Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн нийт 259 789 404 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“О” ХХК нь “Р” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу “Р” ХХК нь 42.5 марк бүхий 4000 тонн, 32.5 марк бүхий 8000 тонн цементийг БНХАУ-ын Баяннуур хотын Туанг Яанг үйлдвэрээс чанарын шаардлага хангуулан манай компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Кемпэд тээвэрлэн ирж хүлээлгэн өгөх, “О” ХХК нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс цемент авах зорилгоор “Р” ХХК-д нийт 634 437 220 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 192 936 төгрөгийн цемент огт нийлүүлээгүй байна. Бидний зүгээс “Р” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/73 тоот албан бичгээр шилжүүлсэн мөнгөнд тааруулан цемент нийлүүлэхийг мэдэгдэж байсан. Гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч нь 5 хоногт багтаан цементийг манай компанийн Өмнөговь аймагт байрлах кемпэд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэвч “Р” ХХК нь нэмэлт төлбөр шаардах болон хилээр цемент нэвтрүүлэх боломжгүй хорио цээр тогтоосон гэх худал шалтаг хэлж цементийг огт нийлүүлээгүй байна. Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн албан тоотоор цемент нийлүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан алданги тооцох нөхцөлийг бүрдүүлээд байна. Гэрээнд заасны дагуу алдангийг 0.2 хувиар тооцвол хоногт 346 385 төгрөг болж байгаа бөгөөд хамгийн сүүлд цемент нийлүүлэхийг хүссэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гэрээний 4-д заасны дагуу 5 хоногийг нэмж буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 20.5 cap буюу 615 хоног хэтрээд байна. Нийт алданги нь Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй шаардлагад нийцүүлэн бодвол 86 596 468 төгрөг болж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандан гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг татгалзалтай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тодруулсан талаар албан тоотыг манай компанид ирүүлснийг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Иймд 2017 оны 6 дугаар сараас хойш “Р” ХХК нь нэг ч тонн цемент нийлүүлээгүй бөгөөд манай компанийн зүгээс өнөөдрийг хүртэл төлбөр тооцооны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээсэн боловч огт хариу өгөхгүй байгаа тул цемент захиалж илүү шилжүүлсэн 173 192 936 төгрөг, алдангид 86 596 468 төгрөг нийт 259 789 404 төгрөгийг “Р” ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Гэрээний дагуу шилжүүлсэн 173 192 936 төгрөг, алданги 86 596 468 төгрөг, нийт 259 789 404 төгрөг гаргуулна. Талууд 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой нөхцөлтэй байгуулсан. Нэхэмжлэгчийн захиалгаар худалдахаар тохирсон. Гэрээний 4-т зааснаар хариуцагч нь цемент бэлтгээд нэхэмжлэгчийн талбайд буулгах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь 7 удаагийн үйлдлээр нийт 634 437 220 төгрөг шилжүүлсэн. Баримтыг хэрэгт өгсөн. Үүний дараа цемент нийлүүлэгдэж байгаад 2016 оны 10 сард тооцооны үлдэгдлийг баталгаажуулж 173 192 936 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Мөнгөө шилжүүлсэн боловч зарим барааг нийлүүлээгүй. 2017 оны 4 дүгээр сард үлдэгдэл цементний мөнгийг буцаан шилжүүлэх шаардлага хүргүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 320 тонн цемент нийлүүлэх хүсэлт хүргүүлсэн. Хариуцагч нь цемент нийлүүлэх гэсэн боловч хилээр нэвтрэх боломжгүй болсон гэсэн. Гэтэл МХЕГ-н лавлагаагаар хилээр нэвтрүүлэхийг хорьсон зүйлгүй гэсэн. Хариуцагч нь хил дээр авчирсан, хадгалж байсан гэх боловч гэрээгээр бид Ханбогд суманд хүргэж өгөхөөр тохирсон. Гэтэл уг цементийг нийлүүлээгүй. Өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн тул эрэн сурвалжлуулсан. Улмаар хаяг тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргасан. Алдангийн талаар гэрээний 4-т заасан. Алдангийг 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрийг нэхэх үндэслэлээр гаргасан. Албан бичгийг хүлээн авсан Б.Оргил нь нэхэмжлэгчийн санхүүд ажилладаг гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас 2016 оны 7, 8 дугаар сард 173 192 936 төгрөгт ногдох 32.5 маркийн 980 тонн цементийг 1 тоннын савлагаанд савлан, нийлүүлэх захиалгыг хүлээж аваад манай компани гэрээний дагуу ажлын 5 хоногт багтаан бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болгож, хүлээж авах талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал кранист байхгүй, дэвсэгч машин эвдэрсэн, цемент буулгах талбай байхгүй гэх мэтээр шалтаг, шалтгаан тоочин хүлээж авахгүй байсаар дээр дурдсан цементийн хадгалах, ашиглах хугацаа дуусч дахин ашиглах боломжгүй болсон. Иймд манай компани дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний дагуу худалдан авагчийн үүрэг нь барааг хүлээн авах үүрэгтэй. Хариуцагч нь цаг хугацаанд нь нийлүүлж байсан ба сүүлийн нийлүүлэлтийг хүлээж авахыг удаа дараа шаардсан. 1 тонноор савлаад бэлдсэн цементийг хүлээж аваагүй. Хэлэхдээ ямар нэг шалтгаан хэлж хүлээж авдаггүй байсан. Сүүлдээ 2016 оны 10 сард хадгалж өгөх хүсэлт тавьсан. Улмаар 3 сард хадгалуулсан цементийг хүлээн авахыг шаардсан боловч авахгүй гэсэн. Цемент нь нэхэмжлэгчийн шаардлагад нийцүүлэн савласан цемент байсан. 980 тонн цементийг бэлэн болгосон байсан. Нэхэмжлэгч өөрөө үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Үүнээс үүсэх эрсдэлийг худалдан авагч хүлээнэ. Сүүлийн захиалга нь 2016 оны 7 дугаар сард хийгдсэн. Улмаар 10 сард нийлүүлсэн боловч хүлээн аваагүй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.4-т зааснаар хохирлыг худалдан авагч тал хүлээхээр байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч “Р” ХХК-д холбогдох 259 789 404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 456 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

... “О” ХХК нь “Р” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр БНГ-16/03/16-014 тоот “Бэлтгэн нийлүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Р” ХХК нь “О” ХХК-д 42.5 болон 32.5 марк бүхий цементийг БНХАУ-аас бэлтгэж гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу “О” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемп дээр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

“О” ХХК нь “Р” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 37 200 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 27 252 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 77 532 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 81 982 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 52 301 920 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 258 380 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 99 819 300 төгрөг нийт 634 437 220 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

“Р” ХХК нь Бэлтгэн нийлүүлэх гэрээний 1.1-т зааснаар “О” ХХК-ийн захиалгын дагуу цементийг бэлтгэн нийлүүлэх бөгөөд савлагааны хувьд 50 кг болон 1 тонн байхаар гэрээний 1.6-д зохицуулсан. Мөн гэрээний 4-т зааснаар “Р” ХХК нь цементийг бэлтгэн хилээр нэвтрүүлж, тээвэрлэлтийг “О” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемп хүртэл хийхээр тохиролцож уг кемпэд авч ирснээр “О” ХХК гэрээнд заасны дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн хүлээн авахаар тохиролцсон болно. Хариуцагч нь хүлээн авсан 634 437 220 төгрөгөөс 461 244 284 төгрөгт цемент нийлүүлсэн бөгөөд “О” ХХК нь хүлээн авсан.

Анхан шатны шүүх уг харилцааг буруу дүгнэж “О” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 17/73 тоот албан бичгийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл “Р” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 06/04 тоот албан бичиг нь “О” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/73 тоот албан бичгийн хариу гэж албан бичгийнхээ огноо, дугаар хэсэгт маш тодорхой тэмдэглэн ирүүлсэн болохыг огт анхаарч үзээгүйгээр барахгүй “О” ХХК-ийг цемент хүлээн авах захиалга огт өгөөгүй мэтээр мушгин дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн болно. Мөн “О” ХХК-ийн зүгээс нэмэлт төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 17/91 тоот албан бичгийг “Р” ХХК-д өгсөн болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “О” ХХК нь төлбөрийг төлж “Р” ХХК нь цементийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах кемпэд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд “Р” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас хойш цементийг бэлтгэн манай компанийн кемпэд тээвэрлэн авч ирээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар нотлогдож байхад шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг огт ойлгоогүйн дээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү хардаж буй шалтгаан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хуваарилагдсан Г.Солонго шүүгч нь тодорхойгүй шалтгаанаар солигдож хэргийг Д.Г шүүгчид шилжүүлсэн. Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлан өгч нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүгч солигдсонтой холбогдуулан хариуцагч талд нөлөөллийн мэдүүлгийг дахин танилцуулж гарыг үсэг зуруулж шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн боловч хариуцагчид нөлөөллийн мэдүүлэг танилцуулж зуруулах эсэх нь нэхэмжлэгчид хамааралгүй гэх тайлбарыг хийж хүсэлтийг хүлээн аваагүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн нөгөө талаас хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримт болох 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд БНХАУ-руу мөнгөн гүйлгээ хийсэн гэх баримтыг үндэслэн “Р” ХХК-ийн арилжааны банкинд байрших дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Д.Ганболд шүүгч нь хэргийг хүлээн авангуутаа уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон гомдол гаргах эрхгүй гэсэн захирамжийг гаргаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн болно.

Уг дансны хуулгыг авах шалтгаан нь хариуцагчийн зүгээс цемент нийлүүлэх боломжгүй гэх тайлбар, мөнгийг төлөхгүй гэх тайлбарыг хийдэг боловч БНХАУ-руу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 100 000 юань шилжүүлж цементийн үнийг төлсөн байдаг. Мөн энэ баримтдаа гааль, зуучлал, тээвэр гэх агуулгыг тусгасан байдаг бөгөөд үүнээс харвал цементийг үйлдвэрээс нь авах боломжгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж цементээ үйлдвэрээс нь авсан боловч манайд хүлээлгэн өгөөгүй нь нотлогдож байгаа юм. Гэтэл уг цаг хугацаандаа манай талд цемент нийлүүлэх боломжгүй, мөнгийг нь ч төлөх боломжгүй гэх тайлбарыг хийж байсан мөртлөө цемент тээвэрлүүлж гаалиар нэвтрүүлсэн болох уг мөнгөн гүйлгээгээр нотолж байгаа болно. Манай мөнгөөр БНХАУ-аас цемент худалдан авч хил гаалиар нэвтрүүлсэн боловч цементээ манай компанид гэрээний дагуу нийлүүлээгүй нь “Р” ХХК-ийн гэрээ зөрчсөн үйлдэл болохыг нотолж байгаа.

Мөн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сараас хойш захиалга өгөөгүй гэж дүгнэсэн байх бөгөөд захиалга өгсөн албан тоотуудыг хариуцагч авсан нь нотлогдохгүй байна гэжээ. Хэрэв захиалга өгөөгүй юм бол “Р” ХХК нь юуг үндэслэж цемент нийлүүлж байсан нь ойлгомжгүй байх бөгөөд захиалга өгч байсан нь албан тоотуудаас гадна 7 удаагийн төлбөрийн даалгаврын төлбөрийн зориулалт гэсэн хүснэгтэд бичигдсэнээр давхар нотлогдож байгааг огт анхаарч үзээгүй болно.

Нөгөө талаар талууд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлж уг үнийн дүнд 2017 оны цемент нийлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу цементийг 2017 онд хүлээн авах боломжгүй мөнгөө авья гэсэн шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан хэдий ч хариуцагчаас ирүүлсэн албан тоотын дагуу цементээ хүлээн авахаа зөвшөөрч, шаардлагатай тохиолдолд нэмэлт зардлыг хариуцахаа ч илэрхийлж байсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд цементийг манай компанийн кемпэд огт тээвэрлэн ирээгүй болно.

Анхан шатны шүүхээс хэрэг маргааны агуулгыг зөв ойлгоогүй, хэрэгт авагдсан баримтыг зөв дүгнээгүй, талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнээгүй, худалдах, худалдан авах харилцаа явагдсаныг тодорхойлсон боловч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнээгүй зэргээс үүдэн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн 173 192 936 төгрөг, гэрээний алданги 86 596 468 төгрөг, нийт 259 789 404 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн БНГ-16/03/16-014 дугаар “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-гээр хариуцагч нь 42.5 маркийн 4 000 тонн цементийг 1 тонн тутмыг 155 000 төгрөг, 32.5 маркийн 8 000 тонн цементийг 1 тонн тутмыг 148 000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь нийт 1 804 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, худалдан авагч талын захиалгын дагуу цементийг нийлүүлж эхэлсэн талаар зохигчид тайлбарласнаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдан авагч буюу нэхэмжлэгч “О” ХХК нь цементийн үнэд нийт 634 437 220 төгрөгийг худалдагч тал “Р” ХХК-д шилжүүлснээс 173 192 936 төгрөгт дүйцэх цемент нийлүүлэгдээгүй байгаа үйл баримт тогтоогдсон, уг үлдэгдлийн хэмжээний тухайд талууд маргаагүй.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг 173 192 936 төгрөгийн цементийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээнээс татгалзан, уг мөнгийг буцаан гаргуулах, мөн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги тооцон нийт 259 789 404 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь захиалгын дагуу 980 тонн цементийг 1 тонноор савлан нийлүүлэхэд бэлэн болгосон боловч нэхэмжлэгч буюу худалдан авагч тал барааг хүлээн аваагүй, хугацааг хойшлуулсан, савласан цементийн хадгалах хугацаа дуусахад хүргэсэн буруутай тул эрсдэлийг өөрөө хариуцах ёстой гэж маргажээ.

 

            Хариуцагч “Р” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/04 тоот албан бичгээр “О” ХХК-д хандаж, 2016 оны 7, 8, 9 дүгээр сард захиалсан 32,5 маркийн 1 тонны савлагаатай цементийг гэрээний 4-т заасны дагуу 5 хоногт савлан бэлтгэж, тээвэрлэн нийлүүлэхэд бэлэн болгосон ч хүлээн аваагүй болохыг дурдаад түргэн хугацаанд авахыг мэдэгдсэн, мөн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03/08 дугаар албан бичгээр бэлтгэсэн цементийг хүлээн авахыг дахин шаардсан нь хэрэгт баримтаар авагджээ. /хх-47, 48/

           

            “О” ХХК нь 1160 тонн 32,5 маркийн цементийн урьдчилгаа төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 5, 8 дугаар сарын 18-нд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ 1 тонны савлагаагаар захиалсан талаар 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 17/43 дугаар албан бичигт дурдсан байх бөгөөд нөхцөл байдлын улмаас савлагааг өөрчилж 50 кг-аар савлуулан авах хүсэлтэй байгаа, 1 тоннын савлагааны төлбөрийг буцаан нэхэмжлэхгүй болохоо “Р” ХХК-д илэрхийлжээ. /хх-8/

 

            Мөн “О” ХХК-ийн дээрх албан бичигт 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дугаар албан бичгээр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/63 тоот албан бичигт 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 07/01 тоот албан бичгээр, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/91 тоот албан бичигт 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07/03 тоот албан бичгээр “Р” ХХК-аас тус тус хариу хүргүүлэхдээ захиалгын дагуу 1 тонноор савласан цементийг хүлээн авахыг удаа дараа сануулсаар байхад хүлээн аваагүй тухай, энэ тохиолдолд үйлдвэрлэгч нийлүүлэгчээс хариуцлага хүлээх боломжгүй тухай болон 50 кг-аар савлагааг өөрчлөн дахин шинэчлэн маркийг дээшлүүлэхэд нэмэлт зардал шаардлагатай талаар дурдсан боловч худалдан авагч нэмэлт зардлыг зөвшөөрч төлбөрийг хийгээгүй болох нь тогтоогдсон байна. /хх-50-57/

 

            Мөн хэрэгт цементийг үйлдвэрлэгч ӨМӨЗУ-ын Баяннуур хотын Туан Яан цемент компанийн 980 тонн цементийг 2016 онд 1 тонноор үйлдвэрлэн савлаж бэлтгэсэн, баталгаат хугацаанд захиалагч компани татан авалт хийгээгүй, цемент болон савыг дахин ашиглахгүй боломжгүй болсон тул хохирлыг “Р” ХХК-ийн цемент авахаар шилжүүлсэн төлбөрөөс суутган тооцсон талаар тодорхойлсон 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг авагдсан байна. /хх-133-134/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч “О” ХХК нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах явцад тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцаолоос “980 тонн цементийг захиалж савлуулсан боловч захиалсны дараа хэрэглэх шаардлагагүй болж хадгалж байх хүсэлтийг тавьсан, дараа нь 1 тонноор биш 50 кг-аар савласнаар авъя гэж санал тавиад нэмэлт зардлын талаар тохиролцоогүй” гэж мэдүүлсэн нь хэрэгт бичгийн баримтаар авагджээ. /хх-105, 106/

 

            Дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулж дүгнэвэл хариуцагч “Р” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн захиалгын дагуу цементийг савлан бэлтгэсэн, өөрсдийнх нь хүсэлтээр хадгалж байсан, хадгалалтын хугацаа дуусч ашиглах боломжгүй болсон байх бөгөөд дурдсан нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг нийлүүлэгч Баяннуур хотын Туан Яан цемент компанид цемент авахаар шилжүүлсэн төлбөрөөс суутгуулсан нь тогтоогдож байна.

 

            Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх ба хариуцагчийг гэрээний дагуу цементийг нийлүүлээгүй гэж буруутгах боломжгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2, 224.2.3-т зааснаар эрсдэлийг худалдан авагч тал хүлээх үндэслэлтэй, мөн  алданги шаардах эрхээ алдана.

 

            Иймд нэхэмжлэгч талыг хууль буюу гэрээнд зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 456 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ