрийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэхийн зэрэгцээ шүүхээс томилогдсон шинжээч "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд мөн үүнийг харгалзан үзээгүйгээр шинжээчийн үнэлгээ хийгдсэн нь алдаатай гэж, өөрөөр хэлбэл эзэмшил газарт хийгдсэн үнэлгээ болон баригдсан барилгыг үнэлэх үнэлгээнд дээрх захиргааны шүүхийн шийдвэрт дурдагдсан хууль журам, норм дүрмийн дутагдал доголдол байгааг анхаарахгүйгээр үнэлж дүгнэлт гаргасан нь үнэлгээг 50 хувиар бууруулж гэм хорын хэмжээг тооцох үндэслэл болголоо гэсэн нь илт үндэслэлгүй болно.

Шинжээч нь хийгдвэл зохих үнэлгээг, баримтлах стандарт хэм хэмжээний хүрээнд үнэлж дүгнэлтээ гаргасан ба харин шүүх энэхүү үнэлгээ дүгнэлтийг алдаатай, эргэлзээтэй гэж үзвэл нэмэлт шинжилгээ буюу дахин шинжээч томилох зэргээр шийдвэрлэх боломжтой байхад ийнхүү шинжээчид хамааралгүй болох, түүнчлэн өөрийн итгэл үнэмшилдээ нийцүүлэх байдлаар дээрх захиргааны шүүхийн шийдвэрүүдэд харьцуулан дүгнэсэн нь илт буруу байна. Учир нь, нэхэмжлэгч компани нь захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгч буюу хариуцагч биш, зөвхөн эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр оролцсон нь, мөн тухайн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага болон тогтоох хэсэгт шийдвэрлэсэн асуудал нь агуулгаараа хариуцагч Нийслэлийн засаг даргын 93, 607 дугаар захирамжаар олгогдсон манай компанид газар эзэмшүүлэх эрхүүдийг, барилгыг барих эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг илт хууль бус болон хүчингүй болгосон тухайд байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон шийдвэрлэгдсэн байдал, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын хувьд эдгээр нь энэ хэргийн нэхэмжлэгч тус “Цаст импэкс” ХХК тухайн хэрэг маргаанаар буюу шүүхийн шийдвэрүүдээр буруутай болох, үүнээс хамаарч энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэхэд түүний өөрийн гэм буруу тогтоогдсон үйл баримт болохгүй, мөн энэ шалтгаанаар шинжээчийн дүгнэлтэд харгалзан үзэх шалтгаан болохгүй болно. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч талын аль алины буруутай ажиллагаа байгаа шалтгаанаар 50:50 хувиар тооцож хохирлыг барагдуулж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв хохирол учирсан гэж дүгнэсэн бол ямар шалтгаант холбооны улмаас ямар бодит хохирол хэрхэн үүссэнийг нотлох баримтаар хөдлөшгүй тогтоож шийдвэрлэх нь зүйд нийцэх юм. Анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 943 дугаар магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу дахин шинжээч томилсон боловч нэхэмжлэгч нь "Мөнх-Оргил трейд" ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу хохирол нэхэмжилж байхад тус дүгнэлтүүдийн аль нь илүү бодитой эсэх, аль үнэлгээгээр хэргийг хянан шиидвэрлэх талаар дүгнэлт хийлгүй шууд “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээр үнэлгээнд газар эзэмших эрхийн үнэлгээнд үнийн зөрүү байгааг анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “Ц И” ХХК нь хариуцагч НЗДд холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

             “Ц И” ХХК  нь “Хүдэр-Эрдэнэ” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам 58 байрлах 120 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 ам.доллараар үнэлэн худалдан авахдаа, нийт 1458.3 м.кв газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. / 1хх6-7, 4хх 6-7/

            Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолд “Ц И” ХХК-д 1458 м.кв газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамж, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамж, 0.0594 га газарт барилга барих зориулалтаар зөвшөөрөл олгосон 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийн “Ц И” ХХК-д холбогдох хэсгийг ...тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх40-67/

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр компанид олгосон газар эзэмшүүлэх эрхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үнэ 2 035 150 000 төгрөг, газар эзэмших эрхийн үнэ 1 361 600 000 төгрөг нийт 3 396 700 000 төгрөг гаргуулна “гэж тодорхойлсныг, хариуцагч “нэхэмжлэгч хууль, дүрмийн заалтыг зөрчиж, 594 м.вк талбайгаас 205 м.кв талбайг илүү гарган барьсан, газар дээрх грашийг худалдан авсаныг газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж үзэхгүй, газрын үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй, барилгын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлж, дур мэдэн хийсэн тул тухайн зардлыг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч “Ц И” ХХК маргаан бүхий газарт барилгыг бариагүй талаар шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэсэн, тухайлбал:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалд “...Гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилга бариагүй болох нь 2011 оны 11 дүгээр сарын 29-ний шинжээчийн дүгнэлтэд “барилга барих зөвшөөрлийг олгосон 594 м.кв газрын хил дотор бариагүй баруун болон урд хэсгээр 205 м.кв талбайгаар илүү гаргасан “ гэснээр хууль зөрчсөн гэж дүгнэн, Нийслэлийн Засаг даргыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 12 давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон  байна.

         Үүнээс үзэхэд “Ц И” ХХК  барилга барих зориулалтаар олгосон 0.0594 га газарт маргаан бүхий орон сууцны барилгыг барьсан эсэх, тухайн газрын хэдэн м,кв талбайд 5 давхар барилгын карказ баригдсаныг тодруулах шаардлагатай. Энэхүү байдал нь хэний буруугаас, ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтооход ач холбогдолтой.

          Иймээс  талуудын маргаж буй үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 364 095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА