Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 66

 

Н.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00994/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.А-,

                   Г.О- нарт холбогдох

"10.150.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Г.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.О-, хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“А- С-”-ы эзэн Ж.А- түүний нөхөр Г.О- нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа үлдэгдэл болох 5.150.000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.А-ийн нөхөр Г.О- надаас 5.000.000 төгрөг зээлээр өгсөн мэтээр нэхэмжилж урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөө Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэр, 42 дугаар магадлал 00877 дугаар тогтоолоор Г.О- буцааж авсан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “А- С-”-д тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. “А- С-”-д хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10.150.000 төгрөгийг хариуцагч Ж.А-, Г.О- нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А-, Г.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Г.О- нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Л- нь машины хэрэгцээ байна, зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. Хүү энэ тэр гэлгүй 5.000.000 төгрөг зээлж Н.Л- нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгөө авах гэж удаа дараа хөөцөлдөж өгөхгүй байсан тул шүүхэд хандан Н.Л-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. Энэ мөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд очсон байгаа ч одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгийг Г.О- авсан гэж худлаа нэхэмжлэлдээ бичжээ. Нэг ч төгрөг аваагүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л- ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгт бүх тавилгыг хийхээр тохирсон. Г.О- тавилга хийх явцад дутсан материалыг өөрөөсөө мөнгө гаргаж авч өгсөн байсан. Ж.А- гэж хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр хүүхэд үсээ засуулж байсан гэж хэлж ярьж байсан. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5.150.000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл Н.Л- дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “А- С-”-д тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5.000.000 төгрөг зээлж байсан. Н.Л- нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5.000.000 төгрөг зээлдэв гэж бичиж өгөх үү, баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй байх. “А- С-”-, О- гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Л-аар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.А-, Г.О- нараас 3.468.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, 6.682.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Г.О- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70.437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Ж.А-, Г.О- нараас шинжээчийн зардал 150.000 төгрөгийг гаргуулан шинжээч Ашид билгүүн ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Иргэн Н.Л- нь машинаа барьцанаас чөлөөлөх гэж надаас 5.000.000 төгрөг зээлж авсан ба энэ мөнгөө өгөхгүй болохоор нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө олж авсан. Тухайн үед буюу 2017 онд дээрх хэргийг шийдвэрлэсэн хавтаст хэргээс надаас 5.000.000 төгрөг хүлээн авсан энэ мөнгийг төлнө гэсэн бичгийг хуулбарлан хэрэгт хавсаргасан.

Мөн иргэн Г.О- би Н.Л-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин манай гэр бүл Ж.А-ийн “А- С-”-д, надаас болон манай гэр бүлээс бэлэн мөнгө авч, материалаа аван, зарим тавилгуудыг хийж засварласан болно. Мөн ажлын хөлсөө бэлэн мөнгөөр цувуулан авч байсан энэ галаар тухайн “А- С-”-ы ажилчид Ж.А-, Г.Г-, А.Б-, Ж.О- нар тодорхой гэрчилдэг.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлалгүй дутуу үнэлж, бид хоёрын хооронд гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, Н.Л-ын өөрөө зохиосон үнийн жагсаалт гэгчийг үнэлэн, надаар мөнгө төлүүлж байгаа нь үндэслэлгүй юмаа. Мөн иргэний хуульд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн үнэлгээ тогтоосон шинжээч нь зөвхөн Н.Л-ын гаргасан үнэлгээг үндэслэн, үнэ тогтоосон ба бид бүх материалын зардлыг төлж байсан гэдгийг авч үзэлгүй, эд зүйлийг үнэн зөв үнэлж чадаагүй, мөн бидний тавьсан санал хүсэлтийг харгалзан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан байхад хэтэрхий нэг талыг барьсан, Н.Л-д ашигтайгаар нотлох баримт үнэлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн Н.Л- нь урьд нь надаас авсан 5.000.000 төгрөг намайг илт гүтгэн нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд эдгээр асуудлуудыг зохих хууль журамд нийцүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Л- хариуцагч Ж.А-, Г.О- нарт холбогдуулан “Алтан” гоо сайхны салоныг тохижуулж, 20 гаруй төрлийн ажил үйлчилгээ хийж, гүйцэтгэсний төлбөр 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар ажил үйлчилгээ хийсний төлбөрийг тухай цаг бүрд нь төлж барагдуулж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болон хариуцагч нар маргаагүй эд зүйлийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.О-ын “...бид нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, шинжээч зөвхөн нэхэмжлэгчийн санаанаасаа зохиосон үнэлгээг үндэслэн дүгнэлт гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй...” гэсэн гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.  

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Л- 2015 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч нартай амаар харилцан тохиролцож, “Алтан” салонд тодорхой нэр төрлийн ажил, үйлчилгээ хийж үзүүлсэн, түүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд зүйлсийг хариуцагч нар хүлээн авч, одоо хүртэл өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

Хариуцагчид нь зарим эд зүйлсийг өөрсдийн материалаа өгч, хийлгэсэн, тэдгээрийн ажлын хөлсийг тухай бүрд нь өгч байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нар 1 дүгээр хавтасны 225-245 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулга, 246 дугаар талд авагдсан тэмдэглэлийн дэвтрийн хуулбар зэргийг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй байна.

Өөрөөр хэлбэл эдгээр баримтууд нь хариуцагч нараас нэхэмжлэгч Э.Л-д ажлын хөлсийг тухай бүр төлж байсан, өөрсдийн материалаар зарим эд зүйлийг хийлгэсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, өөрсдийн татгалзлыг нотолсон баримт биш байна.

Мөн хариуцагч нарын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Ж.А-, Г.Г-, А.Б-, Ж.О- нарын мэдүүлэг нь нэхэмжлэгч Н.Л-д хариуцагч нар ажлын  хөлс, хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн өгч байсныг нотолж чадаагүй гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй байна.

Шүүх маргааны зүйлд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл хөтөлж, талуудаас үнийн санал авч, шинжээч томилсон бөгөөд шинжээч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд  маргаж буй эд зүйлд үзлэг, хэмжилт хийж, тухай эд зүйлд зарцуулсан материалын үнийг 2015 оны байдлаар тодорхойлж, эд зүйлсийн шинж чанарыг харгалзан, зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж,  2015 оны байдлаарх үнэ 5.413.000 төгрөгөөр тодорхойлсон үнэлгээний тайланг ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж ирүүлсэн баримтууд, хариуцагч нарын маргаж буй үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар үнэлж, шинжээчийн үнэлгээгээр үнэлсэн 29 нэр төрлийн эд зүйлсээс 14 төрлийн эд зүйлийн үнэлгээ, цоож суулгах, лакны гэрэл суулгах, хөшиг тогтоох, хаяг тогтоох зэрэг 4 ажил үйлчилгээг, шинжээч үнэлээгүй боловч хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн 3 эд зүйлийн үнэлгээг хамруулан тооцож, 3.468.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасантай нийцүүлж маргааныг шийдвэрлэжээ.

Иймд хариуцагч Г.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.О-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.437 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                                               ДАРГАЛАГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                   ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                                    Л.АМАРСАНАА