Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 66

 

“Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чагнаадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0769 дүгээр магадлалтай, “Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг баримтлан “Эрдэнэттранспорт” ХХК-ийн Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 16902000 /арван зургаан сая есөн зуун хоёр мянган/ төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0769 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чагнаадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Манай компани нь Орхон аймгийн такси үйлчилгээний болон нийтийн тэзврийн үйлчилгээний салбарт 12 жил гаруй үйл ажиллагаа явуулж ирсэн. Ийнхүү 12 жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирэхдээ ноцтой осол огт гаргаж байгаагүй ба хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд болон улсад хохирол учруулж байсан удаагүй билээ. Энэ нь стандартын шаардлагыг ханган ажиллаж, дадлага туршлагатай байсантай холбоотой юм. Давж заалдах шатны шүүх хурлыг хянан магадлахдаа Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийтийн такси эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллгаанд үнэлгээ хийсэн 02 дугаар үзүүлэлт, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн 03 дугаар үзүүлэлт гэх бичиг баримтаар өөрсдийн зохиосон оноо өгч дүгнэж байгаа нь Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 222 дугаар тогтоолийн 2 дугаар хавсралт “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хэлээр нэвтрүүлэх журам”-ын Хоёр. “Тохирлын баталгаа гаргах” хэсэгт байхгүй журмаар дүгнэсэн, мөн 2.3-т “Ирүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагчид албан бичгээр хариу мэдэгдэнэ” гэснийг огт мэдэгдээгүй, 2.6.8-д “Үнэлгээ явуулсан дүнгийн тухай тайланд дараах асуудлыг тодорхой тусгах:”, 2.6.8.2-т “бүтээгдэхүүн нь стандарт норматив техникийн баримт бичгийн шаардлагад тохирохгүй байгаа бол давтан үнэлгээ явуулах хугацааг хүсэлт гаргагчтай тохирох, Анхдагч болон давтан үнэлгзэ хоорондын хугацаа нэг сараас багагүй байна”, 2.6.9-д “давтан үнэлгээнд зөвхөн тухайн шаардлага хангаагүй асуудлыг хамруулах”, 2.7-д “бүтээгдэхүүн тохирлын тогтвортой байдлыг тодорхойлоход техникийн хяналтын байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно” гэсэн заалтуудыг санаатайгаар огт хэрэгжүүлэлгүй 02, 03 дугаар үзүүлэлтэд оноо хассанаа тайлбар гэсэн хүснэгтэд зүгээр ерөнхий үгээр бүрэн хангалтгүй, “хамруулдаггүй”, “шалгадаггүй”, “биелэлт хангалтгүй”, “100% шаардлага хангаагүй” гэж дүгнэж бичсэн байдал нь энэ журмыг мэддэггүй юмуу, эсвэл хэрэглэхгүй гэсэн зорилгоор үүнээс өөр баримттай, эзэнтэй, тоотой, энэ нь зөв, энэ нь буруу гэж үзүүлэх нотлох баримтгүй байсан тул ингэж буруу дүгнэсэн байдлыг анхан шатны шүүх нь нотлож тогтоогоогүй байж манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж байгаа нь учир дутагдалтай байна.

Аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/73 тоот захирамжаар “Эрдэнэттранспорт” ХХК-ийн шугам маршрутыг тогтоон өгч тухайн шугамд үйлчилгээ явуулахаар захирамж гаргасан. Энэхүү захирамж одоо болтол хүчинтэй байгаа. Гэтэл Орхон аймгийн Автотээврийн төв манай компаний үйл ажиллагааг зогсоосон тушаал гаргасан нь хууль бус байгааг шалгаж тогтоогоогүй, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын авто тээврийн улсын байцаагч Х.Ганчулууны хоёр ч удаагийн шалгалтаар “Эрдэнэттранспорт” ХХК нь бага эрсдэлтэй гэсэн албан ёсны дүгнэлт нь хавтаст хэрэгт бий, хүчин төгөлдөр байхад үүнийг өөрийнх нь удирдлагад ажилладаг гэрээт байцаагч Т.Ариунболд нь дээрх 2 дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа зэрэг тодорхой зүйлүүдээс үзэхэд тохирлын үнэлгээ нь үнэлгээ хийж буй субъектийн хүсэл зоригоос шалтгаалан бодит үнэнд нийцүүлэн гаргадаггүй хүмүүсийн дур зоргын асуудлаар шийдэгддэг, ялангуяа Орхон аймагт ийм үнэлгээ хийж үүнийг үндэслэн Автотээврийн төв нь хууль бус тушаал гаргаж байгаа нь учир дутагдалтай байгаад гомдолтой байна.

Компанийн үйл ажиллагаа зогссон тул байгууллагын бизнесийн зориулалтаар 2013 онд авсан банкны зээлд өөрийн орон сууц, эд хогшлоо зээлийн барьцаанд тавьсан байсан тул бүгд банкинд хураагдаж одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа нь миний хувьд Орхон аймгийнхаа ард иргэд, нийтийн төлөө компанийн үйл хэргийг зориулж, улсаас нэг ч төгрөгний дэмжлэг авалгүй мөн хохирол учруулалгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж стандартын шаардлагыг ханган ажиллаж байснаараа хохирч байгаа тул гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Автотээврийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар болох Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгийн заалтыг тус хуулиар Автотээврийн төв бус харин аймаг, сумын Засаг даргад олгосон. Нөгөө талаас тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Аймаг, хот хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл тухайн орон нутагтаа нийтийн тээвэр эрхлэгч компанийг сонгох, гэрээ байгуулах, гэрээг цуцлах, дүгнэх зэрэг бүхий л бүрэн эрхийг тус хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон байна. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар хуулиар өөрт нь харъяалуулсан чиг үүргийг Автотээврийн тухай хуулийн 8.4-т заасан хэмжээнээс хэтрүүлэн Орхон аймгийн Автотээврийн төвд шилжүүлсэн байх ба үүнийг шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ дурдсаар байтал энэ талаар огт дүгнээгүй, зөвхөн “хуулийн дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн байна” гэж ойлгомжгүй дүгнэлтийг хийж, үүнийг давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д мөн Орхон аймгийн Засаг даргын тээврийн үйлчилгээний талаарх
чиг үүргийг хуульчилсан байх бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэн нэгэнд
“эрх олгох” нэрээр ажлаа шилжүүлэхийг хуульд тусгайлан заагаагүй байна. Гэтэл энэхүү хуулиар өөрт нь харъяалуулсан чиг үүргийг Орхон аймгийн
Автотээврийн төв гэх төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлж, тус байгууллагын албан хаагч, ажилтны дур зорго болгож байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд харшилж байхад шүүх ийнхүү хариуцагч байгууллагын шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргаж уг шийдвэрийнхээ үндэслэлд дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу үнэлж дүгнэн анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөн өөрчлөлт

3. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэх учиртай бөгөөд миний бие тус хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар оролцож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын эрх шилжүүлэх тухай зүйл заалтыг үндэслэн Орхон   аймгийн   Засаг   дарга   нь   Автотээврийн   тухай   хууль   болон
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зөвхөн өөрт нь харъяалуулсан чиг үүргийг өөрийн харъяа бус Төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн...” нь хуульд нийцээгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг илт зөрчсөн байгаа талаар дурдсаар байтал энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үйл баримтыг л анхаарсан мэт харагдаж байгаа нь энэхүү шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна.

Хэрэв Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг захиргааны акт гарсан учраас энэ маргаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй гэж үзэж байгаа бол энэ талаар тайлбарлаагүй байгаа нь шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэх байдлыг төрүүлж байна. Хэрэв ийм нөхцөл байдал байгаа бол Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэвэл нийтийн эрх зүйн харилцаанд зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчмыг баримтлан шийдвэрлэсэн бол хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой юм. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх боломжтой байхад ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон захиргааны байгууллагын эрх шилжүүлсэн үйл ажиллагааны талаар талуудын гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлж дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэр магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг стандартын шаардлага хангаагүй гэж хариуцагч тал тайлбарладаг ба нэхэмжлэгч харин стандартын шаардлага хангаж ирсэн, тиймдээ ч ямар осол авааргүй нийтийн тээврийн үйлчилгээг 10 гаруй жил хийсэн тухайгаа маргаж, харин “тохирлын гэрчилгээ” аваагүй байгаа шалтгаанаа төрийн албан хаагчдын дур зорготой холбон тайлбарладаг. Энэ нь хэрэгт нотлогдсон байдаг, өөрөөр хэлбэл Стандарчилал, хэмжил зүйн газар болон Орхон аймгийн Автотээврийн төвийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Т.Ариунболд нь тус ажлын хэсэгт оролцож 02, 03 дугаартай дүгнэлт гаргаж байсан байх бөгөөд ийнхүү дүгнэлт гаргахдаа санаатай, эсхүл болгоомжгүй аль нэг шалтгаанаар оноог алдаатай дүгнэсэн байдаг.

Нөгөө талаас “Эрдэнэттранспорт” ХХК-ийг стандартын шаардлага хангасан эсэх талаарх ийнхүү маргаантай, шаардлага хангаагүй талаарх бичгийн ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй юм.

Дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн суурь зохицуулалтаас үзвэл төрийн үйл хэрэг хуульд заасан хүрээнд байх учиртайг харж болох юм. Өөрөөр хэлбэл “нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглоно, хувийн эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэх үндсэн үзэл баримтлалтай уялдуулж үзвэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргаж байгаад харамсч байна.

Хуулийг хэрэглэх талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар маргах үндэслэл болж байгаа Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаар захирамж нь хууль зөрчин өөрийн чиг үүргийг бусдад шилжүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх учиртай байтал анхан шатны шүүх ийнхүү хууль хэрэглэхдээ алдаа гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон шийдвэрийг хамгаалж байгаа мэтээр харагдуулж байна. Тус компанийн хувьд 12 жил үйл ажиллагаа явуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан тохиолдолгүй бөгөөд энэ нь хэрэгт авсагдсан нотлох баримтаар тогтоогддог. Нөгөө талаас стандартын шаардлага хангаагүй гэж тус компанийн үйл ажиллагааг зогсоосон байх атлаа тухайн тээврийн хэрэгслүүд нь өөр компани /“ББ-Од” ХХК, “Автомастер” ХХК, “Эрдэнэт арслан” ХХК/-д шилжиж очихоороо стандартын шаардлага хангаж байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байгаа зэргээс үзвэл Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал үндэслэлгүй болох нь харагддаг.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны едрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0769 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт, стандартын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр зогсоосныг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч “...тохирлын гэрчилгээ аваагүй, стандартын шаардлага хангаагүй гэх нэрийн дор эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү дээрх тушаалыг гаргасан нь илт хууль бус” гэж, хариуцагчийн зүгээс “...ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалт хийхэд тус компани нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тул даргын тушаал хуулийн дагуу гарсан” гэж маргаж байна.

Шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, дутуу бүрдүүлсэн байна.

1. Хариуцагч “маргаан бүхий акт нь ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан” гэж тайлбарладаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үзвэл маргаан бүхий тушаал нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байхад түүний үндэслэл болсон гэх ажлын хэсгийн тайланг тушаал гарснаас хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолон Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 3/17 тоот албан бичгээр Автотээврийн төвд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэж дүгнээгүй байна.

2. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа “стандартын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр гарсан тул түүний бодит үндэслэл буюу ажлын хэсгийн үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймгийн Автотээврийн төв болон Стандарчлал, хэмжил зүйн хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн үнэлгээ хийсэн үзүүлэлтийг /2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 03 тоот/ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг анхан шатны шүүх “урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр, харин давж заалдах шатны шүүхээс “захиргааны акт биш” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэхдээ энэ нь маргааныг хянан шийдвэрлэхэд үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг цуглуулахад саад болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ эхний хэсэгт маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах тухай” гэсэн атлаа төгсгөлд нь “илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэснийг нь шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0769 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ