Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/01468

 

2020 оны 05 сарын 26 өдөр                           183/ШШ2020/01468

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах, Ж. Ө ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хороолол 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Б овогт В.Э  /РД:ШБ00000000/-т холбогдох

            Ашиглалтын төлбөр 2,615,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, С.Б, Б.С, хариуцагч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-74 дүгээр байрны 2 тоот 178 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг манай байгууллага 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангасан. Хэрэглэсэн ус, дулааны төлбөр нь дараа сарын 01-ний өдөр гарч 15-ны өдрийн дотор төлж барагдуулах боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын төлбөр болох 200,000 төгрөгийг төлсөн. Манай байгууллага нь 00-р байрны 0 тоотын оршин суугчид сар болгон 2-3 удаа нэхэмжлэх хүргүүлж, утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж, шаардахад удахгүй төлнө, гэсээр төлбөр хуримтлагдахад төлбөрөө 3 хувааж хийхээр аман тохиролцоо хийсэн боловч төлөлт хийхгүй байсаар байна. Хариуцагчтай байгуулсан гэрээ манай байгууллагад хадгалагдаагүй бөгөөд гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр хариуцагч ашиглалтын зардал төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагчид үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хуульд заасны дагуу халаалтын зардал 1,928,573 төгрөг, халуун ус 11,424 төгрөг, цэвэр ус 10,650 төгрөг, бохир ус 8,700 төгрөг, орцны халаалт 11,284 төгрөг, ХХУСуурь хураамж 319,666 төгрөг, усны суурь 83,164 төгрөг, баримт 4,650 төгрөг, НӨАТ 237,769 төгрөг нийт 2,615,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ж-Ө компанийн эхний болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зевшөөрөхгүй байна. Ж-Ө компани надаас 1,691,128 төгрөгийг шаардсан. Шүүх хуралдаан дээр миний бие Ж-Ө компанитай байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй тул нэхэмжилж буй төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэдгийг мэдэгдсэн. 2019 оны 8 дугаар сараас хойш Ж-Ө компанийн байцаагчидтай олон удаа уулзаж бидний хооронд байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй тул би төлбөр төлөх үүрэггүй гэдгээ шүүх хуралдааны үеэр, хуралдааны бус үед ч илэрхийлсээр, мэдэгдсээр байтал тэдэнд гэрээ байгуулах санаачилга огт байхгүй нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх анхан шатны мэдлэг, туршлагагүй, эсвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн 277 тоот магадлалаар хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00000 тоот шийдвэртэй холбож ойлгохоос аргагүй байна. Нэгэнт гэрээ байгуулаагүйгээс нийлүүлсэн гэх бүтээгдэхүүний төлбөр нь төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн нь тодорхой байхад үүнийг мэдсэн даруйдаа гэрээ байгуулж эрсдэлээс сэргийлэх нь хамгийн эхний авах арга хэмжээ байтал, нэмж мөнгө нэхэмжилсээр байгааг ойлгохгүй байна. Ж-Ө компани Эрчим хүчний тухай хууль-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасан эрчим хүчээр хангах гэрээ, мөн Хот суурины ус, хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан гэрээг иргэн надтай байгуулаагүй юм. Иймд "Ж-Ө компанийн орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн ус, дулааны төлбөр гэх 2,615,880 төгрөгийг надаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Ө ХХК нь хариуцагч В.Э-т холбогдуулан халаалтын ашиглалтын төлбөр 2017 оны 10,11,12 сараас -2020 оны 1-4 сар хүртэлх нийт 1,928,573 төгрөг,  халуун ус 11,424 төгрөг, цэвэр ус 10,650 төгрөг, бохир ус 8,700 төгрөг, орцны халаалт 11,284 төгрөг, ХХУСуурь 319,666 төгрөг, усны суурь 83,164 төгрөг, баримт 4,650 төгрөг, НӨАТ 237,769 төгрөг, нийт 2,615,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны, холбооны зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, тус тус төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

        Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-00 дүгээр байрны  0 тоот 178 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгч нь В. Э болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 211/

            Нэхэмжлэгч Ж. Ө ХХК нь Шинэ Дүр Төрх хотхоны 00 дүгээр байранд дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаар тогтоолоор тогтоогдож байх ба уг орон сууцанд ус, дулаан түгээж байгаа талаар зохигчид маргаагүй.Харин хариуцагч ус, дулаан нийлүүлэх гэрээ байгуулаагүй, дулаан хангалттай биш доголдолтой нийлүүлсэн тул ашиглалтын төлбөрийг төлөхгүй гэж маргадаг. /хх 51-54/

Нэхэмжлэгч Ж.Ө ХХК нь ус, дулаан нийлүүлэхээр хариуцагч В.Э байгуулсан бичгийн гэрээ байхгүй байна.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, мөн хуулийн 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.

Нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлээр дамжуулж ус, дулааны үйлчилгээг авч ашиглаж байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй үндэслэлээр ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Уг 74 байрны 2 тоотын ус, дулааныг таславал бусад сууц өмчлөгчийн ус, дулаанаар хангуулах эрх зөрчигдөх тул дангаар өмчлөх хэсэгт авсан үйлчилгээний ашиглалтын төлбөрийг хариуцагч төлөх нь хуульд нийцнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заажээ.

Ус, дулаан нийлүүлэх гэрээ байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул амаар гэрээ хийж болох бөгөөд үйлчилгээ авч буй иргэн тухайн үйлчилгээг авч, ус дулаанаар хангуулсан нь өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй юм.

Хариуцагч хангалттай дулаанаар хангаагүй гэж татгалзаж байгаа боловч хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид гомдол гаргасан болон нийлүүлсэн дулаан доголдолтой байсан гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч дулааны доголдолтой холбогдуулан дуудлага /хх 167-198/ өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоол, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 204 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолын дагуу тус тус батлагдсан үнэ тарифаар ашиглалтын төлбөрийг тооцож нэхэмжилсэн байна. /хх 29-32,38-50, 56-58,133-144 152-159, 225-249/

Иймд сууц өмчлөгч В.Э нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт буюу өөрийн дангаар өмчлөх сууц болон орцны халаалтын төлбөр, халуун, цэвэр, бохир ус ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллага болох нэхэмжлэгч Ж. Ө ХХК-нд төлөхөөр хуульд заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Э-аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2,615,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ө ХХК-нд олгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ