Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 03232

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10             28                                                   102/ШШ2020/03232    

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Мөнхтөр, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Р.Э холбогдох,

Гэм хорын хохиролд 4,148,921 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга есөн зуун хорин нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагч Р.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, иргэдийн төлөөлөгч А.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                             

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2005 оны 7 сараас БНСУ-д 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Аньсон хотын буйдангийн үйлдвэрт ажиллаж байхдаа Монгол тауны 1 давхарт Капитрон банкны салбар ажиллаж байгааг мэдсэн. Ингээд 2006 оны 4 сард энд ажилладаг гэх Р.Этай уулзахад “манайх хадгаламж авч байгаа, байрны урьдчилгаа мөнгөө ч хадгалуулж болно” гэсэн. Тэгээд 2006.04.08-ны өдөр 3300 ам.долларыг “Хадгаламж Кореа” гэдэг газарт өгсөн. Тухайн үед солонгос хэл дээр бичсэн баримт өгсөн боловч олохгүй байгаа. Гэтэл Монголчуудын гаргадаг сониноос Р.Эыг эрэн сурвалжилж байгаа талаар олж мэдсэн. Р.Этай 2 удаа уулзахад “цагдаад хандаад яах вэ” гэсэн болохоор хүлээсэн. Дараа нь 2006 оны сүүлээр Р.Эыг Монгол явсан гэж сонсоод 2007 онд дүүдээ итгэмжлэл өгөөд цагдаад хандсан. Монголд 30 гаруй хохирогч байсан учраас Улсын мөрдөн байцаах газарт шалгуулсан. Би Солонгост 2013 оныг хүртэл ажилласан, 2014 онд улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгсөн, мөнгөө нэхэмжлэх гэхээр шалгаж байна гэсэн. Би 2019.02.26-нд Нийслэлийн прокурор Амарсанаатай уулзахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хохирлоо иргэний шүүхэд хандах хэрэгтэй гэсэн. Залилуулсан асуудал нь “Хадгаламж Кореа”, “Капитал” банк хоёр хамтран ажиллах гэрээ байгуулж салбар нээж ажиллах байсан. Гэтэл 2006.02.28-нд “Капитрон” банк хамтран ажиллах үйл ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байхад 2006.04.08-нд Р.Э нь 3300 ам.доллар авч залилсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Би 2005 онд БНСУ-д ажиллаж байхдаа Р.Эад 3300 ам.доллар өгч зальдуулж хохирсон. Солонгос улсын эрүүгийн шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, 8 сарын хорих шийтгэл ногдуулсан боловч хохирлыг шийдээгүй. 2009.08.31-нд Улсын Мөрдөн байцаах газарт гомдол гаргаж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газрын 2017.06.19-ний өдрийн Прокурорын 64 тоот тогтоолоор “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “Солонгос улсад ял эдэлсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний нэхэмжлэгч, хохирогч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсан. Ингээд 2019.02.26-нд Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг аваад Р.Эын иргэний үнэмлэхний лавлагааны хаягаар гэрт нь очиход гадаадын иргэнд байраа түрээсэлсэн хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2019.04.25-ны өдрийн 101/ШШ2019/01201 дугаар шийдвэрээр түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Р.Эаас 3.300 ам.доллар буюу 2006 оны Монгол банкны ханшаар 4.029.300 төгрөг, мөн эрэн сурвалжлахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 4.099.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005.05.12-ны өдөр Капитрон банкаас БНСУ-ын Хадгаламж Кореа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Би тухайн үед Хадгаламж Кореа компанид менежерээр ажиллаж байсан. Оффисын ажлыг цагийн ажилтнууд хийдэг байсан бөгөөд шаардлагатай үед Хадгаламж Кореа компанийн даалгаснаар ажилтнуудтай хамт байдаг байсан. БНСУ-д Хадгаламж Кореа компани үйл ажиллагаагаа явуулж байсан учраас компаниасаа нэхэмжлэх ёстой. Р.Э бол шийдвэр гаргах эрх бүхий захирал, албан тушаалтан биш. Зөвхөн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Би Бг мэдэхгүй, компанийг төлөөлж олон хүнтэй харьцдаг байсан. Монголд цагдаагийн байгууллагад Ц.Б хэзээ, хэнд, хэдэн төгрөг өгснөө санадаггүй гэсэн. 2005.05.12-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэрээнд эрсдлээ Капитрон банк хариуцахаар тусгаж, банкны ажилчдыг БНСУ-д байршуулан ажиллаж байсан. Хадгаламж Кореа компани тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд зар сурталчилгаа хийж хадгаламж, мөнгөн гуйвуулгын мөнгийг бүртгэж банкны ажилтанд тухайн өдөр нь хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусдаг байсан. Капитрон банкнаас Хадгаламж Кореа компанид 2006.02.28-нд үйл ажиллагааг түр зогсоох албан бичиг ирүүлсэн. Ингэж хилийн чандад үйл ажиллагаа хамтран явуулж байгаа компанийг имэйлээр албан бичиг өгөөд маргааш нь хэдий хүртэл түр зогсохыг мэдэхгүй зогсолт хийхийг мэдэгдсэн. Капитрон банк, Хадгаламж Кореа компаниуд хамтран ажиллах дээрхи гэрээний дагуү 2005.07.04-ний өдрөөс 2006.06.30 өдөр хүртэлх  хугацааны санхүүгийн баримтын хүрээнд Капитрон банкны дотоод хяналтын хэлтсийн захирал Ж.Эрдэнэбилэг, Хадгаламж Кореа компанийг төлөөлж Р.Э, Р.Эрдэнэчимэг нар хамтран 2006.07.27 -ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн. Хадгаламж Кореа ХХК нь БНСУ-д албан ёсны хуулийн этгээд байсан. Б 4.029.300 төгрөгийг байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэх боломжтой байсан. Хадгаламж Кореа компанийн ажилтнаас иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлгүй, цаг хугацааны хувьд 2006 оноос хойш 14 жилийн дараа нотолгоогүй, баримтгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг иргэний хэргийг өмнө дангаар шийдсэн. Одоо 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл гэм хор учирсан гэж үзсэн гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн гэм хор учирснаас үүссэн хохирол гэж тайлбар хэлж байна. Үнэхээр гэм хорын хохирол гэж тайлбарлаж байгаа бол Монгол улсын Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол, Солонгос улсын шүүхийн шийдвэрийг Монгол улсын шүүх хэргийг шийдвэрлэхэд баримтлах эх сурвалж мөн эсэхийг нягтлах хууль хэрэглээний асуудал байна. Монгол улсын хувьд нийтэд илэрхий болсон нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт зөвхөн Монгол улсын хэмжээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хүрээнд авч үздэг. Монгол улсын Иргэний хууль болон ИХШХШтХ, Монгол улс болон Солонгос улсын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг авч үзэхэд Монгол улсын хууль тогтоомж бус гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх зохицуулалттай. Харин гадаад орны шүүхийн шийдвэрийг гадаад орны хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Дээд шүүхийн тайлбаруудад Монгол улсын шүүхийн шийдвэрийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ, гадаад орны шүүхийн шийдвэрийг Монгол улсын шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй. Иймд Солонгос улсын шүүхийн шийдвэрийг хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгө өгсөн баримтаа өгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Р.Эыг Солонгос улсад хэлмэгдүүлж, мөрдөн байцаалтын үе шатанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхээр нь хангалгүй, баримтуудад гарын үсэг зуруулан, баримт бүрдүүлж шүүхээр шийдвэрлэгдсэн. Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц зэрэгт зааснаар гадаад орны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зохицуулалттай. Харин өмнө миний тайлбарласан шиг хэрэглэх зохицуулалт байхгүй. Прокуророос гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй. Гэтэл нэхэмжлэгч Прокурорын тогтоолыг эцэслэн шийдвэрлэсэн баримт мэтээр тайлбарлаж байна. Уг маргааныг арбитр, иргэний журмаар шийдвэрлэх боломжтой талаар тогтоолдоо дурдсан. Хадгаламжийн дэвтэрт 2, 3 өөр хүн бичсэн бичвэр илэрхий тодорхой харагдаж байгаа ба бичилт хийгдсэн бүх мөнгийг Р.Э авсан мэтээр тайлбарлаж байна. Р.Э 1 гарын үсэг, тогтсон бичгийн хэвтэй. Гадаад орны шүүхийн шийдвэр, Прокурорын тогтоолыг баримтлах зохицуулалт Монгол улсын эрх зүйн тогтолцоонд байхгүй. Солонгос улсын хувьд Ром, Германы эрх зүйн тогтолцоотой улс Англи-Саксоны эрх зүйн тогтолцоо шиг шүүхийн шийдвэрийг жишиг болгож хэрэглэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Б нь Р.Эад холбогдуулан гэм хорын хохиролд 4,148,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, энэ өдрийн шүүх хуралдаанд 4,099,500 төгрөг гэж шаардлагаа багасгалаа.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Солонгос улсын шүүхээс хорих ялаар шийтгэсэн, Монголд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Солонгост ял эдэлсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирлоо гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал мөнгийг аваагүй, харин Хадгаламж Кореа компаниасаа нэхэмжлэх ёстой, гадаад орны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй, харин албадан биелүүлэх зохицуулалттай, Прокуророос гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, хадгаламжийн дэвтэрт 2, 3 өөр хүн бичсэн бичвэр илэрхий тодорхой харагдаж байгаа ба бичилт хийгдсэн бүх мөнгийг Р.Э аваагүй гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр заажээ.

 

Монгол улс Бүгд найрамдах Солонгос улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1-д талууд эрүүгийн хэргийг мөрдөн байцаах, ял шийтгэх ажиллагаанд гэрээний дагуу харилцан туслалцаа үзүүлэх арга хэмжээ авна гэж, 2-т энэхүү гэрээний зорилгоор эрүүгийн хэрэг гэдэгт мөрдөн байцаах, ял шийтгэх ажиллагаатай холбогдуулан туслалцаа үзүүлэхийг хүссэн гэмт хэргийн ял шийтгэл нь хүсэлт гаргагч талын эрх бүхий байгууллагын хэргийн харьяалалд орсон гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

 

Р.Э нь БНСУ-д 2006.04.08-ны өдрөөс 2006.07.08-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 3.300 ам долларыг Ц.Браас залилан авсан болох нь Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 2007.03.30-ны өдрийн 2007 Гу Дан 354 залилан хэргийн шийдвэр, Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 1 дүгээр эрүүгийн танхимын 2007.06.12-ны өдрийн 2007 Ну 945 залилан хэргийн шийдвэр, Дээд шүүхийн 2 дугаар танхимын 2007.09.07-ны өдрийн 2007 Ду 5332 залилан хэргийн шийдвэр, Монгол улсын Нийслэлийн Прокурорын газрын 2017.06.19-ны өдрийн 64 дүгээр Прокурорын тогтоолоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.2-т гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол улсын иргэн байвал тэдгээрийн эрх үүргийг Монгол улсын хуулиар тодорхойлохоор зохицуулсан ба гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүрэг гэж тодорхойлсноос үзэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй бусад улсын хуулиар тухайн этгээдийн гэм бурууг тогтоосноор үүссэн үүрэг гэж үзэхээр байна.

 

Иймд Бүгд найрамдах Солонгос улсын шүүхийн дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон, олон улсын гэрээний дагуу шийдвэрүүд нь Монгол улсад үйлчлэх тул хариуцагчийн гэм бурууг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Дээрх Бүгд найрамдах Солонгос улсын шүүхийн шийдвэрт хохирогчийг Цолмонбаяр гэж тэмдэглэсэн байгаа, нэхэмжлэгч нь Цолмонгийн Б байх бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаж үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Иймд хариуцагч нь хууль зөрчсөн, түүний гэм бурууг эрх бүхий этгээд тогтоосон, нэхэмжлэгчид хохирол учирсан, учруулсан гэм хороо хариуцагч арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497.1-д зааснаар гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйгээ нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

 

Гэвч хариуцагч нь хэрэгт гэм буруугүйгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хохирлыг хариуцагч бүрэн хүлээх үндэслэлтэй гэж үзэхээр байна. 

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

 

Иймд гэм хохирол 3.300 ам.доллар буюу 2006 оны Монгол банкны ханшаар 4.029.300 төгрөгийг Р.Эаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь хаягтаа оршин суудаггүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болж, Р.Эыг эрэн сурвалжилсан үйл баримт тогтоогдож байх тул гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу шүүхэд хүсэлт гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Солонгос улсын шүүхийн шийдвэр нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэхгүй гэж мэтгэлцсэн боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

 

Ц.Б нь эрхээ зөрчигдсөнийг 2006 онд мөнгө өгсөн даруйдаа мэдсэн боловч эрх бүхий байгууллага шийдвэрийг 2017.06.19-ны өдөр гаргасан байх тул энэ үеэс шаардах эрх үүссэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар зохицуулсан ба шаардах эрх үүссэн үеэс тоолоход дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй буюу хангах үндэслэлгүй талаар дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,000 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 80,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 551 дүгээр зүйлийн 551.2  дахь хэсэгт заасныг баримтлан Р.Э  гэм хорын хохиролд 4,099,500 /дөрвөн сая ерэн есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан, Ц.Бд  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,000 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 80,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                         М.МӨНХТӨР

                                                                                         

                                                                             Г.АРИУНАА