Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/00236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 22-р хороо, Ц.Бийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн Р.Э-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 148 921 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /үнэмлэх /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2005 оны 7-р сараас БНСУ-д 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Аньсон хотын буйдангийн үйлдвэрт ажиллаж байхдаа Монгол тауны 1 давхарт Капитрон банкны салбар ажиллаж байгааг мэдсэн. Ингээд 2006 оны 4-р сард энд ажилладаг гэх Р.Э-тай уулзахад манайх хадгаламж авч байгаа, байрны урьдчилгаа мөнгөө ч хадгалуулж болно гэсэн байдаг. Тэгээд 2006 оны 04-р сарын 08-ны өдөр 3300 ам.долларыг Хадгаламж Кореа гэдэг газарт өгсөн. Тухайн үед солонгос хэл дээр бичсэн баримт өгсөн боловч олохгүй байгаа. Гэтэл Монголчуудын гаргадаг сониноос Р.Э-ыг эрэн сурвалжилж байгаа талаар олж мэдсэн. Р.Э-тай 2 удаа уулзахад цагдаад хандаад яах вэ гэсэн болохоор хүлээсэн. Дараа нь 2006 оны сүүлээр Р.Э-ыг Монгол явсан гэж сонсоод 2007 онд дүүдээ итгэмжлэл өгөөд Монголд цагдаад хандсан. Монголд 30 гаруй хохирогч байсан учраас Улсын мөрдөн байцаах газарт шалгуулсан. Ц.Б нь Солонгост 2013 оныг хүртэл ажилласан, 2014 онд улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгсөн, мөнгөө нэхэмжлэх гэхээр шалгаж байна гэсэн. Ц.Б нь хөдөө орон нутгаар явж байгаад 2019 оны 02-р сарын 26-нд Нийслэлийн прокурор н.А-тай уулзахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хохирлоо иргэний шүүхэд хандах хэрэгтэй гэсэн байна. Залилуулсан асуудал нь Хадгаламж Кореа, Капитал банк хоёр хамтран ажиллах гэрээ байгуулж салбар нээж ажиллах байсан. Гэтэл 2006 оны 02-р сарын 28-нд Капитрон банк хамтран ажиллах үйл ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байхад 2006 оны 04-р сарын 08-нд Р.Э нь 3300 ам.доллар авч залилсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд Р.Э-с 3 300 ам.доллар буюу 4 029 300 төгрөг, түний эрэн сурвалжлуулхад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 4 148 921 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 05-р сарын 12-ны өдөр Капитрон банкаас БНСУ-ын Хадгаламж Кореа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Р.Э нь тухайн үед Хадгаламж Кореа компанид менежерээр ажиллаж байсан. Оффисын ажлыг цагийн ажилтнууд хийдэг байсан бөгөөд шаардлагатай үед Хадгаламж Кореа компаний даалгаснаар ажилтнуудтай хамт байдаг байсан. БНСУ-д Хадгаламж Кореа компани үйл ажиллагаагаа явуулж байсан учраас компаниасаа нэхэмжлэх ёстой. Р.Э бол шийдвэр гаргах эрх бүхий захирал, албан тушаалтан биш. Зөвхөн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Р.Э Ц.Б гэдэг хүнийг мэдэхгүй гэдэг. Монголд цагдаагийн байгууллагад өөрийгөө Ц.Б гэж танилцуулсан. Тэр үед Р.Э би чамайг танихгүй, мөнгө авч байгаагүй гэдгээ хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Р.Э холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 148 921 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ц.Б нь БНСУ-д ажиллаж байхдаа 2006 оны 4-р сарын 8-ны өдөр Хадгаламж кореа компаний ажилтан Р.Э-д 3 300 доллар өгч залилуулсан гэх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Улсын мөрдөн байцаах газарт Р.Э нарт холбогдох бусдыг залилсан эрүүгийн хэргийг шалгаж байгаад Нийслэлийн прокурорын 2017 оны 6-р сарын 19-ний өдрийн 64 тоот тогтоолоор ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Р.Э нь 18 хүнийг залилан мэхэлсэн хэрэгтээ БНСУ-ын шүүхээр 2007 оны 3-р сард 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн, гадаад улсад ял шийтгүүлсэн бол ялаас чөлөөлж болно гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй /хх 12-15/ болгожээ.

 

Ц.Б нь тухайн үед Монголчуудын гаргадаг сониноос Э-ыг эрэн сурвалжилж байгааг мэдсэн, улмаар ...Солонгосын цагдаад хохирогчоор байцаалт өгсөн, баримтаа цагдаад өгч байсан нь 20947219 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Үүнээс дүгнэвэл, Ц.Б нь эрхээ зөрчигдсөнийг 2006 онд мөнгө өгсөн даруйдаа мэдсэн, энэ үеэс шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба залилан мэхэлсэн, өөрөөр хэлбэл, үндэслэлгүй олж авсан гэж үзэж мөнгөө шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий хугацаа 10 жилд хамаарна.

 

Харин Ц.Б шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх ба Р.Э-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох үндэслэл болохгүйгээс гадна шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, Р.Э-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах хуулийн шаардлагатай холбоотой тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 492-р зүйлийн 492.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Э-аас 4 148 921 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга есөн зуун хорин нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА