Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0664

 

 

 

 
2017 оны 09 сарын 13 өдөр     Дугаар 221/МА2017/0664             Улаанбаатар хот


“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 /дөчин хоёр сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, өмгөөлөгч М.Г нар давж заалдах гомдолдоо: “... Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны актын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу үндэслэн шийдвэрлэсэн атлаа хохиролтой холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай боллоо.
Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар 05-ны өдрийн А/623 дугаар “Авто тээврийн төвд эрх олгох тухай” захирамжаар “аймаг нутаг дэвсгэрт болон аймаг, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг шуурхай удирдан зохион байгуулах, Засгийн газрын 2015 оны 127 дугаар тогтоолын дагуу стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах, цуцлах зэрэг зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” эрхийг Орхон аймгийн Авто тээврийн төвд олгож, “аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн онцлог байдал, зорчигч урсгалыг харгалзан ангилан төрөлжүүлэх, ачаа, зорчигч тээвэр, авто үйлчилгээ, авто тээврийн хяналтын үйл ажиллагааг зохицуулахдаа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг” аймгийн Авто тээврийн төвд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар эрхээ шилжүүлсэн тухай захиргааны актад холбогдуулан гомдол гаргаж маргаагүй бөгөөд хариуцагч Орхон аймгийн Засаг даргын буруутай хууль бус үйл ажиллагаа, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэлээр хохирлоо нэхэмжлээгүй болно.
Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Орхон аймгийн Засаг даргын буруутай хууль бус үйл ажиллагаа, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх ба шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж” хууль зөрчсөн байна.
Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх” тухай заалтад дүгнэлт хийлгүйгээр Орхон аймгийн Засаг даргаас Авто тээврийн төвд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар эрхээ шилжүүлсэн актыг үндэслэж аймгийн Засаг даргаас хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг илтгэн харуулж байна.
Орхон аймгийн Засаг дарга нь энэхүү захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар өөрт нь харьяалуулсан чиг үүргийг бусад байгууллагаар гүйцэтгүүлсэн нь түүнийг хуульд заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлөхөд саад болохгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж Орхон аймгийн засаг даргыг буруутгах боломжгүй гэж түүний өмгөөлөн хамгаалагч мэтээр дүгнэж байгаа нь үндэслэл муутай байна. Хэдийгээр Орхон аймгийн Засаг дарга “Э т” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаагүй хэдий ч уг шийдвэр гаргах эрх хэмжээг Орхон аймгийн Автотээврийн төв гэх төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын салбарт шилжүүлсэн ба шилжүүлсэн захирамжид заасан үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс, мөн өөрт нь хуулиар харьяалуулсан чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс Орхон аймгийн Автотээврийн төв нь “Э т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж, одоогийн байдлаар нэг жил долоон сар /нийт сараар тооцвол 19 сар/-ын хугацаанд тээврийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байгаа билээ.
Нөгөө талаас анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Автотээврийн төвийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан захиргааны чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэж үзэхээр байна гэж зааж байгаа хэрэгт авагдсан нотлох  баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг харуулж байна. Орхон аймгийн засаг дарга нь 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/623 дугаар “Автотээврийн төвд эрх олгох тухай” захирамжаар хуульд заасан шилжүүлж болох эрхээ шилжүүлсэн болохоос нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжсэн тухай ямар ч бичгийн нотлох баримт болон талуудын, гэрчийн зэрэг мэдүүлэг байхгүй атал үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шударга бус буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлууд, нотлох баримтуудыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны 17 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож гэж шийдвэрлэснийг хүчингүй болгосон заалт бүхий магадлал гаргаж өгөхийг хүсье. Үүнд:
Тус шүүх үзэхдээ Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тохирлын үнэлгээний байгууллага” гэж тохирлын үнэлгээг хэрэгжүүлэх сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын болон тэдгээрийг итгэмжлэх байгууллагыг хэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Орхон аймгийн Авто тээврийн Үндэсний төв нь уг хуульд зааснаар энэ үүргийг хэрэгжүүлэх байгууллага биш гэж үзжээ.
Орхон аймгийн Авто тээврийн Үндэсний төв нь энэ хуулийн энэ заалтад дурдсан техникийн хяналтын болон тэдгээрийн итгэмжлэх байгууллага мөн.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “тохирлын үнэлгээний байгууллага нь тохирлын үнэлгээг мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан дадлага туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчээр гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчиж гэж буруу дүгнэсэн. Томилогдсон Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн шинжээч нар мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан дадлага туршлагатай.
Мөн шүүхийн шийдвэрт Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “авто үйлчилгээний байгууллага нь дараах шаардлагыг хангаж ажиллана”. 19.1.2-т “ тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруу дүгнэсэн. Тухайн үйлчилгээний байгууллагад тавигдах шаардлагыг бүрэн хангаж ажилласан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд, энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа нээлттэй, ил тод байх гэж тус тус заасан байхад Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.А-г хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилж, хариуцагч байгууллагын төлөөллийг дүгнэлт гаргахад оролцуулсан нь дээрх хуулийн заалттай зөрчилдсөн, хараат бус, шударгаар хяналт шалгалтыг явуулж дүгнэлт гаргасан гэж буруу дүгнэсэн.
Энэхүү хяналт шалгалтыг хийхдээ төрийн хяналт шалгалт болон бусад ямар ч хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй. Гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан.
Ариунболд нь Автотээврийн хяналтын улсын байцаагчийн хувиар төрийн хяналтыг гүйцэтгэх эрх үүргийн дагуу уг ажлын хэсэгт оролцсон. Бусад бүрэлдэхүүн буюу Орхон аймгийн Стандартчилал хэмжил зүйн  ажилтнууд нь хаанахын хэний ч хараат бус хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий хүмүүс.
Уг ажиллагаа нээлттэй ил тод явагдсан. Ямар ч хуулийн заалттай зөрчилдөөгүй, бодит шударга хяналт болсон.
Удирдамжийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02,03 дугаартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд үнэлгээ хийсэн үзүүлэлтүүдийг гаргахдаа нэхэжлэгч компанийн захирал Ш.Ч-д мэдэгдэж оролцуулсан нь ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно гэж хариуцагч байгууллага тайлбарласан боловч энэ нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэсэн. Уг үзүүлэлтүүдийг гаргахад “Э т” ХХК-н захирал Ш.Ч мэдсэн, уг хуралд захирал Ш.Чагнаадорж өөрөө оролцсоноо өөрөө хүлээн зөвшөөрч хэлсэн, оролцсон бусад хүмүүс гэрчилж байгаа.
Мөн шүүхийн шийдвэр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “шалгуулагч этгээд адил тэгш хандаж, түүний хууль  ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хүндэтгэн харилцах”. 5 дугаар зүйлийн 5.10-д “шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсгээ зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”  гэсэн заалтыг зөрчсөн байна гэж буруу дүгнэсэн.
Аж ахуй нэгж байгууллага болон “Э т” ХХК-ийн захирал Ш.Ч-той адил тэгш хандсан, нэр төрийг хүндэтгэн хариуцсан, захирал Ш.Чагнаадорж нь шалгалтын тэмдэглэлтэй танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан.
Мөн шүүхийн шийдвэрт Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн “Тохирлын үнэлгээнд дараах зүйлийг баримтална” гэсэн 12.3.1-12.3.4-д “бие даасан хараат бус байх, бодитой үнэнч шударга байх, хүсэлт гаргагч бүх талд адил тэгш нөхцөл олгох, нээлттэй хүртээмжтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруу дүгнэсэн. Энэхүү тохирлын үнэлгээ нь бодитойгоор үнэнч шударга байдлаар хийгдсэн. Хүсэлт гаргасан аж ахуй нэгж байгууллага адил тэгш нөхцөл олгосон, бүгдэд нээлттэй хүртээмжтэй байсан. Энэ хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтаар харагдана” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх, “Э т” ХХК-ийн “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, Орхон аймгийн Автотээврийн төв, Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 /дөчин хоёр сая, хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Орхон аймагт такси болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг бөгөөд “аймаг доторх такси үйлчилгээний гэрээ”, “аймаг хооронд суудлын автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”, “зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ” зэргийг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргатай байгуулан үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Гэтэл “Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт, стандартын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар “Э т” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ.
Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар тогтоолоор тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүний үйлчилгээний жагсаалтыг баталсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгохоор заажээ.
Харин Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тохирлын үнэлгээний байгууллага” гэж тохирлын үнэлгээг хэрэгжүүлэх сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын болон тэдгээрийг итгэмжлэх байгууллагыг”, 3.1.8-д ”тохирлын баталгаа” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад тохирч байгааг тодорхойлсон баримт бичиг олгохыг”, 12 дугаар зүйлийн 12.5-д “Тохирлын үнэлгээний байгууллага нь тохирлын үнэлгээг мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчээр гүйцэтгүүлнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна” гэж зааснаар аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс нийтийн тээврийн үйлчилгээний тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг гаргахаар байна.
Дээрх тогтоол болон хуульд зааснаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Э т” ХХК болон “А т” ХХК-ийн үйл ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тохирлын үнэлгээний баталгаажуулалтыг хийх зорилго, үнэлгээ хийх чиглэл, үнэлгээ хийх ажлын хэсгийг томилсон хамтарсан удирдамжийг Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга нар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр баталжээ.
Уг удирдамжаар батлагдсан ажлын хэсэг “Э т” ХХК болон “А т” ХХК-ийн үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ хийж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02, 03 дугаар дүгнэлтийг гаргасан бөгөөд эдгээр дүгнэлтийг үндэслэсэн ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн товч тайланг гаргасныг Орхон аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга С.Ч “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тохирлын  үнэлгээ хийсэн 2 хуудас тайланг” 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 дугаар албан бичгээр Автотээврийн төвд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар нотлогдож байна.
Тиймээс “Э т” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр болох Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хариуцагч гаргахдаа дээрх дүгнэлт, тайланг, албан бичиг зэргийг үндэслэлгүй зөвхөн Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэв.
Нөгөөтэйгүүр, Орхон аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга С.Ч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 дугаар албан бичгээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тохирлын  үнэлгээ хийсэн ажлын хэсгийн тайланг хариуцагчид хүргүүлсэн байхад түүнээс өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хуулийн ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Мөн анхан шатны шүүх, “Орхон аймгийн Автотээврийн төв, Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 /дөчин хоёр сая, хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин “хариуцагч Орхон аймгийн Засаг даргын буруутай хууль бус үйл ажиллагаа, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.
Тодруулбал, нэхэмжлэгч дээрх шаардлагыг Орхон аймгийн Автотээврийн төв, Орхон аймгийн Засаг дарга гэсэн хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан, нөгөөтэйгүүр “Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар Орхон аймгийн Автотээврийн төвд эрхээ шилжүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдолдоо дурдсан.
Гэвч “Э т” ХХК-ийн тээврийн хэрэгслийн мэдээллийн сангийн баримт, тээврийн хэрэгслийн хураамжийн тооцоо, жолооч нарын ТҮ-1, ТҮ-2 үйлчилгээг хийлгэсэн бүртгэл, автомашины дулаан граж, засварын газар, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтаар хохирол 42 225 000 /дөчин хоёр сая, хоёр зуун хорин таван мянган/ төгрөг гэж тодорхойлох, тогтоох үндэслэл эдгээр баримтаар нотлогдохгүй байна. Хуулийн этгээдийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна.
Тиймээс маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид 42 225 000 /дөчин хоёр сая, хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг хохирол бодитойгоор шууд учирсан гэж Орхон аймгийн Автотээврийн төв, Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэсгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ
                    ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР