Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01209

 

 2022          12           06                                          001/ХТ2022/01209

 

Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Ц гийн нэхэмжлэлтэй

Р ад холбогдох

Гэм хорын хохиролд 4,148,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц , түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагч Р , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Р ад холбогдуулан гэм хорын хохиролд 4,148,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 551 дүгээр зүйлийн 551.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р аас гэм хорын хохиролд 4,099,500 төгрөг гаргуулан, Ц д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,000 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 80,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 112 тоот Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй хууль буруу хэрэглэсэн. Магадлалд “Нийслэлийн прокурорын газрын архивын Эрүүгийн хэргийн материалаас гаргуулсан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаснаас үзвэл Р  ... 3,300 ам.долларыг Ц гаас залилан авсан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв, шүүх ИХШХШТ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь прокурорын байгууллагын зүгээс хэргийн материалд гаргаж өгсөн нотлох баримт гэх зүйл нь эх хувь мөн эсэх, хаанаас гаргуулж авсан болох нь тодорхойгүй байхад нотлох баримтын шаардлага хангана гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллага нотлох баримт цуглуулахад эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаггүй билээ. Хэрвээ хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу уг нотлох баримтыг бүрдүүлсэн бол өөр хэрэг. Тэгээд ч прокурорын байгууллагаас гаргасан нотлох баримт нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримттай дүйж байвал туйлын үнэн гэж үзэх ёстой гэсэн үг биш. Гэтэл давж заалдах шатны шүүх нь залилсан болох нь тогтоогдож байна гээд л дүгнээд байдаг. Бидний зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ч бичиж л байсан. Гадаад улсын шүүхийн шийдвэрт тусгасан зүйлсийг Монгол Улсад нэгэнт тогтоогдсон үйл баримт мэтээр үнэлэх бол ямар эрх зүйн актаар тогтоогдсон бэ гэдгийг тодорхой бичих ёстой. Дараагийн ноцтой асуудал бол дээр дурдсан БНСУ-ын шүүхийн шийдвэрт мөн Иргэн Ц гаас 3,300 ам.доллар авсан талаар дурдаагүй, дүгнээгүй. Нийлбэр дүн л яваад байдаг. Тухайн үед намайг хэлмэгдүүлж, Монголоос очсон ажилтан нь Солонгос улсын цагдаатай нийлж, хэрвээ энэ хэргийг хүлээхгүй бол бүх насаараа төлж дийлэхгүй өрөнд орно, эх нутагтаа ч очиж чадахгүй шүү гэж намайг дарамталсан бөгөөд мөрдөлтийн ажиллагааны явцад намайг эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Зүгээр л баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Би тэнд юу байгааг нь ч ойлгоогүй. Би Монгол Улсын иргэний хувьд нотлох баримтуудыг нь бүрэн бүрдүүлж байж хэргийг шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч тал нь мөнгө өгсөн баримтуудаа гаргаж өгдөггүй. Би уг мөнгийг аваагүй буюу хэн нэгэнд гэм хор учруулаагүй. Тиймээс буцаан төлөх асуудал үүсэхгүй гэж боддог. Магадлалд “Мөнгөн хадгаламжийн гэрээ хэрэгт авагдсан, дансны дугаар нь 21222424 гэж тэмдэглэгдсэн, хадгалагч компанийг төлөөлж Р  гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд 2006.04.08-ны өдөр 923 ам.доллар, 2006.04.12-ны өдөр 1,000 ам.доллар, 2006.06.17-ны өдөр 680 ам.доллар, 2006.07.08-ны өдөр 700 ам.доллар тус банкны дансанд байршуулсан тэмдэглэл хийгдсэн баримт авагджээ” гэж бичээд байгааг зөвшөөрөхгүй. Учир нь уг хадгаламжийн гэрээ гэх зүйл дээр би огт гарын үсэг зураагүйд л байгаа юм. Уг баримтыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Миний гарын үсгийг дуурайлган зурсан, эсхүл дэвтрийг хуурамчаар үйлдсэн байх ч магадлалтай юм. Тиймээс би уг дэвтрийн эх хувийг нь гаргуулах хүсэлтэй байгаагаа анхан шатны шүүх дээр хэлж, хүсэлтийг өмгөөлөгч бичгээр гаргаж өгсөн ч шүүх хүлээн аваагүй юм. Тэгээд бүр аргагүйн эрхэнд олон удаагийн үйлдлээр мөнгө хүлээлгэн өгөөд байгаа тухай яриад байгаа учраас мөнгө хүлээлгэж өгсөн баримтуудыг нь гаргуулъя гэхэд ч нэхэмжлэгч нь байхгүй гээд гаргаж өгөөгүй. Үнэхээр яаж ч бодсон хүн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаа бүгдийг нь хаячихна гэж байхгүй шүү дээ. Магадлалд “... энэ байдлыг Нийслэлийн Прокурорын газрын 2017.06.19-ний 64 дүгээр Прокурорын тогтоолд үнэлж, иргэний журмаар хохирлоо барагдуулах эрхтэйг дурджээ” гэж бичжээ. Прокурорын байгууллага иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нь үйл баримт тогтоогдсон гэсэн үг биш. Харин ч ИХШХШТХ хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ бүрэн нотлох ёстойг л илэрхийлсэн өгүүлбэр. Тиймээс магадлалд үндэслээд байх шаардлагагүй л баймаар. Магадлалд “Анхан шатны шүүх Бүгд найрамдах Солонгос Улсын шүүхийн дээрх шийдвэрүүдийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.2 дахь хэсгийг зөрчихгүй” гэжээ. Зөрчих, зөрчихгүй талаар гомдсон юм биш. Харин хуулийн заалтыг илт мушгин гуйвуулж, тайлбарлан хэрэглэж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ л бичсэн. Хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол Улсын иргэн байвал тэдний эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тодорхойлно” гэж ойлгохоор буюу материаллаг хэм хэмжээнд хамаатуулсан зохицуулалтыг нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой процессын хэм хэмжээтэй хольж тайлбарлаж байгаа нь илэрхий нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж тайлбарлаж байгаа билээ. Тиймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.28-ны өдрийн 102/ШШ2020/03232 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 112 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.              

6. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Р ад холбогдуулан гэм хорын хохиролд 4,148,921 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,099,500 төгрөг болгон шаардлагаа багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “.. мөнгийг би аваагүй, “Хадгаламж Кореа” компаниас нэхэмжлэх ёстой, гадаад орны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй, харин албадан биелүүлэх зохицуулалттай, Прокуророос гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, хадгаламжийн дэвтэрт 2, 3 өөр хүн бичсэн бичвэр харагдаж байгаа ба бичилт хийгдсэн бүх мөнгийг би аваагүй ...” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Р аас гэм хорын хохиролд 4,099,500 төгрөг гаргуулан Ц д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Р  нь БНСУ-д 2006.04.08-ны өдрөөс 2006.07.08-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 3300 ам долларыг Ц гаас залилан авсан болох нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 2007.03.30-ны өдрийн 2007 ГуДан 354 залилан хэргийн шийдвэр, Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 1 дүгээр эрүүгийн танхимын 2007.06.12-ны өдрийн 2007 Ну 945 залилан хэргийн шийдвэр, Дээд шүүхийн 2 дугаар танхимын 2007.09.07-ны өдрийн 2007 Ду 5332 залилан хэргийн шийдвэр, Монгол Улсын Нийслэлийн Прокурорын газрын 2017.06.19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор нотлогдсон байна. 

9. Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.2-т гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол Улсын иргэн байвал тэдгээрийн эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тодорхойлохоор зохицуулсан ба гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүрэг гэж тодорхойлсноос үзэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй бусад улсын хуулиар тухайн этгээдийн гэм бурууг тогтоосноор үүссэн үүрэг гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.         

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч нь гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарласан хэрэглэжээ.             

11. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нь гэм хорын хохирлыг бүрэн хүлээх үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

12. Шүүх гэм хорын хохирол 3300 ам.долларыг тухайн үеийн буюу 2006 оны Монгол банкны ханшаар тооцож 4,029,300 төгрөгийг, Р ыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.           

13. Хариуцагчийн “... Давж заалдах шатны шүүхийн магадлал нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй хууль буруу хэрэглэсэн...” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 80,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН