Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1527

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж-” ХХК-ийн хариуцагч В.Э-т холбогдуулан ашиглалтын төлбөр 2 615 880 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, С.Б, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ж-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-74 дүгээр байрны 2 тоот 178 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг манай байгууллага 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангасан. Хэрэглэсэн ус, дулааны төлбөр нь дараа сарын 01-ний өдөр гарч 15-ны өдрийн дотор төлж барагдуулах боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын төлбөр болох 200 000 төгрөгийг төлсөн. Манай байгууллага нь 74-р байрны 2 тоотын оршин суугчид сар болгон 2-3 удаа нэхэмжлэх хүргүүлж, утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж, шаардахад удахгүй төлнө, гэсээр төлбөр хуримтлагдахад төлбөрөө 3 хувааж хийхээр аман тохиролцоо хийсэн боловч төлөлт хийхгүй байсаар байна. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагчид үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хуульд заасны дагуу халаалтын зардал 1 928 573 төгрөг, халуун ус 11 424 төгрөг, цэвэр ус 10 650 төгрөг, бохир ус 8 700 төгрөг, орцны халаалт 11 284 төгрөг, ХХУСуурь хураамж 319 666 төгрөг, усны суурь 83 164 төгрөг, баримт 4 650 төгрөг, НӨАТ 237 769 төгрөг нийт 2 615 880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би “Ж-” компанийн эхний болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зевшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр миний бие “Ж-” компанитай байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй тул нэхэмжилж буй төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэдгийг мэдэгдсэн. 2019 оны 8 дугаар сараас хойш “Ж-” компанийн байцаагчидтай олон удаа уулзаж бидний хооронд байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй тул би төлбөр төлөх үүрэггүй гэдгээ шүүх хуралдааны үеэр, хуралдааны бус үед ч илэрхийлсээр, мэдэгдсээр байтал тэдэнд гэрээ байгуулах санаачилга огт байхгүй нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх анхан шатны мэдлэг, туршлагагүй, эсвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 277 тоот магадлалаар хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02138 тоот шийдвэртэй холбож ойлгохоос аргагүй байна. “Ж-” компани Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дах хэсэгт заасан эрчим хүчээр хангах гэрээ, мөн Хот суурины ус, хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан гэрээг иргэн надтай байгуулаагүй юм. Иймд "Ж-” компанийн орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн ус, дулааны төлбөр гэх 2 615 880 төгрөгийг надаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Э-аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2 615 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч “Ж-” компани надаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж нийлүүлсэн цэвэр ус, дулааны төлбөр 1 691 128 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэх боловч нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан нэхэмжлэгч болон миний хооронд байгуулсан ‘гэрээ’ гэх зүйл байхгүй бөгөөд нэгэнт гэрээ байхгүй тул гэрээний үүргийн биелэлт надаас шаардах нь эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ хэргийг дахин хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2 615 880 төгрөг нэхэмжилжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 277 дугаартай магадлалд энэ хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02138 дугаартай шийдвэрийг ‘Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна’, мөн 'халаалт, дулаантай холбоотой маргааны хувьд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол гэрээний агуулга нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ' гэж дүгнэж хүчингүй болгосон байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэхдээ, дээрх магадлалын шаардлагуудыг нотлох баримтаар хангалгүйгээр шийдвэрлэсэнийг буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа гол баримт бичиг ‘гэрээ’-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ‘Эрчим хүчний тухай хууль' ‘Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль’, Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан ‘Аж ахуйн харилцааны дүрэм' зэрэг эрчим хүчээр хангах, хэрэглэх харилцааг тусгайлан зохицуулсан хууль, дүрэмд тодорхойлогдсон ‘гэрээ’-ээр зохицуулагдах энэ харилцааг Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт тодорхойлсон 'хэлцэл'-тэй хамаарах заалтуудыг үндэслэн ийнхүү шийдвэрлэснийг хуулийг дахин буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 39.1-д тодорхойлсон ’хэлцэл’ хийгдсэн гэж дүгнэжээ. Хууль зүйн суурь ойлголтоор хэлцэл бүхэн гэрээг төлөөлөх эрх зүйн чадамжгүй, харин гэрээ нь хэлцлийн бүх шинж чанарыг агуулдаг эрх зүйн баримт бичиг юм. Гэрээ, хэлцлийг хоёуланг талууд харилцан тохиролцож хэлбэрийн хувьд амаар болон бичгээр үйлдэж болох боловч эрчим хүчээр хангах харилцаанд бүтээгдэхүүн үйлчилгээний тодорхойлолт, телбөрийн нөхцөл, хангагч хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, маргаан шийдвэрлэх зэрэг маш олон нөхцлүүдийг аман тохироогоор тохиролцох боломжгүй юм. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дах хэсэг, түүнчлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан Аж ахуйн харилцааны дүрмийн 2.3, 2.3.1 - 2.3.14 хэсэгт заасан нийт 14 стандарт нөхцлийг тодорхойлсон байна. Зөвхөн 2.3.14 дэх хэсэгт иргэн өмчлөгч, эзэмшигчийн үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар болон баг, хорооны засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл. тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ зэргийг хавсаргасан байна' гэж заасан байна. Эдгээр мэдээллийг агуулсан гэрээг амаар тохиролцох боломжгүй бөгөөд зайлшгүй бичгээр үйлдэх шаардлага үүснэ. Би хууль эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас намайг өмнө 'хэрэглэгч' гэж үзсэн дүгнэлтэд тайлбар хийгээгүй юм. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт “ ‘хэрэглэгч’ гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг" гэж тодорхойлсон байна. Би ямар нэг гэрээнд оролцоогүй тул энэ тодорхойлолтын дагуу намайг ‘хэрэглэгч’ гэж үзэхээргүй байна. Шүүгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан "Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт. халуун, цэвэр. бохир ус, ариутгал, хог, цахилгаан. холбоо зэрэг ашиглалтын гөлбөрийг эрх бүхий байгууллагад. дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зархтыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө" гэснийг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй байна гэж дүгнэжээ. Энэхүү 147 дугаар зүйл нь “Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах” агуулгатай, зөвхөн сууц өмчлөгчийн өмчлөлийн орон сууцны болон дундын өмчлөлийн зүйлийн төлбөрийг хариуцах этгээдийг тодорхойлсон заалт юм. Энэ шаардах эрх эрчим хүчээр хангагч нь сууц өмчлөгчтэй “гэрээ” байгуулсанаар үүсэхийг санаатайгаар орхигдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгч Иргэний хуулийн 148.3 хэсгийг үндэслэн 'Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй' гэснийг үндэслэн нэхэмжлэлийг бүхлээр нь хангаж шийдвэрлэжээ. Шүүгч ашиглалтын зардлыг ташаа ойлгосон энэ дүгнэлтээс ил г байна. Ашиглалтын зардал гэх ойлголт нь суурь хураамж бөгөөд хэрэглэгч үйлчилгээ аваагүй нөхцөлд шугамын ашиглалтын ‘суурь хураамж' юм. Үүнийг шүүгч ташаа ойлгож үйлчилгээний төлбөрийг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн. Иргэний хуулийн 147.1 дэх хэсгийн ‘... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэснийг мөн зөрчиж орцны халаалтын зардлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Би 'Шинэ дүр төрх’ СӨХ-ийн гишүүн бөгөөд төлбөрөө сууц өмчлөгчдийн холбоондоо тогтмол төлж байгаа болно. Дулаанаар хангагч орцны халаалтын төлбөрөө сууц өмчлөгчдийн холбооноос авч чадахгүй нөхцөлд сууц өмчлөгчдөд шууд шилжүүлэх зохицуулалт байхгүй байна, байсан ч сууц өмчлөгчидтэй тохиролцож, мөн гэрээ байгуулж байж төлбөр шаардах эрх үүсэх юм. Ийм гэрээг “Ж-” компани огт санал болгоогүй бөгөөд орцны халаалтын төлбөрийг сууц өмчлөгчдийн холбооноос шаардахаар байна. Эдгээр хуулиудад тодорхойлсон дулаан. цэвэр усаар хангах. бохир ус татан зайлуулах “гэрээ'’-г байгуулахаар "Ж-" компанийн орон сууцны конторт удаа дараа хандсан боловч гэрээ байгуулах санаачилга огт гаргаагүй болох нь нэхэмжлэгч ийм “гэрээ”-г өнгөрсөн 10 жилийн хугацаанд байгуулаагүй, нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаагаар, мөн анхан шатны шүүх хурлаас хойш ч гэрээ байгуулах санаачилга огт гаргахгүй байгаагаар нотлогдож байна. Шүүгчийн дүгнэлтээр орон сууц өмчлөгчид ямар ч эрх. гэрээ байгуулах. татгалзах. шаардах, цуцлах гэх мэт эрх чөлөө алга байна. тухайлбал гэрээ байгуулсан байгуулаагүй эсэх, дулаан цэвэр ус хэрэглэсэн. хэрэглээгүй эсэх огт хамаагүй, ямар ч нөхцөлд бүгдийг төлөх ёстой гэсэн дүгнэлт нь хуулийг буруу хэрэглэсэн, илт субьектив шинж чанартай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байна. Иймд “Ж-” компанийн 2 615 880 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч маргааны зүйлд хамааралтай хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч В.Э-т холбогдуулан 2017 оны 10,11,12 сараас -2020 оны 1-4 сар хүртэлх хугацааны халаалт ашиглалтын төлбөрт нийт 2 615 880 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулаагүй, дулаан хангалттай биш гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Ж-” ХХК нь Шинэ Дүр Төрх хотхоны 74 дүгээр байранд ус, дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогдож байна./хэргийн 51-54 дүгээр тал/

 

            Хариуцагч В.Э- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 211 дүгээр тал/

 

            Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх боловч хариуцагч нь ус, дулаан ашигласан талаар мараагүй байна. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 92 дугаар тал/ Нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлээр дамжуулж ус, дулааны үйлчилгээг авч ашиглаж байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй үндэслэлээр ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч нь ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

            Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад төлөх үүрэг хариуцагчид үүснэ.

 

Харин хариуцагч нэхэмжлэлд дурьдсан дулаан, халуун хүйтэн, цэвэр бохир усыг нийлүүлэх үйлчилгээг хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Ж-” ХХК нь төлбөрийг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үссэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг хангалттай дулаанаар хангаагүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нийлүүлсэн бараа, үйлчилгээ нь доголдолтой байсан талаар нэхэмжлэгчид гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоол, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 204 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолын дагуу тус тус батлагдсан үнэ тарифаар ашиглалтын төлбөрийг тооцож нэхэмжилсэнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна. /хэргийн 29-32,38-50, 56-58,133-144 152-159, 225-249 дүгээр тал/

 

            Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Э-аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2 615 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 558 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР

 

                                     С.ЭНХТӨР