Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

Ц.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/00236 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б гийн хариуцагч Р.Э д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 148 921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2005 оны 07 дугаар сараас БНСУ-д 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Аньсон хотын буйдангийн үйлдвэрт ажиллаж байхдаа Монгол тауны 1 давхарт Капитрон банкны салбар ажиллаж байгааг мэдсэн. Ингээд 2006 оны 04 дүгээр сард энд ажилладаг гэх Р.Э тай уулзахад манайх хадгаламж авч байгаа, байрны урьдчилгаа мөнгөө ч хадгалуулж болно гэсэн байдаг. Тэгээд 2006 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3300 ам.долларыг Хадгаламж Кореа гэдэг газарт өгсөн. Тухайн үед солонгос хэл дээр бичсэн баримт өгсөн боловч олохгүй байгаа. Гэтэл Монголчуудын гаргадаг сониноос Р.Э ыг эрэн сурвалжилж байгаа талаар олж мэдсэн. Р.Э тай 2 удаа уулзахад цагдаад хандаад яах вэ гэсэн болохоор хүлээсэн. Дараа нь 2006 оны сүүлээр Р.Э ыг Монгол явсан гэж сонсоод 2007 онд дүүдээ итгэмжлэл өгөөд Монголд цагдаад хандсан. Монголд 30 гаруй хохирогч байсан учраас Улсын мөрдөн байцаах газарт шалгуулсан. Ц.Б нь Солонгост 2013 оныг хүртэл ажилласан, 2014 онд улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгсөн, мөнгөө нэхэмжлэх гэхээр шалгаж байна гэсэн. Ц.Б нь хөдөө орон нутгаар явж байгаад 2019 оны 02 дугаар сарын 26-нд Нийслэлийн прокурор н.А-тай уулзахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хохирлоо иргэний шүүхэд хандах хэрэгтэй гэсэн байна. Залилуулсан асуудал нь Хадгаламж Кореа, Капитал банк хоёр хамтран ажиллах гэрээ байгуулж салбар нээж ажиллах байсан. Гэтэл 2006 оны 02 дугаар сарын 28-нд Капитрон банк хамтран ажиллах үйл ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байхад 2006 оны 04 дүгээр сарын 08-нд Р.Э нь 3300 ам.доллар авч залилсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд Р.Э аас 3300 ам.доллар буюу 4 029 300 төгрөг, түний эрэн сурвалжлуулхад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 4 148 921 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Капитрон банкаас БНСУ-ын Хадгаламж Кореа компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Р.Э нь тухайн үед Хадгаламж Кореа компанид менежерээр ажиллаж байсан. Оффисын ажлыг цагийн ажилтнууд хийдэг байсан бөгөөд шаардлагатай үед Хадгаламж Кореа компаний даалгаснаар ажилтнуудтай хамт байдаг байсан. БНСУ-д Хадгаламж Кореа компани үйл ажиллагаагаа явуулж байсан учраас компаниасаа нэхэмжлэх ёстой. Р.Э бол шийдвэр гаргах эрх бүхий захирал, албан тушаалтан биш. Зөвхөн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Р.Э Ц.Б гэдэг хүнийг мэдэхгүй гэдэг. Монголд цагдаагийн байгууллагад өөрийгөө Ц.Б гэж танилцуулсан. Тэр үед Р.Э би чамайг танихгүй, мөнгө авч байгаагүй гэдгээ хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.2.2-т хэсэгт заасныг баримтлан Р.Э аас 4 148 921 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Б гийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Ц.Б нь эрхээ зөрчигдсөнийг 2006 онд мөнгө өгсөн даруйдаа мэдсэн, энэ үеэс шаардах эрх үүссэн гэж буруу дүгнэсэн. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа эхэлж буйг тогтоож чадаагүй. Мөн Эрүүгийн гэмт хэргээс учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гэмт хэрэг илрээгүй байгаа нөхцөлд гаргах боломжгүй байдаг. Иймд Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Прокурорын Газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Р.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэдгийг мэдсэн тул 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шаардах эрх үүссэн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн зөрчил гарсныг мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон хэдий ч дээрх тохиолдолд нэхэмжлэл гаргаж болохгүй байсан нөхцлийг Иргэний хуулийг 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болох байсан гэж үзэж байна. 2006 оны 05 дугаар сард Монголчуудын гаргадаг сониноос Р.Э ыг эрэн сурвалжилж байгааг Ц.Б мэдээд БНСУ-ын Цагдаагийн байгуулагат хандсан боловч хохирлын асуудлыг шийдэж өгөөгүй Р.Э нь 08 дугаар сарын ялаа эдлээд 2007 онд Монгол руу явсан талаар олж мэдээд 2009 онд Улсын Мөрдөн байцаах газарт өргөдөл гаргаад шалгуулсан боловч 2007 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аваад мэдсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан (архивын тэмдэгт тэмдэглэсэн). 2006 оноос 2013 оныг хүртэл Ц.Б БНСУ-д байсан гадаад паспортын хуулбарыг хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоолгох боломж байгаа байдал мөн шүүхээс 2006 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Р.Э д 3300 ам.доллар өгч залилуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэсэн тул Зрүүгийн 20947219 дугаартай хэргийн материалаас Ц.Б гийн 2006 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээ Р.Э д 2006 оны 04 дүгээр сарын 08-наас мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 3303 ам доллар өгсөн талаар шүүх болон оролцогчийн хүсэлтээр нотлох баримтын хуулбарлан өгөх боломжтой байсан зэргийг харгалзан үзэж хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Шүүх хурлын дараа Нийслэлийн Прокурорын Газарт Прокурорын 64 дүгээр тогтоолын 2005 он гэж бичсэн оныг залруулан өгөх талаар гомдол гаргасан хариуг авсан. Нотлох баримт гаргах эрхгүй ч гэсэн хуулбарыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Р.Э д холбогдуулан 4 148 921 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2005 онд БНСУ-д ажиллаж байхдаа Р.Э д 3 300 ам.доллар өгч залилуулан хохирсон, Эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Солонгос улсад ял эдэлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний журмаар нэхэмжилнэ” гэж, хариуцагч нь татгалзлаа “БНСУ-ын Хадгаламж Кореа ХХК-д менежерээр ажиллаж байсан, компаниас нэхэмжлэх боломжтой, 14 жилийн дараа, нотлох баримтгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Хэргийн 12-15 дугаар тал дах Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолд “Р.Э нь “Хадгаламж Кореа” ХХК-д мөнгөө хадгалуулбал 3 сар тутамд 4 хувийн хүү төлнө гэсэн зарыг гаргаж 18 хүнийг залилан мэхэлсэн хэрэгт 2007 оны 03 дугаар сард БНСУ-ын шүүхээр 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн болох нь Эрүүгийн хэрэгт Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт зааснаар “Монгол улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгтээ гадаад улсад ял шийтгүүлсэн бол ялаас чөлөөлж болно” гэж заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар заажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ эрүүгийн гэмт хэрэг үйлдэж буюу бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлоо шаардсан агуулгаар тодорхойлж байгаа тохиолдолд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой үүрэг үүссэн эсэх, уг хохирлыг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед барагдуулсан эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Уг нөхцөл байдал тодорхой бус байхад хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүгч дангаар хэргийг шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зүйлчлэн заасан зарим хэргийг анхан шатны шүүхийн шүүгч дангаар шийдвэрлэнэ гэснийг, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/00236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ